ТУУЛ ГОЛЫН “цэргүүд”

2015 оны 12 сарын 08

Өнгөрсөн баасан гаригт Минж үржүүлгийн төвд очлоо. Ихэнх минж унтаж, амарч байна. Зарим нь үүрнээсээ гарч лууван мэрж, усанд шумбаж харагдлаа. Бүл бүр өөрийн гэсэн “гэртэй”.

Шалыг өвс болон модны холтсоор хучиж, үүр хийж өгчээ. Үүрнээсээ гараад тусгайлан бэлдсэн тэжээл, луувангаа идчихнэ. Хоол тавьсан хэсгээс шалыг налуу байдлаар цутгасан нь ус дүүргэхэд зориулсан байна.

Тиймээс минжнүүд хүссэн үедээ усанд орно. Тус төвд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд багштайгаа ирж, минжтэй танилцдаг аж.

Ховор амьтан тул хүүхдүүд маш их сонирхон, багшийгаа асуултаар “булдаг” тухай эндхийн ажилтнууд хэлсэн.

Тарвага шиг биетэй ч далбагар, хайрсан мэт сүүлтэй бөгөөд урд хөл нь хүний гар шиг, хойд хөлийн сарвуу нь галууных мэт нимгэн арьсаар холбогдсоныг харахад их сонирхолтой санагдсан.

Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн малын эмч С.Эрдэнэдалай “Минж шимэгч хорхой болон халдварт өвчнөөр өвддөг. Гэхдээ манайх минжнүүдээ байнга хянадаг тул өвдөж байгаагүй. Амьтан л юм хойно хоорондоо ноцолдож, зодолдон нэгнийгээ гэмтээх нь бий.

Дэлхийд Еврази болон Канадын минж гэсэн хоёр зүйл байдаг. Евразийн дэд зүйл болох Төв Азийн шар минж манай улсын Ховд аймгийн Булган голд амьдардаг юм.

 

Бид сар бүр хэвтэр, үүрийг нь цэвэрлэж, халдваргүйжүүлдэг юм. Мөн орой бүр усыг нь солиход ойролцоогоор хоёр тонн ус зарцуулдаг. Биеийн байдал, жин, торних явцыг нь байнга хянаж, хувийн хэрэг хөтөлж байгаа.

Мөн жилийн энэ үед шаардлагатай аминдэмээр дутагддаг тул нэмэлт тэжээл өгдөг” гээд идэш, тэжээлийг танилцуулж, онцлог шинжийг нь сонирхуулав.

Минж амьдарч буй газартаа намгархаг орчин бүрдүүлж, голын ус, түүний салаалсан хэсэгт далан байгуулж, усны түвшнийг нэмэгдүүлдэг онцлогтой аж. Мөн идэш тэжээлд бэлдсэн мөчрөө голын гүнд хатгаж, хадгалдаг байна.

МУИС-ийн багш, биологийн ухааны доктор, дэд профессор С.Шар

Бургас, улиасны холтсоор ихэвчлэн хооллодог ба мөчрийг нь ташуу мэрж авснаар дараа жил нь моднууд илүү сайн ургадаг аж.

Туул голын эхийн модыг тайрч, хөндийн бут сөөгийг нүцгэлэн, усаар нь машин техникээ угааж, ойр орчим нь хог хаяснаас болж усны нөөц багасаж, зарим жил урсгал нь тасалдахад хүрч байгаа.

Туул голоо хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлж, урсцыг сайжруулахад анхаарч олон ажил хийж буйн нэг нь тус голд минж нутагшуулан үржүүлж буй явдал. Манай эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санаачилгаар хэрэгжүүлж буй уг ажлын дүнд голын сав газрын эко системийг сэргээхээр зорьж байгаа юм. Учир нь минжийг усны инженер, архитектор, экологийн инженер гэхчлэн нэрлэдэг.

“Scount guard” загварын автомат камер

2012 онд Туул голын эх, Өлийн давааны өвөрт Минж нутагшуулах, үржүүлэх төслийн төв байгуулж, ХБНГУ-аас 14 толгой буюу долоо, ОХУ-аас 30 толгой буюу 15 бүл минж авчирсан тухай бид мэдээлж байсан.

ХБНГУ-аас агаараар тээвэрлэж авчирсан учир бүгд эсэн мэнд ирсэн бол ОХУ-аас газраар тээвэрлэн авчрахад хоёр нь энджээ. Одоогоор тус төвд 15 бүл минж байгаа бөгөөд сүүлийн хоёр жил төллөж, 13 дүдэр гаргажээ.

“Зэрлэг амьтныг байгалиас салган, байранд хашсан, эсвэл ороо орох хугацааг нь зөрүүлснээс болсон уу эхний жил төллөөгүй. Харин өнгөрсөн онд зургаа, энэ онд долоон дүдэртэй болсон. Нэг нь ч эрсдээгүйд бид их баяртай байгаа” гэж Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн захирал М.Энхбат хэлэв.

Дэлхийд Еврази болон Канадын минж гэсэн хоёр зүйл байдаг. Евразийн дэд зүйл болох Төв Азийн шар минж манай улсын Ховд аймгийн Булган голд амьдардаг юм.

1973-2002 онд Монгол, Германы хамтарсан багийнхан Булган голын минжийг Ховд гол болон Увс аймгийн Тэс болон Завханы Тэс, Баянтэс сумыг дамжин хойд хөрш рүү урсдаг Тэсийн голд нутагшуулсан нь үр дүнгээ өгчээ.

Тэсийн голд 90-100 орчим минж байдгийн 75 хувь нь манай орны нутаг дэвсгэрт амьдардаг аж. Мөн Ховд голд ч 100 орчим минж байдаг гэнэ.

Булган гол урссаар БНХАУ-д хүрдэг бөгөөд Шинжаан Уйгарын нутагт Бу Ир Гин Хигийн байгалийн нөөц газар байдаг аж. Уг газрыг түшиглэн минж үржүүлгийн том төв байгуулжээ. Өнгөрсөн жил БНХАУ-аас Булган голын минжийг судлах талаар манай улсын эрдэмтдэд санал тавьсан ч өдий хүртэл бодит ажил болоогүй байна.

Манай орны эрдэмтэн, судлаачид Төв Азийн шар минжийг анхнаасаа баруун аймагт байсан, одоо ч тухайн бүс нутагтаа идээшиж, өсөн үржих нь зүйтэй гэж үзсэн аж.

Төв Азийн шар минжийг бусадтай нь нийлүүлэхгүйгээр генетикийн хувьд цэвэр үлдээх нь чухал гэнэ. Тиймээс минж үржүүлгийн төвд Төв Азийн шар бус, Евразийн минж авчран нутагшуулж буй.


Гурван жилийн өмнө ОХУ-аас авчирсан минжнээс найман бүлийг Туул голын эхэнд нутагшуулахаар тавьж, үлдсэнийг нь үржүүлж буй юм.

2012 оны наймдугаар сард нутагшуулсан минжний тухай МУИС-ийн багш, биологийн ухааны доктор, дэд профессор С.Шар “Эхний ээлжийн найман бүл минжийг Туул голын эх рүү тавьснаас хойш дөрөв дэх өвөлтэй золголоо.

2012 оны өвөл нэлээд хүйтэн байсан. Эхний жил учир бид маш их санаа зовж, ойр орчим нь ургамал, тэжээл тавьсан ч хүний гар хүрсэн зүйлийг тоохгүй, байгалийнхаа жамаар амьдардаг юм билээ. Тэднийг улирал бүр хянадаг.

Гэхдээ минжний үлдээсэн ул мөрийг дагаж, амьдарч буй, эсэхийг нь хянахаас биш, тоо толгойг гаргах боломжгүй. Минж голын эрэг ухаж, нууцлагдмал амьдардаг. Нүх нь усан дотор байрладаг. Өдөр нь унтаж, шөнө идэвхтэй амьдардаг юм.

Модны мөчрөөр хооллодог тул мөчирт шүдний шинэ ором байвал тухайн орчинд амьдарч байна гэж үздэг. Өсөж, үржиж буй, эсэхийг нь тодорхой мэдэхгүй ч ганц хоёр хорогдсон тухай мэдээлэл бидэнд бий.

Саяхан манай минж хамгаалагч ирж, минжний шүдний шинэхэн ором гарсан мөчрийн зураг үзүүлсэн. Манай орны хүйтэн өвлийг хэдэн жил даваад амьдарч буй. Ер нь зэрлэг амьтныг нутагшуулахад заавал эрсдэл гардаг. 70 орчим хувь нь амьдарч байвал хэвийн гэж үздэг.

Ирэх хавар шар усны үер дууссаны дараа хоёр дахь ээлжийн 5-6 бүл минжийг нутагшуулна. Бие гүйцсэн, амьдралын туршлагатайгаас нь шилж байгальд үлдээх юм. Минж үржүүлээд бага багаар Туул голд нутагшуулж, тус голыг минжтэй болгох бидний гол зорилго. Гэхдээ багагүй цаг хугацаа шаардлагатай” гэж хэллээ.

Манай эрдэмтэд Монголын эрс тэс уур амьсгалд нутагшин, идээшиж буй минжнүүдээ судлахын тулд таван газарт автомат камер байрлуулжээ. Өнгөрсөн өвөл мөчир чирч яваа минжний зураг камерт үлдсэн байна.

Гол ширгэж, түүх болон үлдэхээс урьтан эхлүүлсэн минж үржүүлэн, нутагшуулах ажлын үр шим хэзээ нэгэн өдөр “ид шидээ” үзүүлэх нь лавтай.

Үүний тулд хамгийн чухал нь минжийг хамгаалах, гол дагуух мод, өвс ургамал, хөрсөө гэмтээж, бохирдуулахгүй байхын зэрэгцээ хүүхэд, залууст экологийн боловсрол эзэмшүүлэх нь зүйтэйг эрдэмтэн, судлаачид сануулсаар байна.

 Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД