Д.ЧОЙЖАМЦ: Бидэнд нигүүлсэнгүй сэтгэлийн маш сайн хөрөнгө байна

2015 оны 12 сарын 14

Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуайтай өмнө нь хэд хэд уулзаж байсан хэрнээ энэ удаа “Хоймор”-тоо урьж хөөрөлдөхөөр очихдоо нэг л бэргээд болдоггүй.

Харин нарны гэрэл өөдөөс нэвт туссан саруулхан өрөөнд нь ороод, эхний асуултаа тавьснаас хойш цаг хугацаа хэрхэн өнгөрснийг анзаарсангүй. Хүүхэд шиг хөхиүн баясалтай, амгалан төрхтэй, төрөлхийн гэмээр шог хошин мэдрэмжтэй хамбын ярианы амтанд орж, зочноо чамгүй чилээлгэсэн болов уу.

Хажуудаа байгаа халуун савтай цайнаас ногоон цэнхэр өнгийн чулуун (ямар чулуу болохыг нь асууж зүрхэлсэнгүй) аяганд хоёр, гурван удаа хийж уух зуураа дундуур нь тавагтай чихрээсээ авч амандаа хүлхэх Чой хамба... Тэр тавган дээрх сүүтэй орос чихрэнд хамба, бас ижий нь их дуртай гэнэ.

Хүн энгийн даруу, өөрийнхөөрөө байхын төгс үлгэр дуурайл болсон энэ эрхэмтэй уулзаад гарахдаа өнөөгийн бид битүү хаалттай ертөнцийн цонхны хоёр талаас нэгэнтэйгээ “хашгирч” ярилцдаг, тэгээд ихэнхдээ хагас дутуу ойлголцдог юм шиг санагдав.

Түүний яриан дунд байсхийгээд л сайхан гэдэг үг гарна. “Сайхан гэдэг үг яг л ийм утгатай байх даа” гэж бодогдтол түүнийгээ их сайхан өнгөөр хэлнэ. Сайн сайханд, төгс гэгээрэлд зорьсон хүн л тийм байдаг болов уу.

-Мичин жилийн өвөл хатуу байдаг гэсэн олны ам ортой гэлцэх юм. Ер нь ирэх жилийн өнгө төөрөг, зураг зурлага нь ямархуу байх бол?

-Тухайн жилийн өнгө төрхийг ерөнхийд нь таамагласан зурхайн зурлага байдаг л даа. Тэндээс харж байхад энэ удаагийн мичин жил харьцангуй гайгүй өнгөрөх төлөвтэй. Гэхдээ хорвоо дэлхий юм хойно бүх зүйл эргэж давтагддаг шүү дээ.

Дандаа өнтэй өвөл болно гэж байхгүй. Дандаа зуд турхан болоод байна ч гэж хаана байх вэ. Дэлхий дахинтайгаа харьцуулаад үзсэн ч тэр, байгалийн элдэв гамшигт үзэгдэл, гал, усны гашуун зовлон хаа сайгүй л дуулдах юм.

Тэгэхээр бид болдоггүй юм гэнэт болох гэж байгаа юм шиг бодох хэрэггүй л дээ. Харин ч сүүлийн жилүүдэд Монголын маань байгаль, цаг уур бидэнд ээлээ өгч, монголчуудын амны хишиг, буян заяагаар хүн малгүй тайван сайхан л байлаа.

Тиймээс манайхан айхтар коммунист царай гарган, шашин шүтлэггүй хүн болж онгирохын оронд бурхан тэнгэр, хангай дэлхийдээ мөргөн залбирч, сүслэн тахиж явах ёстой юм.

Бидний өвөг дээдэс үеийн үед байгаль эхийгээ тахин шүтэж, энэрэнгүй сайхан сэтгэлээр хайрлан хамгаалж, уул усны эзэн болсон лус савдгийг нь аргадаж ирснээрээ ер алдаагүй.

-Цөвүүн цагийн дохио ирэхээр байгаль, цаг уур хүртэл “аашаа” хувиргаж, өвөл нь өвөл шиг болохгүй, зун нь зун шиг байхаа больдог гэдэг.

Халуун зунаар цас хаялж, өвөл нь бороо ордог үзэгдэл манайд ч ажиглагдах боллоо.

-Цөвүүн цагийн тухай Бурхны шашны номонд тоймлож бичсэн байдаг юм. Таван цөв бий. Таван юм цөвтөж бузартахаар цаг цөвүүн боллоо гэж үздэг. Нэгдүгээрт, цээнягам буюу насны цөв.

Жишээлбэл, хүн төрөлхтөн тогтмол 60, 70 насалдаг байтал өчигдөр төрсөн хүүхэд өнөөдөр үхэж гэнэ гэж дуулддаг шүү дээ. Бага насандаа янз бүрийн шалтгаанаар, цаг бусын үхлээр нас барж байгаа зэрэг нь хүмүүсийн насны магадлал байхгүй болсны шинж.

Хоёрдугаарт, дүйнягам буюу цаг хугацааны цөв. Энэ нь сая чиний хэлсэнчлэн, өвөл нь өвлөөрөө биш, зун нь зунаараа байдаггүй, хавар нь хавар шиг болохгүй байхыг хэлж байгаа юм. Дараагийнх нь сэмжаанягам буюу амьтны цөв.

Өөрөөр хэлбэл, амьтдын орооны үе тогтмол сард байхаа больж, хэзээ ч хамаагүй үржилд орохоос эхлээд хүнээс айж зугтаахаа болих гэх мэтээр амьдралынх нь хэвшлүүд өөрчлөгдөнө гэсэн үг.

Үүний дараа няманнягам буюу муу сэтгэл дэврэх цөв орно. Сайн юм санаанд нь орохгүй, хүнээс дандаа өө хайж, аливаа зүйлээс муу муухайг нь олж хардаг тийм сэтгэлийг цөвтсөн гэж байгаа юм.

Хажууханд нь ямар ч сайн сайхан зүйл байгаад нэмэргүй, үргэлж болохгүй бүтэхгүй юм ярьж явдаг, сэтгэлд нь зөв юм тусахгүй байхыг хэлсэн хэрэг. Хамгийн сүүлчийнх нь даваанягам буюу үзэл бодлын цөв гэж айхтар юм бий.

Шинжлэх ухаан болон бодит үзэл бодлоор батлагдсан, бодит байдалд тулгуурласан үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй болж, улмаар буруу шашин, буруу үзэл онолд итгэж, түүнийг дэлгэрүүлбэл хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзэл цөвтөж, бусад бүх муу муухайг араасаа дагуулдаг.

Эдгээр таван зүйл цөвтсөн, эсэхийг бид анхаарах ёстой юм. Энэ таван зүйл цөвтвөл байгаль дэлхий, хүн төрөлхтөн, амьтан, ургамал гээд сав, шимийн ертөнц тэр чигээрээ хямарч жам ёсны зохицолдлогоо нь алдагдсаны илрэл.

Үүний уршгаар байж суухын аргагүй байгаль дэлхий цаанаас нь хавчаад, тайван сайхан амьдрах эцэсгүй болтол хүмүүний нийгэм бужигнаад эхэлбэл цөвүүн цаг ирсний дохио тэр.

Гэхдээ энэ хорвоо дээр хувьсан өөрчлөгдөхгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Тиймээс муу хувь заяа ирэхийг, цөвүүн цаг наашлахыг зүгээр хүлээгээд сууж болохгүй л дээ. Бурхны шашинд номлосноор бүх зүйл үйлийн үрийн зохилдлогоор явдаг учраас хүмүүс бид өөрсдөө үүнийг засаж болно.

Бие, хэл, сэтгэлийн нүглийг тэвчиж, шунал хүслээ гүйцэлдүүлэхийн тулд байгаль дэлхийдээ хайр найргүй хандахаа больж, сайн сайхан зүйлд тэмүүлбэл аяндаа бүх зүйл тэгширнэ.

-Таны сая ярьснаас харахад дээрх таван цөвийн талаас илүү нь одоо манайд ажиглагдаад байгаа юм биш үү. Монголчууд ер нь ямар үед цөвүүн цагтай нүүр тулж байсан юм бол?

-Монголчууд ямар үедээ уруудан доройтож, цөвүүн цагтай тулж, хэдийд өөдлөн мандаж байсныг түүх шастираас эргэн харж, ажигладаг л юм. Бид өөр хоорондоо эв нэгдэлгүй, зөрчил тэмцэлтэй, хагаралдан дайтах үедээ уруудаж, цөвүүн цагийг авчирсан байдаг.

Жишээлбэл, Их Юань улс мөхсөний дараа монголчууд хаанаа ч залж чадахгүй хэдэн жил бужигнасан шүү дээ. Үр дүнд нь Монголд юу боллоо. Тэр бурууг бусад руу чихэж болохгүй. Бидний сэтгэлд, сэтгэхүйд, үйл хэрэгт ямар буруу зүйл гарсан болоод Манж, Хятадын дор орсон бэ гэдгээ бодох хэрэгтэй юм.

Яагаад бид коммунизмд орсон юм, яагаад 30-40 мянган гэмгүй хүнээ хороолгосон билээ гэдэг учир шалтгааныг өөрсдөөсөө л асуух ёстой. Энэ бол монголчуудын нийтийн буруу үйл хэргийн үр дагавар байхаас гарцаагүй.

Тиймээс цөвүүн цагийг хэн нэгэн дайсан, урвагч авчирдаг гэж буруугаа бусдад нялзаалгүй, бодит байдлыг эрүүлээр дүгнэх учиртай юм. “Сайн нь сайнаараа, муу нь муугаараа, энэ бол бидний л түүх.


Монголчууд бидний увайгүй, эв нэгдэлгүй зангаас болж ямар алдаа гарсан билээ. Бүгдээрээ хаан болох гэж оролдож байсан тэр их хэрүүл тэмцлийн үр дүнд төрт улсынхаа хааныг ч залж чадахгүй яаж хөглөж байлаа” хэмээн бодох хэрэгтэй байна.

Өнгөрсөн түүхийнхээ сайн, муугаас суралцаад, өнөө, ирээдүйгээ төлөвлөх ёстой юм л даа. Түүнээс биш гадаадын хэн нэгний хэлсэн үгэнд итгээд, өөрсдийнхөө өмнөх түүхийг “хадны мангаа” мэтээр үзэж, үл ойшоож хэрхэвч болохгүй.

Түүх гэж байдаг бол алдаанаасаа суралцахын тулд л гардаг болов уу гэж би боддог юм.

-“Амьтад амаржваас л бурхад амаржих

Амьтад шаналваас л бурхад шаналах

Тэднийг баясгаж гэмээнэ бурхдыг баясгана

Тэднийг хорловоос бурхдыг ч бас хорлоно” хэмээн нэгэн гэгээнтэн айлдсан байдаг гэсэн. Та бол монголчуудын хувьд бурхан шиг хүндлэгддэг эрхэм хүн.

Өнөөдөр таны сэтгэлийг энэ төр засаг, түмэн олон хэр их баясгаж, бас хэр зэрэг шаналгаж байх юм?

-Ерөнхий дүр зургаар нь харахад монголчуудыгаа би цаг алгасалгүй хөгжиж дэвшиж байна гэж ойлгодог.

1990 оны эхэнд бид ямар байлаа, коммунизмын 70 жилд ямар байв, Манжийн дарлалын 200 жилээс урагшлаад Хүннү Сүннүгийн үе хүртэлх энэ бүх он цагт Монгол Улс өөдлөхдөө өөдөлж, уруудахдаа уруудаж явсан ч тухай тухайн үедээ ямар нэг хөгжил дэвшилд байнга хүрч байсан юм шүү.

Тэгээгүй бол энэ цөөхөн ард түмэн Азийн цээжнээс аль хэдийнэ арчигдах байсан.

Өнөөгийн хөгжингүй нийгэмд дэлхий ертөнцийг, өөрийнхөө түүхийг ч Коминтерний үеийн бодлогоор тодорхойлж, дүгнэж хардаг болсон учраас бид олигтой хөгжөөгүй юм шиг санагддаг байж болох.

Гэхдээ бид ямар ямар цаг үеийг туулж ирснийг мартаж болохгүй. Ази, Европын хуучин коммунист байсан орнуудтай харьцуулахад Монгол тэдэнтэй их ойролцоо түвшинд хөгжиж байна.

Зарим талаар тэднээс ч илүү хөгжиж байгаа гэж боддог. Гагцхүү энэ хөгжлийн замд алдаа гарч байна уу гэвэл тийм. Тэр алдаанаас суралцаж, түүнийг нь засаж залруулахын тулд ард түмэн ч их үүрэгтэй оролцдог болж. Өнөөдөр хүмүүсийн гурван эрхтэн маш сайн ажиллаж байна.

Хүн ардын мэдлэг боловсрол нэмэгдэхийн хэрээр нийгмээ их ажиглаж, ямар нэг өөг маш сайн олж хардаг болсон. Бас аливаа болохгүй бүтэхгүй бүхнийг “нүгэлтэй” сайн сонсдог болж. Мөн зөвхөн хараад, сонсоод суухгүй, эсэргүүцлээ илэрхийлдэг хэл яриа нь маш сайн ажиллаж байна.

Энэ бол эрүүл нийгмийг цогцлооход их тустай. Харин хааяа хэтэрхий мэдэмхийрч, бүхнийг хэт харлуулах гээд байх юм. Нэг нь улс орныхоо тусын тулд сайхан санаачилга гаргаад ирэхээр сайн, саар ялгаагүй бүгдийг харлуулах нь олигтой зүйл биш л дээ.

Тэгээд байхаар ямар ч мэдлэггүй, өөрсдөө хийж бүтээж чадахгүй хэрнээ бас зүгээр сууж төвддөггүй, улс орны ажлыг хойш татан, үймүүлдэг хэсэг бүлэг үүсчихэв үү дээ гэж эмзэглэдэг.

Бусдынхаа хэлсэн санаа оноог хүлээцтэй сонсоод, аль нь үнэхээр манай улс, хүн ардад хэрэгтэйг, алийг нь өөрчлөх шаардлагатайг, илүү сайжруулахын тулд яах ёстойг бүгдээрээ хэлэлцэж зөвшилцдөг бол тэр хүмүүст би халуун баяр хүргэж, алга ташмаар байна.

Д.ЧОЙЖАМЦ: Энэрэл хайр талаасаа ижий миний

хамгийн эрхэм дээд хүн

-Та дээр нэг ярилцлагадаа “Шашин бол хүнийг хүн болгодог агуу ухаан. Бусдыг хүндлэх, хайрлах, энэрэх, нигүүлсэх, уучлах сэтгэлийг шашин зааж өгдөг” гэсэн байсан.

Өнөөдөр манайханд нэлээд үгүйлэгдэх болсон дээрх чанаруудыг үнэхээр шашнаас л олж авдаг юм бол одоо үүнийг хүмүүст ямар нэгэн аргаар түгээх хэрэгтэй байх, тийм үү. Гэхдээ чухам хэн, хэрхэн хийх ёстой вэ?

-Бусдыг энэрэх, хайрлах, өршөөх сэтгэл дутагдаад байгаа тал ажиглагдах болсон нь үнэн л дээ. Гэхдээ монголчуудын сэтгэлийн мухарт үндсэн хөрөнгө нь байгаа. Та нар одоо анзаардаг байлгүй.

Гурав, дөрвөн настай, бүлтийсэн хөөрхөн хүүхэд хорт хавдар туслаа гэхэд монголчууд ямар ч санхүүгийн хямралыг үл ажран, халуун сэтгэлээ дэлгэж, тэр дорхноо эмчилгээний мөнгө нь цуглачихаж байна шүү дээ.

Энэ бол бидэнд нигүүлсэнгүй сэтгэлийн маш сайн хөрөнгө байна гэсэн үг. Гагцхүү үүнийг мартуулж, үгүй хийж л болохгүй юм. Энэ хөрөнгийг тордож, дээр нь сүү хийгээд, сайн бүлбэл их сайхан иснэ биз дээ.

