Диногийн нутгийн багачууд түүнтэй танилцана

2015 оны 07 сарын 30

Динозаврын нутагт төрж, өссөчихээд эртний энэ амьтны талаар тийм ч ихийг мэддэггүй нь бидний буруу биш. Бага байхдаа үзэж байсан динозавртай хүүхэлдэйн кино, Байгалийн түүхийн музейд байдаг ганц том араг яс, “Юри галавын цэцэрлэг” киноноос л би динозаврыг мэддэг болсон.  Харин гурван жилийн өмнө дуудлага худалдаагаар хууль бусаар зарагдах гэж байсан Тарбозавр Батаарын тухай сенсааци палеонтологийн шинжлэх ухааныг сонирхох сэдэл төрүүлсэн юм. Энэ үлэг гүрвэлийн яс болон бусад олон олдворыг эх орондоо авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол доктор Минжингийн Болорцэцэг. Тэрбээр өдгөө Нью-Йоркт судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа ч 2009 онд байгуулсан Монголын динозавр судлалын төвийнхөө үйл ажиллагааг идэвхитэй байлгахыг зорьдог.

Тэрбээр энэ жил  “Гэри Оштром” болон “Эпикурус” сангийн тусламжтайгаар Улаанбаатар хотод динозаврын нүүдлийн музейг авчиржээ. Энэ музейг хөгжлийн бэрхшээлтэй хүн ч үзэж чадна. Энэ музейд монголоос олдсон протоцератопс, велоцираптор динозавын араг яс болон түүнтэй холбоотой видео бичлэгүүд байгаа аж. Эл нүүдлийн музей 2005 оноос хойш Нью-Йоркийн хүүхдүүдийг соён гэгээрүүлж байсан бол одоо Монголын говь руу аялахаар болжээ.    

Монголын динозавр судлалын төвийнхөн Өмнөговь, Дундговь аймгийн багачуудад динозавруудыг танилцуулж, нүүдлийн музейгээр үйлчлэхийн тулд 7900 ам. доллар хэрэгтэй байгаа аж. Тиймээс М.Болорцэцэг www.indiegogo.com сайтаар дамжуулан хандив цуглуулж байна. Өчигдөр оройны байдлаар 1120 ам.доллар цугларсан бөгөөд нүүдлийн музей наймдугаар сард говийг зорино. Эхний удаад тэд 10 хоногийн турш 120 хүүхдэд музейгээ үзүүлж, мэдээлэл өгөх аж. Тодруулбал Булган, Мандалговь, Даланзадгад сумын хүүхдүүд сургалтад хамрагдаж мэдээлэл авах юм билээ. Цаашдаа нүүдлийн музейгээ 88 сургууль, 16 хүүхдийн зусланд аваачиж, жил бүр 15.000 хүүхдэд музейгээ үзүүлэх аж. 

Та ч бас хандивлагч болохыг хүсвэл https://www.indiegogo.com/projects/bring-the-dinosaur-museum-to-the-gobi#/story холбоосоор зочлоорой. 

Ж.Солонго

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД