Т.Пүрэвсүх: Хөгжмийн зохиолч гэдэг хямдхан олддог нэр биш шүү. Намайг битгий тэгж нэрлээрэй

2015 оны 12 сарын 18

“Арга билэг”, “Э–саунд” хамтлагийн гишүүн, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй ярилцлаа.

-“Арга билэг” хамтлаг Швейцарийн уран бүтээлчидтэй хамтарч “Агула” цомог гаргалаа. Үүгээрээ “Грэмми”-д нэр дэвшсэн. Энэ нь та нарт шинэ зам нээж өгсөн үү?

-Бид олон хүнтэй хамтарч ажиллаж байлаа. Швейцарийн энэ төсөлд оролцсоноор уран бүтээлээ олон улсын оюуны өмчид бүртгүүлж, дэлхийн зах зээлд гаргах гэж үзэж байна.

Монголын уран бүтээлчдэд ийм боломж тэр бүр олдоод байдаггүй. Бид их чадварлаг хөгжимчидтэй ажилласан. Тэдний тоглох арга барилаас суралцах зүйлтэй, гадаадуудтай хамтран ажиллахад дадлагажсан үр өгөөжтэй төсөл болсон гэж бодож байна.

“Грэмми”-д өрсөлдөх эрх авсан маань бидний хувьд ололт, нээлт боллоо. Монгол уран бүтээл “Грэмми”-д нэр дэвшсэн тухай өмнө нь сонсож байгаагүй.

-Өөр газраас хамтран ажиллах санал хэр их ирж байна вэ?

-Урлагийн зөвлөлийнхөн монгол хамтлагуудын бичлэгийг Швейцарийн талынханд илгээснээс тэд биднийг сонгосон. Бүтээлүүдээ олон улсын оюуны өмчид бүртгүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулах ажлыг Урлагийн зөвлөлийнхөн өндөр түвшинд гүйцэтгэсэн.

Тэд бидний дөрвөн хоногийн бэлтгэл, хоёр өдрийн тоглолт, тав хоногийн студийн бичлэгийг бүтэн жил хагасын өмнөөс гадаадынхны ажилладаг түвшинд зохион байгуулсан.

“Агула” төсөлд ажиллаагүй бол надаар “Усгал” балетын хөгжмийг зохиолгохгүй байсан болов уу.

-Энэ сарын 24-нд нээлтээ хийх “Усгал” эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оршихуйн мөн чанарыг илэрхийлэх балет юм билээ. Таны бодлоор эр, эм хүний гол ялгаа юу вэ?

-Арга билэг л гэсэн үг. Цааш задарвал хатуу зөөлнөөс эхлээд олон ялгаа бий. Урлагийн зөвлөлөөс орчин үеийн балетын шинэ төрлийг бий болгох зорилгоор энэ төслийг санаачилсан.

Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүжүүлж байгаа. Хамгийн цөөн хөгжмийн бүрэлдэхүүн, бүжигчинтэйгээр том санааг илэрхийлэхийг зорьж байна.

-“Агула” -гийн 10 зохиолын тав нь таных, үлдсэнийг нь Хенрих Кайзег хэмээх хөгжмийн зохиолч бичсэн юм билээ. Та зохиолоо бичихдээ ууланд гарсан уу. Яаж өөрийгөө хөглөсөн бэ?

-Би онгод дууддаг мундаг зохиолч биш ээ. Зүгээр л ямархуу өнгө аястай зохиовол шинэлэг байхыг бодож, голыг нь хэрхэн зөв олох вэ гэдэгт анхаарсан. Манай үндэсний урлаг дэлхийд тийм ч их түгээгүй.

Гэхдээ монголчууд тодорхой хэмжээнд ардын урлагаа таниулж яваа. Тиймдээ ч жаахан өвөрмөц уур амьсгал монгол хөгжимдөө нэмэхэд л шинэлэг болчихно.


-Таны бодлоор бид уран бүтээл, бүтээгдэхүүн, ер нь гадаадад гаргах бүхий л зүйлээ заавал монгол өнгө аястай болгож байж амжилт гаргах уу?

-Монгол хөгжмийн зэмсгээрээ манайхан сонгодог зохиол их л тоглолоо. Миний сэтгэлд нэг л оновчтой буудаггүй юм.

Сонгодог бүтээлүүдийг ямар хөгжимд зориулж, хэрхэн бичсэн нь цаанаа утга учиртай болохоор хүчээр өөр үндэсний хөгжмөөр тоглоход амилах, эсэх нь эргэлзээтэй.

Монголд цэвэр үндэснийхээ хөгжмийг тоглож байгаа хүмүүс бий. Зарим нь “Танайх монгол хөгжмөө цэврээр нь тогловол гадаадуудад таалагдана” ч гэдэг.

Минийхээр бол ардын хөгжмөө шинэлэг, орчин үеийн урлагтай хослуулж, урагш ахисан бүтээлийг л олон нийтэд хүргэмээр санагддаг. Манайх бие даасан улс.

Хөгжсөн улс гэдгээ хөгжмөөрөө илэрхийлэх ёстой шүү дээ. Дундад зууны үеэрээ байгаа гэж гадаадуудад ойлгуулах хэрэгтэй бол хуучны хөгжмөө тоглоод, хөгжимчид өөрсдөө ч хөгжихгүй байж болно.

Бид аль болох сүүлийн үеийн гар утас хэрэглэхийг хүсдэгтэй л адил шүү дээ.

-Та “Авьяаслаг монголчууд” шоу үзсэн үү. Хоёрдугаар байрт шалгарсан лимбэчин, ёочинг нэгэн төгөлдөр хуурч “Дэлхийн хөгжмийг буруу нотоор тоглолоо” гэж шүүмжилж байсан. Та юу хэлэх вэ?

-Би зурагт үзэж амждаггүй. Ганц хоёр үзүүлбэрийг нь л интернэтээр харж байсан.

-Хенрих Кайзегийн “Агула”-д багтсан бүтээлүүд ямар санагдсан бэ?

-Европт жааз чиглэлээр олон жил ажиллаж, их бүтээл хийсэн хүн юм билээ. Ярих юмгүй мундаг хүн.

-Та Хөгжим бүжгийн коллежид сурч, сонгодог урлагаар хүмүүжсэн. Нэлээд олон сонсогчтой “Э-саунд” хамтлагийн гишүүн.

Бас этно жааз чиглэлээр уран бүтээл туурвидаг хамтлагт байна. Энэ нь өөрийгөө хайх оролдлого гэж ойлгож болох уу. Эрэл амжилттай юу?

-Цөөнгүй цомог бүтээхэд ажиллалаа. Надад өөрийн гэсэн өнгө төрх байдаг л байх. Гэхдээ өөрийгөө яг олчихсон гэж хэлж чадахгүй нь. Өдрөөс өдөрт суралцаж, хайгуул хийж байна. Магадгүй насаараа хайх юм шиг байна.

-Тэгвэл аль төрөл нь арай ойр мэдрэгддэг вэ?

-Мэдээж сонгодог урлагийг хамгийн, хамгийн нь гэж хэлнэ. Гэхдээ зохиодог орчин үеийн хөгжмөөрөө дамжуулж дотор байгаагаа л уудалдаг.

-Хоорондоо эрс тэс хоёр хамтлагт ажиллах ямар вэ?

-Гишүүд нь ч, туурвиж байгаа төрөл нь ч өөр. Сонгодог урлагаар хүмүүжсэнээрээ л би тэдэнд хандаж байгаа. Би жааз, сонгодог хөгжимд юу, юунаас илүү дуртай. Түүнийгээ хоёр хамтлагийнхаа уран бүтээлд шингээдэг.

Аль, аль нь цаг наргүй уран бүтээл хийгээд байдаггүй болохоор ажил давхцах тохиолдол цөөн. Хоёр талд зохицуулаад л явж байна.

Давхар өөр ажлууд ч хийж, завгүй л явна. “On’n off” продакшнд хөгжмийн найруулагчаар зургаан жил орчим ажиллаж байна. Рок попын олон уран бүтээлчийн тоглолтод ажиллалаа.

-Таны ээж, аав бас уран бүтээлч гэсэн үү?

-Хоёулаа Хөгжим бүжгийн коллежид багшилдаг. Миний аав Тельман хийлч, хормейстр мэргэжилтэй, хөгжмийн онол сурагчдад заадаг бол ээж Алтантуяа контрабасын багш.

Тэд намайг багад шууд л “ХБК-д ор” гэж шалгуулж оруулсан болохоор урлагтай өөрийн сонголтоор холбогдоогүй. Гэхдээ багаасаа хөгжмийн хажууд өссөн. Миний өдий зэрэгтэй яваа нь Доржпагма багш, аав, ээжийн л ач.


-Казахстанд суралцсан гэж дуулсан. Монголоос ялгаа нь юу байв?

-Казахстаны Хөгжмийн академид сонгодог төгөлдөр хуурчаар дөрвөн жил суралцсан. Дээд сургууль, коллеж гэдгээрээ л ялгаатай болохоос биш, хоёул орос дэг сургуультай учир төстэй.

Харин европчууд биднээс өөр сургалттай юм билээ. “Гёте” институтээс санаачлан Хөгжим бүжгийн коллежид жааз хөгжмийн анги нээсэн. Өнгөрсөн жил сураад одоо багшилж байна. Тэс өөр өнцгөөс харж сургадаг юм билээ.

-Казахстанд сурахдаа дээд үнэлгээтэй төгссөн гэсэн. Таны чадвар уу, монгол гэдгээрээ онцлог байв уу?

-Багшийн өгсөн даалгавар, ХБК-д сурч мэдсэнээрээ л амжилттай сурсан байх. Манайх сонгодог урлагаараа гадаадын өндөр түвшинтэй эн зэрэгцэхэд хугацаа хэрэгтэй байна.

-Хөгжмийн зохиол гэж тоодог анхныхаа бүтээлийн түүхээс хуваалцахгүй юү?

-Би хөгжмийн зохиолч биш. Хямдхан олддог нэр биш шүү. Намайг битгий тэгж бичээрэй. Энэ нэрний үнэ цэнэ Монголд л уначихаад байгаа болохоос биш өндөр шалгууртай шүү дээ.

Манайд хоёр, гуравхан ая зохиочихоод өөрийгөө хөгжмийн зохиолч гэдэг хүн хаа сайгүй.

Хөгжмийн ухаанд нэвтэрхий суралцаж, тодорхой төрлүүдийн бүтээл туурвисан хүнийг л ийн хэлж болох юм. Намайг төгөлдөр хуурч гэвэл тохиромжтой байх.

Дээхнэ үед поп хамтлагт дуу зохиож өгдөг байлаа. Долдугаар ангиасаа дуу зохиосон ч сэтгэлд бүрэн нийцэж байгаагүй. “Арга билэг”-ийн цомгуудын бүтээлийг хийж эхэлснээс хойш л хөгжим бичихэд анхаарах болсон.

Ялангуяа “Дэв” киноны хоёр хөгжмийг нэлээд бодож байж бичсэн. “Агула” цомогт Хенрих Кайзег “Дэв” киноны хөгжмүүдийг сонгосон. Бид хуучны хөгжмүүдээсээ хоёр, хоёрыг сонгож, шинээр тус бүр гурвыг зохиосон юм.

-“Хөсөгтөн”-ий BBC-гийн тоглолтод оролцсон бичлэг, Сергей Бодровын “Монгол” киноны дууг “Алтан ураг”- ийнхан зохион амилуулсныг сонсоод огшиж, эрхгүй нулимс дуслуулж байлаа.

Танайх үндэснийхээ хөгжмийг үнэртүүлсэн бүтээл тоглодог болохоор үргэлж л тийм мэдрэмж авдаг уу?

-Арай ч уйлж байгаагүй ээ (Инээв). Мундаг хөгжимчидтэй, бэлтгэл сайтай, өөртөө итгэлтэй тоглоход ямар тайзан дээр байгаагаас хамаарахгүйгээр сэтгэл үнэхээр их хөдөлдөг.

Мэдээж тайзнаа тоглох бүртээ хүмүүст тийм мэдрэмж төрүүлэхийг хичээдэг. Биднийг үзэгчидтэй холбох хамгийн гол зүйл л энэ шүү дээ.

-Хүмүүс дуу, хөгжмөөс мэдэрснээ толгой дохиж, бүжиглэж, инээмсэглэж, төрөл бүрээр л илэрхийлдэг.

Урлагтай ойрхон амьдардаг та хөгжмөөс мэдэрснээ хэрхэн гадагшлуулдаг вэ?

-Гоё хөгжим сонссоны дараа сэтгэл нэг их сайхан болж, аливаад хандах минь хүртэл өөрчлөгддөг. Тэр өдөржингөө л баяр баясгалантай явна.

Сайн хөгжимчний амилуулсан сайхан бүтээлийг сонсоод урам авдаг. Харин онцгүй хөгжим сонсвол тэр өдөржингөө л бухимдуу явна.

-Ямар хөгжимд дургүй вэ?

-Зарим хүн сайн бүтээлийг муу зохиол юм шиг, дургүй болтол тоглодог. Сайхан дууг дахиж сонсмооргүй болтол дуулдаг хүн ч олон.

-Цэцэрлэгийн тогооч хүүхэд зодсон болон үрдээ хутга тулгасан зэрэг хүнээс гарамгүй хэрцгий үйлдлүүдийн талаарх мэдээлэл сүүлийн үед их гарч байна.

Хүмүүс яагаад тийм үйлдэл хийдэг юм бол. Хөгжмөөр дамжуулж хүнийг өөрчилж болдог болов уу?

-Урлаг хөгжсөн оронд гэмт хэрэг бага гардаг гэдэг. Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хичээлд сүртэй ач холбогдол өгөхөө больжээ.

Хуучны соёлын довтолгоо шиг ажиллагаа хийхээ ч байж. Нийгэм ийм, хүмүүст бухимдах асуудал их, багаас нь хүүхдүүдийг сайн хүмүүжүүлэхгүй болохоор ийм муухай хэрэг гардаг байх.

Бага байхад нь л хүмүүжүүлэхгүй бол 30 нас гарчихвал худлаа байх л даа.

-Өөрийгөө ямар үед танихаа больдог вэ?

Хэт ачаалалтай ажиллах үед заримдаа өөрийгөө тэс өөр хүн шиг болчихсноор мэдэрдэг.

Тэгээд өөрийгөө олохын тулд дуртай хөгжмөө сонсоод, дадал зуршилдаа эргэн очдог. Хөгжим л намайг хөглөдөг дөө.

-Бидэнд гадна, дотно хоёр хүн байдаг гэдэг. Таны дотор ямархуу хүн сууж байгаа бол?

-Уг нь дотроо нэлээд зөөлөн хүн. Хүмүүс ч тэгж хэлдэг юм. Сүүлийн үед стресс, бусдын хариуцлагагүй байдлаас болж гаднаа хатуу хүн болчихсон.

-Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Ирэх онд хийхээр бодож байгаа ажил их бий. Манайхан аливааг цагт нь хийдэггүй болохоор ганцхан надаас шалтгаалахгүй. Тиймээс тодорхой ярьж, хугацаа заах боломжгүй.

-Бүжгэн жүжгийн зохиол дахин бичих үү?

-Ирээдүйгээ мэдэхгүй шүү дээ. Санал тавибал ажиллана аа.

-Заавал хэн нэгэн санал тавьсны дагуу л уран бүтээл туурвидаг уу?

-Захиалгат ажилтай зууралдсаар зав бараг гардаггүй юм.

Б.ТАЙВАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.97.103.245 Mundag hugjimchin aviyastai zaluu shu Uran buteeld n amjilt husye