М.Хойлогдорж: Томорч чаддаггүй юм, гэхдээ жижгэрч болохгүй

2015 оны 11 сарын 27

Намхан нуруутай, ногоон дээлтэй ахимаг насны хүн шинэхэн цасан дээгүүр нааш цааш алхана. Намайг тосож буй нь тэр.

Чөлөөт бөхийн 1971, 1973 оны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, 1976 оны Монреалийн олимпийн V байрын шагналт, гавьяат тамирчин Мэгдийн Хойлогдорж гуайтай уулзахаар утас цохиход “Эмчид үзүүлээд явж байна” гээд эрс татгалзсан.

Дараа нь дахин холбогдоход “За тэгвэл манайд хүрээд ир” гэснээр Багануур дүүргийг зорилоо. М.Хойлогдорж гуай бид хоёрын “болзоо” тус дүүргийн Нацагдоржийн талбайгаас эхэлж, саяхан худалдаж авсан шинэхэн байшинд нь үргэлжилсэн юм.

-Өвлийн эхэн сар гарсныг сануулах мэт гадаа хүйтэн байна. Цас ч их орж. Гэхдээ энд нам гүм, агаар их сайхан юм аа. Та Багануур дүүрэгт төвхнөөд хэр удаж байна даа?

-Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороонд 1990 онд дасгалжуулагчаар томилогдон ирж байлаа. Тэр үед биеийн тамирын заал гэж энд байсангүй. Миний үеийн хэсэг нөхөд нийлж, “Дэвжээ” хоршоолол байгуулсан. Хоршооллынхон бөхийн зодог шуудаг оёдог байлаа.

Удалгүй материал нь ч үнэтэй болж, худалдан авагч цөөрсөн. Хоршоолол байгуулахдаа зээлсэн 60 мянган төгрөгөө эргүүлж төлөөд л таарсан даа. Би гурван хүү, таван охинтой хүн. Хоёр хүүгээ зуурдаар алдсан.

Гурав нь Багануурт аж төрдөг. Тэднийгээ бараадаад энд амьдарч байна. Их сайхан, амар амгалан дүүрэг. -Таны удамд бөх хүн бий юү. Аав, ээжийн тань талаар ярилцъя.

-Миний аав Мэгд 1956-1968 он хүртэл Өвөрхангайн Богд сумандаа сүү, тосны мастер байсан. Аав, ээжийн талынхан адуучид голдуу хүмүүс байдаг юм. Гэхдээ сумандаа ч сайхан барилдчихдаг байж. Аав минь бас ноцолдож явсан хэдий ч би цол гуншинг нь мэддэггүй юм.

Ээжийн ах Бандихай гэж сумын заан цолтой хүн байлаа. Их том биетэй. Миний ээж Нацагбадам гэж буурай одоо ч амьд сэрүүн бий. 90 хол гарсан хөгшин Гачууртад дүү нартай минь хамт амьдарч байна.

Ээж минь сумандаа талх барихаас эхлээд сүү тосны заводад туслах ажилтан гээд олон ажил хийж байв.

-Та тэгээд хот руу хэзээ орж ирэв. Дотуур байранд олон жил амьдарсан гэдэг.

-Хотод 1966 онд шилжиж ирсэн. Өвөрхангайн Гучин-Ус суманд долдугаар анги төгсөхдөө ч, Барилгын ТМС-д ч, шигшээ багт байхдаа ч дотуур байрны л “амьтан” явлаа шүү дээ.

Баянхонгорын Барилгын ТМС-д сурч байхдаа Хөдөөгийн залуусын анхны спартакиадаас алтан медаль хүртэж, түүнээс хэдэн сарын дараа чөлөөт бөхийн УАШТ-д наймдугаар байр эзэлж, улсын шигшээ багийн тамирчин боллоо. Шигшээ багт 13 жил байсан.

-16 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Чөлөөт бөхийн спорттой ямар сэжмээр холбогдов оо?

-Чөлөөт бөх бол миний дуртай спорт. Багадаа гар бөмбөг их тоглодог байсан минь бөхийн спорттой холбогдоход нөлөөлсөн. Сурагч байхдаа багш нарын багт орж тоглоно. Гар бөмбөгийн техникүүд бөхийн өрөхтэй ойролцоо. Энэ нь надад чөлөөт бөхөөр хичээллэх суурь болж өгсөн.

-Хөдөөгийн залуучуудын анхдугаар спартакиадаас алтан медаль хүртсэн нь таны анхны амжилт байв уу?

-Тийм. Гэхдээ медаль авна гэж бодоогүй. Нэгдүгээр тойрогтоо Хэнтийн бөхөд ялагдав. Гар авчихаад хавчаахай мэхээр намайг унагах гээд байсан. Тэр бөх хэдийнэ оюутан болчихсон, надаас ах хүн байлаа. Гэтэл надтай барилдаж байгаад эгмээ эвгүй болгосон.

Ингээд тэр барилдах ямар ч аргагүй болж, эмчийн магадлагаагаар ялалтыг надад өгөв. Түүнээс цааш барилдсан бүх бөхөө ялж, алтан медаль хүртсэн.

Тэмцээний дараа нөгөө Хэнтийн бөхтэйгөө уулзах гээд чадаагүй. Одоо ч гэсэн асууж л байдаг юм. Ямартай ч Содномтой л нэр байсан. Бүтэн нэрийг нь мэдэж чадалгүй өнгөрсөн.

-Та засал чимэглэлийн мэргэжил эзэмшсэн. Мэргэжлээрээ ер нь ажиллав уу?

-Тухайн үедээ Өвөрхангайн Барилга монтажийн конторт хэдэн сар ажиллаад улсын шигшээ багт орсон. Баянхонгор аймгийн Барилгын ТМС-ийн анхны төгсөгч нарын төлөөлөл нь Ойдов бид хоёр.

-Таныг Ойдов гуайтай сайн найз гэж сонссон юм байна. Барилгын ТМС-д байхаасаа л нэгнээ мэддэг байжээ?

-Тийм ээ. Бид боломж гарвал л уулздаг. Хот орвол би тэднийд хоночихно. Өөр айлд очдоггүй. Шөнө орой ч хамаагүй яваад очно. Хоёр давхрын цонх руу нь чулуу шидчихээр Ойдов гараад ирдэг юм.


-Одоо бол утсаар ярьж байгаад очно биз дээ?

-Барагтай бол утсаар ярихгүй. Гэрт нь шууд яваад очно. Сая Ойдов намайг “Гүнт”-ийн сувилалд ирж бие тэнхээгээ сайжруул” гэж ярьсан. Эмчилгээ хийлгэж байгаа, бас нүүрс түлээгээ бэлтгэх гээд ажил ихтэй байсан учраас очиж чадсангүй. Сая эрчим хүчний хэмнэлттэй “Өлзий” зуух авлаа.

1970-аад онд Ойдов, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Энхтайван, улсын арслан Дагвасүрэн (анагаахын) бид дөрөв дотно үерхэж явлаа. Дагвасүрэн арслан Спортын ордны хоёрдугаар давхарт лабораторитой. Тэнд нь нэг нэгнээ нууцаар витаминжуулдаг байлаа.

-1971 онд Болгарын Софи хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэмцээнд орохынхоо өмнө нуруугаа бэртээсэн гэл үү?

-Би чөлөөт бөхийн ДАШТ-д долоо, олимпод хоёр удаа оролцсон. 1970 оны Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-д хоёр жингийн дунд сэлгээ хүнээр явсан юм. Аль нэг нь бэртэж гэмтвэл оронд нь барилдана гэсэн үг. Олимпийн аварга Унгарын тамирчин Янош Варгатай барилдахдаа нуруугаа гэмтээсэн.

Түүнийг нилсон мэх буюу гараа сугаар нь оруулаад шилэн дээр нь даран дээш харуулж унагах гэтэл намайг шууд татаад нуман тулгууртай шидсэн. Нуруу эвгүй болж, цаг хэртэй дэн дун явлаа.

Түүнээс хойш сайн хичээллэе хэмээн зорьж, жилийн дараа буюу 1971 онд дэлхийн аваргад 57 кг жинд барилдсан. Азтай байсан юм байлгүй. Таван хүнээс гоц мөргөөд гуравдугаар байрт орчихгүй юу.

Хоолой нь зангираад нүдэнд нь нулимс бүрхээд ирэв. Тэрбээр Софигийн дэвжээнд эргээд очив уу гэлтэй хэсэг чимээгүй болсноо үргэлжлүүлэн “Тэр бүхэн өчигдөр мэт тодхон байна” гээд ийн ярив.

