АЗИ НОМХОН ДАЛАЙН КОНТЕМПОРАРИ УРЛАГИЙН VIII ТРИЕННАЛИЙН НЭЭЛТ

2015 оны 12 сарын 03

Куйнслэндийн орчин үеийн урлагийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулдаг Ази номхон далайн контемпорари урлагийн (АНДКУ) наймдугаар триенналийн нээлтэд монгол уран бүтээлч Г.Гэрэлхүү, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог төлөөлөн тус холбоог үүсгэн байгуулагч Б.Гантуяа нар оролцоод ирлээ.

Ази номхон далайн бүсдээ хамгийн чухалд тооцогдох энэхүү арга хэмжээнд нийт 36 орны 83 уран бүтээлч оролцсоны дотор уран бүтээлч Д.Үүрийнтуяа, Б.Номин, Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү нар анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Тэд хамгийн анх шалгаруулсан шилдэг 25 уран бүтээлчийн жагсаалтад багтсан юм.

Наймдугаар триенналь нь үйл хөдлөлийн урлаг, видео, кинетик урлаг, уран зураг, баримлаар дамжуулан уран бүтээлчид өөр өөрсдийн уламжлал, соёл, нийгэм, улс төрийн үзэл бодлоо хэрхэн илэрхийлж болдгийг харуулахыг зорьжээ. Хүний бие мах бодь өөрөө илэрхийллийн хэрэгсэл болох уу, олон үндэстний соёл урлагт чухал байр суурь эзэлдэг илэрхийллийн янз бүрийн арга хэрэгсэл, бэлэг тэмдэг, гар урлал, үйл хөдлөлийн урлаг, шашны зан үйл зэрэг нь нэн орчин үеийн төрөл хэлбэрт ямар байр суурь эзлэх вэ гэхчлэн асуултуудад хариу эрсэн үзэсгэлэн, нээлттэй ярилцлага, үйл хөдлөлийн үзүүлбэр зэргээр дүүрэн байлаа. Монгол уран бүтээлчдийн хувьд өнөөгийн өдөр тутмын амьдрал, нийгэм, улс төр, хувь хүний түвшинд тулгарч буй асуудлуудыг өөр, өөрийн өнгө аясаар монгол зургийн арга техник ашиглан илэрхийлсэн нийт долоон бүтээлээр оролцлоо.

Олон улсад тэр бүр танигдаагүй уран бүтээлчдийг шинээр нээх, алдаршуулах, үүний тулд өөрийн кураторуудаа олон орон руу явуулж нарийвчилсан судалгаа хийлгэдэг, түүнчлэн наадамд дэлгэдэх уран бүтээлүүдийг урьдчилан худалдан авч өөрийн коллекцийг баяжуулдаг уламжлалаар Ази номхон далайн триенналь нь бусад 100 гаруй олон улсын чанартай дүрслэх урлагийн наадмуудаас ялгардаг гэнэ. Тэд баруунд аль хэдийн нэрд гарсан уран бүтээлчид, эсхүл нэрд гарсан урсгал чиглэл, арга барилуудаас аль болох татгалзахыг хичээдэг аж. Нийт уран бүтээлчдийн тавиас дээш хувийг жижиг арлын, индиан, аброген гаралтай, эсхүл олон улсын хэмжээнд уран бүтээлүүд нь сайн танигдаагүй монгол, түвд, бутан, непал зэрэг үндэстний онцгой авъяаслаг уран бүтээлчид эзэлж, мөн ижил хүйстэнгүүд олноор оролцож байсан нь үнэхээр онцлог байв.

Хятадын Ай Вэй Вэй, Цай Гуо Жанг, Шуу Бин, Занг Шиаган, Японы Такаши Мураками, Яаёои Кусама, Энэтхэгийн Аниш Капур зэрэг олон уран бүтээлчид энэхүү арга хэмжээнд олон жилийн өмнө уригдан оролцож тэдний уран бүтээлийг үнэ нь өсөөгүй байсан үед нь худалдан авч байжээ. Сүүлийн жилүүдэд тэдний бүтээлүүдийн үнэ эрс өсч хэдэн сая доллараар үнэлэгдэх болсон нь тус галерейн хөрөнгийн хэмжээг тэр хэмжээгэр нэмэгдүүлсэн гэнэ. Хятадын уран бүтээлч Ай Вэй Вэйгийн уран бүтээлийн цуглуулгаар Куйнслэндийн орчин үеийн урлагийн галерей дэлхийд тэргүүлдэг аж.

Ийм ч учраас олон улсын томоохон музейн кураторууд, урлаг судлаачид энэ арга хэмжээнд ирж хаанаас ямар шинэ уран бүтээлч ирж оролцож байгааг судалдаг гэнэ.  

Тус триенналийн арга хэмжээ нь олон улсын дүрслэх урлагийн салбарт чухал байр суурь эзлэхээс гадна Австралийн Куйнслэнд муж улсын хувьд нэр хүндийг олон улсад өсгөж, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Таван сарын туршид үргэлжидэг энэхүү арга хэмжээг үзэхээр 500.000 орчим хүн зочилж 27 сая орчим австрали долларын орлого оруулдаг байна.

Олон улсын өндөр зэрэглэлийн энэ арга хэмжээнд Монгол уран бүтээлчдийн оролцуулах талаар Камберра дахь Монголын ЭСЯ анх Куйнслэндийн орчин үеийн урлагийн музейтэй ярилцаж, энэ дагуу нарийн судалгаа хийсний үндсэн дээр дээрхи уран бүтээлчдийг оролцуулах шийдвэрийг музейн зүгээс гаргасан байна. Судалгаа хийх явц болон уран бүтээлчдийг энэ арга хэмжээнд оролцуулах ажлыг зохион байгуулахад монгол талаас 976 Арт галерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо Куйнслэндийн орчин үеийн урлагийн галерей хамтран ажиллалаа.

Мэдээллийг:

https://www.qagoma.qld.gov.au/about/our-story/apt

https://www.facebook.com/MCASA.Mongolia

Холбогдох:

MONGOLIAN CONTEMPORARY ART SUPPORT ASSOCIATION

ADDRESS: 1st floor of Best Western Premier Tuushin Hotel, Prime Minister Amar street 15, Ulaanbaatar 14200, Mongolia  

PHONE+976 99051127

EMAILinfo@mcasa-mongolia.com

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД