Чимээгүй алдартан

2015 оны 12 сарын 01

          Хэлгүй хэрнээ хэлтэй, амтгүй хэрнээ амттай, үнэргүй ч үнэртдэг, амьгүй атлаа амьтай. Хүмүүний сэтгэлд нандигнан үлдсэн тэр л торгон мэдрэмж. Маргаашийн нарыг үзлээ ч хэзээ ч тэр л мэдрэмжтэй сэрэхгүй. Энэ л үхтлээ сангалзан хүсэх мэдрэмжийг харааны яруу найраг төгс өгүүлнэ. Тиймээ...Гутарсан үед чинь түшиж, гунисан үед чинь тайтгарал авчирдаг зүйл бол уран зураг. Уран бүтээлчийн сэтгэлийн гүнд урнаар шаглагдан бийрний үзүүр, өнгө будагтай сүлэлдэн төрөх торгон агшинг таны миний ертөнцөд эгэл хийгээд эгэлгүйгээр авчирдаг зүйл бол уран зураг.

Энэ удаад бид З.Уянга зураачийн “Зүүд” бүтээлийг онцолж буй. Нисэх мэт дүүлэн бүжих хөнгөн яруу хөдөлгөөнийг харуулах “Зүүд” бүтээл нь дэлхийд хамгийн том өнгөт барын техникээр бүтсэн бүтээл юм. Эл бүтээл нь Италийн Венец хотын Мурано урланд бүтжээ. Гучаад жилийн хөдөлмөрийн үр шимээр бүтсэн энэхүү бүтээл нилээд өндөр зардлаар төрсөн гэдэг. Зураачийн хувьд Венец хотын Мурано урланг сонгосон нь ч учиртай. Өөрөөр хэлбэл нэг метрийн өндөртэй, хоёр метрийн урттай аварга том өнгөт төмөр барын дардасыг дарж гүйцэтгэх том хэмжээний тавцантай дардасны машин өөр улс, оронд бараг байхгүйтэй холбоотой ажээ. Ийм хэмжээний томоохон бар зургийн бүтээлийг өнгөтөөр гүйцэтгэсэн нь дэлхийн хэмжээнд ганцхан бий. “Зүүд” бүтээл нь дэлхийн уран зургийн ертөнцөд Монгол Улсынхаа нэрийг тод тамгалсан гэвэл хилсдэхгүй.

Зураач бүсгүй 1978 оноос хойш төмөр барын техникийг өөрийн уран бүтээлийнхээ гол арга барил болгон өнөөг хүртэл тасралтгүй бүтээлээ туурвиж буй. Тэрээр 37 жилийн туршид маш хүнд, хортой, нарийн ажиллагаа, технологитой төмөр барын олон аргыг цуцаж шантралгүй судлаж асар их хөдөлмөрөөр эзэмшсэн нь “Зүүд” бүтээлийг төрөх гол нууц болжээ. З.Уянга зураачийг уг бүтээлээ туурвиж байх үед Мурано урланд ажиллаж байсан олон орны уран бүтээлчид дуу алдан Монгол уран бүтээлчийн ур чадварыг гайхаж байсан гэдэг. З.Уянга зураачийн “Зүүд” бүтээл нь зураач бүсгүйг балетын урлагтай салшгүй холбоотой байсныг тод харуулна. Түүнийг төрөхөөс эхлээд л энэ урлаг З.Уянга зураачийн салшгүй нэгэн хэсэг болсон ч гэж хэлж болно. З.Уянга зураачийн ээж нь Монголын мэргэжлийн балетын урлагын анхдагчдын нэг гавъяат хүн билээ, аав нь ч бас театрын зураач, уран бүтээлч нэгэн байсан юм. Магадгүй багаасаа урлагаар тэжээгдэж өссөн уран бүтээлчид балет маш их нөлөө үзүүлсэн нь дамжиггүй биз ээ. Монголын уран зургийн томоохон төлөөлөл төдийгүй дэлхийд график зургийн төрөлд чансаагаа гайхуулсан уран бүтээлч бол яахын аргагүй З.Уянга зураач юм.Тэрээр өнөөг хүртэл 1000 орчим бүтээл туурвиад байгаа аж.

Зураач бүсгүйн бүтээлийг дэлхийн томоохон урлаг шүүмжлэгчид гайхан магтаалын үгээ олж яддаг гэнэ. Нэгэн жишээ дурьдахад, Монгол Улсад айлчлан ирсэн БНХАУ-ын мэргэжлийн уран бүтээлчид түүний бүтээлүүдийг шагшин магтаж байсан гэдэг, тэдний манай оронд хүрэлцэн ирэх шалтгаан нь З.Уянга зураачийн “Зүүд” бүтээл байжээ. Түүний бүтээлийг харсан “Бүх хятадын бар зургийн нийгэмлэг”-ийн дарга Ван Хушан “Манай Хятад оронд ч ийм хэмжээний гайхалтай бүтээл тэр дундаа төмөр барын аргаар бүтээгдсэн ийм бүтээл үгүй” гэж дуу алдан өгүүлжээ. Харин зураачийн бүтээлийг монголын болон олон улсын уран зураг цуглуулагчид худалдаж авдаг бөгөөд цуглуулгаа түүний бүтээлээр чимэх өндөр сонирхолтой байдаг гэнэ. Ер нь зураачид ихэд чимээгүй атлаа өөрийн Эх орныг дэлхийн томоохон улс оронд алдаршуулдаг нь нууц биш. З.Уянга зураачийн хувьд олон улсад өөрийгөө таниулсан төдийгүй 37 долоон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1000 орчим бүтээл туурвижээ. Уран бүтээлч бүсгүй олон нийтийн хүртээл болсон 100 орчим үзэсгэлэнд оролцсон бөгөөд үүний 14 нь зураачийн бие даасан үзэсгэлэн байгаа нь З.Уянга зураачийг маш өндөр чадвартай уран бүтээлч болохыг харуулж буй. Тэрээр ОХУ, БНХАУ, АНУ, Канад, ХБНГУ, Энэтхэг, Япон, Солонгос, Швейцари зэрэг 30 гаруй оронд өөрийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ олон улсын хэмжээнд толилуулсан чадварлаг уран бүтээлч юм.

Э.ТЭКҮ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.24.164 Гайхалтай юм бэ