Зургаан тойрог барилдсаны эцэст хүрэл медаль атгасан. Францын бөх Михайлийг цэвэр дарж, хоёрдугаар тойрогт Италийн бөхийг 17:3 онооны харьцаагаар ялж, гуравдугаар тойрогт хийлж, дөрөвдүгээр тойрогт Японы бөх Хидэяки Янагидад 7:8 онооны харьцаагаар хожигдон, тавдугаар тойрогт Румыний бөх Дмитриуг 6:0-ээр ялсан боловч зургадугаар тойрогт АНУ-ын бөх Дональд Бехмд 5:6 онооны харьцаагаар дийлдэн хүрэл медаль хүртсэн.

-Бүх юм хоёр талтай. Ялагдахад ч гэсэн сайн тал бий болов уу. Таныг илүү хурцалж өгсөн байх.

-Софигийн ДАШТ-ий өмнө хожигдож, бэртэл авсандаа шарлахаж дараа нь хичээсэн. Бэлтгэл сургуулилалт хийгээд байхаар өвдөх нь гайгүй болдог юм. Хүзүү сээр, нуруу нугасны дасгал их хийнэ. “Интернационал” тэмцээний үеэр бие сулавтар байсан ч барилдчихлаа.

Маргааш нь эмчид үзүүлэхэд шарласан байсан. Тийм биетэй барилдаад түрүүлчихэж байгаа юм. Сорилт тэмцээнд түрүүлээд 1976 оны Монреалын олимпод тавдугаар байр эзэлсэн.

-1973 онд Ираны Тегераны ДАШТ-д медалийн өнгөө ахиулж, мөнгө хүртсэн. Тухайн үед хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Сайн, сайн өрсөлдөгч байсан. Тавдугаар тойрогтоо Ираны бөх М.Фарахвашитай таарсан. Дөрөвдүгээр тойрогт Польшийн бөх Збигнев Жединский эмчийн магадлагаагаар хасагдсан. Барилдаж байхдаа миний гарыг хөдөлгөдөггүй. Тэгтэл гарыг минь жирийтэл хазсан байсан.

Үүнээс болж Жединский хоёр жил барилдах эрхээ хасуулсан шүү дээ. Эхний тойрогт Францын бөхийг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт Болгарын бөх Леоновтой 10:10 онооны харьцаатай тэнцсэн ч ялагдсан.

Тавдугаар тойрогт Ираны бөх М.Фарахвашид 8:9 онооны харьцаагаар ялагдаж, зургадугаар тойрогт АНУ-ын бөх Дональд Бехмийг цэвэр ялж, долдугаар тойрогт зөвлөлтийн бөх Владимир Юминийг 7:5 онооны харьцаагаар хожиж, мөнгөн медаль хүртсэн.

-Таны үндсэн мэх юу вэ?

-Надад үндсэн мэх гэж байхгүй. Хүмүүс “Чи эхлээд дандаа оноо алддаг” гэдэг юм. Би дайраад л нөгөө хүнээ хөдөлгөөд байдаг. Нэг мэдэхэд 5-6 оноо алдсан байна. Оноо авахын тулд хөл гарт нь орох гэж хөдөлгөнө. Хойноос нь гүйцэж түрүүлдэг ухаантай юм.

Заримдаа оноо алдахгүйн тулд дөрвөн хөллөөд л байгаад байна. Мэхний хариу бол хийнэ. Сайн улсуудад мэхийг нь өгчихвөл оноо амархан авдаг талтай. Сүүлд нь нөгөө хүнээ муутгаж байгаад л ямар нэг аргаар хождог байлаа. Жин их хасаж барилдана.

Олимп, дэлхийн наадамд найман кг хасна. 13 жил ингэж жин хассан даа. Жилд 3-6 удаа тэмцээнд ордог. Жин хасахаар даралт унаж, толгой эргээд, бие сул болчихдог. Тийм учраас бие халаалт хийж чаддаггүй. Эхний хоёр минутад цэвэр уначихгүйг боддог байв.

М.Хойлогдорж: Дэлхийн дэвжээнээс медаль шүүрч, гавьяатын алдарт хүрсэн нь миний үнэлэмж

-Жин хасах гэж их зовдог байх даа?

-Тэр үед 52 кг-д Дамдиншарав, 62 кг-д Ойдов, 68 кг-д Нацагаа аварга гээд бүгд 10 гаруй жил жин өгсөөгүй. Чөлөөтөд жин хасахгүй хүн гэж бараг байхгүй, бүгд л жин хасна. Дээл тал нь 12 кг хүртэл хасна. Миний барилдааны онцлог гэх юм уу, эхлээд оноо алдсан ч араас нь гүйцэж төрүүлдэг.

Учир нь би оноогоо огт хамгаалж чаддаггүй байлаа. Оноо хамгаална гэдэг лут юм билээ. Дутуу байвал харин гүйцэх гээд л зүтгээд байдаг. 1973 оны ДАШТ-д Ираны бөх М.Фарахвашитай барилдахдаа эхний таван секундэд таван оноо алдсан гээд бод доо.

Түүний мэх нь ондоо байсан. Гэхдээ барилдах явцад тэр ес, би найман оноотой болчихсон. Цаг яг дуусах гээд байдаг. Гарт нь сэжих мэх хийсэн чинь захын шүүгч хоёр оноо өгсөн.

Гэтэл шүүгчийн зөвлөл гэнэт хуралдаад “Хойлогдоржийн мэх нь “агаарт явж байхад” цаг дууссан” гээд Фарахвашид ялалт өгсөн дөө. Гэхдээ энэ нь луйвар байсан.

-Таны мэхэнд Фарахваши унах нь тодорхой байсан юм биш үү?

-Гэвч цаг дууссан гэдэг шалтгаанаар ийм явдал болсон. Дараа нь энэ талаар Магван дарга гомдол гаргахад “Нутгийн шороо гэж байдаг юм” гэж хэлээд амыг нь тагласан гэсэн.

-Дэлхийн аварга болоход тун ойрхон байжээ. Харамсалтай юм.

-Дээхнэ үед спортын тэмцээнүүдэд маргаантай асуудал их гарна. Тэмцээн болсон орон бүр өөрийн тамирчиндаа л илүү хандана шүү дээ. Би олимп, дэлхийн аварга Юминтэй гурав барилдахдаа хоёрт нь ялсан байдаг. Эхэндээ бэргэнэ. Хэдэн оноо алдаад ирэхээр гайгүй болчихдог.

Хөлс гаргаж бие халаалт хийж чаддаггүй болохоор л тэр байх. Жин хасахад хоногт 600-800 гр л хоол идэх ёстой. 1973 оны ДАШТ-д товлосон өдрөө бус маргааш нь барилдахаар болсон юм.

Тэгэхээр нь хоолоо нэмээд идчихгүй юү. Гэтэл өглөө нь идсэн хоол яг хэвээрээ. Түүнийгээ хасах гэж саунд орсон. Үүнээс болж торгон ир ч гэж ярьдаг даа, тэр бүхэн минь гарчихсан байсан.


-Мэддэг хүмүүс нь таныг цагтаа ид шуугиулж явсан гэдэг юм билээ. Харин та өөрийгөө хэр бөх гэж үнэлдэг вэ?

-Ер нь олимп, дэлхийн наадмаас хэр баргийн хүн медаль авахгүй, очсон бүгд хүртдэг эд биш. Дэлхийн дэвжээнээс медаль шүүрч, гавьяат хэмээх эрхэм алдарт хүрсэн нь миний үнэлэмж.

Дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль авсны дараа буюу 1973 оны есдүгээр сарын 25-нд гавьяат цол хүртсэн. Тэглээ гээд томорч чадахгүй, бас жижгэрч болохгүй л дээ.”Би гавьяат” гэж сагсуураад үгүй бол хэт доошоо орохгүй. Нэг л зангаараа явахыг хичээдэг.

Би хөдөөнөөс гаралтай, дотуур байранд ихэвчлэн амьдарсан хүн. Олон дотор орж үзээгүй гэхэд болно. Одоо ч ингээд л ганцаараа амьдарч байна.

Намайг хүмүүс тэвчээртэй гэдэг юм, одоо ч залхуу нэр авах юм байгаа биз дээ. (инээв)

-Барилдаж байхдаа бэртэхийг “зовлон”-г та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх байх.

-Хоёр хөлийнхөө шөрмөсийг сунгаж, баруун хөлөндөө хагалгаа хийлгэсэн. Тэгээд яалт ч үгүй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багаас гарсан даа. Барилдах гээд л ухас хийхэд зовиурлаж өвдөнө.

Өвдөгний хамгаалалттай барилдаж байгаа бөхчүүдийн шөрмөс нь сунасан, эсвэл тасарсан байдаг. Гол эрхтэн муу болохоор барилдахад хэцүү. Өрсөлдөгч “муу” хөл авч мушгина, татна,тэгэхээр яалт ч үгүй оноо алдаж байгаа юм. Бэлтгэл сургуулилалт л сайн хийх хэрэгтэй.

Хамгийн гол нь бэртэхгүй байх нь чухал. Эрүүл байгаад сайн бэлтгэлтэй бол тамирчин ямар ч амжилт гаргаж чадна. Нэгэнт бэртсэн хүн амжилт гаргахад бэрх. Өвчнийг яах ч аргагүй шүү дээ.

Тэр үед бид жилийн 11 сард нь бэлтгэл хийдэг байлаа. Гэр бүлийн хүн минь ар талаа бүрэн хариуцна. Тиймээс л бэлтгэлдээ бүх зүйлээ зориулдаг байсан.

-“Энэ бүх амжилтын ард эхнэр минь бий” гэж та хэллээ. Ханийхаа тухай ярьж өгөөч?

-Ваанчигийн Халтар гэж хүн байлаа. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул. Тэрэлжийн амралтад бэлтгэлд гарч байгаад түүнтэйгээ танилцсан юм. Захиалгат хувцасны оёдолчин. Европ хувцас их сайхан оёно. Хувцсаар нь гоёж л явлаа.

Трапиц өмд, хослолыг нь өмсөөд явахад үеийн бөхчүүд “Эстрадын амьтан” гэж “хуцаж” байсан юм даг. Эхнэрийхээ буянд тамирчин гэхээргүй урлагийн хүн шиг ганган явсан юм шүү.

-Юу нь таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ?

-Тэр үеийн эмэгтэйчүүдээс хамгийн гоё нь эхнэр минь байлаа. Бид хоорондоо захиа их бичнэ. Би шигшээ багт, манай хүн ерөнхий боловсролын сургуулийн сурагч. 1968 онд нэг гэрт орж, анхны хүүхэд минь жилийн дараа мэндэллээ. Өөрийн гэх гэр байхгүй.

“Алдар” нийгэмлэгийнхэн бидэнд гэр барьж өгөв. Сэлэнгэ, Өвөрхангай, Багахангай, Налайх гээд олон газар чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажилласан. Тэр болгонд хань, үр хүүхдүүд минь хажууд байж. Түүнийхээ хүчинд л өдий зэрэгт хүрсэн дээ.

Гэвч хань минь 1992 онд бурхан болсон. Тэр үед бага охин минь гурван настай байлаа. Ах дүү нар хувцас илүүчилнэ. Дүү нар нь эгчийнхээ хувцсыг өмсөнө. Дэлгүүрээс шулсан яс авч дахин шулаад буузны мах болгоод хүнээр заруулдаг байлаа. Ингэж л хүүхдүүдээ унд хоолоор таслаагүй дээ.

-Шулсан яснаас мах гарах уу?

-Гарна. Одоо бол муухай шулдаг болсон байна лээ. Ямар ч нөхцөлд хүүхдүүдээ өдрийн гурван хоолтой байлгана. Адууны мах, цувдай байсан ч хамаагүй өдөр өдрийн хоол хийх хэмжээгээр хуваагаад тавьчихна. Тэр үед амьдрал хүнд байсан.

Гэхдээ туулаад гарсан даа. Сүүлийн жил гаруй хугацаанд амьдрал дээшилж, өөрийн гэсэн гэр оронтой боллоо.


-Багануурын уурхайд слесариар ажиллаж байсан гэдэг.

-Гүний уурхайд нь жил гаруй ажилласан. Засварчин, монтажчин хийж байлаа. Мань мэтийн хүн дийлэхгүй ажил юм билээ. Өглөө 07.00 цагт газрын гүнд ороод найман цаг шахам тэндээ ажиллана. 50 насандаа тэтгэвэрт гарах гээд гурван удаа зүтгээд бараагүй.

Цэргийн хүн 25 жил ажиллаад тэтгэвэрт гардаг. “Алдар” нийгэмлэгт найман жил ажиллаад гарчихсан юм. Газрын гүнд 10 жил ажиллавал тэтгэвэрт эрт гарна гэсэн ч бие дийлэхгүй хоёр жил болоод орхисон.

-Олон газар дасгалжуулагчаар ажилласан болохоор цөөнгүй шавьтай байх. Гарын шавь хэр олонтой вэ?

-Сэлэнгэ, Өвөрхангай аймгаас хэд хэдэн хүүхэд бий. Бусад нь олонд танигдаж чадаагүй. Хүүхдийн онцлогт нь тохируулан аль нэг мэх түлхүү заахын оронд өмсөх, тонгорох мэхийг “төдөн удаа хий” гээд бүгдийг заадаг байв.

Ажиглаж байхад биеийн тамирын багш нар матраас хэрэглэхээ больжээ. Матраас дээр хойшоо, урагшаа өнхрөх нь орон зайгаа мэдрэхээс эхлээд уян хатан болгодог. Гэтэл сургуулиудын складанд тэвхийтэл хураасан матраас л харагдах юм.

-2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, олимпийн төрлийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгохоор болсон. Энэ урамшууллыг авдаг биз дээ. Таны амьдрал ахуйд хүрэлцэж байна уу?

-Авалгүй яах вэ. Урамшуулал олгож эхэлснээс хойш л амьдрал минь сайжирсан. Сар бүр гавьяатын урамшуулал 150.000 төгрөг дээр нэмээд ДАШТ-ээс хүртсэн мөнгө, хүрэл медалийнхаа “цалин”-г авдаг. Над шиг өндөр цалинтай хүн манай гэрт л лав байхгүй.

Түүнээсээ хүүхдүүддээ илүүчилнэ. Ганц надад биш, бүх тамирчинд том шан харамж болж байна. Хийх ёстой зүйлээ эцэст нь тултал гүйцээх эрмэлзлэл өгч байна. Урамшуулал олгосноос хойш тив, дэлхийн тэмцээнээс медальгүй ирэх тамирчин ховор болж байна шүү дээ.

-Монголынхоо нэрийг дэлхийд хэдэнтээ гаргасан алдартай бөх ингээд эгэл жирийн, “чимээгүй” амьдарч байна. Та энэ амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?

-Хүүхэдтэй хүн л сайхан юм. Нас өндөр гарсан хэрнээ үр хүүхэдгүй хөгшчүүл өрөвдмөөр. Хоёр нь орхиод одсон ч зургаан сайхан үр минь намайг асарч тойлж байна. Гэхдээ л хөгшнөө байнга үгүйлэх юм. Насан туршдаа дутаж явах юм шиг байна. Зөвлөж, ярьж хөөрөх хүн алга.

Айл хэсэхгүй, хүүхдүүдийндээ хоноод байхгүй. Гэртээ ирээд л хэвтээд өгнө. Их зожиг болжээ. Сүүлийн хоёр гурван жил архи багагүй уусан. Юуг нь нуух вэ. Хүүхдүүд тус тусын амьдралаа хөөгөөд явсан. Би гэдэг хүн зурагт харж хэвтэхээс өөр ажилгүй болж.

Сая даралт ихсээд хэд хоног эмнэлэгт хэвтлээ. Хоёр дахь охин минь эмч учраас намайг болохоо байгаад ирэхээр даруй арга хэмжээ авчихна. Найз ирнэ ганц шил архи гаргана, хариу барина, тэгээд л дараа нь халуурч байгаа юм даа.

-“Архи уулаа” гэж охид тань аашилна биз?

-Тэд загнахгүй ээ. Би ч загнуулахгүй. Гэхдээ санаа нь зовоод хэлэх нь хэлдэг л юм. Эхлээд “Архиа боль, архинаас гар” гэдэг байсан, сүүлдээ “Тохируулаад, хааяа ууж байгаач” гэдэг болсон. Мөн аргаа барсан хүний үг байгаа биз дээ.

Ингэж хэлээд тэрбээр мөн л хэсэг чимээгүй суув. Өвлийн хүйтэнд гудамжинд унаж, хөлдөх вий гэж санаа зовсон охидынхоо үгийг эргэцүүлсэн юм болов уу. Түүнээс чөлөөтийн дэвжээ, хайртай хань, хоёр сайхан хүү нь хэтэрхий хол одсоныг бодохоор сэтгэлээ ингэж засахыг нь нэг их буруутгамааргүй ч юм шиг.

Ингэж бодсоныг минь үгүйсгэх мэт “Гэхдээ 70 дөхөж яваа хүн биеэ бодох хэрэгтэй, тийм биз дээ. Одоо архи уухгүй. Нэг уухгүй бол ууя гэдэггүй юм” гэсээр яриагаа үргэлжлүүлэв.

-Тамирчин хүн архи, тамхинаас хол байхыг л захья. Эдийн засаг, эрүүл мэндээрээ л хохирч үлдэнэ шүү.

-Та хүүхдүүдээ бүгдийг нь амьдралтай нь залгуулжээ. Гэхдээ олон нялх хүүхдийг өсгөхөд бухимдах үе бишгүй л гардаг байсан биз. Хүүхдүүддээ хатуу үг хэлэх үү?

-Багаас бусдад нь “таван салаа боов” өгчихдөг байсан. Гэрээсээ гараад тоглоод алга болчихвол жавтий хүртээнэ. Би ч бас аав ээждээ зодуулж л өссөн. Шилбэнд нь шавхуурдана. Ганц дуугарахад л “год” гээд л гэрт ороод ирнэ. Гэхдээ би барагтай л бол уурладаггүй.

-Ач зээ хэд хүрч байна. Тэднийгээ хэр эрхлүүлдэг вэ?

-Ач зээ 16 хүрсэн. Барагтай бол эрхлүүлэхгүй дээ. Нуулгүй хэлэхэд хөвгүүддээ арай илүү. Бөх болчих болов уу гэж горьдсоных байх.

-Манай улс олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд хамгийн олон медаль хүртсэн боловч алт авч чадаагүй байна. Таны бодлоор бид хэзээ чөлөөт бөхийн төрлөөр олимпийн аваргатай болох бол?

-Олимпийн алтаас бусад бүх медаль авсан спорт бол чөлөөт бөх. Бидний үед олимпийн аварга болох боломж байсан. Гэвч тухайн үед шүүгчийн үзэмж өөр байж. Монголчуудыг бараг авч хэлэлцдэггүй байсан гэхэд хилсдэхгүй. Одоо бол бүх юм өөр болсон.

Залуу багш нар юмаа сайн мэддэг болжээ. Багш, дасгалжуулагчид медалийн төлөө нэг зорилготой ажиллаж чадаж байна.

Монголчууд халуун, хүйтэн ямар ч нөхцөлд дасан зохицож чадна, унд хоол цэвэр. Тиймээс олимпоос алтан медаль авах мөч манай чөлөөтийнхөнд тун ойрхон бий.

“За хүүхээ, болох, болохгүй их юм ярьчихлаа. Хасаж танана биз дээ. Дээхнэ намайг зутруухан амьдарч байхад миний тухай телевизийн нэг сэтгүүлч нэвтрүүлэг бэлтгэсэн юм.

Тэр нь “Алт нь живж, зомгол нь хөвдөг хорвоо” гэсэн нэртэй байл уу даа. Санаа зовсон гэж жигтэйхэн”. “Хол явах хүн эртхэн ажлаа бод” гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
92.149.242.5 Жинхэн мужик
37.120.113.241 За даа одоо цагт ховордсон енее мужик гэдэг жинхэнэ эр хvн байна даа!! Дээшээ долдойж долигонохгvй доошоо дээрэлхэж томрохгvй олон дунд онцгойрч мундаг нэгэн болох гэж далдаганахгvй уувал уусан шиг ууж нехерлевел нехерлесен шиг нехерлех хvн чанараа дээдэлсэн эрхэмсэг оршихуйг дотроо агуулсан эр хvн!!!
27.123.214.92 99876111 энэ дугаарт Хойлогоо багшийн утасны дугаарыг өгөөрэй
27.123.214.92 99876111 энэ дугаарт хойлогоо багшийн утсыг өгөөрэй
27.123.214.92 Дэлхийд бас л айлгаж л явсан алдартай бөхдөө. Хойлогоо багшийн утасыг мэдэх хүн байвал өгч тус болооч. 1986 оноос хойш уулзсангүй.
112.72.11.111 M.Hoilogdorjguida ervvl enh sain saihnig hvsen eruuy.uwurhangai aimagt jil bolgon neremjit aimgin awraga shalgaruulah chuluut buhin temtseen boldog bailaa ter temtseend n hoshoi awraga bolj bailaa
202.126.89.146 negen ueiin mongoliin bayrhal bolson tanid sain saihiig husie Urtei hun jarganaa gej saihan um Gunduugui saihan mongol er hun ba
202.126.89.146 negen ueiin mongoliin bayrhal bolson tanid sain saihiig husie Urtei hun jarganaa gej saihan um Gunduugui saihan mongol er hun ba
139.5.216.36 Xoilogsorj guai aguu tevcheertei bux bsan gej yaridag yumaa. Xen amisgaagaa udaan barix ve geed amisgaa tugjeeed guriixed guriiaeer bgaad uxaan aldaad undag bsan gej bgaam daa. Odoo tiim tesver tevcheertei gurger aaviin xvv xaana bna
103.11.192.34 Сайхан ярилцлага байна аа. Эрүүл энхийг хүсье.
202.70.46.209 Sain saikhan yariltslaga baina. Zaluus bidend amidrakh itgel ugsun tanid bayarllaa. Sain saikhaniig khvsen yrooyo.
114.200.56.76 Engiin buguud daruuhan saihan mundag buh duu.Tanid eruul enh az jargal husie!
27.123.214.85 Багшдаа урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе!
27.123.214.85 Багшдаа урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе!
27.123.214.85 Багшдаа урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе!
64.62.175.154 evii dee bagsh mini uulzalgui udaj holbogdoh dugaar bnuu yaaj oloh ve
207.228.78.11 Ямар сайхан цээжтэй хүн Бэ. Бүх барилдсан бөхчүүдийнхээ нэр усыг санаж байна шуу. Урт насалж удаан жаргаарай
103.57.93.120 бидний үеийн бахарал болсон залуусын нэг дээ. урт наслаарай хө.
202.70.46.216 Zaluuchuud hvvhedvvd unshij ene hvner baharhaj ywah hergtei amdrald yaj temtsej chaddgiig har
202.70.46.216 Zaluuchuud hvvhedvvd unshij ene hvner baharhaj ywah hergtei amdrald yaj temtsej chaddgiig har
202.70.46.216 Zaluuchuud hvvhedvvd unshij ene hvner baharhaj ywah hergtei amdrald yaj temtsej chaddgiig har
49.0.162.190 урт наслаарай аваагүй олимпын алтын ач зээ нар нь авах болтугай
59.153.115.217 Урт наслаараөй
202.179.28.204 Xoilogdorj xemeen xovor nertei xosgui barildaanch er bsaan. Domogoo domog...Urt nasalj udaan jargaarai Ta!
96.241.68.33 saihan
96.241.68.33 Aldart buh M.Hoilogdorj guaidaa eruul enh bj urt udaan naslahiig husen eruuy! Ach zee naraas n Bumburtsgiin tamirchin turuh boltugai! Таны хариулт ...
  • 2016 оны 12 сарын 11
96.241.68.33 Таны хариулт ...nutag usniihan gej manuuhainuudni yasiin saihan gawyataa harj uzehed yanaa
  • 2016 оны 11 сарын 30
96.241.68.33 Таны хариулт .Keleed yukev!.
  • 2015 оны 11 сарын 28
96.241.68.33 choloot bokhiin altan ue.iin aldart bokh hvn dee,
  • 2015 оны 11 сарын 28
96.241.68.33 Bagadaa ene ih buhiig harj hundelj baharhaj bas baysch yavlaaa1960-70-aad on shuu dee. ee dee mun ch saihan buh shuu dee. Magtah ug ch oldohgui bn.Odoo us ni ch buuraltaagui, zus tsarai ni yag lyanzaaraa saihan bn oo. Tand sain saihniig husie. Neg hun BUMBURTSUGIIN BUh gesen bn, yag UNEN SHUUU. Delhiid tsuutai er dee.
103.229.123.140 Unexeer mundag baisan. Xarin amidral axuin talaas ni ogt meddeggui baij. Er ni ene mundag xunii talaar ter bur medeelel garaad baidaggui baisan. Bas mundag aav xun yum. Tand bolon tanai xuuxduud, ach zee nart ni sain saixan buxniig xusiye.
122.201.22.118 megdiin hoilogdorj gj bumburtsugiin bukh do
180.149.78.22 Mundag boh mundag aaw ymaa heleh vg alga vnen duu tsootoi hvnde
180.149.78.22 Mundag boh mundag aaw ymaa heleh vg alga vnen duu tsootoi hvnde
202.179.20.204 Хээгүй сайхан ярьж.
202.9.40.128 Saihan boh sain saihan bvhniig hvsen eorooy
103.57.93.152 Сайхан ярилцлага болжээ. Урт удаан насаарай
202.9.40.79 танд сайн сайхан бүхнийг хүсье