Ц.ЦОЛМОНБУД: ДАРАА ЖИЛ “ЖОНОН”-ТОЙ ДАХИН ХАМТАРНА

2015 оны 10 сарын 13

Монголын үндэсний дуу, хөгжмийг орчин үеийн урлагийн урсгалтай сүлэн, өвөрмөц уран бүтээл туурвидаг “Жонон” хамтлагийнхан БНСУ-ын Ульсан хотод болсон олон улсын урлагийн наадамд оролцож, хөтөлбөрийнх нь дагуу нэг цаг тоглолт хийжээ.

Тус арга хэмжээнд “Жонон” хамтлагийг санал болгон, урьсан хүн нь Ц.Цолмонбуд юм билээ. Тэрбээр БНСУ-ын “И Вон Гүг” балетын компанид гоцлоочоор ажиллаж, Монголынхоо нэрийг өргөж яваа балетчин гэдгийг уншигчид маань мэдэх буй за.

Тус улсын Чуннам их сургуульд балетын багшаар ажиллаж байсан түүнтэй цахим шуудангаар холбогдож, “Ulsan 2015” наадмын талаар тодрууллаа.

-Ульсан хотод зохион байгуулсан хөгжмийн наадмын талаар дэлгэрэнгүй танилцуулна уу. Монголоос “Жонон” хамтлаг анх удаа оролцсон юм уу. Яагаад тэднийг онцолсон юм бол?

-Эл наадмыг БНСУ-ын Соёлын яамнаас зохион байгуулдаг. Таван жилийн өмнөөс жил бүр өөр өөр хотод явуулж буй бөгөөд өнгөрсөн жил Кочанд болсон. Наадам зохион байгуулагчид нь надад санал тавьснаар өнгөрсөн жил би Монголынхоо нэрийн өмнөөс анх удаа оролцсон.

Тэр үед тав дахь удаагийн наадамд дахин оролцохыг, мөн Монголын үндэсний соёл, урлагийг төлөөлөхүйц хамтлаг байвал урихыг надад санал болгосон. Тэр дагуу би интернэтээс монгол хамтлагуудынхаа уран бүтээлийг үзэж байгаад “Жонон”-гийнхонтой холбогдсон юм.

Энэ сарын 5-11-нд болсон хөгжмийн наадамд тэд үндэсний урлагийн тоглолтоор, би Аданы “Корсар” балетын хэсгээс бүжиглэсэн.

-Дуу, хөгжим, бүжиг гэж тодорхой төрлөөр дагнахгүй оролцох боломжтой юм уу?

-Тийм. Энэ удаагийн наадамд 20 гаруй орны 100 орчим уран бүтээлч оролцсоноос манай үндэсний хамтлагийг үзэгчид маш их таашаасан.

Германы этник хамтлаг бас олны анхаарлыг нэлээд татаж байлаа. “Жонон” хамтлагийнхан маань үнэхээр онцолмоор байсан. Нутгаасаа хол олон жил хүний газарт байгаа болоод ч тэр үү, монгол “үнэртэж, амтагдсан” тоглолтыг дэргэдээс нь үзэж, сонсох ёстой гайхалтай байж, үнэхээр л сэтгэлд нэг юм огшоод, өөрийн эрхгүй “Би монгол хүн” гэж бахархсан.

Ирэх жил эл наадмыг Пусанд явуулах юм билээ. “Жонон”-гийнхонтой хамтран оролцохоор сэтгэл шулуудсан. Үндэсний хэв маягтай модерн бүжгээ ямар байхыг ч бодоод эхэлчихсэн.

-Таны уран бүтээл өндөр үү. Хятадад уригдсан гэж сонслоо. “И Вон Гүг” балетын компанитай хамт явах уу?

-Ирэх арваннэгдүгээр сард Хятадын Гуанжоуд уригдсан. Тэндхийн балетын театрт бүжиглэнэ. Яг ямар шалгуураар урьсныг хараахан сайн мэдээгүй байна. Намайг дангаар нь урьсан юм билээ.

Э.ХАНА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД