Альберт Эйнштейний “богино” дурлалууд

2015 оны 09 сарын 28

Альберт Эйнштейн бол агуу онолоороо бидний амьдарч буй ертөнцийг өөрчилж чадсан суут эрдэмтэн хэдий ч нөгөө талдаа тэр бол эгэл жирийн нэгэн эр хүн билээ. Хэн бүхний л амьдралд тохиодог хайр дурлалын асуудал, үзэсгэлэн төгөлдөр эмэгтэйчүүд түүний ч амьдралд маш том орон зайг эзэлж ирсэн юм. Зөрүүд, хариуцлагагүй нэгэн байсандаа ч тэр үү түүний хайр дурлалын амьдрал ээдрээтэй, булингартай байсан гэдэг. Хайрын тухай түүний мэдрэмжүүд маш оргилуун, хүсэл эрмэлзлээр дүүрэн байсан ч ямар ч урт хугацааны тогтвортой харьцаа байсангүй. Магадгүй тэр бүхий л цаг хугацаа, бодол санаагаа өөрийн ажилдаа төвлөрүүлэх хэрэгтэй байсан учир тогтвортой харилцаа үүсгэж төвддөггүй байсан бизээ. Эхнэр Милева Маричдаа дурласан түүний гал халуун дурлал ердөө зургаан л жилийн настай байсан юм.

Эйнштейний анхны хайр Мария Винтлер

        Эйнштейн өөрийн хүсэл, зорилгоо даган Политехникт орохоор шалгалт өгсөн ч түүнийг насанд хүрээгүй шалтгаанаар тэнцүүлсэнгүй. Ингээд тэрээр холгүйхэн орших Арагуа Кантон сургуульд суралцах болсон бөгөөд сургуультайгаа ойрхон амьдардаг танил Винтлерийндээ амьдрах болжээ. Ийнхүү түүний анхны дурлал эхэлсэн түүхтэй. Винтлерийнх өнөр өтгөн гэр бүл байлаа. Харин Эйнштейн түүний охидын нэг Мария Винтлерт ухаангүй дурласан юм. Тэдний хайр дурлалын харилцаа хоёр талын гэр бүлийнхэнд таатай байгаад зогсохгүй гэр бүл болгох чин хүсэл тэдэнд байсан юм. Мария бол Эйнштейнээс хоёр насаар эгч бөгөөд Винтлерийн охидоос хамгийн үзэсгэлэнтэй нь байлаа. Ийнхүү нэг жилийг ардаа үдэж, Эйнштэйн Политехникт орох хүсэлтээ дахин явуулав. Харин энэ удаад түүний хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Эйнштейн өөрийн хүсч байсан сургуульдаа сурч эхэлсэн байна.

Гэвч түүний анхны дурлалыг нь унтраах хэн нэгэн энэ сургуульд байна гэж хэн санах билээ дээ. Ангийнх нь Серби охин Милева Марич түүнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх болов. Эйнштейн уг мэдрэмжээ дарахыг бүр үгүйсгэхийг ч хүсэхгүй байлаа. Ийнхүү Марияд хайртай гэх боловч сэтгэлдээ Милеваг тээх болсон байлаа. Эйнштейн үргэлж л түүний тухай ярих болж, дэргэдээс нь ч холдож чадахаа байв. Харин Мария аль байдгаараа сэрэмжлэх болсон ч Эйнштейн түүнийг орхин оджээ. 

Эйнштейний анхны эхнэр Милева Марич

Эйнштейний тогтворгүй сэтгэл, хувиа бодсон харилцаа нь Милевагийн амьдралыг сүйрүүлсэн юм. Милева 1875 онд Сербийн Воеводинагийн Тителд төржээ. Ангидаа тэр мэдлэг, чадвараараа Эйнштейнтэй эн зэрэгцдэг байлаа. Гэвч эмэгтэй хүнийхээ хувьд Эйнштейнийг дурлуулсан гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байсан гэдэг. Тиймдээ ч Политехникээс гаран Хэйдельберийн Их Сургуульруу шилжин суралцсан байна. 1897-1898 оны үеэр, тэд захиагаар харилцах болсон юм. Энэ л түүний сэтгэлийг уяраасан уу гэлтэй 1898 онд Милева Политехникт иргэн суралцах болжээ. Төгсөхөөсөө өмнө Милева жирэмсэн болж, анхны хүүхдээ төрүүлсэн юм. Гэвч тэд охиноо үрчлэх шийдвэр гаргасан байна. 1903 онд тэд хуримаа хийж, анхны хүү нь 1904 онд мэндэлж байв. Гэрлэлтийнхээ эхний жилүүдэд Эйнштейн эхнэрээ магтан сайшааж, бишрэн хайрлаж байлаа. Энэ үе бол ажлынх нь ч, амьдралынх нь ч хамгийн үр бүтээлтэй үе байсан юм. 1905 онд Эйнштейн Нобелийн шагнал авчирсан эрдэм шинжилгээний илтгэлээ хэвлүүлсэн нь түүнд цоо шинэ боломжийг нээж өгөв. Берлиний Их Сургуулийн профессор Макс Планк түүнд тодорхой албан тушаал санал болгосон бөгөөд Эйнштейн ч үүнийг нь хүлээн авчээ. Гэвч Берлинрүү нүүсэн явдал түүний гал халуун гэрлэлтийг нураасан юм. Эйнштейн Берлинд ирээд, үеэл Эльзагындаа амьдрах болов. Энэ л тэдний гэрлэлтийг нураах үндэс болж, тэд 1919 онд албан ёсоор салжээ.

 

Эльза болон Илзе 

Эльза бол Эйнштейний үеэл, харин Илзе бол үеэлийнх нь охин байлаа. Эльза бол 1908 онд нөхрөөсөө салаад Берлинд ирж суурьшсан нэгэн билээ. Эйнштейн Милевагаас салсныхаа дараа Эльзатай дотносож эхэлсэн ч түүний сэтгэлийг Илзе ч мөн хөдөлгөдөг байж л дээ. Түүний хувьд Эльзагаас илүү Илзед татагдаж, түүнийг хайрлаж байсан ч Илзе бол түүнийг ердөө аав шигээ л хайрлаж байв. Эйнштейн болон Эльза нарын гэрлэлт 1936 он хүртэл  үргэлжилсэн түүхтэй. Учир нь Эльза энэ онд нас барсан юм.

1920-иод оны үед тэрээр маш олон эмэгтэйчүүдтэй нэр холбогдож байсан удаатай. Харин Эльза түүнийг зогсоож чадаагүйн эрхэнд эдгээр явдлуудыг нь хүлээн зөвшөөрч байсан гэдэг.

 

Түүний бүсгүй хүнд татагдах гал халуун сэтгэл амьдралынх нь туршид зогсолтгүй үргэлжилсэн ч түүний энэ хүсэл тэмүүллийн үр дүнд олон ч эмэгтэй ганцаардал, гуниг дунд орхигдсон билээ.                                                                                      

 

 О.Намуун

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД