Л.ГАНТӨМӨР: Уран бүтээл цаг хугацааны шалгуур давах нь хамгийн том шагнал

2016 оны 01 сарын 14

Монголын урчуудын эвлэлийн шагналт, уран барималч Л.Гантөмөрийн урланд зочиллоо. Тэрбээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан “Улаанбаатар-Уран баримал 2015” шилдэг бүтээлийн уралдаанд “Анчин” бүтээлээрээ тэргүүн байрт шалгарсан. Мөн өнгөрсөн жил тус уралдааны дэд байрын эзнээр тодорсон юм.

-Шилдгээр шалгарсан “Анчин” баримал тань юугаараа онцлог байв?

-Энэ жилийн уралдаанд “Анчин”, “Амьдрал” гэсэн хоёр бүтээлээр оролцсон. “Анчин” нь тэргүүн байрт, “Амьдрал” нь шилдэг аравт шалгарлаа. “Анчин” бүтээлд хурдан хүлэг, эрчит нумын хүчээр ангаа авладаг эртний монгол эрчүүдийг дүрсэлж, хүн чулуун хөшөөний загвараар хийсэн. Хиймэл чулуун материалтай.

Зохион байгуулагчид уралдаан зарлахдаа бүтээл байрлуулах газруудыг товлосон байсан. Хот чимэглэлийн баримал орчинтойгоо зохицож байх шаардлагатай учраас тухайн газруудаар нь явж үзээд Бөхийн өргөөний ойролцоо бүтээлээ байрлуулахаар бодож хийсэн.

Харин зохион байгуулагчид Яармаг явах замд байрлуулсан. Өнгөрсөн жил уг уралдаанд “Дээж”, “Талын гүнж” бүтээлээр оролцсон. “Талын гүнж” нь дэд байрт шалгарсан. Хот чимэглэлийн баримлын уралдааныг 1986 оноос хойш зохиогоогүй байсан. Тэр үед “Нар хараацай” бүтээлээр оролцсон.

-Уран баримал дотроо хот чимэглэлийн чиглэлээр бүтээлээ туурвидаг. Хот чимэглэлийн уран баримлын онцлог юу вэ. Юуны түрүүнд танин мэдэхүйн ач холбогдолтой байх. Тийм үү?

-Тийм ээ. Тухайлбал, тэмээ мэдэхгүй бага насны хүүхэд тэмээний баримал хараад бөхтэй гэдгийг мэдэх нь танин мэдэхүй. Хот чимэглэлийн уран барималд орон зай чухал.

Уран зургийг аль нэг талаас нь харах боломжгүй байдаг бол баримлыг бүх талаас нь хардаг. Үүгээрээ илүү чадвар шаарддаг. Тэнцвэрийн хууль, гэрэл сүүдэр, орон зай, зохиомж, утга санаа, онолын мэдлэг байх шаардлагатай.

-Уран барималч болсон цагаасаа энэ чиглэлээр бүтээл туурвисан уу?

-Би Дүрслэх урлагийн сургуулийг чимэглэх зураач мэргэжлээр 1978 онд төгссөн. 1980 онд Урчуудын эвлэлийн хороонд гишүүнээр элссэн. Тухайн үед Урчуудын эвлэлийн хорооны дэргэд Монументаль чимэглэлийн үйлдвэр гэж байсан.

Нийслэл, орон нутгийн бүх хөшөө дурсгал тэр үйлдвэрээс гардаг байлаа. Тэр үед баатруудын хөшөө их хийдэг байсан. Чимэглэх зураач болохоор хот чимэглэлийн барималтай илүү ойр байсан.

-Уг нь зураач юм байна шүү дээ.

-Яг зураач биш. Уран зургийн анги төгссөн хүмүүсийг зураач гэнэ. Манайх баримал керамикийн анги. Мэргэжлийн нэршил нь чимэглэх зураач юм. Уг нь багадаа зураач болохыг хүсдэг байлаа. Пионерын ордны зургийн дугуйланд явдаг байсан.

Зуны амралтаараа драмын театрт очиж, зураач Доржпалам гуайгаар зураг зурахыг заалгадаг байлаа. Зураач болох гэж Дүрслэх урлагийн сургуульд орсон. Намар сургуульд ирэхэд баримал керамикийн ангид хуваарилсан байсан.

Тухайн үеийн багш нар агуу хүмүүс. Зурсан зургийг нь хараад л зураач болж чадах, эсэхийг мэддэг. Өнгөний мэдрэмж жаахан муу байсан уу бүү мэд барималч болбол илүү чадна гэсэн. Өөрөө шийдээгүй ч зөв сонголт болсон.


-Европын орнуудаас эхлээд хот чимэглэлийн баримлуудаараа дэлхийд алдартай хотууд бий. Манай хот чимэглэлийн баримлууд ихэнхдээ хүмүүсийн хөшөө байдаг. Энэ нь хөгжлийн зөв зам мөн үү?

-Одоо л жинхэнэ утгаараа хөгжиж эхэлж байна. Хот чимэглэлийн баримал нэг хэсэг нас барсан хүмүүсийн хөшөөгөөр дүүрсэн нь үнэн. Мөнгөтэй хэн ч байсан газар аваад, эцэг, эхийнхээ хөшөөг босгодог.

Мэдээж түүхэн хүмүүсийн хөшөө дурсгал байх хэрэгтэй. Цонжин болдог сайхан бүтээн байгуулалт болсон. Одоо их Майдар бурхан бүтээж байна.

Энэ бол манай улсыг дэлхийд таниулах том бүтээн байгуулалт. Зөвхөн өндөр барилгуудаар хотын хөгжил, өнгө төрхийг төсөөлж болохгүй.

1990 оноос саяхныг хүртэл хот чимэглэлийн баримал хийх эрхийг нэг компани эзэмшсэн. Тиймээс чөлөөт уран бүтээлчдэд бүтээл хийх боломж олон гардаггүй байсан.

Э.Бат-Үүл дарга болсноос хойш энэ тогтолцоо арилж, уран бүтээлчдэд бүтээлээ таниулах боломж олдож байна. Өрсөлдөөн байж урлаг хөгждөг.

-Таны бүтээлүүдийг ажиглахад үндэсний өв соёл, зан заншлаа орчин үеийн уран баримлын загвар хийцтэй хослуулжээ. Тэр дундаа монгол бичгийн хэлбэр дүрс их шингэсэн байна.

-Монгол уран бүтээлч хүн үндэсний өв соёл уламжлалаараа онцгойрох хэрэгтэй. Манай өв соёл, ахуй амьдрал их өвөрмөц. Юм бүхэнд нь бүтээлийн гайхалтай санаа, зохиомж байдаг.

Тухайлбал, усан оргилуур, хүрхрээ хийе гэвэл сүү самарч буй эмэгтэйтэй холбож болно. Монгол бичгийг ямар ч бүтээлд шингээж болдог.

Жишээ нь, энэ “Талын гүнж” гэдэг бүтээл. Бүсгүй хүний донжийг монгол бичгээр илэрхийлсэн. Мөн энийг харахад морь унасан хүн мэт боловч сайн ажиглавал авга гэсэн үг.

Модерн чиглэлийн хийц миний бүтээлд голлодог учраас зохиомж хамгийн чухал. Зогсож байгаа морийг яг дуурайлгаж хийвэл уран сайхны баримал биш. Морины хөдөлгөөний ямар агшныг сонгож, түүгээр юу илэрхийлэхээ бодох хэрэгтэй.

Тухайлбал, миний “Амин сүлд” гэдэг бүтээл байна. Авангард зохиомжтой. Харагдах байдалд нь илүү анхаарсан юм. Урд хоёр хөл нь эрч хүчийг бэлгэдэж, зогсож буй хөлөөр бат бөхийг дүрсэлсэн. Нэг гараараа амин сүлдээ хамгаалж байгаа юм.

-Таны туурвисан бүтээлүүд хотын хаана, хаана байгаа вэ?

-Улаанбаатарт цөөн бүтээл бий. Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан бүтээл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгаа. Хажууханд нь “Дээж” баримал бий. Хүүхдийн 100 орчимд “Нар хараацай” бүтээл байна.

-“Нар хараацай”, “Амьдрал” хоёр цуврал бүтээл гэсэн үү?

-Тэнгэр, газар, ус гурав амьдралын эх нь. Тиймээс эдгээрийг дүрсэлсэн цуврал бүтээл хийхийг аль эртнээс хүссэн. Анхны бүтээл нь “Нар хараацай”. 1984 онд хийсэн. Хараацайнууд нарыг тойрон нисэж буйгаар дүрсэлсэн.

Нэлээд удаж байж дараачийнхыг нь өнгөрсөн жил бүтээсэн. “Амьдрал”-д далайн амьтан загасыг хосоор нь бүтээсэн. Төв гандангаас Барилгын технологийн коллеж орох замд байгаа.

Одоо газрыг дүрсэлсэн бүтээл хийх үлдсэн. Боломж гарвал удахгүй хийнэ.

-Түрүүнд таны баримлын зургийг авах гээд тоосыг нь арчихад “Тоостойгоо байвал илүү бодитой” гэсэн. Хуучирсан баримлуудыг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хот чимэглэлийн баримлууд орчиндоо зохицохоос гадна байгальтай уялдаа холбоотой байвал амьд мэт харагддаг. Орон зай, зохиомж сайтай бүтээл хуучирсан ч муухай харагдахгүй.

Нэг үеийг бодвол манайхан хотын баримлуудыг эвдэж сүйтгэхээ больж. Үүнд их баярладаг. Намайг залуу байхад эвдээд, зарим дээр нь элдэв юм биччихдэг байсан.

Манай барималчид цагаан сар, наадам гээд баяр болгоны өмнө эвдэрсэн баримлуудыг засдаг байлаа. Тэр үед ихэнхийг нь цементээр хийдэг байсан болохоор чанар муу байж.

Хот чимэглэлийн баримлын материал хамгийн чанартай байх хэрэгтэй. Мод, зэс, чулуу, хиймэл чулуу, хүрэл зэрэг олон материалаар хийдэг. Бид материалаа ихэвчлэн 100 айлын худалдааны төвөөс авдаг. Гаднаас авчирдаг хүмүүс нь мэргэжлийнх биш болохоор зарим материалын чанар муу.

Тухайлбал, бидний баримал хийж буй гипс барилгын зориулалттай. Уг нь баримлын гипс тусдаа байдаг. Хэв авдаг, цутгадаг гээд дотроо олон янз.

Зориулалтын гипсээр хийсэн баримлыг хүчтэй шидэхэд ч эвдэрдэггүй юм билээ. Одоо хэрэглэж буй гипсээр хийсэн баримлыг шалан дээр унагахад л хагардаг.

-Гуч гаруй жил ажиллажээ. Мөрөөдлийнхөө бүтээлийг хийсэн үү?

-Уран бүтээлчдийн мөрөөдөлд хязгаар байдаггүй. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг. Чадал хүрэх үгүйг нь мэдэхгүй ч нэг том мөрөөдөл бий. Улсын эдийн засагтай холбоотой учраас биелэх эсэх нь тодорхойгүй.

Манай нийслэлийг тойроод дөрвөн хайрхан сүндэрлэж байна. Уул тус бүрийн аль нэг хэсэгт Зайсан шиг амралт зугаалгын цогцолбор барих хүсэлтэй. Тэгвэл Чингэлтэйд амьдардаг хүн хаа хол Зайсанд очиж чөлөөт цагаа өнгөрүүлэх шаардлагагүй.

Баянзүрх дүүргийнхэн хайрханыхаа орчимд амралтын цогцолбор барихаар төлөвлөж байгаа гэсэн.

Хот чимэглэлийн баримлын ихэнх нь том хэмжээтэй байдаг болохоор ганцаараа хийхэд хэцүү. Цаг хугацаа их шаарддаг. Би таван шавьтайгаа ажилладаг. Уран баримлын ажил хэцүү болохоор энэ мэргэжлийг сонгох хүүхэд орчин үед цөөн болж. Дуртай хүмүүс нь л хийж байна.

Энэ хүйтэн өрөөнд шавар, гипстэй хутгалдаад суух залуучууд олон биш. Би шавь нартаа хатуу шаардлага тавьдаг. Уран бүтээлч хүн цаг сайн барьж, залхууралгүй, уйгагүй хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй.

Хийнэ гэснээ заавал хийдэг ч, илүү зүйлд шунадаггүй байвал сайн. Уран бүтээлийн эрэл хайгуул байнга хийвэл хурдан хөгжинө.

-Хот чимэглэлийн уран баримал хийдэг хүн байгалийн өвөрмөц тогтоцтой газруудаар аялах дуртай биз дээ.

-Аялах бол миний хэзээ ч дуусахгүй мөрөөдөл. Даанч боломж тэр болгон гарахгүй юм. Урчуудын эвлэлийн хорооны зураач, барималчид ирэх зургадугаар сард Баянхонгор аймгийн Сэврээ уул руу уран бүтээлийн аялал хийнэ.

Тэр газрын байгалийн тогтоц яг уран баримал шиг гэж сонссон. Би гоё сайхан гэхээсээ илүү сонин содон газруудаар аялах хүсэлтэй. Очсон газар бүрийнхээ ард түмний уламжлалт амьдралыг их сонирхдог.

Африкт очиж уугуул иргэдийнх нь сүрлэн овоохойд амьдарч үзэх юм сан гэхчилэн саваагүй мөрөөдөл их бий.

Урчуудын эвлэлийн хорооноос олон улсын уралдаанд бүтээл сонгон шалгаруулж явуулдаг. Би БНХАУ, Япон, Франц гээд цөөнгүй газраар явсан. Латвид болсон олон улсын уран баримлын үзэсгэлэнд тэргүүн байрт шалгарч байлаа.

Мөн Японд болсон үзэсгэлэнд шагналт байранд шалгарсан. Тоочвол амжилт цөөнгүй бий. Заримыг нь мартчихаж.

-Шагнал бол уран бүтээлчдийг урамшуулж, цаашид их зүйл бүтээхийг дэмжсэн үнэлэмж гэж боддог. Гэтэл та олон улсад үзүүлсэн амжилт, гавьяа шагналаа төдийлөн тоодоггүй юм шиг санагдлаа.

-Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг. Уран бүтээлийг үнэлж, урамшуулж байгаа нь сайшаалтай. Уран бүтээл цаг хугацааны шалгуур давах нь хамгийн том шагнал гэж боддог.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.91.100 Сайн бна уу Гантөмөр ахаа Танд болон танай гэр бүлд аз жаргал хүсье Мөн таны уран бүтээлд өндөр амжилт хүсье Таныг хүндэтгэсэн Баярхүүгийн дүү Болдхүү