П.Адарсүрэнг хүндэтгэн дурсана

2013 оны 02 сарын 21

Нэрт дуучин П.Адарсүрэн агсанд хүндэтгэл үзүүлэх “Мөрөөдлийн дуу” тоглолтын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Ирэх сарын 1-нд буюу түүний төрсөн өдрөөр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа эгшиглэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Адарсүрэн сан” зохион байгуулж байна. Тоглолтод ҮДБЭЧ, Улсын филармони, Морин хуурын чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан болон бусад уран бүтээлчид оролцох аж. Энэхүү тоглолт нь ашгийнх бус учраас алдарт дуучинтай хамтран ажиллаж байсан үе үеийн уран бүтээлч, найз нөхөд, шавь нар нь урилгаар үзэх юм байна.

Хэдхэн хоногийн өмнө мэндэлсэн “Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэн” хэмээх намтар, уран бүтээл, дурсамжийн ном болон цомог урилгыг нь дагалдаж байгаа гэнэ. Энэхүү ном болон цомгийг хэвлүүлэхэд “Turkish Airlines” компани ивээн тэтгэжээ. Тус компани дэлхийн 220 улс руу нислэг хийдэг бөгөөд нислэгийн үед зорчигчдод сонордуулдаг дууныхаа санд П.Адарсүрэнгийн дуунуудыг оруулсан байна. Түүний дуунуудыг уянгалаг, сонсголонтой учраас аль ч орны хүмүүс сонсох боломжтой хэмээн онцолжээ.

“Адарсүрэн сан”-г өнгөрөгч оны зургадугаар сарын 6-нд түүний хүү А.Амартайван үүсгэн байгуулсан аж. Тус сан нь нэрт дуучны уран бүтээлүүдийг хамгаалан, сэргээж, залуу үеийнхэнд таниулж, нэр алдрыг нь үеийн үед дуурсгахын зэрэгцээ хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулах зорилготой аж. Мөн жил бүр “П.Адарсүрэнгийн дууг хэн сайн дуулах вэ” нэртэй уралдаан зохион байгуулах гэнэ.


П.ТУНГАЛАГ