HИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг Хан-Уул дүүргийнхээ иргэнд орд цагаан өргөө бэлэглэв

2010 оны 08 сарын 05

Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэдэг. Амьдралын даваа нугачаа бүрийд сайхан сэтгэлийн дэм хүлээж яваа нэгэндээ тусламжийн гараа сунгаж, чин сэтгэлээсээ хандана гэдэг хүн ёсны жам билээ. НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул хөгжил сангийн тэргүүн, АПУ компанийн захирал П. Батчимэг өчигдрийн билэгт сайн өдөр ХанУул дүүргийн 3 хорооны иргэн Ю. Жаргалсайханд өргөө цагаан гэр бэлэглэв.

Энэ гэрийг дүүргийнхээ иргэдийн ахуй амьдралыг харгалзан үзэж олгохын зэрэгцээ Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Хараагүй хүмүүсийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг зориуд дэмжиж авсныг тэмдэглэх нь зүйн хэрэг бизээ.

Энэ талаар АПУ компанийн захирал П. Батчимэг, “Хан-Уул дүүрэгт байрладаг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ур дүй, ухаан хөдөлмөр, сэтгэл шингэсэн энэхүү сайхан өргөө гэрийг гардуулж байгаадаа баяртай байна. Танай гэр бүл аз жаргалаар дүүрэн байж гал голомтонд тань үргэлж буян хурж, гал цогтой байхыг ерөөе хэмээсэн бол, ХУД-ын 3 хорооны иргэн Ю. Жаргалсайхан, “Манайх төрүүлсэн, өргөж авсан гээд зургаан хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн өнөр өтгөн айл бий.

Өргөө цагаан гэр бэлэглэсэн НИТХ-ын төлөөлөгч, АПУ компанийн захирал П. Батчимэгтээ маш их баярлалаа” хэмээсэн юм. Сонирхуулахад энэхүү гэр нь саяхан ОХУ-ын Улан- Үдэ хотод болсон Олон Улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож Монгол туургатнаас чанарын өндөр үнэлгээ авчээ.