Шинэ жил

2015 оны 12 сарын 17

Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадруулаад

Сүлд модныхоо наадмаар

Өвлийн илчийг хариулцгаая... хэмээн багачууд найрал дуулж, аялгуунд нь томчууд вальс эргэн, өвлийн өвгөн аав энэ дуугаар замчлуулан танхимд залардаг уламжлал хэзээ тогтсоныг мэдэхгүй.

Магадгүй шинэ жилийн дуунуудаас хамгийн урт насалж байгаа бүтээл энэ ч байж мэднэ. Дахиад хэдэн он дамжин ийн эгшиглэхийг одоо таашгүй.

Хуучин нийгэмд жигтэйхэн “харшилтай”, юм бүхнийг нь шүүмжлэх дуртай шинэ цагийн эрхмүүд хүртэл энэ дуунд хөлсөө гартал бүжиж байснаас харахад тэр мөддөө л моодноос гарахгүй болов уу.

Ингэхэд шинэ жилийн дуунууд шинэ, хуучин гэлтгүй бүгд яагаад ийм гоё санагддаг юм бол. Шинэ жилийн үдэш тийм ид шидтэй байдаг юм шиг ээ.

Арваннэгдүгээр сарын эхээр Улсын их дэлгүүрийн өмнө гацуур засаж байгааг дуулснаас хойш сэтгэлд минь шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орсон билээ.

Нэг тийм хөнгөн, зөөлөн, дулаахан хөг аялгуу дотроос бүүвэйлж, удаан уулзаагүй хэн нэгэнтэй болзох цаг тогтоосон мэт битүүхэн догдлолтой өдөр хоногуудыг өнгөрөөхийн сайхныг яана.

Одоо 14-хөн хоног үлдсэн... Өвлийн өвгөнд хүслээ шившин байж захиа бичээд, бэлгээ хүлээж буй жаахан охин шиг ингэж аяглах шалтгаан үнэндээ үгүй л дээ. “Энэ онд би юу хийж бүтээлээ” хэмээн өөртөө “ял” тулгахыг ч урьтал болгосонгүй.

Зүгээр л шинэ жилийн тухай дуу сонсонгоо бага насны дурсамж хөврүүлэн, цаг хугацааны галт тэргээр аялж байгаа хэрэг.

Улаан буландаа манай сумынхан ёолкоо хэрхэн тэмдэглэдэг байсныг, нутгийн маань хамгийн өндөр, хамгийн намхан хоёр залуу алиалагч болон үзэгчдийг хэрхэн хөгжөөдгийг, хөвөн сахалтайгаа мартан тамхилах гэж байгаад зүггүй өвгөн аав маань бяцхан түймэр тавьсныг, урд уулнаас хэрэг болгон авчирсан томоо гацуурынхаа гэрлэн чимэглэлийг буруу залгаад гал авалцуулсан нь түүний хажууд юу ч биш байсныг одоо бодоход эрхгүй инээд хүрэх.

Багадаа шинэ жилийг ийм олон хоногоор хүлээж ядаж байснаа санахгүй юм. Нэг мэдэхэд л шинэ жил болчихсон, сургуулиас өгсөн цаасан ууттай бэлгээ ганц өдрийн дотор идээд дуусгачихсан байдаг сан.

Гэхдээ л олон дурсамж үлджээ. Одоо бол шинэ жилийн уур амьсгал ойртох тусам амар тайван, баяр жаргалтай өдөр хоногуудыг нь аргамжиж үлдэхийг хүсэх тусам дурсамж улам л харам болоод байх шиг.

Хуудас эргэн, он солигдож, Төрийн дуулал эгшиглэхтэй зэрэгцэн оргилуун дарсны бөглөө мултрах тэр мөчөөс хойш өнөөх хүлээлт, догдлолууд түр амсхийж, шинэ дуу, шинэ бодрол, шинэ ухаарал тархийг эзэмдэх нь олонтаа. Гэвч энэ чинь л шинэ жил шүү дээ.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД