ЛОНДОН ХОТОД “МОНГОЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

2014 оны 04 сарын 01

Ууганаа Рамсигийн “Монгол” номын нээлт 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Лондон хотноо болов.  Ууганаа Рамси нь Шотландад нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн туулж өнгөрүүлсөн амьдралаа ном болгон бичиж хэвлүүлсэн нь Шотландын Зохиолчдын Нийгэмлэгээс оны шилдэг номын шагнал хүртжээ. Түүний номын нээлт Эдинбург, Гласгоу хотуудад өмнө нь мөн болж байсан юм. 

Ууганаа нь Завхан аймагт төрж өсөн дунд сургуулиа дүүргэж Улаанбаатарт дээд боловсрол эзэмшин дараа нь Британид суралцахаар ирсэн. Улмаар Британийн иргэнтэй гэр бүл болжээ. Тэд Билли хэмээх хүүтэй болсон ч Дауны синдром өвчний улмаас хүү нь удалгүй нас барсан тухай уг номонд өгүүлнэ.  Тухайн үед эмнэлгийн ажилтнууд хүүгийн өвчнийг Дауны синдром буюу “монголоид” гэж тогтоон шалтгааныг нь ээжийнх нь гарал үүсэлтэй холбон тайлбарлах оролдлого хийсэн нь Ууганаагийн эгдүүцлийг төрүүлж ном бичихээр шийдсэн байна. 

Өөрийн номондоо монголчууд гэж ямар хүмүүс байдгийг харуулах, Монголын ахуй соёл, уламжлалт амьдралыг гадаад хүмүүст ойлгуулан таниулах зорилгоор хүүгийнхээ дурсгалд зориулж номоо бичсэн талаар зохиогч номын нээлтийнхээ үеэр илэрхийлсэн.