Венецийн биенналийн хаалт боллоо

2015 оны 12 сарын 03

Дүрслэх урлагийн олимп гэгддэг энэхүү арга хэмжээнд энэ жил монголчууд анх удаа оролцсон учраас бид энэ удаагийн биенналийг ямагт дотноор дурсах болов уу. Оролцох оролцохдоо маш өргөн хүрээтэй оролцов. Энэ жил Монгол Улс анх удаа Венецид өөрийн павильоныг толилуулснаас гадна биенналийг тойрсон хэд хэдэн арга хэмжээнд монголын уран бүтээлчид бүтээлээ дэлгэсэн билээ.

 Энэ оны арваннэгдүгээр сарын 18-нд Монголын хэсэг уран бүтээлчид биенналийн төгсгөлийн үйл ажиллагаанд хамрагдаж өөрийн павильоны хаалтыг хийхээр Венецийг зорьсон. Ихэнх нь Венец хот болон түүгээр овоглосон дүрслэх урлагийн гайхамшигтай арга хэмжээг анх удаа зорьж буй. Хот даяараа хэдэн сарын туршид дүрслэх урлагаар амьсгалж, нэг дор тэр олон сонгомол бүтээл цуглуулсныг харахад бахдалтай. Биенналийн албан ёсны үзэсгэлэн, үндэсний павильонууд болон харъяа арга хэмжээнүүдийг үзэж бусад орны уран бүтээлчидтэй танилцахад нэлээд хэд хоног зарцуулав.

 Венец хот Монгол уран бүтээлчдийг маш найрсгаар угтан авсан юм. Энэ жилийн биеннальд эх орноо төлөөлөн оролцсон зураач Т.Энхболд уламжлал ёсоороо Монгол дээлээрээ гангаран уран бүтээлч андууддаа Венец хот болон биенналийг танилцуулан гудмаар алхаж явахад түүнийг тус хотын жирийн иргэд “Монгол уран бүтээлч мөн байна” хэмээн таньж байсан нь бахархалтай байлаа. Учир нь Т.Энхболд биенналийн нээлтийн хүрээнд бүтэн сарын туршид Венеци хотноо амьдран Монгол гэртэй перформанс бүтээлээ хотын иргэдийн хамтаар гудамжинд туурвин “Нүүдлийн павильон” хэмээх урлагийн төслөө хэрэгжүүлсэн билээ. Иймд тэрбээр Венец хотынхонд хэдийнээ танил болсон нэгэн.

 “Нүүдлийн павильон” төслийн зарим хэсгийг видео бүтээл болгон Палаззо Мора дахь Монголын павильонд толилуулсан билээ. Монголын павильоны үзэсгэлэнгийн куратор Ц.Уранчимэг үзэсгэлэндээ “Оторын гэр” гэдэг нэр өгсөн. Тус үзэсгэлэнд Т.Энхболдын байгалийн гаралтай холимог техникийн томоохон ажлууд болон видео бүтээлүүд, мөн Германд амьдардаг Монгол зураач Х.Үнэн-энхийн мөн л байгалийн гаралтай мод, төмөр, яс зэргээр урласан өвөрмөц баримлууд тавигджээ. Монголын павильонд зочилсон нэгэн урлаг судлаач Энхболдын зургуудыг хараад түүнийг Германы алдарт зураач Ансельм Кифертэй харьцуулсан нь ч тохиолдлын бус байлаа.

 Батбаярын Жаргалан 

 

 

ВЕНЕЦИЙН 56-Р ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛИЙН ТАЛААР ТОО МЭДЭЭ

  Нийт 89 орон оролцож, тэдгээрийн павильонуудын 29 нь Жардинид, 31 нь Арсеналд, 29 нь Венец хотоор тархан байршсан.

Монгол, Гренад, Мавритани, Мозамбек, Сейшел гэсэн 5 улс анх удаагаа оролцов.

44 дагалдах арга хэмжээ зохион байгуулагдсан.

Нийт 8.100 сэтгүүлч ажилласнаас 5.450 нь олон улсынх 2.650 итали байв. 

5-р сарын 9–с 11-р сарын 22-ны хооронд нийт 500.875 хүн зочилж, нээлтийн арга хэмжээнд 24.065 хүн оролцсон байна.

2 орны ерөнхийлөгч, 56 сайд, дэд сайд 31 элчин сайд зочлон иржээ.

Web: www.labiennale.org: 1.493.048 хүн зочилж 8.574.978 хуудсыг үзсэн байна.  

257.807 Facebook фэн, 452.000 Twitter дагалдпагч, 28.700 Instagram дагалдагчтай болж 57.998 Instagram пост нийтлэгджээ.  

Биенналь нь аукцион, худалдаа зохион байгуулдаггүй хэдий ч үзэсгэлэн зохион байгуулагчид, үзэгчдээс нийт хоёр тэр бум еврогийн орлого олдог байна.  

Үзэсгэлэнтэй холбоотой орлогоос гадна тээвэр, логистик, гааль, хоол, хүнс, зочид буудал зэрэг бусад салбараас асар их хэмжээний орлого ордог аж.

 ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬ 2015 - МОНГОЛЫН ПАВИЛЬОНЫ ТАЛААР ТООН МЭДЭЭ

   

 Нийт зочлогсдын тоо: 170.000 гаруй

Байршил: Palazzo Mora, Venice Italy

Оролцсон уран бүтээлчид: Тогмидшийрэвийн Энхболд, Хаянхирваагийн Үнэн-Энх 

Куратор: Цүлтэмийн Уранчимэг 

Бүрэн эрхт төлөөлөгч: Бадамгаравын Гантуяа

Зөвлөхүүд: Дэвид А Росс, Чүлтэмийн Болдбаатар 

Ерөнхий дэмжигч: Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл

Ерөнхий зохион байгуулагч: Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо

 Ерөнхий ивээн тэтгэгч: Мон Уран ХХК

Ивээн тэтгэгчид:  Алтай Констракшн  Эко Констракшн, Онч Деллойт Аудит, Туушин, Макс групп, 976 Арт Галерей, MCS Group, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Turkish Airlines, Петровис, Хас Банк, Steppe Link, Мөнхийн үсэг, Ард холдинг, Terrazzo Lounge, Отгон Холдинг, Төгөлдөр сан, МҮОНТ, UBS TV, New Media Group, United Colors of Benetton Mongolia болон 10 хувь хүн

Хамтрагч: Global Art affairs Foundation, Ром дахь Монголын ЭСЯ

Зохион байгуулалтыг дэмжигсэд: Соёл спорт аялал жуулчлалын яам (хуучнаар) Боловсрол соёл шинжлэх ухааны яам, MCS Group, Монголын залуучуудын холбоо

Сан босгох үйл ажиллагаанд 2009 оны Венецийн Биенналийн Алтан арслан шагналт Йоко Оно, зохион байгуулалтад АНУ-ын San Francisco MOMA, Whitney Museum of American Art-ын захирал асан Дэвид Росс дэмжлэг үзүүлэн ажиллав.                

Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч: МҮОНТ, UBS TV

Хэвлэл мэдээллийн хамтрагч: Монголын урлагийн зөвлөл, Гэрэг сэтгүүл, Засгийн газрын мэдээ, UB Post, Gogo.mn, Өнөөдөр сонин, News.mnEagle.mn, Эх орон ТВ, Bloomberg, De Facto, Тойм сэтгүүл, Үнэн сонин, Гоодаль, Нийслэл гайд болон бусад  

 ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ МОНГОЛЫН ПАВИЛЬОНЫ ТАЛААР

 Culture 360 олон улсын сэтгүүл Венецийн биенналийн хүрээнд нээгдсэн нийт 130 гаруй үзэсгэлэн, оролцогч 1000 гаруй уран бүтээлч дотроос Монголын уран бүтээлч Т.Энхболдыг хамгийн тэргүүнд онцлон түүний үйл хөдлөлийн урлагийн фото зургийг нийтэлжээ.

Олон улсын Art Radar сэтгүүл - Ази номхон далай, Африк, Ойрхи дорнодын орнуудын павильоноос шилдэг 10-т бичжээ.

Нью Йоркод төвтэй Art Review сэтгүүл Азийн орнуудын павильоноос шилдэг 10-т Монгол улсыг багтаажээ.

Copenhagen Art Institute Монголыг нийт 89 улсын павильоноос 3-т жагсаасан байна.

Олон улсын The Financial Times, Le Monde and Süddeutsche Zeitung, New York Times, Frankfurter Allgemeine, El Pais, Artforum (United States), Monopole (Germany), Frieze (United Kingdom) зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улс анх удаа оролцож байгаа талаар 1000 орчим мэдээ, олон улсын BlouinArtinfo, Art Asia Pacific, Modem Online, Demotix, Wide Walls, Английн Press Reader, TheGuardian, Phaidon, Spectator, Берлиний Art Link, Нью Йоркийн Artsy, Италийн MyArt Guides, Arte, Голландын Art Dependence зэрэг 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл  Монголын Павильоны талаар тусгайлан нийтлэл, мэдээ бичжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД