Х.ЦОГТБААТАР: ХУУЛЬ БУС МАЛТЛАГА БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ ТОДОРХОЙ ЦАГ ҮЕИЙН ЭМГЭНЭЛ

2015 оны 09 сарын 28

-Монголоос 70-80 төрөл зүйлийн үлэг гүрвэл олдсон-

Индианагийн их сургуулийн хэвлэх газраас эрхлэн гаргасан, палеонтологийн шинжлэх ухааны нэгэн номын хавтсыг монгол судлаач Х.Цогтбаатарын илрүүлэн, нээсэн шинэ төрлийн гадрозаврын зургаар чимснийг хараад бахархлаа.

Тухайн салбарт сүүлийн үед ямар шинэ нээлт хийв, аль улсын хэн гэдэг эрдэмтэн, судлаач ямар бүтээлээрээ дэлхийн түүхэнд хүлээн зөвшөөрөгдөв гэдгийг цаг тухайд нь бүртгэлжүүлэн, зарлан тунхагладаг эл ном бол олон улсын түвшинд мэргэжлийнхний гарын авлага болдог толь бичиг юм билээ.

Тэгэхээр Х.Цогтбаатар хэмээх монгол судлаач олон улсын палеонтологийн салбарт хэр танигдсаныг түвэггүй мэдэж болно. Батаар хэмээх “баатрын” дуулиан монголчуудад нэгийг бодуулж, түүгээр дамжуулан палеонтологийн шинжлэх ухааныг өнгөц боловч сонирхох болсон энэ үед Монголын нэрийг дахин гаргасан ийм судалгаа, шинжилгээ, нээлт хийсээр байгаа монгол судлаачдадаа бид талархах учиртай.

Манайд эл шинжлэх ухаан үнэхээр өндөр түвшинд хөгжиж буйг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Тэгэхээр энэ талаар болон цаг үеийн зарим асуудал, үлэг гүрвэлийн тухай танин мэдэхүйн мэдээлэл авахаар ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнг зорив. Гурван давхар байшингийн хэртэй өндөр “үлэг гүрвэл”-ээр үүдээ “мануулсан” тус газрын захирал Х.Цогтбаатар “Палеонтологи бол аль нэг улс, үндэстэн, хэн нэгэн хүнд өмчлөгдөхгүй эх дэлхийд, хүн төрөлхтөнд хамааралтай өв соёл, түүх” хэмээсэн.

Тэрбээр Дэлхийн сээр нуруутны палеонтологийн нийгэмлэгийн гишүүн, мэргэжлийн сэтгүүлийн орнитопод үлэг гүрвэлийн ревювер (шүүмжлэгч) бөгөөд 20 орны 80 хотод Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн зохион байгуулсан туршлагатай нэгэн. Түүний ярилцлагыг хүргэе.

-Палеонтологич, археологичид зундаа хээрээр гэр хийдэг хүмүүс шүү. Энэ зун та болон танай судлаачид ямар ажил амжуулав?

-Монгол орны байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад хээрийн судалгаа хийх боломжтой зуны л хэдэн сар байдаг. Дээрээс нь энэ хугацаанд амжиж хууль бус малтагчдаас өрсөж ажиллах шаардлага бий. Социализмын үед хээрийн судалгаанд хавар гараад намар л орж ирдэг байлаа. Харин сүүлийн 10-аад жилд санхүүжилт хэцүү болсон учраас томилолтын хугацаа богиноссон.

Энэ зун манайх палеонтологийн чиглэлээр тодруулбал, ургамлын гурав, үлэг гүрвэлийн дөрөв, эртний хөхтөн амьтны хоёр, Түрүү Кембри буюу 600 сая жилийн тэртээх Монгол нутаг дахь хамгийн эртний амьдралын ул мөрийг судлах нэг, нийтдээ 10 багийг хээрийн судалгаанд гаргалаа. Явсан нохой яс зууна гэдэгчлэн бид малтлага болгоноосоо сонирхолтой юм олоод л ирдэг. Ер нь палеонтологийн олдворыг авчраад, хадгалах нь гол биш, судалгаа нь чухал.

-Археологийн хувьд тухайн газарт эртний олдвор байна гэдгийг хиргэсүүр, дөрвөлжин, дугуй булш зэргээр нь гадарлах боломжтой шиг палеонтологийн хувьд хараад л мэдэх арга бий юү. Ер нь яаж мэдэж малтлага хийдэг юм бол. Ингээд ярьчихаар муу хүмүүст “шипи” болчих юм уу?

-Болдоггүй хүн цөөхөн гэж боддог. Тэд биднээс дутахгүй хаана, юу байгааг мэддэг шүү дээ. Палеонтологийн олдвор илэрдэг газарт 1990-ээд оноос хойш мэргэжлийн бус хүмүүс харьцангуй олон очоод гайхалтай сайхан зүйлүүдийг онгичоод, сүйтгээд явчихсан байдаг байлаа. Гэхдээ батаарын хэргээс хойш муу зүйл гайгүй болсон санагддаг. Ер нь тийм олдвор хадгалагдсан газрыг дэлхий нийтэд badlands буюу муу газар гэж нэрлэдэг.

 

Дунд Төрмөлийн эринд Триас, Юр, Цэрд гэсэн гурван галав хамаардаг.

Яагаад гэхээр эртний хурдастай учраас үржил шимгүй болсон нутаг. Археологийн соёлт үе давхарга палеонтологийн олдвортой харьцуулахад гадаргуу дээр байдаг учраас хараад мэдэж, ялгах боломжтой.

Харин бидний судалдаг олдворыг нүдээр баримжаалаад мэдэх нь байтугай техник технологийн хөгжил ч хараахан шийдэж чадаагүй байгаа.

Гагцхүү мэргэжлийн судлаач хүн уйгагүй эрэл хайгуулын дүнд олдог. Үлэг гүрвэлүүд Дунд Төрмөлийн эриний гурван галавт амьдарч байсан. Өөрөөр хэлбэл, Триасын төгсгөл, Юр, Цэрдийн галавын туршид гэсэн үг. Тэгэхээр тэдгээр галавын хурдас хуримтлал тархсан тийм газарт бид хээрийн судалгаа хийдэг. Гэхдээ тийм газар бүрт яс хадгалагдаж үлдэх боломж маш бага.

Яагаад гэвэл үлэг гүрвэлийн олдвор чулуужиж хадгалагдах зүй тогтол буюу тафономи гэсэн салбар шинжлэх ухаан бий. Амьтан сөнөж, мөхөөд, чулуужих явц болон түүнийг илрүүлэх хүртэлх цаг хугацааны хадгалалтыг судалдаг тафономийн ойлголтоор бид ямар газраас тэр амьтныг олох боломжтойг тогтоосны эцэст эрж хайгаад, малтана. Энэ бол мэргэжлийн ур чадвар, хурц хараа гэх мэт олон хүчин зүйл шаардагдсан ажил.


-Ур чадвараас гадна аз таарна гэж байх уу. Та хэр азтай “ангууч” вэ. Монголын эрдэмтэн Р.Барсболдын нэртэй үлэг гүрвэлийн олдвор байдаг шиг монгол өөр судлаач, тэр дундаа таны алдартай холбогдсон аль үеийн “хэн” гэдэг амьтан байдаг вэ?

-Үнэхээр азтай үе байдаг шүү. Олон улсын дүрмээр бол шинэ олдворт нэр өгөхдөө хаанаас, хэн олсон, тэр багт ямар нэртэй эрдэмтэн ажилласан гэх мэтийг харгалздаг. Эсвэл тухайн судлаач өөрийн болон багшийнхаа нэрийг өгөх жишээтэй. Польш, Монголын хамтарсан багийн судалгаанд ажилласан ганц монгол эрдэмтэн Р.Барсболдын нэрийг польш судлаач нугасан хошуут нэгэн төрлийн үлэг гүрвэлд өгсөн байдаг. Ямарваа амьтан, ургамлыг төрөл, зүйл гэж ангилдаг.

Зүйлийнх нь нэр хоёр үгээс бүрддэг. Харин төрлийнх нь нэр эхэндээ бичигддэг. Манай А.Пэрлээ гуайн нэрийг нэгэн зүйлийн үлэг гүрвэлд өгсөн нь бий. Миний хувьд олсон эртний яст мэлхийний олдвороо энэ төрлийн амьтан судлаач, эрдэмтэн болон өөрийн нэрийг оролцуулаад Баатарэмис (Baataremys) гэж нэрлэсэн гэх мэт зүйл байгаа. Мөн тухайн судлаач шинээр тогтоож байгаа амьтнаа уг нээлттэй холбоотой түүхэн баримтад тулгуурлан нэрлэх нь бий.

Жишээ нь, би энэ жил нэг төрлийн игуанадонтид буюу шувуу хөлт үлэг гүрвэлийг Чойродон барсболди (Choirodon barsboldi Tsogtbaatar et al 2015) гэж нэрлэсэн. 1982 онд их сургууль төгсөж ирээд, анх удаа Барсболд гуайн багт орж, Чойр орчмын олдворт газарт хийсэн малтлагаар илрүүлсэн олдвороо олон жил судалсны эцэст шинэ төрөл, зүйлийнх мөн гэдгийг тогтоогоод ингэж нэрлэсэн.

-Нэг олдворыг тийм олон жил судалдаг хэрэг үү?

-Малтлага хийсний дараа боловсруулж, судалгааны хэмжээнд аваачих хүртэл 10, 20 жил болох нь бий. Гэхдээ нэг жилийн хугацаанд боловсруулаад, хоёр гурван жилийн дотор судлаад гаргах нь ч байдаг. Хүн хүч, хөрөнгө мөнгө, бас бус асуудлаас шалтгаалсан ажил л даа. Өнгөрсөн жил би Хожуу Цэрдийн Жодохтын цаг үед хамаарах шинэ төрлийн гадрозаврын яс илрүүлэн, судлаад Plesiohadros djadokhtaensis Tsogtbaatar et al, 2014 гэж нэрлэсэн.

Ер нь миний судалдаг чиглэл бол нугасан хошуут, өвсөн тэжээлт гадрозавридын бүлгийн үлэг гүрвэлүүд л дээ. 80-83 сая жилийн өмнө Хожуу Цэрдийн дунд үе буюу байгаль, уур амьсгалын хувьд нэлээд хуурайшиж эхэлсэн үед тархан, амьдарч байсан эл бүлгийнхний олдвор урьд нь Монголоос олдож байсангүй. Уг судалгаагаараа үлэг гүрвэлийн аймгийн томоохон төлөөлөгч болох гадрозаврын бүлгийн өвөг удмын холбоо харилцаа, үүслийн төв, тархалтын чиг хандлагын талаар шинжлэх ухааны дүгнэлт гаргаж шинэ төрөл зүйл болохыг олон улсад баталсан.

Судалгааны ажлаараа би Америкийн Жон Хопкинсын их сургуулийн профессор, доктор Д.Б.Вайсхампел, Торонтогийн Рояал онтариогийн музейн судлаач, доктор Дэвид Эванс, Осакагийн их сургуулийн судлаач, доктор М.Ватабэ нарын эрдэмтэн, судлаачтай хамтран ажилласан.

-Та өнгөрсөн хугацаанд хэчнээн олдворт малтлага хийсэн бол?

-Хэчнээн удаа томоохон малтлага зохион байгуулав, хэдэн төрөл, зүйлийг илрүүлэн, малтсан байна, мөн хэчнээн шинэ төрөл, зүйлийг судалгаагаараа батлан тогтоов гэдэг үзүүлэлтээр нь манай чиглэлээр ажилладаг судлаачдын ажлын үр дүн, амжилтыг хэмждэг юм. Өөр нэг чухал үзүүлэлт нь хэчнээн судалгааны ажлаа хэвлэн гаргав, өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрүүлэв гэдгээр хэмжигдэнэ. Тэрнээс биш, зөвхөн бичсэнээр тоолох боломжгүй.

Шүүмжлэгчид судалгааг нь хангалтгүй, эсвэл худлаа байна гээд буцаах тохиолдол зөндөө шүү. Тэгэхээр миний хувьд одоогийн байдлаар 10-аад төрөл, зүйлийн үлэг гүрвэлийг шинээр тогтоосон, тогтооход хувь нэмрээ оруулсан байна. Монгол Улсын эртний амьтан, ургамлын сан хөмрөгт оруулсан олдвор гэвэл 100 гаруй бий. 1993 оноос хойш Монгол, Японы палеонтологийн хамтарсан багийн Монголын талын ахлагчаар ажилласан. Одоогоор энэ багийн үйл ажиллагаа зогссон байгаа. Өмнө нь 30 гаруй жил цуглуулснаас дутахааргүй олон олдворыг өнгөрсөн хугацаанд бүрдүүлсэн байдаг.

-Монголоос тийм үлэг гүрвэл, үүр, өндөг олдлоо гэх мэтээр гадаадын хэвлэлээс л унших юм. Манайхан яагаад өөрсдөө мэдээлж болдоггүй юм бэ?

-Тухайн олдворыг илрүүлж, малтаад л дэлхийд зарлачихдаг юм биш. Олсон, нээсэн олдворыг олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ гэж том ажил бий. Жишээ нь, тарбозавр батаар зөвхөн Монголын говиос л олддог гээд баримт сэлт дэлгээд, шинжлэх ухааны тайлбар хийх нь хангалтгүй. Тийм мэдээллийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тухайн салбарын том эрдэмтэн, шинжээч буюу ревюверүүдээр тайлбар, дүгнэлт хийлгээд, мэргэжлийн тусгай сэтгүүлд нийтлүүлээд, дээрээс нь бусад орноос илрүүлсэн ижил төстэй олдвортой харьцуулсан дүгнэлт зэрэг дагавар олон судалгаа хийсэн байх журамтай.

Тиймээс хээрийн судалгааг олон улсын багийнхантай хамтарсан нь илүү ач холбогдолтой байдаг юм. Үүнээс гадна манай хэвлэл, мэдээллийнхэн дуулиан, шуугиан хөөхөөс биш, шинжлэх ухааны нээлт, ололтын талаар сонирхдоггүй шүү дээ. Манайд сэтгүүл зүй мэргэшсэн түвшинд хүрээгүй байгаатай холбоотой байх. Гадаадад бол дагнасан, мэргэшсэн сэтгүүлчид тухайн салбараа ягштал мэддэг, бараг судлаач, шинжээчийн түвшинд шинэ зүйлийг нь мэдэрч, бичдэг юм билээ.

Өөр нэг зүйл гэвэл гадаадынхныг бишрэн шүтэх үзэл монгол хүмүүст байна. Японд япон хүний үгийг эхлээд сонсдог. Харин манайд эсрэгээрээ, бараг хэн нь мэдэгдэхгүй гадаад нөхрийн цэцэрхэхийг анхааран сонсохоос биш, үндэстнийхээ эрдэмтэн, судлаачдын үгийг авч хэлэлцэхгүй. Монгол хүнийхээ үнэлэмжийг өөрсдөө унагадаг ийм байдал Манжийн дарлалд байсан урт удаан хугацаанд, бас Зөвлөлтийн нөлөөнд орсон цаг үед өөр хооронд нь хагаралдуулж, яс хаядаг муухай бодлого явуулж байсантай холбоотой байх.


-Олон улсын олимпийн хорооны шүүгчийн эрх авлаа гэдэг шиг Монголд палеонтологийн чиглэлээр бие даагаад дүгнэлт гаргах чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шинжээч бий юү?

-Манай бүх судлаач шинжээчийн түвшинд ажиллаж чадна шүү дээ. Түрүүн хэлсэнчлэн олон улсад зөвшөөрөгдсөн ревювер бол таны хэлээд байгаа шинжээч гэсэн үг. Ревюверүүд мэргэжлийнхээ дагуу хэний ч бүтээл, судалгаанд үнэлэлт дүгнэлт, тайлбар, шүүмж бичих эрхтэй. Жишээ нь, (ном үзүүлэв) энд англи судлаач Пол Барретын судалгааны нийтлэлд Монголын Х.Цогтбаатар шүүмж бичсэн байна. Энэ мэтээр минийхэд ч олон орны судлаачид бичнэ.

Нэг нийтлэлд 2-3 хүн шүүмж бичих ёстой. Ингэж байж тухайн олдворын талаарх мэдээлэл үнэн, худал, эсвэл гүйцэд бүрэн боловсруулж, харьцуулалт хийж үү гэх мэтээр дүгнэдэг юм. Ингэсний эцэст олон улсад хүлээн зөвшөөрөх, эсэх нь шийдэгдэнэ. Тэгэхээр Монголоос ийм тийм юм оллоо гэдгийг эхлээд гадаадын хэвлэлээс хардаг гэдэг чинь ийм учиртай.

Тэр зүйлийг Монголоос олсон, Монголынх гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, мэдээллээ олон нийтэд нээлттэй цацах хүртэлх шат дамжлагаараа явж байгаа нь тэр.

-Тэгвэл тухайн олдворыг илрүүлж, малтаад, судалж, шинжлээд эцсийн дүгнэлтээ гаргаад нэг үлэг гүрвэл “төрүүлэх” ажил хэчнээн үе шат дамждаг вэ?

-Өө, ёстой олон шүү дээ. Ер нь палеонтологийн олдвор бүтнээрээ, хэлхээтэйгээрээ олдоно гэж байхгүй. Хамгийн энгийн, тоймтойг нь нэрлэ гэвэл, эхлээд хээрийн хайгуулаар олно. Тэгээд малтана. Гаргаж авснаа лабораторид авчирна. Дунд нь тээвэрлэлт энэ тэр гэсэн зарим ажлыг орхиё. Ингээд хад чулуу, шороо, хөрстэй нь буюу өлгийтэй нь хээрээс авчирсан олдворыг лабораторид тусгай мэргэжлийнхэн боловсруулна.

Хурдсыг нь цэвэрлэж, бэлэн болгосны дараа бүртгэлжүүлээд, тэмдэглэгээ хийнэ. Түүнийгээ бусад оронд олдсон ижил төстэй бүлгийнх нь амьтантай харьцуулан, судалж, шинжлэх ухаанд бүртгэгдсэн үлэг гүрвэлүүдээс юугаараа ялгаатай болон адил байна гэдгийг нягтлан тогтоосны эцэст “хэн бэ” гэдгийг “таниад”, судалгааны ажлаа бичиж, ижил төстэй чиглэлийн судлаачдад илгээнэ. Тэд нягтлан шинжлээд, шаардлага хангасныг нь тусгай сэтгүүлд хэвлүүлнэ.

Энэ бүхний дараа буюу тодорхой шаардлагуудыг нь биелүүлсэн учраас хэдий үеийн, ямар амьтан болохыг нь олон улсын хурлаар танилцуулаад, эрдэмтдийн өмнө хамгаална. Ингээд бөөн “маргаан” хэлэлцүүлгийн дундаас тэр үлэг гүрвэл “төрөх, эсэх” нь шийдэгдэнэ. Маргаан гэдэг нь ном хаялцана гэсэн үг л дээ.

Ингээд бодохоор 20, 30 гаруй шат дамжлагаар судалгаа, шинжилгээ хийж байгаа биз. Энэ их нүсэр ажлын эцсийн үр дүн хэдийгээр тухайн судлаачийн нэрээр гардаг ч ганц хүний гавьяа биш юм шүү. Маш олон хүний нөр их хөдөлмөр шингэсэн, цаг хугацаагаар шалгарсан багийн ажил байдаг.

-Нэг олдвор албан ёсоор бүртгэгдэх хүртлээ ингэж бөөн ажил болдог шигээ мөнгө гарлагадах нь гарцаагүй. Тэрийг хаанаас, яаж санхүүжүүлдэг вэ. Төр засаг энэ салбарыг, судлаачдаа хэр ойлгож, харж үздэг вэ. Наад зах нь хээрийн судалгааны багийг олон сар хооллохоос эхлээд асуудал их бий шүү дээ?

-Бидний нэр хүнд гэдэг зүйл л өдий хүртэл авч явна даа. Жишээ нь, 2011 онд Канадад зохион байгуулсан Олон улсын гадрозавр судлаачдын симпозиумд намайг онцлох илтгэгчээр (keynote speaker) урьж, бүх зардлыг минь даасан. Нэг талаасаа биднийг өрөвддөг байх. Нөгөөтэйгүүр дэлхийн хэмжээний арга хэмжээнд үлэг гүрвэлийн өлгий нутаг шахуу болсон Монголыг оролцуулах гарцаагүй шаардлага байдагтай холбоотой.

Өөр нэг шалтгаан нь олон жил хамтран ажилласан судлаачдын маань дэмжлэг ч бий. Төр, засгаас тэр бүр нарийн зардал, судалгааны мөнгө өгдөггүй. Монгол Улс үлэг гүрвэлийн олдвороороо одоогийн байдлаар дэлхийд гуравт жагсдаг. Социализмын үед төрөөс энэ салбарын судалгаанд тодорхой мөнгө зарж байсан. Гэхдээ таны асуусан хээрийн судалгаанд зориулан мөнгө өгч чаддаггүй байсан. Тиймээс үеийн үед хамтарсан багийн судалгаа зохион байгуулж ирсэн.

Таны асуултад хариулахын тулд эхлээд жаахан түүх ярья. 1920-иод оны үед Америкийн Байгалийн түүхийн музейн багийг ахалсан Р.Эндрюс Богд хаанд бараалхан Монголоос эртний хүний олдвор олдох боломжтой учраас хайгуулын баг ажиллуулахыг хүсэж, гэрээ хийж байсан түүхтэй. Гэхдээ тэд эрлийн явцад эртний хүний олдвор бус, үлэг гүрвэлийн чулуужсан яс олсон байдаг. Тэр олдворын талаар гучаад онд хэвлэснээр Монгол тийм олдвор элбэгтэй гэж Баруун тивд мэдэгдсэн.

Түүнээс хойш Эндрюс Нью-Йоркийн баячуудаас хөрөнгө босгоод хоёр дахь багаа дагуулан 1925 онд Монголд ирсэн ч гэрээг цуцалж, үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байдаг. Учир нь тэр үед манайх Оросын нөлөөнд орчихсон байсан. Ингээд 1941 онд ЗХУ Монголд палеонтологийн багаа ажиллуулахаар төлөвлөж байсан ч, дайн эхэлснээр зогсоосон.

Дайны дараа 1946 онд эрлээ эхэлж, 1949 он хүртэл ажиллахдаа батаарын төрлийн үлэг гүрвэлийн олдвор илрүүлсэн. Зөвлөлтийн багийн үр дүнд манай баруун талын Алтайн цаадах говийн олдворт газрууд нээгдсэн байдаг. Америк болон Зөвлөлтийн багийнхан ажиллаж байх тэр үед Монголын талаас газарчин, хэлмэрч гэсэн ганц, хоёр хүн л тэднийг дагаж байсан. Харин 1961 онд Монголд ШУА байгуулснаар эл салбар хөгжихөд том түлхэц болсон. Тухайн үед академийн дэргэд Ургамал, амьтны хороо бий болж, 1964 онд Палеонтологийн тасагтай болсон.

Тэр цагаас өөрийн мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлжээ. Палеонтологийн салбар үүссэнээс хойш дандаа хамтарсан багийнхан судалгаа хийж, энэ хооронд манай үндэсний мэргэжилтнүүд өсөж, боловсорсон түүхтэй. Яагаад ингэж түүхэн замналын тухай нуршаад байна гэхээр хээрийн судалгаа ямар чухал болохыг л онцлохыг хүссэн юм. Өнөөгийн амжилтыг дангаараа төр, засаг мөнгө санхүү, бодлогоор дэмжээд хөгжүүлчихээгүй юм.

Тэгэхээр манай судлаач, эрдэмтдийн идэвх, санаачилга, хүчин чармайлтаар өнөөгийн түвшинд хүрсэн. Хамгийн анхны хамтарсан багийг Монгол, Польшийн судлаачид 1963 онд хийснээс хойш, Орос, Япон, Америк зэрэг энэ чиглэлийн судалгаа өндөр хөгжсөн орнуудтай хамтардаг болсон. Өнгөрсөн хугацаанд хамтрагч орныхоо хөрөнгө мөнгөөр бид олдворуудаа малтаж, судалж ирсэн. Бас бид дан Монголын багаараа жижиг гэлтгүй зүйл хийх гэж оролдсон.

Мөнгө нь байвал манай судлаач, эрдэмтэд малтлага, судалгаагаа өөрсдөө өндөр түвшинд хийх бүрэн боломжтой, бааз суурь нь хэдийнэ бий болчихсон шүү дээ.

-Дэлхийн палеонтологийн түүхэнд Америкийн эрдэмтэн Марш, Коп хоёрын талаар “Чулуужсан ясны төлөөх дайн” гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. Тэд нэгнийхээ олдворыг өөрийн болгохын төлөө ёс бус зүйл хийж байжээ. Манай судлаач, эрдэмтдийн дунд тиймэрхүү ил, далд ямар нэгэн өрсөлдөөн байдаг болов уу. Ер нь танай мэргэжлийнхний ёс зүйн хэм хэмжээ, зохицуулалт гэж бий юү?

-Марш, Коп хоёрын тулаан бол ХIХ зууны эхэн буюу цагаан арьстнууд шинэ тив нээгээд, төмөр зам тавьж, бас иргэний дайн, самуунтай байсан хачин цаг үе шүү дээ. Тиймээс тэр үеийг өнөөгийнхтэй харьцуулан ойлгох нь өрөөсгөл. “Чулуужсан ясны төлөөх дайн” гэж сүртэй тодорхойлсон тэр зүйл бол өрсөлдөөн юм. Ер нь өрсөлдөөн хаана ч байдаг, спорттой адил зүйл. Харин ёс зүй гэвэл палеонтологийн салбарт их өндөр түвшинд яригдах учиртай.

Олон улсад мөрддөг ёс зүйн дүрмүүд ч бий. Жишээ нь, хууль бусаар малтаж, гаргасан олдворыг шинжлэх ухааны эргэлтэд оруулахыг хориглодог. Тэгэхээр Америкт зарагдахдаа тулаад байсан батаарыг Монголынх гэж батлахаас цааш эрдэм шинжилгээний бүтээл болгон бичих боломжгүй. Учир нь олон асуудал ургана. Батаарын төрлийн олдвор Монголын 7-8 газраас илэрдэг.

Тэрний яг хаанаас вэ гэдгийг тогтоох боломжгүй. За яах вэ, тогтоолоо гэж бодъё. Тэгвэл газрын яг ямар үе, давхаргаас олдсоныг тогтооход хэцүү. Бүр тодруулбал, тафономи болон геологийн судалгааны бодит мэдээлэл нь байхгүй олдворыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах боломжгүй гэсэн үг.

-Үлэг гүрвэлийн чулуужсан яс л байвал хангалттай судлагдахуун гэж ойлгож болохгүй нь.

-Мэргэжлийн бус хүмүүс чулуужсан яс гэхээр жигтэйхэн гоё зүйл төсөөлдөг шиг байгаа юм. Тийм тодорхойгүй зүйлийг мэдэмхийрээд биччихвэл магадгүй өмнө нь шинжлэх ухаанд олж, цуглуулсан мэдээллүүдийг буруу тийш нь хөтлөөд, үймүүлчихэж мэднэ. Тиймээс судлаачийн ёс зүй маш чухал. Үүнтэй холбоотойгоор сөхөгдөх нэг асуудал бол үлэг гүрвэлийн музей.

Хэн дуртай нь байгуулчихдаг юм шиг самраад байна. Мэргэжлийн хүний хувьд, мөн олон улсад энэ талын музей зохион байгуулах зөвлөхөөр ажиллаж байсны хувьд би үлэг гүрвэлийн музей байгуулахыг тийм хялбараар ойлгож болохгүй гэж хэлнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдын багийг газар дээр нь байдалтай танилцуулаад, мэтгэлцээн өрнүүлж, санал шүүмжлэлийг нь сонсдог юм билээ, миний ойлгосноор.

 

Марш, Коп нар “Ясны төлөөх дайн”-ы үед 142 төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдворыг шинээр нээсэн байдаг.

 

-Үлэг гүрвэлийн музей байгуулахад мэргэжлийнхэн хамгийн түрүүнд саналаа хэлэх учиртай байх. Та түрүүн Монголд зүй тогтол хувьслаар нь бий болгосон музей алга гэсэн.

Дээр суугаа хүмүүс мэргэжлийнхнийг тоохгүй орхих магадлалтай ч та бүхэн сэтгэлээрээ зүтгэх ёстой. Үүнийг мэргэжлийн ёс зүй, иргэний ухамсар ч гэж болмоор?

-Сонин л санаа байна. Харамсалтай нь, шийдвэр гаргадаг хүмүүс музейг сурталчилгааны газар гэж ойлгоод байна. Уг нь шинжлэх ухааны мэдээллийг хүмүүст түгээдэг музей гэдэг газрыг байгуулдаг тогтсон арга олон улсад бий. Ний нуугүй хэлэхэд, манайхан энэ асуудлыг улстөржүүлээд, нэгнийхээ хийснийг үгүйсгээд байна. Хоёр, гурван жилийн өмнө Засгийн газар Үлэг гүрвэлийн төв музей байгуулах тогтоол гаргахад нь талархаж, мэргэжлийн байгууллагуудаа түшнэ гэж найдсан.

Гэтэл намынхаа “партизан” гишүүний эхнэрийг даргаар томилоод, үлэг гүрвэлийн ясаа ч танихгүй залуучуудаар баг бүрдүүлээд, Монгол Улсын түүхэн сан хөмрөгт хадгалагддаг, бидний судалгааны анхдагч материал буюу олдворуудыг тэнд байрлуулна гэсэн. Бидэнтэй нэг ч удаа санал солилцоогүй. Баахан сул цалинтай хүмүүсийг тэжээж, жил тойрон явахдаа тэрбум гаруй төгрөг үрсэн гэж сонссон, сүүлд нь. Тийм хүмүүст улсын үнэт өвийг өгөх эрх надад байхгүй гэж би шулуухан хэлсэн.

Одоо Лениний музейн хажууд хэдэн хүн ажиллаж байгаа. Америкаас дахиад хэдэн тээш ирлээ, яадаг билээ гэж байна. Түрүүн би хэлсэн, хулгайгаар малтсан олдворыг шинжлэх ухаан болон танин мэдэхүйн эргэлтэд оруулж болохгүй. Олон нийтэд худал мэдээлэл түгээх нь гэмт хэрэг биз дээ.

Тэр бүү хэл, нэг төрлийнх хэрнээ янз бүрийн хэмжээтэй үлэг гүрвэлүүдийн ясыг нэг амьтных болгоод нийлүүлчихсэн байсан шүү дээ. Тийм зүйлийг үзмэр болгоно гэхээр хэцүү. Наад зах нь ёсзүйгүй.

-Олон улсын музейн жишгээр тухайн олдворыг бус, дуурайлган хийсэн үзмэрийг олон нийтэд үзүүлдэг гэсэн. Манайд музей байгуулбал тэр жишгээр явах уу?

-Дэлхий нийтийн жишиг тийм л дээ. Жинхэнэ олдвороо баталгаатай сан хөмрөгтөө хадгалаад, олдворт суурилсан үзмэрийг дэлгэнэ гэсэн үг. Гэхдээ үзмэр юм чинь гээд хуурмаг зүйл хийж болохгүй. Яг тухайн олдвор болон түүнд үндэслээд гаргаж авсан бодит хэмжээст хуулбар юм л даа. Яг нарийндаа яривал, чулуужсан яс гэдэг чинь яс биш шүү дээ.

Бидний ярьдгаар чулуун загвар юм. Олон сая жилийн турш газрын хөрсөнд хадгалагдах явцдаа ясны найрлага дахь бүх органик нэгдэл нь үгүй болж, эрдэсжих явцад орчихсон зүйл шүү дээ. Тэгэхээр бид нэг талаас хэлбэр дүрсийн л судалгаа хийдэг гэсэн үг. Морфологийн судалгаанд үндэслээд тухайн амьтны хөдөлгөөн, бие бүтэц гэхчлэн гаргаж болдог.

-Хүн сармагчингаас үүссэн гэдэг. Тэрнээс цаашлаад анхдагч гарвал үүслийг хөөхөөр хэвлээр явагч, мөлхөгчтэй холбогддог шиг үлэг гүрвэл гэдэг амьтан хэзээ, хаана үүссэн, ямар гарвалтай юм бол?

-Ямарваа амьтны гарвал үүслийг хөөгөөд явбал эцсийн дүндээ бүгд нэг л зүйлээс үүссэн гэж одоогийн шинжлэх ухаан тайлбарладаг. Тэр нь нэг эст амьтан. Түүнээс олон эст амьтан үүсээд, тэндээс усан орчинд амьдрал цэцэглээд, тэр дунд сээр нуруугүй амьтад, загас бий болсон. Цаашлаад загас сарвуу, сэлүүртэй болж, эх газарт гарч, хоёр нутагтан үүсээд, тэрнээс мөлхөгчид бий болсон.

Тэр мөлхөгчдийн хамгийн эртний бүдүүлэг хэлбэрээс нэг хэсэг нь салбарлаад сээр нуруутай амьтны хөгжлийн тодорхой үе шат, хувьсал явагдсан. Тэдгээрээс хамгийн удаан буюу 160 сая жилийн турш байгалийн шалгарлыг даван, хөгжсөн хуурай газрын амьтан бол үлэг гүрвэл. Тэртээгээс өдгөө хүрсэн яст мэлхий зэрэг амьтан бий л дээ. Гэхдээ тэдгээр нь далай, тэнгисийнх.

Өнөө хэр нь тайлагдаагүй нууц олон байна. Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар илэрсэн олдворуудад тулгуурлан ангилбал 160 сая жилийн турш 7-8 том бүлэгт хамаарах 400 гаруй төрөл, зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсныг тогтоогоод байна. Тэдгээрээс 70-80 төрөл, зүйлийнх нь Монголоос олдсон. Энэ нь хүн төрөлхтний таньж, мэдсэн үлэг гүрвэлүүдийн бараг тавны нэг нь гэсэн үг.

-Нисдэг үлэг гүрвэл унасан хүнийг дүрсэлсэн археологийн нэгэн олдворыг Мексикээс илрүүлсэн. Хүн, үлэг гүрвэл хоёр нэгэн цаг үед зэрэгцэн оршиж байсан гэх мэтээр тэрийг тайлахаар оролдсон элдэв хачин таамгууд ч бий. Та мэргэжлийн хүний хувьд шинжлэх ухаанчаар юу гэж тайлбарлах вэ?

-Өнөөгийн шинжлэх ухааны хүрсэн амжилт, тогтоосон он цаг тооллын арга зэрэг бүх үндэслэлээр авч үзэхэд хүн, үлэг гүрвэлтэй нэгэн үед байх ямар ч боломжгүй. Үлэг гүрвэлийн хамгийн сүүлчийн төлөөлөл нь 65 сая жилийн тэртээд сөнөсөн гэдгийг баталчихсан. Нэг эстээс үүссэнийг нь орхиод, харин үндсэн хэлбэрээ олсон буюу хоёр хөл дээрээ явдаг болсон эртний хүний түүхийн улбаа ердөө тав, зургаан сая жилийн л өмнөх явдал.

Тэгэхээр дунд нь барагцаалбал 60 сая жилийн хэлбэлзэл байна. Энэ хоорондын цаг хугацааг хэрхэн холбох билээ. Гэхдээ нэг ийм сонин судалгаа байдаг. Юу гэхээр, хүнд идэвхгүй ой санамж гэдэг зүйл байдаг гэнэ. Өөрөө огт харж байгаагүй хэрнээ ой ухаанд нь аль эртний, эсвэл байж боломгүй мэт зүйлс хадгалагддаг.

Жишээ нь, зураачид ойлгомжгүй, бүр галзуу ч гэмээр юм дүрсэлсэн байдаг даа. Тэр судалгаагаар бол энэ нь идэвхгүй ой санамж дахь дүрслэл аж. Үүнтэй адил хохимой толгой, хоёр хөлтэй хүн үлэг гүрвэлтэй нэг үед амьдарч байгаагүй ч гэсэн эртний, бүр эртний өвөг дээд буюу гарцаагүй хүний гарвал үүсэлтэй холбогддог, сармагчин, лемур гэх мэт амьтны идэвхгүй ой санамжаар дамжиж ирээд тархинд нь тийм дүрслэл бий болсныг, чулуун дээр сийлсэн байхыг үгүйсгэхгүй.

Ер нь хүн гэдэг амьтан учир битүүлэг юм руу их шуурдаг. Шинжлэх ухааны эсрэг креационизмаар бол үлэг гүрвэл гэж байгаагүй, домгийн амьтан гэхчлэн муйхарлан, юм унших дургүй, мэдлэг, мэдээлэлгүй хүмүүсийн толгойг угаагаад амьдралын үүслийг үгүйсгэж, харь гариг гэх мэт хийсвэр зүйл ярьдаг.

-Монголоос палеонтологийн өөр ямар олдвор илэрдэг вэ?

-Манай хүрээлэнд нүдэнд үл үзэгдэх бичил олдворыг ч судалдаг. Чулуулаг дотор эртний нян (бактер) хадгалагддагийг тогтоочихсон учраас нянгийн палеонтологи гэсэн салбар бий болсон. Тийм олдворыг үлэг гүрвэлийнхтэй харьцуулахад бөөнөөр олддог учраас их сонирхолтой дүгнэлт гардаг. Энэ чиглэлээр ажилладаг судлаач залуус манайд байна.

Мөн эртний ургамлын үр тоосонцрыг судалдаг хүн ч байгаа. Манай хүрээлэнд саяхан бүтцийн өөрчлөлт хийгээд, Палеонтологи, геологийн хүрээлэн болгосон. Тэр хэрээр лаборатори олон хэсэг болсон. Манай чиглэлийнх гурав байна. Эртний сээр нуруутны, Эртний сээр нуруугүйтэн буюу Мезокайнезойн эриний ургамлын, Урьд Кембри, Палезойн (300 сая жилээс өмнөх) амьтан, ургамлын лаборатори.

