Одтой эхлэл, эмгэнэлтэй төгсгөл

2015 оны 10 сарын 25

Андрег долоон нас ч хүрээгүй байхад нь эцэг, чинээлэг үйлдвэрлэгч Леви Ситроений амиа хорлож, гэр бүлд нь асар их хөрөнгө өвлөгдөв. Бага хүү Андред л гэхэд нэг сая франк оногдлоо. Дөнгөж барьж босгоод байсан Эйфелийн цамхгийг хүү 12 настайдаа хараад ирээдүйн мэргэжлээ эргэлзээгүйгээр сонгож чадаагүйсэн бол эцгийнхээ үлдээсэн хөрөнгөөр туйлж болох байв...

1889 онд Парисын төв дунд бий болсон аварга бүтээлийн эргэн тойронд ширүүн маргаан болж байлаа. Хайрын гэгддэг энэ хотыг одоо уг гол бэлгэ тэмдэггүйгээр нь төсөөлөхөд бэрх болсон ч хоёр зууны өмнө бол төмөр бетон, асар том энэ бүтээл айдас, бухимдал төрүүлж байсан юм. Энэ цамхаг байгалийн өнгө үзэмжийг өөрчилж, гоё хотыг нь гутааж байгаа нь парисчуудын санаанд нийцэхгүй байлаа.

Харин 12 настай Андре хүү Дэлхийн үзэсгэлэнгийн өндөр нуман хаалгыг бахдалтайяа харж зогсдог байв. Тэгээд ноён Эйфель шиг инженер болохыг хүсчээ. Андре хүү ирээдүйн өрсөлдөгч Луи Рено нь сурч байсан коллежийг сайн төгсөв. Хүүхэд ахуйнхаа мөрөөдлийг орхилгүй нэр хүндтэй Политехникийн дээд сургуульд оржээ.

Гэхдээ энд бусдаас илүү сурч байсангүй, төгсөхдөө дээрээсээ 162-т жагсав. Дээд боловсрол олох гэж чамлахааргүй хүчин чармайлт гаргасан Андре тархиа сэргээхээр ээжийнхээ эх орон Польшийг зорилоо.

Төрөл төрөгсдөөрөө хүндлүүлж дээдлүүлэх нь сайхан ч гэсэн тэнд жаахан уйтгартай байлаа. Хоолны ширээний ард суугаад өрнүүлэх яриа түүнийг уйдааж, харин аж үйлдвэрлэлийн дурсгалт газруудыг үзэх, цех, заводоор явж, янз бүрийн бүтээл, хийц үзэж байх нь сэтгэлд таатай.

Нэгэн польш мастер түүнд ер бусын хэлбэртэй араа үзүүлснээс ирээдүйн Ситроений эзэнт улсыг байгуулах их үйлс эхэлсэн гэж хэлж болно. Энэ дэлхий дээрх тохиолдлын чанартай юмс бүгд зүй тогтлын хэлхээс байдаг гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг.

Ситроен гэртээ буцаж ирэхдээ цаашдын үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөг толгойдоо боловсруулчихсан байлаа. Усан онгоцны эд анги хийдэг жижиг үйлдвэртэй Поль, Жак Эстен гэх ах дүү хоёртой Андре оюутан байхдаа танилцсан байв. Польшоос ирмэгцээ Андре компанид нь хувийн хөрөнгө оруулж хамтарч ажиллах саналыг энэ найз нартаа тавив.

Польшоос авчирсан зураг дээрээ түшиглэн түүнийг засаж сайжруулснаар жижиг үйлдвэр нь бат бөх, чанар сайтай арзгар дугуй хийж эхлэв. Энэ дугуй үйлдвэрүүдийн машин, механизмын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж олгов. Ер бусын арааны тухай мэдээлэл Европ даяар түгэж, Лондон, Брюсселиэс, тэр ч бүү хэл Москвагаас захиалга цуварлаа.

Андре эцгийнхээ үлдээсэн бүх өвийг хөрөнгө болгон оруулж азаа туршихаар шийдэв. Байгалиас түүнийг эрсдэлтэй шийдвэр гаргах, нэг юм руу шунан тэмүүлэх, гар хумхиж суудаггүй байхаар заяажээ. Ирээдүйтэй удирдагч гэж үзэж Андре Ситроенийг автомашины “Ах дүү Морс” завод урив.

Ах дүү нартай нэг удаа ажиллаад амжилт олсон юм чинь хоёр дахиа ч болж л таарна гэж бодоод Андре урилгыг хүлээж авлаа. Сөхрөх шахсан аварга том үйлдвэр түүний айдсыг төрүүлсэнгүй. Инженерийн том төсөл хэрэгжүүлэх мөрөөдөлдөө Ситроен дөхөж байв. Мөрийтэй тоглоомд Андред тэр болгон аз тохиодоггүй байсан бол бизнес түүнээс нүүрээ буруулсангүй.

Тэрбээр ажил хэрэгтээ хувиасаа дахин хөрөнгө оруулж, төсөл нь бас л ихээхэн амжилт оллоо. Ситроен арилжааны арга барилаа өөрчилж, удалгүй 1912 онд өнийн хүсэл нь биелж Америкт очиж толгойгоо цэнэглэх завшаан олдов. Эртнээс шүтэж биширсэн Генри Фордтойгоо энд танилцав.

Хожим нь Ситроенийг өөрийг нь “Европын Форд” гэх болсон бөгөөд энэ зүйрлэл шиг дээд шагнал түүнд байсангүй. “Ах дүү Морс”-ын ажил үйлс жил ирэх тусам өөдөлж, 1914 онд өрсөлдөгчдийнхөө “хамрыг сөргөх” шинэ машиныг олноор үйлдвэрлэхээр зэхэж байлаа. Гэтэл Дэлхийн I дайн эхэлж, бүх юмыг хойш тавихаас аргагүй болох нь тэр.

Андре инженерийн цэргийн дэслэгч цол зүүгээд фронт руу явлаа. Улс оронд нь зэвсэг хэрэгтэй байсан тул фронтын хэрэгцээг хангахуйц томоохон үйлдвэрийг хэдхэн сарын дотор бий болгох тооцоог Ситроен хийж гарав. Армийн удирдлагадаа мань эр ямар үндэслэл гаргаж хэлснийг бүү мэд, ямар ч байсан өөрийнх нь төлөвлөгөө биелэх боломжтойд тэднийг итгүүлж дөнгөжээ.

Саяхан жимс, хүнсний ногоо тарьж байсан газар дээр үйлдвэр завод хэрхэн босгохыг нь харна даа хэмээн парисчууд толгойгоо сэгсэрнэ. Ситроен үржил шимт газар худалдаж аваад тариалангийн оронд тэндээс фронтод шаардлагатай байгаа 50 мянган зэвсэг “хурааж” авах гэнэ гэх шог яриа Парис хотод хамгийн алдартай онигоо болов.

Гэтэл гурван сарын дараа Ситроений үйлдвэр армийг сумаар хангаад зогсохгүй хөдөлмөрийнх нь бүтээмж, Францын цэргийн бусад үйлдвэрүүдийг нийл үүлснээс илүү гарах болсон байна. Үүнийхээ нууцыг Ситроен задалсангүй. Зохион байгуулж чадвал биелүүлж чадахгүй зорилт байдагг үй аж. Чадварлаг боловсруулсан хуваарийн дагуу үйлдвэр нь өдөр шөнөгүй ажиллана.

Үйлдвэр дотроо хүүхдийн цэцэрлэг, яслитай, түүгээр ч барахгүй шүдний өвчин эмчлэх тасагтай. Өдрийн цайнд яг хагас цаг л зарцуулна, хуваарь маш нарийн. Зууш, хоол, амттаныг идэхэд тус бүрт нь 10 минут зарцуулах ёстой. Топ-менежер, жирийн ажилчин хоёрын хоол яг ижил. Цалинг ажлын бус цагаар олгоно. Арван мөнгийг ч орхилгүй тооцоолно.

Түрүү сараас өгөлгүй үлдсэн мөнгө байвал дараагийн сарын цалинд оруулж өгнө. Фронтод сум хэрэгсэл нийлүүлэх ажилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Францын Засгийн газар Ситроенийг “Хүндэт легион”-ы одонгоор шагнав. Буун дуу сонсогдохоо больж, өөрийн гэсэн машин үйлдвэрлэх боломжтой боллоо.

Өнөөдөр бидэнд хэдийнэ танил болсон арааг төлөөлүүлсэн давхар дугуйн дүрс бүхий таних тэмдэгтэй анхны машинаа Андре 1919 онд үйлдвэрээс гаргав. Франц хүн бүр унаж эдэлж болох машинаар хангаснаар өрсөлдөгчдөөсөө давж гарахыг хүссэн нь мэдээж. Энэ зорилгодоо ч хүрч чадсан аж.

Машины загвараа ердөө л “А” гэж нэрлэв. “Ситроен” гэх үг удалгүй хүний нэр биш төлөөний нэр болж хувирав. Бусад үйлдвэр жилд хэдэн зууг гаргаж байхад Ситроен өдөрт тийм тооны машин үйлдвэрлэх боллоо. Тэрбээр өөрийн “хүүхдүүдийг” хэрхэн хөл дээр нь босгов? Тэрбээр “Фордын” аргыг хэрэглэж, машины эд ангиуд, дугуй нь ч, хөдөлгүүр нь ч тун энгийн, хямд байв. Бизнес ёстой цэцэглэж гарлаа. Түүний машин жинхэнэ эрэлт, хэрэглээ болж байв.

Тэр үеийн машинууд хоорондоо адилхан, биенээсээ ялгарах юмгүй байжээ. Шинэ загвар бүтээх ажлыг Италийн залуу зураач Фламинио Бертонид итгэж даалгахаар Ситроен шийдсэнийг ёстой нэг ухаангүй явдал гэж хүмүүс үзэж байлаа. Гэлээ ч Бертони жинхэнэ шуугиан тарьсан загвар бүтээж “Ситроен Траксьон Аван” гэдэг машин гүйлгээгээрээ 20 гаруй жил хит болж байлаа. Сурталчилгаагүйгээр арилжаа урагшаа алхахгүй.

Тэгвэл анхны реалити-шоуг Ситроен хийсэн гэж хэлж болно. Бүтээгдэхүүндээ хүмүүсийн анхаарал сонирхлыг татахын тулд асар том шилэн дэлгүүр барив. Ийм юмыг түүнээс өөр хэн ч хийгээгүй байлаа. Өнгө алагласан шинэ машинууд болон хүмүүс тэднийг худалдан авч буй байдлыг хүссэн хүн гаднаас нь харж болох байв.

Сурталчилгаагаа сайн хийсний ачаар Ситроений бизнес амжилт олж байлаа. Андре хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлд яагаад шимтээд байгаагийн учрыг хэн ч ойлгохгүй байв. Тэгэхнээ хүүхдүүд чинь ирээдүйд машин худалдаж авах хүмүүс шүү дээ. Францын хүүхдүүд жинхэнэ машиныг яг дууриалгаж хийсэн тоглоомын машинаас салахаа байжээ.

Франц даяар удалгүй энэ машины загварын таних тэмдэгтэй замын тэмдэглэгээ бий болж эхэллээ. Өөртөө итгэлтэй, хүчирхэг хүний ёсоор Андре Гюстав Ситроен өөрт нь зориулсан аливаа шүүмжлэл, хошигнолоос эмээдэггүй нэгэн байлаа. Заводынхоо сонинд өөрийнх нь тухай шог яриаг нийтлэхийг тэрбээр хориглодоггүй байв.

“Ноён Ситроен нэг су (задгай мөнгө)-тай тэнцэх долоон зоос хэвлэн эргэлтэд оруулжээ. Зоос бүр дээр түүний нэрийн нэг үсгийг товойлгосон аж. Энэ долоон зоосыг олж цуглуулаад үйлдвэрт авчирсан хүнд нэг машин үнэгүй өгөхөөр зарласан байна. Тийм хүн иржээ. Үйлдвэр дотуур яваад санаандаа тохирсон машинаа сонгож ав гэж түүнд Ситроен хэлэхэд нөгөө хүн хагас цагийн дараа буцаж ирээд “Баярлалаа, би танай машины залуураас илүү долоон зоосоо барьж баймаар байна” гэсэн аж.

Ситроен ургуулан бодох өндөр чадвартаа дулдуйдан реклам хийх шинэ шинэ аргыг хайсаар байлаа. Нэг мэдэхэд Парисын тэнгэрт Citroen гэсэн үг 400 метрийн өндөрт гараад ирэв. Энэ үзүүлбэрийг Их Британийн нисгэгч хийсэн аж. Аварга том үсгүүд таван минут үзэгдээд алга боллоо. Үүнд зарцуулсан асар их мөнгө агаарт замхрах мэт болох нь тэр.

Гэхдээ Ситроений хамгийн нүргээнтэй арт-төсөл тэртээ нэгэн цагт мөрөөдлийг нь өдөөх цучил болж асан Эйфелийн цамхагтай холбоотой байлаа. Ийнхүү тус цамхаг энэ гайхалтай хүнд удаа дараа их тус болсон аж. Citroen концернийг үүсгэн байгуулагчаас шинэ жилээр барьсан бэлэг Парисын оршин суугчдын сэтгэлд удаан хугацаанд үлдсэн гэдэг.

Цамхгийг гэнэт 125 мянган чийдэн гэрэлтүүлэхэд хүмүүс нүдэндээ итгэж ядаж байв. Тэнд уг цамхаг болон, оддын бороо, сүүлт одын дүрс ээлж дараалан солигдож байснаа эцэст нь C.I.T.R.O.E.N үсэг гарч ирсэн байна. Рекламны ийм шийдэл Андре Ситроеноос өмнө ч, хойно ч байсангүй. Юм ээлжтэй байдаг аж.

Мөрийтэй тоглоомд мөнгө алдах, дэлхийн эдийн засгийн хямралтай шууд холбоотойгоор машин нь борлогдохоо байх, зээл олдохгүй болох гээд таагүй явдлууд Ситроен руу ар араасаа дайрав. Санхүүгийн байдлаа хэвийн болгох гэж оролдоод бүтээгүйгээс тэрбээр дампуурснаа хүлээн зөвшөөрч, тэр үед эрч хүчээ авч байсан Мишлен концернд компаниа зарахаас аргагүй болов.

Андре Ситроен 1935 оны дөрөвдүгээр сард 57 настайдаа зуурдаар хорвоог орхилоо. Түүний оршуулгыг ах дүү нар нь даруухан хийхээр шийджээ. Эхлүүлсэн ажил болгоноо амжилтад хүргэж байсан энэ хүний араас гашуудах ёслол түүний алдар нэрэнд тохирохооргүй нам гүмхэнээр нэгэн сүмд болж өнгөрсөн аж.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД