Монгол нэхийг олон улсын стандартад нийцүүлэв

2015 оны 11 сарын 05

“Дархан минж” ХХК, загвар зохион бүтээгч Ариунаа Сүритэй хамтран, “Snow 2016” загварын шоу зохион байгуулахаар болжээ. Уг шоугаар хонины нэхийг боловсруулах шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснийг харуулж, нэхий бүтээгдэхүүний шинэ коллекцийг танилцуулах аж.

Энэ тухай Ариунаа Сүри “Загварын шоугаа “Дархан минж” компанийнхантай хамтран хийх гэж байна. Миний бүтээлийн гол материал нь нэхий байх болно. Хүмүүс нэхий дээл өмсөхдөө дулаахан ч, хүнд байна гэдэг. Харин бид энэ ойлголтыг эвдэж чадна.

Шоунд ашиглах нэхийг дэвшилт технологи ашиглан өмсөхөд хөнгөхөн, зөөлөн болгож боловсруулсан. Нэхийг ингэж боловсруулж чадсан нь загварын ертөнцөд онцлох үйл явдал юм. Нөгөө талаар Монголын загвар зохион бүтээгчдэд нэхийгээр хүссэн бүтээлээ хийх боломж гарч ирж байна” гэлээ.

“Дархан минж” ХХК нь Европын “Stahl”, “Sarchem”, Хятадын “Fambo” зэрэг компанийнхантай хамтран монгол хонины нэхийг боловсруулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр олон үе шаттай туршилт судалгаа явуулж, нэхийг хөнгөн зөөлөн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгож чаджээ.

Ариунаа Сүригийн зөөлрүүлсэн хонины нэхийгээр урласан загварын коллекцыг танилцуулах “Snow 2016” шоу энэ сарын 14-нд “Crocus event hall”-д болно.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД