Ус, гал бас нэгдэл, тэнцвэр

2015 оны 12 сарын 27

Галын дөл дүрэлзэж, улаан, улбар бас бүдэг шар өнгө холилдон дөл нь өөдөө оргилно. Шад, пад хийн дуугарах энэ чимээг хуурай модных гэж л хэлж болмоор. Дараа нь ус. Хоржигнон урсах усны чимээ. Ямар нэгэн зүйлд торохгүй л бол уснаас ийм чимээ гарахгүй. Чулуу эсвэл төмөр, түүний урсгалыг хааж, зогсоох зорилготой ямар нэг зүйл байх шиг.


Яг энэ амьд аялгуутай сүлэлдсэн орчин үеийн бүжгэн жүжиг. Нэр нь “Усгал”.  “Хүрэн толгойн сүүдээр...” гэж шуранхайлах уртын дуучны хоолой нам гүмийг эвдэн тас харанхуй тайзыг дүүргэх шиг боллоо. Түүн дээр онож туссан гэрэл бага багаар алсарсаар ус, гал хоёрыг төлөөлөх бүжигчдийг “онилов”. Дэлгэц, тайз, гэрлийн урлагийг бүжиг, уртын дуу, хөгжимтэй хослуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн эхлэл нь энэ.


Монголын урлагийн зөвлөл  дэлхийд данстай монгол залуу авьяастныг дэмжиж, олон улсад өрсөлдөх чадвартай орчин үеийн хөгжим, бүжиг, медиа урлагийн цогц бүтээл туурвих зорилгоор “Усгал” төслийг санаачлан Швейцарийн хөгжлийн агентлаг, “Петро Матад” ХХК, Монголын эдийн засгийн форумын дэмжлэгтэйгээр өнгөрсөн пүрэв гаригт үзэгчдийн хүртээл болголоо. Монголд байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй тайзан дээр энэ тоглолтыг зохион байгуулж, “Corporate hotel&convention center”-тэй хамтран ажиллажээ.

Энэ бүтээлийн хөгжмийн зохиолч нь алдарт “Агула” цомгоор олон улсад танигдаад буй төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх бол бүжиг дэглээч нь АНУ-ын Чикаго хотын “Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанийн бүжигчин Б.Одбаяр юм. Түүнтэй хосолж, усыг төлөөлж ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Ч.Ганчимэг бүжиглэсэн. Кино найруулагч Ш.Ихбаяр видео бүтээлийг туурвиж, гэрлийн найруулагчаар Барри Стийл ажиллажээ.Мөн үзэгдэл бүрт өнгө, уянга нэмсэн хүмүүс нь “Түмэн эх” чуулгын уртын дуучин Б.Мөнхбаатар, ДБЭТ-ын гоцлооч Б.Энхнаран, “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэл, Д.Батсайхан, челист М.Хандсүрэн нар байв.

Ус амьдралын эх булаг. Гал илүү оргилуун утга учиртай амьдрахыг харин надад сануулна. Ус галтай нэгдвэл юу болох бол. Боломжгүй гэж үү. Үгүй ээ, боломжгүй юм шиг хэдий ч бий болсоор, бүтсээр байгаа л төрх энэ. Гал унтрахгүй, ус буцлахгүйгээр хамт байж чадах уу, яг л өөр өөрийн үзэл бодолтойгоор нэг нэгнээ хүндлэх асар нарийн мэдрэмжтэйгээр оршин тогтнож буй гайхамшигтай хосууд шиг.


Энэ бүжгэн жүжиг “Гал усыг мөрөөдөв”, “Ус галд дурлав”, “Усгал” гэсэн гурван хэсэгтэй. Гал бол эр хүний, ус бүсгүйн төлөөлөл болно. Бүх насныханд уран бүтээлээ хүргэж, ус гал мэт ангид орших хүмүүс өөр хоорондын тэнцвэрээ олох нь өнөөдрийн эрхэмлэх үнэт зүйл юм гэсэн санааг уран бүтээлчид бүжгэн жүжгээрээ илэрхийлэхийг зорьжээ.

Үзэгчдийн санаанаас хэдэн өдөртөө, хэсэгтээ, бүр хэзээ ч мартагдахгүй ул мөрөө үлдээдэг туурвилыг нь жинхэнэ бүтээл гэж онцолдог болов уу. Мартахын аргагүй сэтгэгдэл өвөрлөн тэр танхимаас гарсан үзэгчид, сэтгэлдээ хүлээлтэйгээр алга таших мэдрэмж нь уран бүтээлчдэд зориулсан үнэлгээ болсон байх. Монголын урлагийн зөвлөлийн нэг жилийн турш хийсэн ажлын хаалт, дэлхийд монголын авьяастнуудыг таниулах их ажлынх нь нэг нь энэ байсан буюу. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.195.36 Монголын Урлагийн Зөвлөлийн хамт олон, оролцсон уран бүтээлчид, энэ тоглолтыг ивээн тэтгэж, дэмжиж ажилласан бүх байгууллага хувь хүмүүст бүгдэд нь баяр хүргэе. Сайхан тоглолт боллоо.