Сайхан

2016 оны 01 сарын 10

Сайхан дуу сонсох сайхан. Сайхан инээмсэглэсэн хүн гаднаас гэрэл татуулан орж ирэх хэчнээн сайхан билээ. Сайхан хар нүдийг ширтэх сайхан. Үнэн сайхан үгэнд урамшин далавчтай мэт дүүлэн нисэх сайхан.

Хөдөө бага байхад айл хэсэх шиг сайхан зүйл үгүй санагддаг сан. Айл саахалтынхнаараа өдөрт дор хаяж нэг удаа заавал орж, гүнцгээ авна. Гэрт адилхан хуушуур байхад л айлынх илүү амттай санагдаж, үнэрээр нь ороод л хоол буудна.

Гэртээ хийх дургүй ойр зуурын ажлаа айлд болохоор хүүхдүүдтэй “дарвиад” гялалзуулчихна. Айлд зочин ирвэл манайд ирсэн юм шиг хөөрцөглөнө. Хол ойрын сонин хачин мэдээ дуулбал үеийнхэн маань нэгнээсээ түрүүлж, хот айлынхандаа хэл хүргэх гээд чавхадчихна.

Нэг юм дуулчихвал бушуухан хүмүүст хэлэхсэн гэхээс хөл газарт хүрэхгүй шахам дэгддэг бидний хүүхэд нас сайхан шүү.

Оюутан байхад мөнгө төгрөгөөр дулимаг ч цаг заваар яасан баян, сайхан байсан юм. Хичээлдээ яваад, номын санд суугаад, бие даалтаа хийхийн хажуугаар сургуулиудын утга зохиолын дугуйлан хэсэх, болзоонд явах, дэмий сэлгүүцэх завтай байж.

Одоогийн оюутнууд шиг сар бүр тэтгэлэг авахгүй ч аав, ээжийн явуулсан мөнгийг хүргээд л байна шүү дээ. Цаг ч цаг шиг, мөнгө ч мөнгө шиг байсан юм уу даа, оюутан насанд.

“Хэрэв та цаг, мөнгөндөө харам болж эхэлж байгаа бол залуу нас тань дуусаж буйн шинж” гэж зохиолч Г.Аюурзана хэлсэн нь юутай үнэн. Цаг наргүй ажил амьдралын эргүүлгэнд нэг цаг ч болов сул зогсох эрх чөлөөгүй эрчлэн хуйларч буй өөрсдийгөө харахаар заримдаа өрөвдөлтэй ч юм шиг.

Гэхдээ сайхан бүхэн өнгөрсөнд л байдаггүй гэдгийг мэдрэх, батлах боломж бидэнд бас бий нь хэчнээн гайхалтай.

Юунд ч санаа зовинож, адгахгүй ход ход инээн өдөржин хөгжилдөх хүүхдийнхээ харцнаас өдгөө дахиад өчнөөн олон сайхныг өөртөө шинээр нээсэн. Амьдрал ийм болохоороо л сайхан юм.

Сайхан дурсамжаа эргэцүүлэн, олон он цагийг жаргалтай өнгөрүүлснээ санах сайхан. Өвлийн энэ тачигнасан жавар дундуур ч үстэй дээлээ тоодойтол шуудгаараа шуучихсан, нуруу нь бөхийсхийн, нударгаа савчуулан хаа нэгтээ алхаж яваа аавыгаа бодохоор бүр сайхан.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД