“Чинийх долоо, минийх долоохон”

2015 оны 09 сарын 22

-Харьцуулах хэрэггүй-

Тэрийг хараач, ямар сайхан охин бэ. Цэмцгэр, тэгээд их эелдэг юм... Айлын хүүхдүүд яагаад ийм мундаг байдаг юм бол...Тэдний хүүхэд их сурлага сайтай, бас их авьяастай. Гэтэл манай хүү нэг л гавихгүй нь. Чи ер нь яачихсан амьтан бэ, хүний хүүхдээс юугаараа дутсандаа ингэж сүүл мушгидаг байна...

Бусдын хүүхэд л үргэлж илүү харагдаад, өөрийнхийгөө гоочилдог энэ мэт жишээ олон. “Чинийх долоо, минийх долоохон” гэсэн хоржоонтой үгийг санагдуулам ийм зүйлтэй таараагүй хүн байдаг болов уу. Яг үнэндээ надад байгаа чихэр түүнийхээс илүү ч үгүй, дутуу ч үгүй. Гэтэл яагаад хүнийх олон “болчихдог” байна.  

Энэ бол эцэг эхийн сэтгэлзүйтэй шууд холбоотой гэнэ. Үр хүүхдээ голсондоо бус, илүү сайн яваасай гэсэндээ ташуурдаж, шарыг нь малтдаг ийм аргыг олон орны, үе үеийн аав, ээж нар хэрэглэсээр иржээ. Гэхдээ, “гологдсон” хүүхдүүдийн сэтгэл бага багаар шархалсаар эцэстээ эцэг эхээсээ зориуд зөрж, зөрүүдэлдэг, цаашлаад өөрийгөө үл үзэгчдэгч ханаар тусгаарладаг болохыг он цагийн явцад сэтгэл судлаачид тогтоосон байдаг аж. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр бол алхам алхмаар ингэж “мэрэх” нь ихэнх хүүхдийн хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь мохоож, үнэ цэнэгүй нэгэн болгож хувиргадаг аж. Аав, ээж нар ингэж ташуурдсан ташуурдаагүй хүүхэд тухайн үеийн нөхцөл байдал болон  бусдыг хараад өөртөө үргэлж дүгнэлт хийсээр байдаг гэнэ. Гэхдээ ухамсартайгаар бус, далд чанараараа, зөнгөөрөө “Тэр яагаад ийм мундаг юм бол. Түүний чадаж байгааг би яагаад барахгүй байна...Тэр надаас юугаараа онцгой болохоор намайг тоохгүй байгаа юм...Бид адилхан, харин ч би илүү” гэхчлэн харьцуулж, хариултыг эрэлхийлдэг. Ингэснээр хувь хүн болон төлөвших алхмуудаад хийж, өөрийгөө олж авдаг, нээдэг гэх. 

Харин аав, ээж нарын “ташуур” олшрохоор хүүхэд муу үг сонсохгүйн тулд хуурмаг зан гаргаж эхэлнэ. Тэр нь илрэхээр урхинд орохгүйн тулд улам ихээр худлаа хэлнэ. Тийм байдалдаа бухимдаж, аав, ээжийнх нь нүдэнд илүү харагдаад байгаа хэн нэгнийг үзэн ядах сэтгэлдээ хөтлөгдөнө. Харамсалтай нь, эцэг эх хүүхдээ  “атаархуу, гомдомхой болгох,  дамжаа”-нд сургаж буйгаа үл анзааран, өнөөх л харьцуулалтаа хийж, өөрийнхийгөө голсоор байдаг аж.

“Чинийх долоо, минийх долоохон” гэдгийг бараг мөрдлөгө, зарчим болгож, хүүхдийн итгэл, сэтгэлийг мохоодог өөр хэсэг хүн бий. Тэр бол багш нар. Олон хүүхдээс нэг, хоёрыг нь онцгойлон анхаарч, магтаад, үлдсэнийг нь дундажлаж орхидог явдал бага, дунд сургуулийн багш нарт түгээмэл ажиглагддагийг боловсролын шинжээч нар тогтоосон байдаг гэнэ. Эцсийн үр дүнд эцэг эх, багшийн “ташуурын амт” хүүхдийг мохоодог.

Тэгэхээр аав ээжийнхээ хувьд тэр хүүхэд цорын ганц гэдгийг ухаарах ёстой аж. “Би бусдын хүүхдийг сонирхон харж, илүү үзэх биш, өөрийнхийгөө л анхаарах учиртай”. Ингэж бодох ёстой гэнэ. Би чинь өөрийн гэсэн удмаа залгуулах үр хүүхэдтэй. Тэгэхээр миний хүүхэд л миний анхаарлыг илүү татах учиртайг ойлгоход оройтохгүй гэнэ. Тиймээс хүүхдээ сэтгэлдээ голоод байгаа бол өөрийгөө нэг хар. Миний хүү, охин яагаад айлын хүүхдээс дутмаг байна гэхийн оронд “Тэр хүүхдийн аав, ээжийг хар даа, ямар мундаг юм. Хүүхдээ ямар сайхан хүмүүжүүлж байна. Тэдний л хүүхэд бусдаас онцгойрч ялгарч, цойлж байгаа нь аав, ээжийнх нь зан байдал, хүмүүжлийн арга барилтай нь холбоотой” гэж өөрийгөө бусадтай жишээд, харьцуулаад үзээрэй. “Би үнэхээр муу аав, ээж юм” гэж бодохоор уур тань хүрч байна уу, эсвэл “Би тэднээс дутахгүй л зүтгээд байгаа шүү дээ. Гэтэл миний хүүхэд л муу сураад байх юм” гэж нөгөө хүүхдийн аав, ээжид атаархаж, өөрийгөө өмөөрөх өнгө илэрч байна уу. Тэгж байгаа бол та өөрөө хүн болоогүй, хүмүүжлийн лекц уншуулах хэрэгтэй байгаа аж. Та ч гэсэн хүүхдээсээ дутахгүй, эсвэл бүр эсрэгээрээ түүнээс ч дор балчир, шальдир бульдар байна.

Тэгэхээр эхлээд өөрийгөө хүмүүжүүлээд, дараа нь хүүхдээ ташуурдах хэрэгтэй болж байна даа.  Гэхдээ хүн гэдэг амьтан өөрийн сэтгэл, хүслийг өмөөрдөг далд зөндөө хөтлөгддөгөө мэддэггүй гэнэ. Тиймээс бодит байдлаас зугтаж, өөрийн бурууг ухаарах дургүй байдгийг мундаг эрдэмтэн, шинжээчид тогтоожээ. Тиймээс одоо зөнгөөрөө “туучих” бус, бодит байдлыг ойлгон, хүлээж авах нь чухал.

“Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэсэн үг бий. Тиймээс бодит байдал ямар байдгийг, хүний төрөлхийн муу занг танд мэргэжилтэн, судллаач нар илчлээд, хэлээд өглөө. Ухаарах л үлдэж байна. Ухаарсны эцэст “Чинийх долоо, минийх долоохон” гэх гололгүй, “Надад ч долоо байна” гэж “бодлогын” хариугаа зөв тавиарай. Тэр цагт бусдад байгаа долоон чихрийг өөрийнхөөсөө илүү том болгож харагүй. Харин ч чиний чихэр илүү амттай, зөөлөн гэдгийг мэдэрнэ.

“Би бүгдийг чадна” гэж нэгэн жаахан охин тунчиг бардам, итгэлтэй хэлж байсныг саналаа. Энэ бол сэтгэлийн хүч, өөртөө итгэх итгэл. Ийм болоход нь түүний аав, ээж, эмээ, өвөө нөлөөлсөн байгаа. Тэрнээс биш, тэр жаахан амьтан хаанаас тийм бардам зантай болох билээ. Охины аав, ээж нь “Миний хүүхдээс илүү хүүхэд байхгүй” гэж далд зөнгөө хөгжөөдөг учраас тэр.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД