А.Эрдэнэ-Очир: Манангийн цаадахыг ч олж харах нүд надад байна

2015 оны 11 сарын 23

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой цөөн хором ярилцлаа.  

            -Саяхан Тайваньд болсон Дэлхийн яруу найрагчдын их хуралд амжилттай оролцоод ирсэн. “Гарамгай яруу найргийн төлөө” хэмээх алтан медаль хүртсэн гэл үү. Тэр хурлын үеэр шүлэг уралдуулдаг юм уу?

            -Энэ сарын 6-10-ны өдрүүдэд Тайвань улсад Дэлхийн яруу найргийн 35 дахь удаагийн их хурал зохион байгуулагдсан. Энэ хуралд манайхаас 15 уран бүтээлч оролцсон юм. Дэлхийн яруу найргийн их хурлын үеэр зохиол бүтээлийг нь харж байгаад 1-2 яруу найрагчид “Гарамгай яруу найргийн төлөө” хэмээх алтан медаль олгодог уламжлалтай юм билээ. Гэхдээ тэр нь шүлэг уралдуулдаг гэсэн үг биш. Хуралд очиж байгаа бүх уран бүтээлч өөрийн хэвлүүлсэн ном, зохиол бүтээлээ бариад очдог юм байна. Түүнийгээ нэг нэгэндээ дурсгах маягаар бүтээлээр нь дамжуулан бусадтайгаа харилцдаг гэх үү дээ. Тэгээд тэндээс олны талархлыг хамгийн их хүлээсэн яруу найрагчийн бүтээлийг Дэлхийн урлаг соёлын академийнхан онцолж, уг шагналыг олгодог юм билээ. Энэ жил Хятадын яруу найрагч бид хоёр дээрх шагналыг хүртсэн. Мөн манай М.Уянсүхийн шүлэг дээрх наадмын антологид орсон хамгийн шилдэг зургаан бүтээлийн нэгээр шалгарч, шагнал хүртсэн шүү дээ.   

            -“Гарамгай яруу найргийн төлөө” хэмээх алтан медалийг урьд нь манайхаас яруу найрагч Ц.Бавуудорж хүртэж байсан гэдэг байх аа?

            -Тийм гэсэн байх шүү.

            -Та ямар номоо авч очсон бэ. Хуралд оролцсон гадаадын яруу найрагчид таны номыг их сайшаан магтаж, ам дамжин ярьцгааж байсан гэдэг үнэн үү?    

            -“Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” хэмээх хоёр номынхоо бүтээлүүдээс түүвэрлэж, өнгөрсөн зун англи хэлээр нэг ном хэвлүүлснээ сая авч явсан юм. Яах вэ, хүмүүс миний номыг энд тэнд барьж явахтай цөөнгүй таарсан. Зарим хуудсыг нь нугалаад шүлгүүдийг минь тэмдэглэчихсэн байхыг ч харсан. Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийлөгч нь хүртэл манай орчуулагчийг дуудаж уулзаад, миний тухай асуусан гэхээр тэдэнд таалагдсан юм байлгүй дээ.

            -Та энэ жил хоёр, гурван ч ном хэвлүүлчих шиг боллоо. Яагаад номын баяр хийдэггүй юм бэ?

            -Хавар уран бүтээлийн цэнгүүн хийхдээ дан дууны яруу найргаараа нэг ном хэвлүүлсэн. Өнгөрсөн зун яруу найргийн түүврээ хэвлүүлсэн. Одоо удахгүй  “Увидаст модны сүүдэрт”, “Хувилгаан уулын салхи”, “Талын бүргэд” гэсэн гурван номоо хэвлүүлнэ. Би ер нь амьдралдаа номын баяр хийж үзээгүй хүн шүү дээ. Хийе ч гэж одоохондоо боддоггүй юм.  

            -Яагаад?

            -Мэдэхгүй л дээ (инээв). Магадгүй хэвлүүлнэ гэсэн бүх номоо гаргасан хойноо нэг мөсөн хийж болох юм.

            -Уран бүтээлийн хувьд тийм байдаг байж. Таны хувь амьдрал, дотоод ертөнцөөр сонин сайхан юу байна даа?

            -“Цог” сэтгүүл маань түр хугацаанд хэвлэгдэхгүй болсон тул Зохиолчдын эвлэлийн байран дахь ажлын өрөөгөө хүлээлгэж өглөө. Тэгээд ерөнхийдөө гэртээ л суурин байх шив дээ. Ойрын хугацаанд нутаг руугаа явах бодолтой. Очиж сэтгэлээ сэргээхгүй бол нэг л биш ээ. Мэдээ үзэж, сонин гарчиглахаас хүртэл заримдаа халгах юм. Ямар сайндаа л зурагтаар амьтны ертөнцийн суваг харж хэвтэхийг илүүд үздэг боллоо.  

            -Бяцхан охиноо хараад гэрт байх сайхан биш байна гэж үү. Юу нь болохгүй байна вэ?

            -Охин маань мэдээж бидэнд амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээ, аз жаргал бэлэглэлгүй яах вэ. Гэхдээ би чинь уран бүтээлч хүн. Дөрвөн хананы дунд, гэртээ сууж байгаа ч нийгмийнхээ болохгүй бүтэхгүй бүхнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, шаналж байна. Өнөөгийн нийгэмд бүх зүйл их сонин, ойлгомжгүй болчихож. Та бүхэн ч анзаарч л байгаа байлгүй.  

            -Тийм ээ. Нийгмийн бухимдал хямралын үед бүр ч их мэдрэгдэж байна...

            -Хямрал нөлөөлж байгаа байх л даа. Гэхдээ эдийн засгийн хямралаас ч түрүүнд энэ ойлгомжгүй байдал үүсчихсэн байсан. Энэ жил хотын утаа харьцангуй гайгүй байгаа хэрнээ манай нийгэм тэр чигтээ өтгөн манан дунд байсаар байна. Гэхдээ би манан гэдгийг одоо хүмүүсийн үг яриандаа хэрэглэх дуртай, тэгж ойлгох сонирхолтой болсон МАНАН гэдэг утгаар улстөржүүлээгүй юм шүү.

-“Энүүхэн цаг зуурын нөхцөл байдал юу ч биш, даваад ард нь гарах хэрэгтэй” хэмээн нийгмийг, нийтийг уриалан зоригжуулах, аливааг арай өндрөөс, томоор учиртай хүмүүс нь зохиолчид шүү дээ. Гэтэл та нар хүртэл ингээд “бууж өгөхөөр” бид яах болж байна аа?

-Манангийн цаадахыг ч олж харах нүд надад байна л даа.

-Тэгээд цаана нь юу байна?  

-Дахиад л манан харагдаад байгаа юм. Ерөнхийдөө монголчуудын амьдрал манантсан бүүдгэр саарал өнгө аястай болчихлоо. Би энэ тухай “Манан” гээд шүлэг хүртэл бичсэн.

-Тэр шүлгээсээ уншиж өгч болох уу?

-Уучлаарай. Яг одоо санаанд орж ирэхгүй байна. Би шүлгээ цээжилдэггүй юм аа.

-Таныхаар энэ манан хэзээ арилах бол?

-Хүний сэтгэл, элэг зөөлөрсөн цагт л нийгмийн манан будан арилах байх даа. Хүн бүхний дотор гэрэл гэгээ байгаа. Түүнийг нь нээхэд зохиолч, яруу найрагчдын үүрэг маш их. Гэвч манай бүх уран бүтээлчид тэгж нөлөөлж чадахаар байна уу гэвэл бас л хэцүү. Гэхдээ элэг "хатуу" хүмүүс үгүй болохоор бүх зүйл өөрчлөгдөнө гэж би итгэдэг. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.20 Kzak yum uu, Arlaanii gene uu?