Г.Ариунбаатар Монгол Улсын соёлын элч боллоо

2015 оны 12 сарын 20

Өчигдөр орой гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын тоглолтыг эхлэхээс хоёр цагийн өмнө зориуд тасалбар түгээсэн онлайн сайтруу нь орж сонирхлоо. Суудал пиг дүүрчээ. Бель-этажны хэдэн захын суудал л эзэнгүй байгаа бололтой. 

Удсан ч үгүй гар утсанд мессеж ирэв. "Юнивишн" 88 дугаар сувгаараа Г.Ариунбаатарын тоглолтыг шууд дамжуулахаар болж. Түүнийг романс маш гайхамшигтай дуулдаг гэж багш нь төдийгүй л бүхий л мэргэжилтнүүд дүгнэдэг. 

Энэ тоглолтын нэгэн шигтгээ нь түүний дуулсан "Чиний минь нулимс" байв. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн шүлэг, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын аялгуугаар бүтсэн энэ романсыг үзэгчид талархан хүлээн авч алга нижигнүүлж байсан. Мөн Ж.Россинийн "Севилийн үсчин" дуурийн Фигарогийн ариг бодитоор нь сонсох гэж энэ тоглолтын үзсэн хүн олон байх. Учир нь алдарт П.И.Чайковскийн уралдааны тайзнаа түүний дуулсан Фигарогийн ариг 50 гаруй мянган хүн youtube-ээс үзсэн байсан. 

Г.Ариунбаатарын хоолойн цараа, биеийн өгөгдөл, уран бүтээлдээ шингээдэг сэтгэл нь үзэгчдийг түүн рүү хошууруулж, аз, одын тэнгэртэй дүүлж яваа. Тоглолтын төгсгөлд Н.Жанцанноровын хөгжим, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг "Арвайн тал"-ыг хүргэлээ. 

Энэ тоглолтын үеэр Г.Ариунбаатарыг Монголын Соёлын элч болгож буйг УИХ-ын дарга З.Энхболд дуулгаж, мөн ногоон паспорт өгөв.

Түүнчлэн хотын даргын захирамжаар сонгодог урлагийн олимпийн гран приг хүртсэн дуучиндаа сар бүр сая төгрөгийн цалин өгөх болсноо дуулгав. Сайхан цаг үед түүний авьяас тодорсонд талархана. Байр ч өглөө. "Ард" санхүүгийн нэгдэл хувьцаатай болгож, "Алтжин" ХХК 20 сая төгрөг өгөхөө зарлав.

Авьяасыг ингэж л хайрлах учиртай. Бахдам авьяасаа алдаршуулж, дэлхийн тайзнаа мөнхрөх домогт дуучин болох болтугай. 


 

Ж.Солонго

Гэрэл зургийг гавьяат жүжигчин Ө.Уянгын фэйсбүүк хуудаснаас авав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.143 oros xel, yalanguya itali, angli xelee mash sain bolgooroi!!! bagsh chin uuniig l xeleed bnlee shu!!!