Г.Ариунбаатар багшийнхаа хамт Буриадын Төрийн шагнал хүртжээ

2015 оны 12 сарын 08

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн XV уралдааны гран при шагналт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Буриадын Төрийн шагнал хүртжээ. Энэ тухай тодруулахаар түүнтэй холбогдлоо. Энэ сарын 19-нд “Монгол сонгодог” тоглолтоо Соёлын төв өргөөнд хийхээр бэлтгэж яваа болохоор тун завгүй яваа гэнэ.

-Сайн байна уу. Буриадын Төрийн шагнал хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Таны багш, Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин болон танд Төрийн шагнал олгох шийдвэр гаргасан тухай ОХУ-ын хэвлэлүүдэд бичсэн байна.

-Тийм ээ. П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн уран бүтээлч, тэдний багшид Төрийн шагнал олгож байх шийдвэр гаргаад, анхны удаагийнхыг нь бидэнд өглөө. Мөн энэ уралдаанд төгөлдөр хуурын төрөлд түрүүлсэн, Буриадын театрын хөгжимчин Дмитрий Маслеевт энэ шагналыг олгосон.

-Шагналыг Улаан-Үдэд болсон тоглолтын үеэр олгосон уу?

- Улаан-Үдийн театрт арваннэгдүгээр сарын 28-нд хоёр дахь удаа бие даасан тоглолтоо хийлээ. Харин П.И.Чайковскийн уралдааны дараа хийсэн анхны тоглолт юм. Энэ үеэр шагнал гардуулсан.

-Арванхоёрдугаар сарын 19-нд “Монгол сонгодог” тоглолт Соёлын төв өргөөнд болно. Мөн л эх орондоо хийж байгаа хоёр дахь тоглолт шүү дээ.

-2012 онд “Монгол сонгодог” тоглолтоо хийхдээ Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров багшийнхаа бүтээлүүдийг дуулж байлаа. Харин энэ удаа Монголын болон дэлхийн сонгодгуудыг дуулна. Дуу бүрийнхээ өмнө тухайн уран бүтээлийг хэрхэн бүтсэнийг тайлбарлаж, үзэгчидтэйгээ ойр дотно харилцаа үүсгэж, сайхан тоглолт хийнэ ээ.

Ихэвчлэн Монголын сор болсон, агуу хөгжмийн зохиолчдынхоо гайхалтай уран бүтээлийг дуулахаас гадна Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ариг оруулсан байгаа.  

Г.Ариунбаатарын тоглолтыг “Гэр” маркетингийн групп зохион байгуулж бөгөөд ивээн тэтгэгчээр Дэлхийн монголчуудын Глобал нийгэмлэг, “Юнител” групп, “Ард даатгал”, “Sound Of Mongolia” , Морин хуурын чуулга, “Торго” салон, “Мөнхийн үсэг” компани ажиллаж буй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД