Ц.НАНДИНБААТАР: Хиймэл дагуултай холбоо тогтоох хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэнэ

2015 оны 10 сарын 05

“Ирэх арваннэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын дээгүүр өнгөрөх сансрын хиймэл дагуултай монгол хүүхдүүд холбоо тогтооно” гэсэн сонирхолтой зар саяхан цахим хуудсанд байв. Энэ талаар “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-ын тэргүүн Ц.Нандинбаатараас тодрууллаа.

-Хиймэл дагуултай холбоо тогтоох ажлыг хаанаас зохион байгуулж байгаа, ямар учиртай үйл ажиллагаа вэ?

-Үүнийг тайлбарлахын тулд эхлээд төслийнхөө талаар танилцуулах хэрэгтэй. 2013 онд “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг эхэлсэн. Монголын хүүхэд, залуусын оролцоотойгоор, монгол хүний гараар дэлхийн хиймэл дагуул бүтээх зорилготой төсөл юм.

Үндэсний хиймэл дагуулыг Монголын хүүхэд, залуусаар бүтээлгэх ажлаа бид дэд төслүүдэд хуваасан. Үүний нэг нь “Эх газрын одод”. Хиймэл дагуулын тухай суурь ойлголтыг хүүхэд, залуучуудад хүргэх зорилгоор Японы сансрын агентлаг буюу JAXA-гийн хиймэл дагуултай холбоо тогтоох удаан хугацааны энэхүү төслийг 2016 оноос албан ёсоор эхлүүлнэ.

Үүний бэлтгэл болгож, анхан шатны суурь төслийн туршилтыг ирэх арваннэгдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод хийнэ. Туршилтыг Японы талаас төслийн удирдагч профессор болон ШУТИС-ийн харьяа, Японы Коосэн загварын технологийн дээд сургууль, Техник, технологийн дээд сургууль, нийслэлийн I дунд сургууль, “Монгол-Коосэн” технологийн ахлах сургууль, Инноваци, технологи дамжуулах төвтэй хамтран хийх юм.

-Хэзээ, хаана, яаж холбоо тогтоох юм бэ?

-Зөвхөн энэ сургуулийн оюутан, сурагчид гэж хязгаарлахгүй. “Сансар дахь бидний мөрөөдөл” төсөл хүн бүхэнд нээлттэй. Хиймэл дагуултай холбоо тогтоох хүсэлтэй хүүхдүүд Nandinbaatar Tsog Nabar гэсэн фэйсбүүк хаягаар бүртгүүлж болно. Төсөлд оролцох хүүхдүүд эхлээд тодорхой сургалтад хамрагдаж, рефлектор буюу долгион ойлгогч толь бүтээнэ.

Энэхүү толийг бүтээхэд гарын доорх материал ашигладаг, маш хялбар тул цаашдаа төслийг өргөжүүлж, орон нутагт нэвтрүүлэхээр зорьж буй. Архангай, Увс аймагт судалгаагаа эхлүүлсэн байгаа. Арваннэгдүгээр сарын 12-нд 12.54 цагийн үед Улаанбаатарын зүүн хэсгээр нисэн өнгөрөх хиймэл дагуултай оюутан, сурагчид Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайгаас холбоо тогтоох юм.

Холбоо тогтоох хиймэл дагуул нь туршилт хийх бүсийн дээгүүр нисэх үед хиймэл дагуулаас ирэх долгионыг буцаагаад толио ашиглан хүргэнэ гэсэн үг.

-Хиймэл дагуултай холбоо тогтоосноо тэд яаж мэдэх вэ?

-Хиймэл дагуул бидний дохиог хүлээн авснаа газрын станцад мэдэгдэнэ. Тэрхүү мэдээллийг онлайнаар хүлээн авснаар хиймэл дагуултай бүрэн холбоо тогтоосноо ойлгох юм. Долгион гэх мэт материаллаг бус зүйлийг хүүхдүүдэд ойлгуулах амаргүй тул долгионыг хэрхэн нүдэнд харагдах зүйлээр төсөөлүүлэх вэ гэдэгт анхаарч байгаа. Тэгээд урлагтай хослуулах өнцгөөс харсан.

-Ингэснээр ямар ач холбогдолтой юм бэ?

-Хиймэл дагуул, сансрын шинжлэх ухаан бидний амьдралд маш ойр байгааг энэхүү төсөл харуулах юм. Бага насандаа хиймэл дагуултай холбоо тогтоосноор хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэл, аливаа зүйлийг харах өнцөгт том өөрчлөлт авчирна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД