ГЭГЭЛГЭН, ГЭГЭЭН “РОМЕО, ЖУЛЬЕТТА”-Г ШИНЭЧИЛСЭН НЬ

2015 оны 11 сарын 24

Сонгодог жүжиг болохоор нь ч биш, “Ромео, Жульетта” учраас заавал үзэхээр сонголоо. Анхны харцаар дурлаж л орхидог гэгээн насандаа эргээд нэг очих гэнэн хүслээ Ромео, Жульетта хоёртой л хуваалцмаар.

Ариун дурлалын амтыг амьдралын жамаар зүрх сэтгэл бүр амсдаг боловч хайрынхаа төлөө тэр хоёр шиг эмгэнэлтэйгээр хорвоог орхисон гунигт түүх хүн төрөлхтөнд үгүй билээ... Нүд сэтгэлээ тушааж, гэгэлгэн гэгч суугаад, амьсгал даран үзсэн “Ромео, Жульетта” жүжиг.

Жүжиг эхэлснээс хагас цаг гаруйн дараа Ромео, Жульетта хоёрыг учруулдаг үдэшлэг оргил цэгтээ очно. Энэ нь ди-жэйтэй диско бөгөөд бүжгийн хэмнэл, хөдөлгөөн бүхэлдээ тамхины утаа суунагласан стриптиз баарыг санагдуулав.

Техно эрчимжих тусам би өөрийн эрхгүй Ромеог нүдээрээ хайж байлаа. Жулиятайгаа бүжиглэх тэр уянгат агшинд чимээгүйхэн эзэмдүүлэхийг хүссэндээ тэр байх. Даанч тэр чихэнд чийртэй аймшгийн дисконы чимээнд анхны харц бүдгэрч, гол хоёрын харилцан яриа хашгираан болж хувирсан.

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар Уильям Шекспирийн энэхүү алдарт жүжгийг 20 жилийн дараа театрын тайзнаа тавихдаа эхний хувилбарыг нь өөрчилж, шинээр шийджээ. Ингэхдээ дүрүүдийн харилцан яриа, хөдөлгөөн, хувцас, нүүр будалт, үс зүс, тайзны хөгжим, бүжиг сэлтийг цаг хугацааны машинаар аялуулчихаж.

Яг л Н.Наранбаатарын хэлснээр болсон. Хаанаас ирсэн, хэн болох нь бүү мэд хүмүүс тайзнаа амилав. Найруулагчийн шийдэл байв уу, нүүр будгийн хэтрүүлэг болсон уу, “будаач гээд сахлаа будсан” эрс бол Ромеогийн эцэг Монтекки, Жульеттагийн эцэг Капулетти.

Тэдний нүүр хувиргалтыг харахад хүн биш чоно ч юм уу, ямар нэгэн амьтан. Хувцас бол бүр этгээд. Уг нь Монтек угсаа гарвал тааруу боловч овоо хөлжсөн худалдаачин юм.

Тэгсэн атлаа өмд ч биш, бошинз ч биш, нэг тийм өхөөрдөм зүйлээр бөгсөн биеэ халхалсан нь тун ч өрөвдөлтэй. Ноён, хатагтай Капулет тухайн нийгмийнхээ язгууртан, дээдсийн хүрээллийн төлөөлөл боловч хийсвэрлэл хэтийдсэн эрлийз төрхөнд уусацгаалаа. Олны хэсэгт иймэрхүү хүн-араатан нэг бус харагдсан нь тэдний хамаатнууд байх.

Ерөөс шинэчлэгдсэн “Ромео, Жульетта”-гийн баатруудыг энэ хорвоогийн бус харь гаригийн гийчид гэмээр авангард стилиэр хувцасласан нь шинэчлэлийн амин сүнс бололтой. Эднийг тайзан дээр амьдруулахдаа ашигласан хөгжмийн найруулгыг “Аравт” киноны хөгжмийг зохиосон Б.Чинбат хийсэн болохоор сэтгэл хөдлөлд тун ч бэлтгэлтэй очсон сон. Түүнийг ч бас цаг хугацааны машин эргүүлчихсэн байна билээ.

Ялгуун сар, тэр домогт тагтыг эрлийзжүүлж яахин зүрхлэх. Харц мөргөлдөх агшинд дурлаж, гараас нь хөтлөн ганцхан бүжих зуурт сэтгэлээ алдчихсан хоёр залуу ялгуун сарны дор хайраа илчилнэ. “Харангуутаа хайр минь гэж шууд итгэсэн...” гэх Жульеттагийн үгс хэчнээн энхрий, ай ямар эгшиглэнтэй сонсогдов оо.

“Хэтэрхий дурласнаа хөнгөмсөг гэж бодогдохоос айж байна” гэх омголон охин яг мөн дөө. Жүжигчин О.Дөлгөөн олонд танигдсан тэр төрх байдлаараа л шууд Жулияг гаргасан мэт сэтгэгдэл төрсөн. Түүний тоглосон кинонуудтай харьцуулахад тэр энэ удаа ч өөрийгөө эвдсэнгүй.

Бүжиглэсэн, савлуурт дүүлсэн, дүрээ өөрийнхөөрөө бүтээснийг эс тооцвол хөөрхөн О.Дөлгөөн сонгодогт хүчтэй хувьсал авчирсангүй ээ. Ромеод тоглосон шинэ жүжигчин Б.Шинэбаяр Шекспирийн жүжигт муу тоглох эрхгүй гэдгээ ухамсарлан огт алдаа гаргаагүй нь хичээл зүтгэлийнх нь ач.

Гэвч мөн л дүр төрх, мэдрэмж, авьяас билгийн тэсрэлтийг энэ удаад хийсэнгүй. Би Жулияд пөмбөгөр хормойтой даашинз, Ромеод туузтай цагаан оймс өмсүүлэх гээгүй л дээ. Тэдний хувцаслалтын араншин нь харь гаригийнхнаас арай энгийн тулдаа наалдацтай харагдсан боловч дүрээ тодотгох хэмжээний ялдам деталь дутмаг байв.

Найруулагчийн шинэ шийдэл үзэгчдийн сэтгэлд хэр нийцсэнийг таашгүй. Харин Ромеогийн найз Меркуциогийн дүрд тоглосон залуу жүжигчин Э.Тодгэрэлийн тоглолт шинэчлэгдсэн “Ромео, Жульетта” жүжгийн хамгийн уран, хурц тод сэрэл болсон. Энэ залуу бие бялдар, хөдөлгөөний эвслийн хувьд тайзнаа бүжиглэж, жүжиглэж баймаар, өгөгдөл сайтай жүжигчин юм билээ.

Хувцас, үс, зүс тод гэдэг нь ванлий. Түүнчлэн С.Болд-Эрдэнийн тоглосон Лоренцо лам хайр татам байлаа. Нүгэлгүй, цэвэр ёс суртахуунтай, хөөр баяр болж үсэрч дэвхэрч явдаг ахимаг насны ламтны дүрийг орших, эс оршихын заагт тэлэгдсэн залуухан Гамлет бүтээсэн гэхэд итгэмгүй. С.Болд-Эрдэнэ үнэн юм шиг хувирч чаддаг жүжигчин ажээ.

“Ромео, Жульетта” жүжгийн тухайд Жулиягийн өрлөг эхийн дүрийг орхигдуулбал харгис болно. Харин энэ удаа Ромеогийн найз нарын доог тохуу өрлөг эхийг тайзан дээр хүчирхийлсэн нь арай л харгис байлаа. Авьяаслаг жүжигчин, драмын гавъяат Ж.Оюундариас өөр жүжигчин тэр доромжлол дороос дүрээ гаргаж ирж чадахгүй унтрах байсан болов уу.

Ийм нэгэн Ромео, Жульеттатай хамт хайр дурлалын эмгэнэлт драмаар аяллаа. Жүжгийн төгсгөлд нэг л мэдэхэд босоод зогсчихсон алгаа хорстол ташсан минь үнэн. Сонгодгийг өөрчлөн шинэчлэх гэсэн найруулагч Н.Наранбаатарын санаа, жүжигчид болон бусад уран бүтээлчдийн хөдөлмөрийн өмнө үзэгчид мэхийн ёслоход бэлэн байсан биз ээ.

Б.ЭНХЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.170.69.58 тэгснээ алгаа ташдаг нь ямар учиртайен