Т.ГАНДИ: Шимтгэл төлөөгүй ахмад настанд суурь тэтгэвэр олгоно

2011 оны 11 сарын 25

 Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэх гэж байна. Суурь тэтгэвэр гэж юу болох талаар НХХ-ийн сайд Т.Гандигаас тодрууллаа. Төслийг МАН-ын бүлэг дэмжээд байгаа юм.

-Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-аар анх удаа хэлэлцэх гэж байна. Огт хөдөлмөр эрхэлж байгаагүй хүмүүсийг тэтгэвэрт гарахаар нь энэ хуулиар 45-60 мянган төгрөг өгдөг болох юм уу. Бас нэг халамж шинээр бий болгож байна гэж ойлгож болох уу?

-Нийгмийн суурь тэтгэвэр нь шимтгэлгүй, төсвөөс санхүүжих тэтгэвэр. Ахмад настныг ядуурлаас хамгаалах төрийн нийгмийн хамгааллын хэрэгсэл гэж хэлж болно. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлж байна. Нийгмийн суурь тэтгэврийн тухай хууль батлагдвал орлогогүй, эсвэл бага орлоготой ахмад настнууд илүү ашиг хүртэнэ үг юм. Эдийн засгийн бүтэц, зохион байгуулалтаас хамаараад ажиллагчдын нийгмийн даатгалд хамрагдалтын хувь буурч байна. Энэ хандлага зөвхөн Монголд биш, бүх улсад ажиглагдаж байна. Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 57 хувь нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид буюу сайн дураараа даатгуулагчид, 43 хувь нь тодорхой цалин хөлстэй ажилчид буюу заавал даатгуулагчид байдаг.

Зарим оронд хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус секторт ажиллагчид 90 хүртэл хувийг эзлэх тохиолдол ч байна. Ийм нөхцөлд ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулах асуудал маш их бэрхшээлтэй тулгардаг. Жишээ нь, аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүний нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас нь суутгах хэлбэрээр хамруулаад явдаг бол өрхийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс шимтгэл хураахад их ажиллагаа шаарддаг. Тэдний шимтгэл төлөх чадвар цалин хөлстэй ажилчдыг бодвол доогуур. Ийм шалтгаанаар ажиллаагүй биш, ажиллаж байгаа иргэд маань нийгмийн даатгалд хамрагдахгүй байх, улмаар тэтгэвэргүй үлдэх эрсдэл өндөр болж байна.

-Аав, ээж болон ойр дотнын хүмүүсээ асардаг хүмүүс ажлаас хөндийрсөн байдаг. Мэдээж нийгмийн даатгалын шимтгэлд төлдөггүй. Ийм хүмүүс суурь тэтгэвэрт хамрагдаж болох уу?

-Нөгөө талаар манай монголчууд үр хүүхэд, аав ээж, асаргаа шаардлагатай нэгнээ асарч хамгаалдаг сайхан уламжлалтай улс. Үүнийг хөлсгүй хөдөлмөр гэж нэрлэдэг шүү дээ. Ийм хөдөлмөрийг эмэгтэйчүүд голдуу хийдэг. Хэн нэгэн хүн мөнгө төлөөгүй, хийсэн ажлыг нь үнэлж тооцоогүй л болохоос биш нийгэмд маш их ашиг тустай хөдөлмөр эрхэлдэг хүмүүс юм. Зарим нь энэ хөлсгүй хөдөлмөрөөсөө болоод цалин хөлстэй ажил хийсэн хугацаа нь богино, дундаа тасарсан гэх мэт олон шалтгаанаар нийгмийн даатгалаас тэтгэвэр авч чадахгүй үлдэж байна. Жендерийн үүднээс авч үзвэл бага тэтгэвэртэй болон тэтгэвэргүй үлдэж буй хүмүүсийн ихэнх нь эмэгтэйч үүд. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй зүйл.Тиймээс ахмад настны тэтгэврийн хамралтыг өргөжүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд дурдсан нас өндөр болсон хойноо тодорхой хэмжээний орлоготой байх эрхийг хэрэгжүүлэх үүднээс нийгмийн суурь тэтгэврийн хуулийг шинээр гаргах гэж байгаа юм.

-Ерөөсөө ажил хийж байгаагүй мөртлөө ийм тэтгэвэр авах нь шударга хэрэг мөн үү. Ямар нэгэн шалгуур байх ёстой байлгүй дээ ?

-Ахмад настан бол насны шалгууртай. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиар эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн хүнийг ахмад настан гэж тодорхойлдог. Зарим оронд оршин суусан хугацааг нь харгалзах явдал байдаг юм билээ. Ажил хийгээгүй хүн тэтгэвэр авч болохгүй гэсэн ойлголт нийгэмд дэлгэрч байна. Энэ бол өрөөсгөл бөгөөд харьцангуй зүйл юм. Ажлыг ямар байдлаар яаж хийж байгааг би бас дурдсан. Орчин үед нийгмийн даатгал хүний амьдралын бүх эрсдэлийг хамгаална гэсэн үзэл баримтлалаас татгалзаж байна. Тийм болохоор давхар хамгаалалт хэрэгтэй болж байгаа бөгөөд түүний нэг давхаргыг нь төр хариуцах нь чухал юм. Төрийн мөнгө бол татварын мөнгө, харин татварыг бүх хүн шууд ба шууд бусаар төлж байдаг. Үүгээрээ эдийн засагт хувь нэмэр оруулж байдаг учраас эргээд нийгмээсээ тэтгэмж авах эрх үүсэх нөхцөл болж байгаа юм. Нийгмийн суурь тэтгэврийг нийгмийн даатгалын хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байгаа болон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настанд олгохоор яригдаж байна. Хэрвээ энэ хуулиар тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настны асуудлыг зохицуулахгүй бол Нийг мийн халамжийн хуулиар зохицуулах боломжтой. Нийтдээ 246.2 мянган хүнд хамаарах асуудал юм. Ийм хүмүүст ирэх онд 120.0 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо бий.

-Хэзээнээс олгогдож эхлэх вэ?

-Ирэх онд тэтгэвэр нэмэг дүүлэх арга хэмжээг гуравдугаар сарын 1-нээс,   тавдугаар сарын 1-нээс гэж хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Үүний нэг хэсэг нь дээр дурдсан хүмүүст суурь тэтгэврээр, үлдсэн хүмүүст тэтгэврийн нэмэгдэл хэлбэрээр очих юм. Зарим хүмүүс тэтгэврийг нэмэгдүүлээд дээр нь суурь тэтгэвэр авна гэсэн ташаа ойлголттой байх шиг байна лээ. Тийм биш юм.

-Ажилгүй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцна гэж байгаа?

-2011 онд малчид, өдрийн ангийн оюутнууд, ажилгүй иргэд Хүний хөгжил сангаас хишиг, хувиа эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хүртэх боломжийг олгосон. Түүнийг хэлж байгаа байх. Ирэх онд тийм зүйл байхгүй.

-Ирэх долоо хоногоос цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгд үүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Тэтгэврийн зөрүү, цалин, тэтгэвэр нэмэх гээд халамжийн шинжтэй асуудлуудад эрх баригчид анхаарлаа илүүтэй хандуулж байна. Сонгуульд зориулсан юмнууд л яваад байх шиг байх юм. Халамжийн бодлого, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр нь хэр бодитой юм бол..

-Халамжийн гэж шууд нэрлэж болохгүй л дээ. Ер нь нийгмийн чиглэлийн арга хэмжээг ирэх жил нэлээд авна. Энэ нь хоёр учир шалтгаантай. Нэгд, дэлхийн олон орныг хамарсан эдийн засгийн хямралын 2008-2009 онд нийгмийн арга хэмжээ авч чадаагүй учраас хуримтлагдсан асуудлууд бий. Хоёрт, ирэх жил энэ удаагийн УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил. Тэгэхээр аль аль нь л нөлөөлж байгаа гэж хэлж болно.

Го.ЭНХТӨР