 

Креационизм бол аливаа шинжлэх ухааныг үгүйсгэн бурхан, сүсэг бишрэлийн үүднээс тайлбарладаг үзэл

 

Өөрөөр хэлбэл, геологийн цаг тооллын бүх ангилалд хамаарах амьтан, ургамлын олдворуудыг судална.

Р.Эндрюс Богд хаанд шинжлэх ухааны тусын тулд судалгааны баг ажиллуулах талаараа тайлбарлаад дуусахад “Таны зүүчихсэн буу ямар үнэтэй эд вэ” гэж асуусан талаар тэмдэглэлдээ дурдсан байдаг. Тэгэхээр палеонтологийн шинжлэх ухааны “А” үсэггүй байсан монголчууд ШУА-тай болсноос хойших 50 гаруй жилийн хугацаанд ийм амжилтад хүрчээ, чамлахааргүй шүү.

-Ер нь та яаж яваад энэ салбартай холбогдчихсон юм бэ?

-Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит дунд сургуульд гайгүй сурлагатай, одон орон судлал сонирхдог хүүхэд байлаа. Төгсөхдөө улаан шугамны нэлээд дээгүүрт жагссан болохоор гадаадын сургуульд явчих санаатай байсан ч, тухайн жил тийм хуваарь бага ирсэн. Унгарын ганц хуваарьт нь зүтгэх гэтэл ангийн багш маань “Наадах чинь техникум гэсэн шүү” гэхээр нь больчихсон. Тэгээд биологи, агнуур зүй гэсэн шинэ хуваарийг багш “Их гоё” гэхээр л сонгосон. Энэ салбар руу л хөтлөгдөх учиртай байж.

Тэгээд биологийн ангиа төгсөөд, ШУА-д хуваарилагдсан. Яг тэр үед Байгалийн түүхийн музейд Палеонтологийн хэсэг нээж таарсан. Тэр нь ШУА-ийн Палеонтологийн тусдаа музей байсныг хүмүүс сайн мэддэгүй юм. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл, манай аав Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн музей байгуулахад суурийг нь тавилцаж, даргаар нь хүртэл ажиллаж байсан хүн. Аавыгаа дагаж, ажил дээр нь очдог хүүхэд байхаасаа л музей гэж ямар чухал зүйл болохыг мэдэрсэн над шиг хүнд Палеонтологийн музейд ажиллах нь их завшаан байсан, бэлгэшээмээр.

Тайлбарлагчаас эхлээд, фондын ажилтан, эрхлэгч гээд шат дараалан олон жил ажилласан. Үзмэрүүдээ хүмүүст тайлбарлахын тулд өөрөө тодорхой мэдээлэл, мэдлэгтэй байх ёстойг мэдэрсэн. Заримдаа үзэгчид мэдэхгүй зүйл асуухаар нь шөнөжин мэдээлэл хайж, ном уншаад хонох үе ч байсан. Тэгсээр яваад ажилдаа бүр дурладаг юм билээ. Тухайн үед бас нэг аз тохиосон нь 1985 онд Монголоос анх удаа Японд үлэг гүрвэлийн музей зохион байгуулсан явдал. Тэр үе ямар цаг байлаа. Бас би дээд сургууль төгсөөд гурав, дөрвөн жил л ажилласан, “нусаа гоожуулсан амьтан” шүү дээ.

Тийм хүнд Япон явах завшаан тохионо гэхээр ёстой л хувь зохиол биз дээ. Бараг Улс Төрийн Товчоогоор хэлэлцэхээр наагуур юм болж, хоёр сар хэртэй шалгаж байгаад явуулсан. Тэнд очоод их юм бодож, нүд тайлагдсан гэх үү дээ. Гадаад хэл чухлыг мэдэрсэн учраас ирээд л ажиллангаа МУИС-ийн англи хэлний оройн ангид сурсан. Тэгж явсаар эрдэм шинжилгээний ажил хийж, докторын зэргээ “Монгол орны гадрозаврын хувьсал, хөгжил” сэдвээр Японд хамгаалсан.

-Тэр батаарын олдвороос болж Монголын палеонтологийн нэр хүнд сэргэсэн үү, унасан уу. Зарим судлаачийн яриагаар бол олон улсад мэргэжлийнхний хувьд манай рейтинг жаахан унасан гэсэн. Үнэн болов уу?

-Монгол үлэг гүрвэлийн баялаг олдвортой, тэр талын судалгаа, шинжилгээ хөгжиж буй орон гэдэг байснаа болиод хууль бус малтлагын талбар гэдэг болсон байна лээ. Америкийн “The New Yorker” сэтгүүлийн сурвалжлагч саяхан надаас ярилцлага авсан. Монгол дахь палеонтологийн хууль бус малтлагын талаар баримтат кино хийхээр багаараа ирсэн гэсэн. Би “Хууль бус малтлага бол монголчууд бидний тодорхой цаг үеийн эмгэнэл” гэж хэлсэн. Тусгаар тогтносон улс байж хууль бусаар малтуулаад, хилээрээ гаргахдаа мэдээгүй гэхээр нөгөө цагдаа, цэрэг, гааль нь хаана байсан юм бэ. Ичгэвтэр хэрэг.

-Зочдодоо нэг хийсвэр асуулт тавьдаг юм. Үлэг гүрвэлүүдийн оршин байсан 160 сая жилийн тэртээ рүү очих боломж олговол та чухам аль эрин, галавт хүрч, ямар амьтныг сонирхох вэ?

-Зөгнөлт кино шиг л юм болох нь. Монголын нутгаас олддог үлэг гүрвэлийн олдворууд гурван галавын хамгийн сүүлчийн цаг үе буюу Цэрдийг төлөөлдөг. Тэр дундаа Хожуу Цэрдэд хамаарах олдвороор илүү баялаг. Тэгэхээр үлэг гүрвэлүүдийн сүүлчийн үе шатыг Монголын олдвороор төлөөлүүлэн ойлгож болно. Энэ нь эрчимтэй хөгжлийн хамгийн оргил үе.

 

Монголоос 1995 онд л үлэг гүрвэлийн мөр анх илрүүлэн, дэлхийд баталсан аж.

 

Харин Триасын галавын үеийн үлэг гүрвэл одоогоор олдоогүй. Юрийнх цөөхөн олдсон. Миний судалдаг гадрозавр гэдэг бүлгийн үлэг гүрвэл Умард Америкт олон төрөл, зүйл болон цэцэглэн хөгжсөн байдаг.

Тэгтэл Монголд үүсээд Берингийн хоолойгоор дамжиж, умард Америкт очсон гэж нотолсон. Ер нь шинжлэх ухаанд үлэг гүрвэлүүдийн нүүдэл нэг чиглэлтэй байсан гэж үздэг байсан. Харин миний судалгаагаар хоёр чиглэлтэй.

Тодорхой хугацаанд Умард Америк руу нүүгээд, тэндээсээ эргээд нүүдэллэсэн гэж би үзэж байгаа. Тэгэхээр учир нь сайн олдохгүй байгаа тэр үе буюу Хожуу Цэрдийн түрүү үед л очно доо.

-Бразилийн нэгэн эгц хаднаас нэг дороос олон төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн мөр илрүүлсэн талаар уншсан юм. Монголоос ч гэсэн тийм олдвор олсон байх аа. Тэр ямар учиртай вэ. Нэг дор бөөнөөрөө байсан шалтгаан нь юу бол?

-“Монголоос үлэг гүрвэлийн яс, өндөг их олддог хэрнээ мөр олддоггүй нь хачин” гэж мэргэжлийн хүрээнийхэн гайхдаг байсан үе бий. Үнэхээр л 1995 он хүртэл нэг ч мөр илрүүлээгүй юм. Тэр жил Монгол, Японы хээрийн судалгааны багийнхан Өмнөговийн Байшин цав гэдэг олдворт газарт ажиллаж байгаад, хуваарийн дагуу Дорноговь руу нүүлээ.

Долдугаар сарын дунд үе учраас аагим халуун, дээрээс нь бид “Орос 66”-тай. Машин халаад явахгүй болохоор бид хэд буугаад орчноо сонирхоод явж байтал япон судлаач Мацүмота гүйхээрээ ирээд “Би үлэг гүрвэлийн мөр олчих шиг боллоо” гэдэг юм. Тэрбээр өмнө нь Африкт үлэг гүрвэлийн мөр судлалаар ажиллаж байсан хүн л дээ. Ийм мэдээ сонссон судлаачид итгэж ядаад, очиж үзлээ. Үнэхээр мөн байна. Бөөн баяр боллоо доо.

Гэхдээ хуваарь зөрчиж болохгүй нарийн журамтай учраас тэр олдворыг ирэх жилийн судалгааны төлөвлөгөөндөө оруулаад, явсан. Тэгээд 1996 онд нөгөөх Шар цавд ажиллаад, уртаашаа 1820 метр буюу бараг хоёр км газраас 5-6 янзын үлэг гүрвэлийн 18.000- гаад мөр илрүүлсэн. Түүнээс хойш тэнд дөрвөн удаа хээрийн судалгаа хийсэн.


Ингээд өнөөх шат дараалсан судалгаануудаа хийж, хэвлүүлээд, олон улсын хурлаар хэлэлцүүлж, Монголоос үлэг гүрвэлийн мөр олсныг баталсан. Нэг япон судлаач маань энэ сэдвээр докторын ажил хийсэн. Ингэж байтал их мэдэгч нар нөгөөх олдвор дээгүүр машин, мотоцикльтой давхиад, тэр бүү хэл зарим мөрийг нь тасдагч хөрөөгөөр зүсэж аваад, сүйд хийсэн байсан. Дэлхийд ховор олдвороо үгүй хийлгэхгүйн тулд Оюутолгойн нөлөөллийн бүсэд багтдагийнх нь хувьд төсөл бичлээ.

Тэгж байж өвөл нь “Оюутолгой” компаниас хөрөнгө гаргуулаад хэдэн судлаачтайгаа нөгөөх газартаа хашаа босгосон. Манлай сумын залуучуудыг ч дайчилсан. Ингээд санаа амарсангүй. Мөрнүүдээс гадна хашаагаа хулгайд алдчихгүйн тулд хоёр дахин илүү санаа зовох хэрэг гарлаа. Эцэстээ манай байгууллага цалинжуулаад байнгын манаачтай болгосон.

-Үлэг гүрвэлийн мөхлийн талаар янз бүрийн таамаг байдаг. Солир, эсвэл их мөстлөгөөс болсон ч гэх. Америкийн палеонтологич, Принстоны их сургуулийн профессор Герта Келлер үүнийг дан ганц солиртой холбох нь өрөөсгөл гэж CNNд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Шинжээчийн хувьд таны дүгнэлт юу вэ?

-160 сая жилийн хугацаанд үлэг гүрвэлүүд бий болоод, мөхөөд, дараачийнх нь гарч ирэх замаар амьдралын эргэлт явагдсаар байсан. Харин 65 сая жилээс нааш үлэг гүрвэлүүд яагаад гэнэт байхгүй болсон бэ гэдгийг асууж байна гэж ойлголоо. Тэгэхээр дэлхий асар том солир буюу жижиг хэмжээний гаригтай мөргөлдсөний улмаас гэнэтийн нэн таагүй нөхцөл бүрдсэнийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон.

Зөвхөн палеонтологийн талаас ч бус, сансрын физик, хими зэрэг салбарынхан эл таамгийг баталсан. Тодруулбал, Юкатанд тогтсон тогооны хурдсаас солирын бүтцэд их хэмжээгээр агуулагддаг иридиум гэдэг элемент их хэмжээгээр илэрсэн. Тийм үе давхарга үүсэх хэмжээнд хадгалагдсан гэхээр сансрын биеттэй мөргөлдсөний дараа дэлхийд хэдэн жилийн турш айхтар нөхцөл бий болсныг илтгэнэ.

Үүнээс болж ургамал, амьтны аймгийн дийлэнх нь гинжин холбоотойгоор сөнөсөн гэдэгтэй би санал нийлдэг. Харин тэр айхтар явдлын дараа яагаад дахиад амьдрал үргэлжлэв, тэр дундаас үлэг гүрвэлүүд яагаад сэхэл авсангүй вэ гэдэг нь сонин. Олон сая жилийн турш байгальд ноёлогч бүлэг байсан амьтад физиологи, генетикийн хувьд доройтон, хөгшрөх тухай онол байдаг юм.

Тийм амьтад байгаль цаг уур, орчны багахан өөрчлөлтөд хиардаг.

-Лаборатори бол тухайн зүйлийг Агаас Я хүртэл нь судалдаг, цөм хэсэг гэж боддог. Тэгэхээр та маш сонирхолтой ажил эрхэлдэг. Боловсруулалт, шинжилгээний явцад төсөөллөөсөө тэс өөрт зүйл хараад дуу алдаж, алмайрсан тохиолдол бий юү?

-Бид олдвороо газар дээр нь хараад л ерөнхий төсөөллөө гаргасны дараа малтдаг. Тэрнээс биш, олсон болгоноо малтах боломжгүй. Малтлага хийх явцдаа зөндөө л мөрөөднө өө. Тиймээс лабораторид боловсруулах үеэр алмайрах нь гайгүй. Харин заримдаа эсрэгээрээ төсөөлснөөс дутуу, муу хадгалагдсан зүйл хараад урам хугарах нь бий.

Хэдэн жилийн өмнө үлэг гүрвэлийн зулзагууд, үүртэйгээ илэрч, малтсан. Лабораторийн судалгааны явцад зулзагын тоо нэмэгдсэнд маш их баярлацгаасан. Тэр олдворыг судлаад, олон улсад батлуулаад, өдгөө манайд хадгалж байгаа.

Ойролцоогоор 65 сая жилийн тэртээд дэлхийтэй мөргөлдсөн астероидын үүсгэсэн тогооны голч 180 км бөгөөд ул мөр нь Мексикийн булангийн Юкатан аралд бий

Энд нэг зүйл нэмж онцлоход аливаа олдворыг судалж дуусна гэж байдаггүй юм.

Учир нь өөр нэг газраас түүнтэй төстэй зүйл олдвол харьцуулан судалдаг. Харьцуулалт хийхийн тулд бодитоор, биетээр нь харах ёстой. Тиймээс хадгалалт маш чухал.

-Монголд дэлхийн жишигт нийцсэн палеотологийн лаборатори байгуулахад таны санаачилга, хичээл зүтгэл их байсан гэж сонссон. Ер нь танайх тоног, төхөөрөмж, бодис хэрэгслээр хэр хангагддаг вэ?

-Би ганцаараа зүтгэсэн юм биш л дээ. 1993 онд Монгол, Японы хамтарсан баг ажиллах болж, япон судлаачид манайд ирээд, лабораторийг маань жаахан голсон. Үүнээс өмнө Японд зохион байгуулсан үзэсгэлэнгийн үеэр би өөрийн орон, албан байгууллагынхаа талаар жигтэйхэн том том юм ярьсантай авцалдахгүй болохоор тэр биз.

Тэдний лабораторитой харьцуулахад манайх үнэхээр л “шавар тагз” шиг байсан л даа. Тэр үед манайх гадаадад нэлээд хэдэн үзэсгэлэн зохион байгуулаад, чамлахааргүй их мөнгийг улсын төсөвт оруулчихсан байсан. Тиймээс шинэ сайхан байртай болох талаар бодох боломжтой гэсэн үг. Хамтран ажиллаж байсан япончуудынхаа зөвлөснөөр хөгжиж буй орнуудад соёлын чиглэлд тусалдаг “Банфакү” санд хандаж төсөл бичлээ.

Ази, Африкийн олон орноос тэр санд төсөл бичээд, санхүүжилт авсан тухай тэд хэлсэн юм. Тэгээд их сонин, азтай явдал болсон. Манайх Японы Окаямагийн музейтэй олон жил хамтарч ажилласан учраас тэд намайг нөгөөх сангийн ерөнхийлөгчтэй уулзуулах ажил зохион байгууллаа. Япондоо их алдартай, нэлээд өндөр настай, профессор Иши гуайтай хамт уулзалтад очлоо. Кёкүюшүзан сүмогийн дэвжээнд ид шуугиулж байсан үе шүү дээ.

Тэгтэл нөгөөх хүн маань Кёкүюшүзаны улаан фэн байж таараад, миний ярихыг бараг сонсохгүй сүмогийн тухай л яриад байна. Би түүнд тоогдож, дэмжүүлчих санаатай ярьсныг нь дэмжээд л, нэг их сүмо мэддэг хүн шиг суусан. “Банфакү” сан жилдээ олон улсаас 120 гаруй төсөл хүлээж аваад, шаардлагад нийцсэн цөөн хэдэд нь санхүүжилт өгдөг юм байна л даа. Тэгээд сангийн ерөнхийлөгч явахдаа “Би асуудлыг ганцаараа шийддэггүй. Гэхдээ энэ жил би Монголын төлөө шийдүүлэхийн тулд бат зогсоно” гэж хэлсэн.

Лабораторийн шинэ байшин бариулах мөнгөө тэр төслөөс олж авсан түүх энэ. Ингээд зогсоогүй. Япон хамтрагчид маань “Японы Засгийн газраас үзүүлдэг буцалтгүй тусламжаар лабораторийн тоног төхөөрөмжийг шийдүүлэх хүсэлт тавь” гэсэн. 2004 онд дахиад нэг төсөл бичлээ. Засгийн газар хоорондын тусламж учраас Монголын Засгийн газраас яаралтай хүсэлт гаргах учиртай юм байна. Тэгэхгүй бол хэлэлцдэггүй гэнэ. Энэ мэтээр бөөн явдал суудал болсон ч гэсэн хүссэнээ авсан.

Манай тоног, төхөөрөмж дэлхийн стандартынх гэж бардам хэлнэ. Олон улсад ийм л нөхцөлд судалгаа хийдэг юм билээ. Палеонтологийн чиглэлээр ажилладаг 30 гаруй судлаач, тэр дундаа үлэг гүрвэлээр дагнасан 10-аад хүн бий. Гэтэл манай шугамаар гадаадад сураад, тэндээ үлдсэн нэг монгол эмэгтэй Америкт тэтгэлэг авахын тулд олон улсын хурлын үеэр “Монголд палеонтологийн мэргэжлийн байгууллага, судлаач байхгүй болсон. Байсан хэдэн судлаач нь нас бараад дууссан” гэх мэтийн ташаа ойлголт төрүүлэх зүйл ярьсан байдаг.

Хамтран ажилладаг гадаадын судлаачид маань биднээс “Танай байгууллагыг татан буулгасан юм уу, юу болов” гэж асууцгаасан.

Х.Цогтбаатар “Дэлхийд өрсөлдөх чадвартай цөөхөн зүйлийн маань нэг яах аргагүй үлэг гүрвэлийн баялаг олдвор, өв. Манай салбарын тогоонд ороод, хүмүүст танин мэдэхүйн мэдээллийг бодитой, амттай байдлаар, цувралаар хүргэх тал дээр хэвлэл, мэдээллийнхэн анхаараасай.

Бид шинжлэх ухааны лекц зохион байгуулах оролдлого хийсэн ч, манайхан, тэр дундаа сурвалжлагч, сэтгүүлчид ирдэггүй юм билээ. Ер нь сүүлийн үед Монголд шинжлэх ухааныг үл тоож, оюуны хоосролд орох хандлага бий болчихлоо” хэмээн харамсаж байсан. Нээрэн л бид шинжлэх ухааны мэдээллийг хүмүүст зөв, цэгцтэй хүргэх үүрэгтэй.

Харамсалтай нь, түүнээс “чухал” дуулиан шуугианд чихээ “дөнгөлүүлдгээ” бид нийгэм, цаг үеийн байдалтай холбоотой гэж өөрсдийгөө өмөөрч болох ч шинжлэх ухаан бол аль ч цаг үед, ямар ч нөхцөлд орхигдуулж боломгүй агуу сэдэв шүү дээ.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.112.56 Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Гүнжийн Сүмийн оршуулга асар баялаг байсанч ухаадл авчихсан. Гүнжийн сүмийг үе улиран хамгаалж харж ирсэн Сүмчин отгийнхон хэрэв ухсан бол цаг хатуу цааз хуультай үед бүгдийг бариад арьсийг нь хуулж амьдаар нь булж байгаадч хамаагүй хүлээлгэх байлаа. гэтэл нэгч хүнийг бариагүй. бүүр төр засгаас тагнуулаас ямарч мөрдлөгө асуулга явуулга явуулаагүй байдгын. тэгхээр 1.ногоон малгайтнууд өөрсдөө тагнуулын мэдээллийн дагуу очиж ухсан. 2. их өндөр төр засгийн албан тушаалтан ухсан байх магадлалтай.3.Уг шарил ил газар дээр бол огт мэдэгдэх зүйлгүй. Нилээн холоос газар пдоогуур хөндийлөн ухаж уг газарт байшин маягын зүйл барьж дотор нь оршуулсан байхад тэр хөндий нүхээр ороогүй .Шууд шарилын байх газрын эгц дээрээс ухаж авсан байдаг.
182.160.4.154 Төгссөн сургуулиараа нэрлэчих сэтгэл төрсөнгүй юу МУИС NUM гэдэг ч юмуу
202.21.106.151 Mash saikhan yriltslaga, bagsh maani ene talaar olon niitlel, yriltslaga khiisen baigaa. Ekh oron ch khuvi khumuus oluulaa shaardakh kheregtei shu... Yostoi ymar geechiin niigem be? Oluulaa asuudaliig il tod shiidmeer baina.
183.101.193.159 Saikhan yariltsaga boljee Delhiid danstai tsuuhun heden erdemtendee Mongoldoo iluu ih hiih bolomjoor hangaj ugvul manai uls hugjunu Gevch bodit baidal tes uur bgaa shuu dee ene talaar meddeg gd bgaa Turiin tusheed nar unshaasai
202.131.234.243 Ёстой их мэдээлэлтэй ярилцлага байна
203.194.114.29 ямар урт нуршуунбээ
203.194.114.29 Таны хариулт ...Улсаас дэмжих ёстой
  • 2016 оны 09 сарын 30
203.194.114.29 Таны хариулт ...Шавь бэлдэх хэрэгтэй шүү
  • 2016 оны 09 сарын 30
203.194.114.29 Таны хариулт ...Цааш нь судлах шаардлгатай
  • 2016 оны 09 сарын 30
203.194.114.29 Таны хариулт ...chi uuruu nurshuu amidraldaa gut 203.194.114.29 malaa
  • 2016 оны 09 сарын 30
203.194.114.29 Uaj ene shinjlex yxaanaa xugjuulex talaar uarixgui baigaa ni sonin bna.Bi tegeed geseer bgaad l dyysgalaa 10 xun bna tedniigee uaj syrgaj bgaa um bolТаны хариулт ...
  • 2015 оны 10 сарын 09
203.194.114.29 10n uguulberees iluu sedviig biatshan tarhi ni bagtaaj chadahgui bol, ajil bolgoj yuund ni demii koment bichiv dee.
  • 2015 оны 09 сарын 30