Эрт цагт үүнийг торддог хэд хэдэн газар байж. Хамгийн түрүүнд өвөө, эмээгийн гэр орно. Гэтэл сүүлийн үеийн өвөө, эмээ нар ач, зээдээ тийм ухаан заахад төдийлөн зүтгэхгүй байна.

Учир нь монгол уламжлал, зан заншлаасаа хэт холдсон, коммунист нийгэмд ихэнх амьдралаа өнгөрүүлсэн тэд ажил хөдөлмөр, намын хурал, сонин уншлага гэж улайран зүтгэсээр үр хүүхдэдээ захиас сургаал хэлж сураагүй байгаа юм.

Уг нь бол өвөө, эмээ нар огт хоосон хүмүүс биш л дээ. Тэдэнд юм байгаа. Харин байгаа зүйлээ ач, зээ нартаа хэлж сургах уран чадвар дутаад байна.

Тийм учраас өвөө, эмээ нарыг энэ ажилд дайчилж хөдөлгөхийн тулд тэдэнтэй ойр ойрхон уулзах хэрэгтэй юм билээ. Саяхан би Баянзүрх дүүргийн 6000 ахмадтай уулзаж, энэ тухай ний нуугүй ярилцлаа.

Хоёрдугаарт, ард түмнийг монгол ухаан, монгол уламжлал, монгол зан заншлаар нь соён гэгээрүүлдэг зүйл бол шашин. Хүн хүнээ хайрлах, энэрэх, өршөөх сэтгэл, талбиун сайхан ухааныг шашин л өгдөг.

Гэтэл өнөөг хүртэл шашныхаа мөн чанарыг ойлгохгүй яваа нийгмийн томоохон сэхээтэн олон байна.

Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн тэр хүмүүс өөрийн биеэр ирж бодит байдалтай танилцаагүй байж, хуучин цагийнхаа ойлголтоор лам нарыг бүдүүлэг, хирээ угаадаггүй мэтээр ярьж, олон нийтийг уламжлалт шашнаас нь тусгаарлах гээд байх юм.

Шашны соён гэгээрүүлэх үйлсэд энэ нь багагүй садаа болж байгаа зүйл. Гэхдээ энэ бол тийм ч айхтар саад тотгор биш. Монголын ард түмэн шашнаа ойлгож ухаарч байна. Сүсэгтэн олон бидний үгийг маш сайн сонсдог болсон.

1990-ээд оны үеийг бодвол одоо ард түмний дунд очоод сайхан сэтгэл, энэрэл хайр, буян нүгэл, үйлийн үрийн тухай ярьдаг, лекц уншдаг, ном номлодог эрдэм боловсролтой хүмүүс хот, хөдөөгүй нэлээд нэмэгдэж байгаа.

Одоо ч Монгол болоод Энэтхэгт сурч байгаа залуус олон. Коммунизмын хар гайгаар урьд нь тийм хүн бараг байгаагүй.

Гуравдугаарт, одоо бид хүүхэд, залуучуудад боловсрол олгохдоо юун дээр анхаарах ёстой, ямар хичээлийг нь түлхүү оруулах, ямрыг нь хязгаарлаж өгөх вэ гэдгийг бодолцох цаг болсон.

Өнөөдөр бидний ирээдүй хойч шашны тухай ойлголт мэдлэгийг гэр бүл, нийгмийн орчноосоо авч байна. Үүнийг ямар ч оронд хорьдоггүй. Мөн дээрээс нь олон орон шашнаар дамжуулан хүнийг хүн болгодог тийм ухаан, соёл, хүмүүжлийг үр хойчдоо бодлогоор олгодог.

Шашны боловсролоор дамжуулан хүмүүнлэг, энэрэнгүй, нигүүлсэнгүй нийгэм цогцлоож чадсан тэр улсууд хүн амьдрахад хамгийн тайван хот, аз жаргалтай орнуудын жагсаалтыг байнга өнгөлдөг.

Бутаныг бид хоцрогдсон улс гээд ад үзээд л байдаг. Гэтэл тэндхийн хүн зон сэтгэлийн амар амгалан, аз жаргалын дээдийг эдэлдэг юм байна. Тэгэхээр бид аливаад арга, билгийн ухаанаар тэнцэтгэлтэй хандах ёстой юм.

Орчин үеийн хөгжил дэвшил, дэлхийн жишигт нийцсэн эрдэм боловсролын тухай ярихын зэрэгцээ уламжлалт соёл, шашин, зан заншлаа иргэдийн амьдралд хэрхэн хэвшүүлэх талаар хослуулж авч үзэх нь зүйтэй.

-Та Өнжүүлийн хөх өвгөчүүлийнхээ тухай ярьж өгөөч. Одоо танай нутгийн хөгшчүүл цаг үеэ дагаад өөрчлөгдсөн үү, эсвэл “цусанд” нь юм байсаар байна уу?

-Өө, өөрчлөгдсөн өөрчлөгдсөн. Одоо өвгөчүүл нь гэхээр миний үеийн улсууд л болчихоод байна шүү дээ (инээв). Бид их сонин цаг үеийн хүмүүс. Худал түүхэнд итгэсэн “гэнэн” улс байж.

Миний өвөө, эмээ нар 1905 онд төрсөн байдаг юм. Өвөө, эмээ нар маань харин жинхэнэ бодит байдлыг мэддэг гэрчүүд байсан.

Ардын засгийн яаж худлаа ярьдаг байсныг, гэмгүй олон хүнийг үзэл суртлаар нь хавчиж хэрхэн хэлмэгдүүлснийг, малчдыг нэгдэлд үнэхээр сайн дураар нь оруулсан, эсэхийг тээр хойно бидэнд хэлдэг байж билээ.

Хамтрал коммун байгуулсны дараа ямар завхрал гарч, “Яваандаа тураг мах идэх шаардлагагүй болно” гээд малын гэдэс дотрыг газарт булж хаядаг байсан зэргийг нүдээрээ үзсэн учраас өвөө, эмээ нар төр, засагтаа итгэл муутай байсан сан.

Миний аав 1921 онд төрөөд, шашинтай уулзсан, бас ч үгүй хэдэн жил лам байсан хүн учраас үнэн, худлыг нь гадарладгийн хувьд коммунизмд мөн л итгэл муутай.

“Гадаад, дотоодын явуулга түлхээсээр энэ төр засаг мөн ч олон хүнийг хороосон доо. Хоёр ахыг минь харамсалтайгаар алж билээ” гээд орой үдэш ярьдаг.

Гэхдээ намын хуралд очихоороо халимгаа илж байгаад “Ардын засаг бол гайхамшигтай” гэх мэтээр магтана. Ийм л нийгэм байлаа. Харин миний хувьд 1950-иад онд, тайван цагт төрсөн учраас урьдын явдлыг мэдэхгүй, үеийнхэнтэйгээ адилхан өмнөх нийгмээ муу хэлээд гүйж явдаг.

Гэхдээ бас аав, өвөө, эмээ нарыг яриаг гайхан сонсдог байлаа. Биднээс хойших үеийн хүүхдүүд бол өмнөх нийгмийн талаар ямар ч санах ойгүй өсөж өндийцгөөсөн дөө.

1970-аад онд айл гэрт Ардын засгийн зөв, буруугийн тухай барагтай ярихгүй шүү дээ.

Ингээд 1980-аад оны сүүлч, 1990 онтой золгоход гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд ардчилсан нийгэмд шилжихдээ хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэхүйг өмнөхтэй нь хольж хутгалдуулахгүйн тулд бүхнийг хийсэн.

Жишээлбэл, Германд их, дээд, дунд сургуульд нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн хичээл заадаг байсан багш нартаа их хэмжээний мөнгө өгөөд ажлаас нь чөлөөлсөн байдаг юм.

Ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө хоёргүй сэтгэлээр итгэл дүүрэн зүтгэх ёстой залуучуудад коммунизмыг магтан дуулсан хичээл зааж хэрхэвч болохгүй гэдгийг тэд урьдчилаад харсан хэрэг шүү дээ. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд пастерууд бол энгийн л хүмүүс гэдгийг тэндхийн залуус мэддэг.

Гэтэл манайд ардчилал ялаад 25 жил болчихоод байхад одоо ч лам нараа ад үздэг явдал байсаар байдаг. Польш зэрэг олон оронд уламжлалт өв соёл, шашнаа үгүйсгэн доромжилсон дээр үеийн кинонуудыг гаргахдаа “Энэ бол манай тийм алдартай жүжигчний бүтээсэн уран дүр юм.

Түүнээс биш киноны үйл явдал, утга санаа нь бодит байдлаас огт өөр шүү”, “Энэ бол манай ард түмний нэрт зохиолч, найруулагчийн яруу тансаг хэл, найруулгатай бүтээл гэдгээрээ үнэ цэнэтэй.

Харин уг кинонд коммунизмын үзэл суртал нэвт шингэсэн гэдгийг анхаарна уу” гэсэн тайлбар хийдэг болсон. Өнөө манай Монгол Улсад бол коммунист нам байхгүй болсон. Өнөөдөр өнгөрсөн үеийн түүхээрээ талцан хэрэлдээд хэрэггүй юм.

-Айхтар ухаан сийлжээ. Гэтэл манайхан одоо хүртэл “Сэрэлт”-ийн ах ламыг үзэн ядаад л байдаг шүү дээ.

-Харин тийм. Манайд Цагаан сар болсон ч, улсын баяр наадмаар ч өнөө хэдэн ламаа муулсан, баячууд ноёдоо эсэргүүцэн гоочилсон кинонуудаа гаргаад л байдаг. Энэ нь өнөөгийн нийгэмд чөдөр тушаа болсоор байна гэж би боддог.

Учир нь коммунист нийгмийн 70 жилийн турш үргэлжилсэн бодлогоор, тэр айхтар үзэл суртлын хэмжүүрээр шүүж байж хийсэн урлагийн бүтээл гэдэг ямар ч цаг үед хүний сэтгэхүйд нөлөөлдөг юм байна л даа.

Тиймээс ардчилсан Монгол Улсад өнөөдөр коммунист үзэлтэй хүүхэд, залуус төрөн гарсаар байна. Баян хүнийг үзэж чадахгүй, муулаад байгаа нь үүний тод жишээ.

Уг нь бидний амьдарч буй зах зээлийн нийгэм бол тэр баян хүмүүс том том үйлдвэр, пүүс, компани байгуулж байж, тэнд нь иргэд хэдэн зуу, мянгаараа ажиллан, амьдрал ахуйгаа авч явдаг ийм л тогтолцоотой.

Тэгэхээр тэр хүмүүсийг муулах биш, харин ч дэмжих хэрэгтэй юм. Мэдээж муулж чичлэхээс өөр аргагүй зүйл хийж явдаг баячууд байгаа л даа. Нөгөө талд нь шударгаар хөдөлмөрлөдөг хүн ч олон бий.

-Ингэхэд шунал гэж яг юуг хэлдэг юм бэ. Сая таны хэлсэнчлэн бусдыг ажил, амьдралтай нь залгуулдаг тэр баячууд өмч хөрөнгөө улам арвижуулахыг хүсэх нь шунал биш үү?

-Олсон хөрөнгөө буцаагаад үйлдвэр, компани байгуулж бусдыг тэжээхэд зориулж байгаа учраас түүнийг шунал гэж хэлэхгүй. Тэр нөхөр хүн л болсон хойно бусдаас айхтар илүү ихийг хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ.

Эхэндээ яах вэ, баяжлаа гээд тогооч, үйлчлэгч авч, жигтэйхэн сайхан хоол хүнс хийлгэж иднэ л биз. Нэг, хоёр жилийн дараагаас айхтар таргалаад, хамаг юм нь унжаад эхлэхээр “Би ингэж амьдарч болохгүй юм байна” гэдгийг ойлгоно оо доо.

Яагаад гэхээр тэр хэмжээний хөрөнгө, эд баялаг олж чадсан хүний толгой тэнэг биш байж таарна. Тиймээс богино хугацаанд эргээд байрандаа очно. Одоо манай том баячуудыг харж байхад ч тийм болсон байна.

Нэг хэсэг манай томчууд Их тэнгэрийн аманд залуухан эмэгтэйчүүд дагуулж очоод архидан согтуурдаг байсан бол одоо бараг үзэгдэхээ байсан гэнэ.

Чөлөөт цагаараа агаар салхинд гарч, ууланд алхаж, биеийн тамир хийхийг илүүд үздэг болсон байна. Зөв шүү дээ. Харин одоо амралтанд Монголын дундаж давхаргынхан их очдог болсон гэнэ лээ (инээв).

-Уучлаарай, Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн хамба таны хувьд тэгвэл ямар нэгэн шунал бий юү?

-Шунал гэдэг их муу үг шүү дээ. Өөрт байхгүй зүйлийг буруу замаар олж авахыг хүсэх нь шунал юм. Эд хөрөнгөн дээр бол тансаг эдлэл, хэт их мөнгө төгрөгтэй болохын тулд буруу замаар хүслээ гүйцэлдүүлэхийг шунал гэдэг. Бас хурьцал шунал гэж бий. Миний хувьд аль болохоор тэр бүхнээс хол байхыг л хичээдэг.

-Гэгээрэлд хүрэх гэж тэмүүлэх нь шунал биш үү?

-Тэр бол шунал биш. Арван хар нүглийн хомхой сэтгэлээр үйлддэг нүгэлд шунал ордог. Тиймээс үйлчлэл нь шал ондоо. Сайхан мөрөөдөл тэмүүлэл, шунал хоёрыг ялгахын тулд цаад ёзоор нь ямар сэтгэлээс үүдэлтэй вэ гэдгээр хэмждэг. Шуналын ар талд мунхаг сэтгэл байдаг.

Ийм муу зүйл хийвэл ирээдүйд би шоронд орно, миний үр хүүхэд хулгайч аавтай гээд гадуурхагдана гэх мэт наад захын зүйлийг мэдээгүй мунхаг сэтгэлээс шунал төрдөг. Харин гэгээрэлд тэмүүлэх нь өөр зүйл.

Мунхагаас салъя, уур омог, хүсэл тачаалаас ангижиръя гэж зөвөөр сэхээрсэн гэгээлэг сэтгэлээс үүдэлтэй учраас тэр.

-“Бод, бодож чадвал бид гэрэл болон асна” гэж та хэлсэн. Юуг, яаж бодохоос их зүйл шалтгаална биз?

-Бодоогүйгээс болоод бид ямар их алддаг билээ. Энэ сайхан эх орноо ямар ч бодлогогүйгээр муу хэлдэг. Бие биенээ үргэлж муу хэлдэг нь бас л бодоогүйтэй холбоотой.

Бодож чадвал бид нэгнийхээ сайн сайхан талыг нь олж харах болно. Хамгийн наад зах нь бодоогүйгээс болоод хүн өөрийгөө байнга бухимдуулахад хүрнэ. Бас өөртөө дайсан бий болгоно.

-Та сүүлд өөртөө зориулж юу худалдаж авсан бэ?

-Саяхан ижий “Би гэрт ганцаараа байна. Идэх, уух юм хомс болсон байна шүү” гэхээр нь дэлгүүрээс хүнсний зүйл худалдаж авсан юм байна.

-Ер нь дэлгүүр хоршоогоор ойрхон ордог уу?

-Үгүй ээ. Хааяа яах аргагүй нөхцөлд орвол л дэлгүүр рүү зүглэнэ. Миний дүү ар гэрийн асуудлыг зохицуулчихдаг юм.

-Ижий тань тантай хамт байгаа юу. Эсвэл танай дүүтэй амьдарч байна уу?

-Ижий, дүү бид гурав хамт байгаа.

-Таны хамгийн эрхэм дээд хүн хэн бэ?

-Ижий минь байлгүй яах вэ.

-Бурхны номонд оройн дээд нь номын багш гэдэг бил үү?

