”Ангираа эгчтэй хамтарч ажиллаж байгаа нь зүүд мэт”

2015 оны 09 сарын 20

“Би бодлын хүчинд итгэдэг. Бага байхдаа “Харанга”, “Хурд” хамтлагийн дууг их сонсдог байлаа. Өрөөндөө тайз засаад, тэдэнтэй хамт дуулж байна гэж төсөөлдөгсөн. Одоо тэр бүхэн минь биелж байна” хэмээн залуу уран бүтээлч С.Хишигжаргал ярив.

Аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан ч, дуучин болох хүсэлдээ хөтлөгдөн “Universe best songs” наадамд оролцож, шилдгүүдийн нэг болсон түүнтэй ярилцлаа.

-Дуучин, ая зохиогч Б.Ангирмаатай хамтарч “Тал нутаг”-ийг дуулсан. Та хоёрын хоолойны өнгө адилхан сонсогдож байсан.

-“Тал нутаг” дуу 20 гаруй жилийн өмнө зохиогдсон. Ямар нэг цомогт ороогүй, Ангираа эгчийн анхны уран бүтээлийн нэг. “Тал нутаг”-ийг сэргээж дуулах саналыг багшдаа хэлэхэд дуртай дэмжсэн. Сонсогчдын чихэнд хоногшсон дууг хамаагүй өөрчилж, эвдэхийг хүсээгүй. Тиймээс бид хоёрын хоолой төстэй сонсогдсон байх. Олон хүн төстэй байна гэж хэлсэн.

-Багш гэхээр дуучин Б.Ангирмаа таны продюсерээр ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Бид хамтарч ажиллаад жил гаруй болж байна. Ангираа эгч маш зарчимч хүн. Тиймээс ажлын ачаалал болон хатуу үг дааж чадах хүнтэй хамтарч ажилладаг юм шиг санагдсан. Ангираа эгчийг “төмөр хатагтай” гэдэг. Гэхдээ багш минь эмэгтэй хүнийхээ хувьд надад олон зөвлөгөө өгдөг. Түүний ачаар амьдрал, уран бүтээлдээ олон өөрчлөлт хийж байна.

-Таныг “Киви” хамтлагт орох гэж байгаа гэсэн яриа үүнтэй холбоотой байх нь. Санал ирвэл яах вэ?

-Үнэндээ “Киви” хамтлагт орох бодол алга. Ука, Намуунаа, Агиймаа гуравгүйгээр энэ хамтлагийг төсөөлөх хэцүү. Намайг Ангираа эгчтэй хамтарч байгаа болохоор тийм яриа гарсан байх.

-Та хуучны дуу их дуулах юм. Өмнө нь “Аглаг хангайн цэцэг” дууг сэргээж дуулсан байх аа?

-UBS телевизээс 1960, 1970-аад оны дуунуудыг сэргээж дуулах төсөл санаачилж, “Аглаг хангайн цэцэг” дууг дуулахыг санал болгосон юм. Сонсох дуртай дууны минь жагсаалтын дийлэнхийг хуучны дуу эзэлдэг. Дурсамж сэргээж, бодолд автуулдаг. Хүмүүс тэдгээр дууг битгий мартаасай гэж хүсдэг учраас сэргээж дуулах нь зөв гэж боддог.

-Тухайлбал ямар дуу сонсохоор ямар дурсамж сэргэдэг вэ?

-М.Янжиндулам гуайн “Орь залуу нас” дууны клип энгийн мөртлөө олон зүйл бодуулдаг. Уг нь огторгуйд улаан даашинзтай хүүхэн л дуулаад байдаг. Гэхдээ би бага байхдаа даашинз өмсчихөөд л түүн шиг дуулж байна гэж төсөөлөх дуртай байсан. Том болоод тийм хүүхэн болно гэж боддог байж билээ. Саяхан Халх голын ялалтад зориулсан “1939 он” дууны клипийг үзээд уйлсан.

Тэр дуутай холбоотой роман уншиж байсан юм. Хүмүүс омогшино гэж ярихаар сүртэй санагддаг байсан. Тэр клипийг үзээд үнэхээр омогшсон. Хүн цагаа тулахаар эх орныхоо төлөө бүхнээ зориулдаг байх.

-Клип үзээд төсөөлдөг байсан шигээ бүсгүй болж чадсан уу?

-Би бодлын хүчинд итгэдэг. Гуравдугаар ангид байхдаа л уруулаа будах дуртай, бусдаас онцгой байхыг хүсдэг байсан. Яг л төсөөлж байсан шигээ бүсгүй болсон. Ихэр л биш бол хэн нэгэнтэй адилхан байна гэж байхгүй. Тиймээс өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг. Одоогийн Хишгээгийн дүр төрхийг багадаа бодоод олчихсон байлаа.

-Юу хүснэ түүнийгээ авдаг гэдэг. Сайхан бодлын хүч сайхан бүхнийг бүтээдэг байх?

-Хамгийн сүүлд гэхэд л би дуртай машинаа худалдаж авсан. Уг нь машин авах бодолгүй байсан юм. Хэдэн сарын өмнө фэйсбүүкээс цагаан өнгөтэй машины зураг харчихаад, утсандаа хадгалчихсан. Үе үе харж, хэзээ нэгэн цагт авна л гэж боддог байлаа. Би Ронда Бернийн “Нууц” номыг уншсан. Тэр номонд сайхан зүйл хүсэж, мөрөөдвөл түүнийгээ авдаг олон жишээ байдаг.

-Бага байхдаа дууг нь дуулж, хүндэлдэг байсан дуучидтайгаа хамтарч ажиллах ямар байна вэ?

-Сонин мэдрэмж төрдөг юм билээ. Бага байхдаа “Ice top” хамтлагийг сонсдог байсан. Саяхан Дашка багшийн студид бичлэгтэй байтал тэд ороод ирсэн. Баярласандаа “Хамтдаа зургаа даруулъя гэсэн чинь” “Ямар сүртэй юм бэ” гээд намайг шоолсон. Сараа эгчтэй уулзаж, Ангираа эгчтэй өдөр бүр ажиллаж байгаа нь заримдаа зүүд шиг л санагддаг.

Би аялал жуулчлалын менежер, хэл судлаач мэргэжилтэй. Боловсролтой болох гэж энэ мэргэжлийг сонгосон ч дургүй ажлаа хийх хэцүү. Дуучин болж, мөрөөдлөө биелүүлэх гэж багагүй “төөрлөө”.

-“Хоёулаа унтах уу” кинонд тоглоход ямар байсан бэ. Шүүмжлэл их байсан уу?

-2012 онд энэ кинонд тоглосон. Найруулагч, зохиолч намайг зоригжуулж, чи чадах ёстой гэж хэлсэн. Өөрөөсөө огт өөр хүнийг гаргаж харуулах хэцүү юм билээ. Гэхдээ чадсан гэж боддог. Энэ кинонд тоглосноос хойш хүмүүс намайг янз бүрээр л хэлдэг болсон. Гэхдээ бусдын үг, бодол надад хамаагүй. Би тэр кинонд тоглоогүй байсан бол өөр хэн нэгэн тоглох л байсан.

-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу. Дуучин Ангирмаа нөхөр, хүүхдийн тал дээр хатуу шаардлага тавьдаг гэж ярьдаг.

-Ангираа эгч бол мятаршгүй хүн. Түүний тэвчээр, үнэнч хөдөлмөр намайг гайхашруулдаг. Гоцлол дуучин учраас нөхөр, хүүхэдтэй болохгүй гэсэн шаардлага багш минь тавьдаггүй. Гэхдээ одоохондоо гэр бүлтэй болох төлөвлөгөө алга. Хань болох хүнтэйгээ учраагүй байгаа болохоос эхнэр болж, хүүхэд төрүүлэхээс “зугтсан” юм биш.

-Та их эрч хүчтэй юм. Дуртай ажлаа хийж байгаа учраас ийм байна уу. Эсвэл угаасаа ийм хүн үү?

-Би нэг дүүтэй. Бид хоёр дайнд явбал дүү мэргэн буудагчийг устгаж, намайг замд таарсан бүх хүнийг буудна гэж ээж минь хэлдэг. Миний зан аашийг яг тодорхойлж хэлсэн юм шиг санагддаг. Би 10 минутаас илүү гуниглаж чаддаггүй. Удаан гуниглахаар өөрөөсөө залхдаг. Ангираа эгч бид хоёр ийм зангаараа төстэй. Гэхдээ амжилтын төлөө хэт яарч, буруу зүйл хийж болохгүй. Суурь нь бат бөх барилга нурж унахгүй. Тиймээс сууриа бат тавихыг хүсэж байна.

-“Universe best songs” наадам сүүлийн жилүүдэд чанар муутай болж байна гэх шүүмжлэлд өртөж байгаа. Та энэ уралдаанаас дуучны гараагаа эхэлсэн болохоор үүнтэй санал нийлэхгүй байх?

-Хүн их уйдамтгай. Шинэ зүйл хуучрахаар үнэ цэнэгүй болдог. Уг нь энэ наадмаас чадварлаг уран бүтээлч олон гардаг. Зурагтаар орой бүр уйлж, уурласан хүмүүс гарах сайхан биш. Угаасаа нийгэм хар бараан зүйлээр дүүрэн байна. Тиймээс дуу хууртай, баяр хөөртэй байгаа хүмүүс зурагтаар гарах нь муу биш байх.

-Та юунд их мөнгө үрдэг вэ?

-Уран бүтээлдээ л мөнгө их үрдэг. Өөр зүйлд нарийн ханддаг. Урлагийн хүн гадаад төрхөндөө ч анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ бусад уран бүтээлчтэй дууныхаа чанараар л өрсөлдөхийг хүсдэг. Уран бүтээлээс өөр юугаар ч жишигдмээргүй байна.

-Хүнд заримдаа уйлаад ч тайвширдаггүй үе тохиолддог. Танд тийм үе байсан уу?

-Эмээгээ нас барахад уйлаад ч тайвшрахгүй байсан. Цээж хөндүүрлэж, гуниг, харуусал төрөөд үнэхээр хэцүү юм билээ. Эмэгтэй хүн сул нулимстай ч би тийм байхгүйг хичээдэг.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
89.98.157.40 nudiig n”harmaar baina kino uzeegui bolohoor tanihgui l dee neg hun mongolchuud ta nar jijig nudtei baij neeh tom shil zuuh um gesen ug sanaand orood ...zaluu busguid uran buteeliin amjilt husye!
103.10.22.18 Хишигдалай?
103.10.22.18 Bright future ahead!