Интернэтээр “амьсгалж”, компьютерт дурласан 80-90-ээд оныхон үг, үсгийн алдаанаас залхаж байна

2015 оны 09 сарын 08

АНУ-ын нэр бүхий Dictionary.com  сайтын санал асуулгад оролцсон 18-34-насныхны  74 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нэлээн шүүмжлэлтэй ханджээ.

Тэд дүрмийн болон үг үсгийн алдаатай ярилцлага, мэдээ, мэдээллээс залхаж байгааг судалгаа харууллаа гэж Ассошейтэд пресс мэдээллээ.Залуусын дийлэнх нь үг, үсгийн алдаатай бичвэр хараад ихэд эгдүүцдэг ба зөв бичгийн дүрмийн алдаа гаргасан хэргийн эзэнд алдааг нь зассан комментууд үлдээдэг аж.

Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэйгээр зөв бичгийн дүрэм болон үг, үсгийн алдаанд илүү анхаарлаа хандуулдаг гэжээ.Dictionary.com-ийн гүйцэтгэх захирал Лиз Макмиллан “Интернэтээр “амьсгалж”, компьютерт дурласан 80-90-ээд оныхноос ийм үр дүн хүлээж байсангүй.

Тэдний хувьд “Хэл шинжлэлийн ухаан” огт хамаагүй харийн хүн шиг л сонсогддог байх гэж боддог байлаа. Тэд өдөр тутмын яриандаа товч+товч гэсэн томъёогоор өгүүлбэр хэрэглэж, гадаад үг хавчуулдаг “гангардаг”. Энэ нь бүр заншил болсон. Гэтэл үүний цаад талд энэ зуунд аливаа мэдээллийг өндөр хурдаар өөртөө нааж, хүлээн авч, боловсруулан эргээд богино хугацаанд товчхоноор хариу өгөх “тэдний хэллэг” технологийн эрин зуунтай зуузай нийлж буй мэт. 

Үнэн хэрэгтээ тэд “хэл ярианы ертөнцөд” маш өндөр хэмжүүр шаардлага тавьдгийг энэ судалгаагаар олж мэдлээ” гэж AP-т ярьсан байна.