Мах идэх байгальд хортой

2015 оны 08 сарын 04

М.Сугар-Эрдэнэ

 Яагаад будаа идэх нь төмс идсэнээс илүү байгаль орчинд хортой вэ? Мах идэх нь цаг уурын өөрчлөлтөд нөлөөлдөг гэж үү? Тийм ээ, бидний хэрэглэж буй хоол хүнс байгаль орчинд нөлөөлж, хүлэмжийн хий ялгаруулдаг. Байгаль орчинд ээлтэй эко хоол хүнсний талаар ном бичиж, олон улсын нэр хүндтэй “Red Dot Design Award” шагнал хүртсэн Сюзанна Преттеребнер 150 грамм үхрийн мах боловсруулахад 32 ширхэг спагетти, тахианы махаар хийсэн дөрвөн хоол, гахайн махан дөрвөн хоол, долоон аяга сүү, 205 алим, ногооны салат 53 тавгийг хийхтэй тэнцүү хэмжээний хүлэмжийн хий ялгардаг хэмээн баталж байна. Ингээд “GEO” сэтгүүлийн сурвалжлагчийн түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулъя. 


-Сюзанна, та загвар зохион бүтээх чиглэлээр суралцсан хүн. Яагаад хоолны ном бичиж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр шийдсэн юм бэ?-Би тоон системийн төсөл, шинэ бүтээгдэхүүний загвар зохион бүтээх ангид сурч байсан. Багаасаа хоол хийх дуртай. Хүнсний дэлгүүрт ороод л Аргентиний эко хүнсний ногоо авах уу, нутгийн жирийн ногоо нь дээр үү гээд л эргэлзээд зогсчихдог байлаа. Ингээд энэ асуудлыг судлахаар шийдэж, дипломын ажлынхаа сэдвээр сонгосон. -Тэгээд гадаадын эко ногоо нь дээр юм уу, уламжлалт аргаар тарьсан хүнсний ногоо нь илүү юм уу?-Өөрийн нутагтаа задгай хөрсөнд ургуулсан хүнсний ногоо нь илүү. Тээвэрлэлтийн зардал хэрэггүй гэдгийг бодсон ч тэр. Ер нь бол мах, эко ногооны талаар судалсан эрдэм шинжилгээний ажил маш их бий. Хүлэмжийн хийн эсрэг тэмцэх санаа надад байгаагүй. Жирийн уншигчид миний номыг уншаад ямар бүтээгдэхүүн хэрэглэхээ ойлгож аваасай л гэж бодсон. -Та судалгаа хийж байхдаа гайхаж цочирдсон явдал байна уу?-Будаа тарьж, хурааж аван, дэлгүүрт хүргэхэд ялгардаг хүлэмжийн хийн хэмжээ гахайн мах үйлдвэрлэхээс хоёр дахин их байсан нь хачирхалтай байлаа. Тутарганы талбай байгаль орчинд хортой метан хийг маш ихээр гаргадаг. Энэ нь дан будаагаар хооллодог цагаан хоолтнууд экологид хор хөнөөлтэй гэсэн үг. Харин төмс тарьж ургуулахад будаанаас 38 дахин бага хүлэмжийн хий ялгаруулдаг тул төмсөөр хоолох нь байгаль орноо хайрлаж байгаа хэрэг. -Гэхдээ хүмүүс цагаан хоол хэрэглэх нь байгаль орчинд ээлтэй гэж үздэг шүү дээ. -Ямар улирал вэ гэдгээсээ шалтгаална. Хүнсний ногоо хэрэглэх нь байгальд хортой байж болох юм гэдгийг хүмүүс огт боддоггүй. Жишээ нь хүлэмжинд ургуулсан улаан лооль, ногоог хаврын улиралд идэх нь цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлдөг. Ер нь бол мах, бэлэн бүтээгдэхүүн бага хэрэглэж, шинэ ногоо, жимс идэх нь биед ач тустай. Эко хүнс, эрүүл хооллолт хоёр салшгүй холбоотой.