-Эрдэм номын талаасаа бол Далай багшийгаа бурханчлан дээдэлнэ шүү дээ. Энэрэл хайрын талаас гэвэл ижийгээ эрхмийн дээдээр хүндэтгэн хайрлана. Тэгээд араас нь ганц дүү минь орно доо.

-Та дуунд дуртай гэсэн. Ямар дуунд дуртай вэ?

-Цаг үеэ дагаад сонсох дуртай дуунууд өөрчлөгддөг юм байна. Бага залуудаа “Арав дахь хавраа үдье” гэх мэт дуунд үеийнхнийхээ адил дуртай байсан. Одоо нас явах тусам уртын дуу сонсох дуртай болсон.

Норовбанзад гуай, Дорждагва гуай хоёрын гайхамшигтай сайхан уртын дуунуудаас эхлээд Долгор, Чимэдцэеэ нарыг сонсох дуртай. Сүүлийн үед гадаад, дотоодгүй л нэр алдраа дуурсгаж яваа дуурийн сайхан залуучуудын дууг бас сонсоно.

Манай Төв аймгийн нэг шар охин дуурьт их сайхан дуулдаг. Энэ мэтээр дуу хууранд гайгүй дуртай шүү. Харин рок поп, хип хоп дууг сайн ойлгодоггүй. Заримынх нь үг их утгагүй санагддаг.

-Та өөрөө хэр зэрэг дуулдаг хүн бэ?

-Би дуулахгүй ээ. Миний хоолой тун тааруу (инээв).

-“Лам хүн дуулж болохгүй, сэтгэл нь алсардаг” гэдэг үнэн юм болов уу?

-Шашин номын бясалгал ид хийж байгаа хүн дуулаад хэрэггүй л гэдэг юм. Бясалгаж байхад чивэх, цацрах гэж хоёр юм их нөлөөлдөг. Чивэх гэдэг нь бясалгалын зорилго болж байгаа зүйлүүдээ тодорхой бодож чадахгүй сэтгэл дотогшоо чивээд нойртой адилхан болдог юм.

Цацрах гэдэг нь мөн л тухайн бясалгаж буй хүний сэтгэл зоригдол болсон зүйл дээрээ тогтож өгөхгүй, тал тал тийш цацрахыг хэлдэг. Тийм учраас яг ном эрдэм үзэж байгаа үед дуу хуур хэрэггүй гэж үздэг.

-Хүн ер нь энэ хорвоод яах гэж амьдардаг юм бэ. Бидэн шиг энгийн хүмүүсийн хувьд үр хүүхдээ үлдээх гэж л аж төрдөг юм болов уу. Эсвэл...

-Хүнийг оюун ухаанаар нь гурван төрөлхтөн гэж ангилдаг юм. Бусдын тусын тулд, бусдыг соён гэгээрүүлэх, тэднийг зовлонгоос ангижруулахын төлөө бүхий л амьдралаа зориулахаар зориг шулуудсан бодь сэтгэлтнийг дээд оюун ухаантан гэдэг.

Тэр хүнд бусдын сайн сайхны төлөө ажиллахын тулд төгс гэгээрсэн бурхны хутгийг л олох зорилготой юм. Өөрийнх нь хувьд түүн шиг аз жаргал үгүй байдаг.

Удаах нь энэ орчлонгийн хүмүүний амьдрал ерөөс зовлон юм гэдгийг ухаараад, ертөнцийн дөрвөн үнэнийг ялан дийлэхийг зоригдол болгон, өөрийн сайн сайхны төлөө зүтгэдэг дунд төрөлхтөн юм.

Төрөхөөс үхэх хүртэлх хүний амьдралын зовлонг нэг дор үүрүүлье гэвэл тэсэж гарахын аргагүй бэрх байдаг юм гэсэн. Ерөнхийдөө зөвхөн өөрийгөө зовлонгоос гэтэлгэе гэж шийдсэнийг дунд төрөлхтөн гэнэ.

Харин доод оюун ухаант төрөлтнүүд энгийн хүмүүний ёсоор гэр бүл зохиож, үр хүүхдээ өсгөн, энэ насаа, чадвал хойд төрлөө бодоод сайн сайхан амьдарч, буян үйлдье гэсэн сэтгэл зүтгэлээр аж төрдөг.

Бурхан багш дээрх гурван төрөлтөнд тус бүрт нь зориулан ном сургаал айлдсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хүний амьдралыг тодорхой зорилго чиглэлтэй байлгах гэж тэр шүү дээ.

Хорвоогийн жамаар айхтар зовлон бэрхшээл тулгарсан үед хүн “Би ер нь яах гэж амьдарч байгаа юм бэ” гэж бодоход хүрдэг юм байна. Тэгвэл энэ үед Бурхан багшийн сургаал тэр хүнд зорилгыг нь сануулдаг гэх үү дээ.

-Одоогийн манай лам нарын олонх нь дунд төрөлтөнд багтах уу?

-Ер нь бол лам хүнийг сахил санваараар нь хэмждэг юм. Өөрөөр хэлбэл, тэр хүн хэр зэрэг сахилга журамтай, ямархуу ёс зүйтэй вэ гэдгээр сайн лам мөн эсэхийг нь мэдэж болно.

Гэнэн гэвэл тав, гэцэл гэхээр 200 гаруй, гэлэн болохоороо 300 гаруй сахилга журмыг бат сахих ёстой байдаг.

-“Дотроо өөр зүйл бодоод байгаа хэрнээ гаднаа “Би сахилтай учраас ингэж болохгүй” хэмээн өөр дотроо зөрчилдөх нь тийм ч сайн зүйл биш учраас одоохондоо ариун сахил хүртээгүй байна” гэх нэгэн ламтай уулзаж байсан. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Хүн л юм хойно сэтгэл санаа хоёрдож зөрчилдөхгүй яах вэ. Лам хүн гэхээрээ л бурхны номноос өөр зүйл огт бодохгүй гэсэн ойлголт байхгүй.

Харин бурхны номонд харш, муу зүйлийн тухай бодол орж ирвэл тухайн агшинд “Би чинь бурхан шүтээнийхээ өмнө ам авсан хүн. Ингэж болохгүй” гээд тухайн хүслийг боомилон зогсоож чадах ёстой юм.

Тэгж чадалгүй сахилаа зөрчвөл том алдаа гаргаж байгаа хэрэг. Ялангуяа дөрвөн зүйлийн алдаа хийвэл ямар ч өршөөлгүй сахилаа буцаахад хүрдэг.

-Ганданд шавилсан жаахан хүүхдүүдийг харахаар “Энэ хөөрхөн амьтдад хүүхэд нас байдаг болов уу. Сахилгагүйтэх эрх байдаг болов уу” гэж өөрийн эрхгүй бодогддог. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Миний дургүй хүрдэг ганц зүйл яг наадах чинь. Энэ чинь бидний үр хүүхдүүд байхгүй юү. Хамгийн гол нь монгол хүүхдүүд шүү дээ.

Гэтэл гаднаас настай хүн орж ирээд “Танай асман банди нар орхимжоо савсагануулаад гудамжаар гүйж явна. Та тэдэндээ хэлдэггүй юм уу” гэж ихэмсгээр хэлсэн удаатай.

Тэгэхээр нь би “10 гаруйхан настай хүүхдүүд өдөржин над шиг завилж сууж чадах уу даа. Наадуул чинь хүүхэд шүү дээ. Таны ач, зээ нарыг ганданд шавилуулж суулгаад, өдөржин томоотой суу гэвэл та зөвшөөрөх үү” гэсэн.

Тэгсэн харин “Нээрээ тийм юм байна шүү дээ. Би энэ талаар ёстой бодсонгүй” гээд гарч билээ. Манай хүүхдүүд томчуулдаа эрхэлнэ ээ. Заримдаа туньж уйлна, бархирна. Ер нь хаа газрын хүүхэд хүүхдээрээ л байвал сайхан шүү дээ.

“Чойр” дацан зэрэг олон газарт хүүхдүүдийнхээ логик сэтгэлгээг хөгжүүлэх, хэл яриаг нь цэгцтэй болгох чиглэлээр янз бүрийн ажил зохиодог юм билээ. Ганданд шавилсан хүүхдүүдэд ертөнцийн багш, номын багш гэж хоёр хүн бүхнийг зааж сургадаг.   

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.230.221 Монголын шарын шашныг шинэчлэх ажлыг таныг эхлүүлээсэй гэж хүсч байна. Ард лоныг мухар сүсэгт автуулж бурхны ариун сургаалыг элдэвээр мушгин бизнесмен лам нараас салмаар байна. Ганц л жишээ танд дуулгахад саяхан манай найз лам гэртээ залж ном уншуулсан. Тэгсэн чинь бүр тариф тогтоочихсон байх юм гэнэ. Манай найзыг гэр бүлийнх нь хамт аргалж чаргалж баахан ном уншаад 2 сая төгрөг авсан байна. Бүр өөрөө ийм ханштай байдаг юм гэсэн гэнэлээ. Энэ бурхны шавийн баримтлах ёс жудаг мөн үү ?Бас тэр алтан хайрцаг нээнэ гэж том бизнес байна. Үнэхээр тийм юм байдаг бол хаана ч нээлгэсэн адил л баймаар юм. Лам болгон өөрөөр хэлдэг гэх юм. Цэвэр шашныхаа номлолоо барьж энэ олон хуурамч бурхнуудаасаа салгаад өгмөөр байна. Уг нь нэг л бурхан байдаг гэсэн. Одоо монголын бараг л аймаг , сум уул овоо бүр албан байгууллагууд хүртэл өөр өөрийн бурхантай болох гээд байна шүү дээ.Шашны бодлого номлолын нурууг үүрч яваа тан шиг ухаантай хүмүүс л энэ завхралыг зогсоох ажлыг эхлүүлмээр байна.
202.131.230.221 Сайхан яарилцлаг болж ээ далай лам ч гэсэн тувдуудээ одоо мухар сусгээ зогсоо энд тэнд очиод моргдог мунхаг сусэг сэтглээсээ салж бурхан багшн сургаал номыг судлаж хун бол гэж байнга л хэлдэг гэтэл манайд лам нар айл хэсээд л ном уншаад эс бол энтхэгээс лам чойжин залаад баячуул нь баахан монго тогрог огоод л монголд хамгын их унэ ханштайгаар бэлэг сэлт авдаг хун нь далай ламын чойжин тувдэн гэж хун ирээд гурэм дором тор засаг хууль шуухийхний эсрэг юм хийгээд л энд тэнд монгол тумний шутлэгтэй уул ус тахиад л явах юм энэ газар нутагт гадныхан засал хийдэг болсон юм уу
  • 2016 оны 01 сарын 02