“Америкийн орчин үеийн бүжгийн үдэш” ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно

2015 оны 09 сарын 23

Америкийн Портланд хотын Нортвест данс прожект компанийн “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш” тоглолт манай улсын тайзнаа амилах гэж байна.Тухайлбал, Монголын урлагийн зөвлөлөөс Дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн ба соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчлахад хувь нэмэр оруулах зорилгоор санаачлан “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш” тоглолтыг ганцхан удаа ДБЭТ-ын тайзнаа тоглуулах гэж байгаа аж. Нийтдээ дөрвөн бүтээлээс бүрдэх уг тоглолт энэ сарын 25-ны 19 цагт болох бөгөөд Америкийн Нортвест данс прожект компанийн найман бүжигчин тоглох юм байна.

Мөн түүнчлэн тус аяны хүрээнд Нортвест данс прожект компанийн 12 уран бүтээлчид манай улсын ДБЭТ, СУИС, Хөгжим бүжгийн коллежийн бүжигчдэд болоод тус компанийн гэрлийн дизайнер, тайзны менежер хамтран мэргэжлийн тайзны удирдлага зохион байгуулалт ба мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулсан байна.

Тус тоглолтын талаар Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа хэлэхдээ “Энэ сарын 25-нд ДБЭТ-ын тайзнаа тоглогдох “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш” тоглолт нь Америкийн нортвест данс прожект компанийн дөрвөн уран бүтээлээс бүрдсэн. Үүнд хүн ба байгалийн харилцаа, хүмүүс хоорондын харилцаа зэрэг өнөөдөд хүн төрөлхтөний амьдралд тулгарч буй бүхий л сонирхолтой асуудлуудыг орчин үеийн бүжгийн хэлээр өгүүлсэн гайхалтай сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Тус тоглолтод оролцохоор ирсэн 12 уран бүтээлчийн найм нь бүжигчин байгаа. Ер нь Монголын урлагийн зөвлөлөөс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд таван том төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү тоглолт нь зургаа дахь төсөл болон хэрэгжиж байгаа юм. Бидний зүгээс дэлхийн олон гайхамшигтай бүтээлүүдийг эх орондоо авчирч, тоглуулдаг” гэсэн юм.

Монголын урлагийн зөвлөлийн Урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа – Дэлхийн сор бүтээлүүдийг Монголын тайзнаа амилуулахаар Америкийн шилдэг бүжгийн компаниудын нэг болох Нортвест данс прожект компанийн 12 уран бүтээлч хүрэлцэн ирээд байгаа юм. Энэхүү тоглолтыг Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Америкийн орчин үеийн бүжгийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн шилдэг бүжиг дэглээчид, бүжигчдийг нэгтгэн нийт 175 цоо шинэ бүтээлийг толилуулсан тус компани Монголд анх удаа тоглолтоо хийх гэж байгаад баяртай байна.

Мөн түүнчлэн манай улсын бүжигчдэд сургалт явуулсан Нортвест данс прожект компанийн бүжигчин хэлэхдээ “Америкийн бүжгийн урлагийг одоогийн байгаа түвшинд харьцуулан үзвэл, олон улсын чадварлаг бүжиг дэглээчид хамтарч ажиллаж байж соёлын олон төрөл зүйлийг нэгтгэж, илүү өргөн цар хүрээг хамарч, олон улсын түвшинд хөгжиж байгаа гэж хэлж болно. Тэгээд Монголын ДБЭТ болоод мэргэжлийн дуу бүжгийн чуулгын бүжигчидтэй туршлага солилцож, сургалт явуулсан. Түүгээр Монголын бүжигчид үнэхээр нээлттэй хүмүүс юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Учир нь биднээс ичиж зоволгүй, зааж өгсөн бүх техникийг нээлттэй хүлээж аваад, бүр өшөө илүү бүжгийн хөдөлгөөн, техникийг үзүүлэхийг хүсч, сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан нь сайхан санагдаж байсан” хэмээн хэллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД