“Ангараг 500” төслийг үргэлжлүүлнэ

2015 оны 08 сарын 04

 

Орос, Америкийн хамтарсан багийнхан “Ангараг 500” төслийг ойрын таван жилд үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Улаан нүдэн гариг руу хүн илгээхэд   ямар хүндрэл учрах, түүнийг хэрхэн давах, сансрын орчинд учирч болзошгүй сөрөг үр дагаврууд гэхчлэн сонирхолтой туршилтуудыг тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу гүйцэтгэж, “адал явдалтай” учрах эл төслийг сүүлийн үед Европ болон Японы сансрын агентлаг илүү сонирхох болсон. “Марс 500” төслийг 2010 оны зургадугаар сард эхэлж, орос, франц, хятад, итали зургаан  хүнтэй багийг сансрын орчин буюу жингүйдлийн байдалд 520 хоногийн турш байлгаж, бэлтгэл, сургуулилалт хийлгэсэн юм байна. Энэ хугацаанд тэд зохиомлоор бий болгосон бичил Ангараг гариг дээр очоод, эх дэлхийдээ 2011 оны арваннэгдүгээр сард “буцаж” ирсэн билээ. Цэнхэр гаригийн хөрснөөс хөндийрөлгүйгээр Улаан нүдэн гаригт “зочлоод” ирсэн хүмүүсийн биед  сансарт ажиглагддагтай төстэй шинжүүд илэрч байсан талаар тухайн үед мэдээлж байсан.