И.Урангоо: Ирээдүйд хүмүүс нүцгэн явахыг ч үгүйсгэхгүй

2015 оны 09 сарын 09

Ажиглаад байх нь ээ, зарим хүний нэр хувь заяанд нь их, бага хэмжээгээр нөлөөлдөг юм шиг ээ. Төмрийн дархан Ж.Төмөрбагана, хээ угалз, хэлбэр дүрс ашиглан оньсон тоглоом бүтээдэг З.Түмэн-Өлзий гээд л.

Оросын сонгодог зохиолч Крыловын ёгт үлгэрүүдийг монгол хэлнээ орчуулсан хэл шинжлэлчийн нэр хүртэл Ч.Алтанзагас байх жишээтэй. Энэ ярилцлагын зочин, биен дээрх урлаг бүтээгч, уран бүсгүйн нэр мөн л ямар нэгэн сэжмээр төөрөгтэй нь холбогдсон мэт.

“Төрөхөд цаанаас нь хувь заяа өгөгддөг юм шиг ээ. Өөр жимээр алхсан ч эргээд л явах ёстой зам руугаа орчихдог. Өөр тийш хүчлэн зүтгэхгүй, сонгогдсон замаараа л алхвал тэр нь дардан байдаг гэж боддог. Би өөр мэргэжил сонгох гэж үзсэн ч загвар зохион бүтээгч болох тохироо цаанаасаа л бүрдсэн.

Багадаа нийгмийн идэвхтэй, олон дугуйлан секцэд хамрагддаг, уралдаан тэмцээнд оролцдог байлаа. Нэг мэдэх нь ээ л “Сити” дээд сургуулиасаа загвар зохион бүтээгчийн ангид суралцах урилга авсан. Дараа нь “Шилмэл загвар”-ынхан ажиллах санал тавьсан” хэмээн Газар дундын тэнгисийн шилдэг загвар зохион бүтээгч өргөмжлөлт И.Урангоо ярьсан нь миний гэнэн дүгнэлтийг батлах шиг болов. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Өвөл, хавар, зун, намар... Аль улирлын хувцас урлах илүү дуртай вэ?

-Коллекцод бүх л төрлийн хувцас багтдаг. Зөвхөн үүнд, түүнд дуртай гэх юмгүй. Өмд, даашинз алийг нь ч хийнэ. Загвар зохион бүтээгчид жилийн дөрвөн улиралд тохируулж бүх төрлийн хувцас хийх хөрвөх чадвартай байх ёстой.

-Загварынхаа санааг хамгийн сонирхолтой байдлаар олж байсан тухайгаа хуваалцаач?

-Би байгалиас, хөдөөгийн ард түмний амьдралаас санаа авах дуртай. Зун аль болох хөдөө амрахыг хичээдэг. Тэр үедээ хадны өнгө тогтоц, усны долгио гээд л бүхий л зүйлийг ажиглана. Нөхцөл байдлаас шалтгаалж жилийн өмнөх Урангоо, одоогийн, ирээд үйн би ондоогоор сэтгэнэ, санаа ургана.

-Тэгвэл байгалийн үзэгдлээс сэтгэлийг тань хамгийн их татдаг нь юу вэ?

-Далайн давалгаанд дуртай. Өнгө нь цэнхэр, ногоон болж өөрчлөгдөөд л санаа авахад их сонирхолтой. Монголынхоо байгалиас гэвэл аргалын утаанаас санаа авч коллекц гаргаж байлаа. Монголчуудын аж амьдрал байгалтайгаа сайхан зохицсон, бие биедээ ууссан байдаг.

Гадаадын зарим улсын байгаль нэг л хиймэл санагддаг. Хэчнээн сайхан байгальтай улсад очоод ч эх орондоо байдаг шиг сэтгэгдэл төрөхгүй. Эх орон гэдэг сэтгэлд ойр, цаанаа л татах увдистай байдаг болохоор орон орны уран бүтээлч нутгийнхаа байгалиас санаа авдаг биз ээ.


-Хувцас урлахдаа бүсгүй хүний юуг илүү тодотгохыг хүсдэг вэ?

-Дизайнерууд хүмүүсийн давуу талыг тодотгож сул талыг далдлах талаар судалгаа хийж хувцсаа урладаг шүү дээ. Хувь хүний захиалгаар хийх болбол юугаа илүү тодотгохыг хүссэнийг нь харгалзана. Миний бодлоор өөртөө итгэлтэй байдал эмэгтэй хүний хамгийн гоё чанар. Хүн ямар ч галбиртай байсан хувцасны увдисаар өөртөө итгэлтэй болж чадна.

Би тэр мэдрэмжийг эмэгтэйчүүдэд төрүүлэхийн тулд өөрийнхөө мэдрэмжээр загвараа урлана. Өөрөөр хэлбэл, бэлхүүс, бие галбирынх нь аль нэг хэсгийг тодотгохоосоо илүү тухайн хүний мөн чанарыг илэрхийлж, өөртөө итгэлтэй харагдаасай гэсэндээ эрх чөлөөтэй хувцсыг чухалчилдаг. Мэдээж үүндээ тухайн үеийн загварын чиг хандлагаас шингээнэ л дээ.

-“Хагас цэргийн зохион байгуулалттай байхдаа эмэгтэй хүн сайхан харагддаг” гэж та фэйсбүүк хуудастаа бичсэн байна лээ. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Миний бодлоор дайчин эмэгтэйчүүд бусдаасаа илүү амжилтад хүрдэг юм шиг ээ. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй хичээж, ямар нэг зүйл золиосолж зүтгэдэг, өөрөө өөрийгөө ялан дийлдэг эмэгтэйчүүд сайхан.

-Загвар зохион бүтээгчид бусдаас онцгой бүтээл урлах гэдэг. Энэ ч тэдний гол зорилго. Тэгвэл та мэргэжлээсээ шалтгаалж, зан төлвөөрөө бусдаас хэр онцгойрох гэдэг болсон бэ?

-Ажлын онцлог зан төлөвт нөлөөлдөг шүү. Тухайлбал, уран бүтээлчдийн амьдралын хэвшил нь өөрчлөгддөг. Үүнийгээ дагаад зан чанар нь ч өөрчлөгдөнө. Миний бодлоор уран бүтээлчид эго ихтэй, би үзэлтэй хүмүүс. “Би үүнийг чадна” гэж өөдрөгөөр сэтгэдэг. Сэтгэл хөдлөл ихтэй, тавгүй нөхцөл байдлаас хурдан гардаг.

Би лав аль болох өөрийнхөөрөө, ямар нэгэн дүрд хувиралгүй энгийн байхыг хичээдэг. Энэ нь ч амар. Хүн л юм хойно бусдаас онцгойроод байх зүйлгүй. Үүнийг хөндлөнгийн хүмүүс л дүгнэх байх.

-Тэгвэл хувцас нэг төрлийн баг уу?

-Би яг тэгж боддог. Брэндийн хувцасны ард нуугдаад хэн ч болох боломжтой. Рокерууд ч юм уу зарим хүн юу хүсэн мөрөөддөг, боддог сэтгэдэг, мэдэрдгээ хувцсаараа илэрхийлдэг. Үүнийг би зөв хувцаслалт гэж боддог юм. Би хэн бэ гэдгээ дэлгэж үзүүлж байна гэсэн үг.

Миний ажигласнаар хөгжсөн орныхон яг хэн гэдгээ хувцсаараа илэрхийлдэг бол хөгжингүй улсынхан баг зүүдэг, хэн гэдэг нь хувцаснаас нь харагддаггүй. Зэрэг зиндаагаа илэрхийлэхийн тулд брэндийн хувцас өмсөх ёстой гэж үздэг хүн монголчууд дунд олширсон санагддаг. Зарим нь юу хүсээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй байх шиг.


-Та загвар, материалын алийг нь илүүд үзэх вэ?

-Азийнхны хувцас загвар сайтай ч материал муутай байдаг бол Европынх эсрэгээрээ. Мөн л энэ нь хөгжингүй орнууд загварлаг хувцас сонирхдогтой холбоотой. Би гадаадад хувцсаа нийлүүлэхээр болбол аль аль талыг нь тэгш анхаарна.

Харин өөрөө өмсөхөөр болбол материалыг илүүд үзнэ. Хувцас бол харагдах байдлаас илүү биед эвтэйхэн талаас хүний хэрэгцээг хангах ёстой.

-Загварынхаа санааг олох, урлаж байх үе, дуусгаад харж зогсох, тайзан дээр бүтээл амилж байхын алинаас нь илүү таашаал хүртдэг вэ?

-Ид хийж байх үед санаа хурдан хурдан төрдөг. Тэр үед аз жаргалын даавар илүү ихэсдэг байх. Цаг хугацаа ч энэ үед хурдан өнгөрдөг. Хийсний дараа хэдхэн минут ч гэсэн тайвширч, бахархах мэдрэмж төрнө.

-Жирийн эмэгтэйчүүд загвар өмсөгчид шиг биетэй болохыг хүсэж, зарим нь олон оролдлого хийдэг. Атаархах хүмүүс ч бий. Аз болоход загвар өмсөгчид шиг бүсгүйчүүд жирийн нэгний өдөр тутмын амьдралд байнга таараад байдаггүй. Сонин сэтгүүл, цахим сүлжээ, зурагтаар л үзэгдэнэ. Тийм эмэгтэйчүүдийн дунд ажиллахад танд ямар санагддаг бол?

-Би эмэгтэй хүмүүст дуртай. Ингээд хэлчихээр ижил хүйстэн аятай болчих вий дээ. Эмэгтэйчүүдэд байгалиасаа бүх сайхан зүйлийг бүрдүүлээд өгсөн санагддаг. Бүсгүй хүнийг харахаар сайхан мэдрэмж төрдөг. Би загвараа өмсгөх моделуудаа сонгохдоо сайхан бие галбиртайг нь гэхээсээ илүү тухайн хүний биеийн хэлбэр, онцлог нь миний хувцасны дүр төрхөд нийцэх нь үү, үгүй юү гэдгийг анхаардаг.

Хүн бүрийн гоё гэгддэг хүүхэн миний нүдээр энгийн, бусдад жирийн харагдах эмэгтэй надад сайхан санагдаж болно шүү дээ. Би загвар өмсөгчдийг ямар гоё хөлтэй, хүзүүтэй юм бэ гэж харахаас илүү ажлаа хийж байгаа өнцгөөс л хардаг.


-Багаасаа загвар зохион бүтээгч болно гэж мөрөөдөж, хичээл дээр дэвтрийнхээ ард үргэлж зураг зурдаг байсан найзтайгаа саяхан таарсан юм. Тэр ч хүссэн мэргэжлээ сонгосон байна лээ. Гэхдээ энэ талаараа “Загвар зохион бүтээгч гэдэг сайхан нэрнээс цаашгүй, оёдолчин л юм байна лээ шүү дээ. Шоунд оролцох, коллекцоо танилцуулах болохоор л хүссэнээрээ хийдэг болохоос биш, энгийн үед бусдын санаанд нийцүүлж бүтээх юм” гэсэн. Та юу гэж бодож байна вэ?

-Хөгжсөн орнуудад загвар зохион бүтээгчид илүү урлаг талаас нь, хүсэж байгаагаа туурвидаг. Монголд нийгэм, боломжоосоо шалтгаалж байна даа. Гэхдээ дизайнерууд сонголтоо хийнэ. Дэлхийн хэмжээний дизайнерууд “Би ийм зүйл сонирхож, тийм загвар гаргалаа” гэж бусдад санал болгоход олон нийт түүнийг нь хүлээн авдаг.

Бүх эмэгтэй миний загварыг нь зохиосон хувцсыг өмсдөг байвал сайхан гэх хүн ч бий. Нийгэмд, хүн бүрт тааруулах гэвэл уран бүтээлч сэтгэлгээ алга болно. Монголд өөр өөрийн онцлогтой олон загвар зохион бүтээгч байна. Тэр бүрийн ертөнцтэй төстэй үзэл бодол, мэдрэмжтэй, хэмнэлд нь таарсан адил төрлийн хүмүүс байж л байгаа.

Тэгэхээр загвар зохион бүтээгчид өөрсдийнхөөрөө урлаж, адил төрлийн үйлчлүүлэгчид тэдэнд ханддаг байх нь зүйтэй. Би үзэл бодлоороо урлах сонирхолтой. Одоохондоо загвараа зохиохоор судалгаа хийж сууна. Мөнгөний шаардлагатай үед захиалгаар хийдэг.

-Нисдэг машинаар зорчдог болно, роботууд хүмүүст үйлчилнэ гээд л ирээдүйн талаар олон зөгнөл байдаг. Тэр үед хувцас загвар ямар болох талаар бодож байсан уу?

-Одоо хүмүүс энгийн зүйлд улам л дурлах болж. Ирээдүйд нүсэр, хэтэрхий чамин зүйлээс татгалзах байх. Хүн хөгжих тусам энгийн байх гэдэг, гаднах үзэмжээсээ илүү дотоод хүнээ гаргахыг хүсдэг учир миний бодлоор нүцгэн явахыг ч үгүйсгэхгүй.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.124.27 Bagaas n meddeg baisan huuhed bnaa. Ih uurtuu itgeltei. Awiyaslag ohin bsan. Amjilttai yawaa yum bnaa. Bayar hurgey.
103.23.51.3 ireeduid nutsgen yavna ch geh shig hezeech tiim yum bolohgui nohoi shig buh biyeer ni us urgaj ovliig davdaggui l yum bol