ГҮН ГАЛУУТАЙН ХҮН ШУВУУ

2016 оны 01 сарын 18

“Авьяас билгийн онгодоор тэртээ 1931 онд сансарт ниссэн хүн бол Дашдоржийн Нацагдорж” хэмээн ардын уран зохиолч Тангадын Галсан гуай хэлсэн юм. Гариг эрхсийн тухай ойлголт монголчуудын сэтгэлгээ хийгээд амьдрал ахуйгаас хэт хол байсан тийм цаг үед “Од” шүлгээ бичиж байв, тэр.

Дашдоржийн Нацагдоржийн тухай бид сайн мэддэг юм шиг хэрнээ бас мэддэггүй явж. Түүний тухай хэлдэг, ярьдаг, мэдүүлдэг хүмүүс ч цөөрч. Харин их зохиолчийн хийсэн бүтээснийг үгүйсгэн, зарим талаар гутаан доромжилж өнөөгийн уншигчдад өөрсдийгөө тунхаглан гарч ирэх сонирхолтой хэсэг нь олшрох маягтай болж.

Үнэн хэрэгтээ энэ хэсэг бүлгийн тэргүүн эгнээнд зохиолч, уран бүтээлчид өөрсдөө явж байдаг нь егөөтэй. Тэгсэн хэрнээ “Нацагдоржийн нэрэмжит шагнал”-ыг бол Монголын зохиолчдын эвлэлээс өгвөл авчих санаатай (өөрсдөө хөөцөлддөг нь бий) улс байх нь жаахан ичмээр.

Их Нацагдоржийн нутаг гэдгээрээ алдаршсан Гүн Галуутайгаас оюун санааны маш том, хурц тод гэрэлт бамбар өндөрт дүүлэн гэрэлтсэний ачаар XX зууны эхэн үеийн хоцрогдсон, бүдүүлэг монголчуудад замчлах нэгэн хөтөч нь болсон гэдгийг тэд хүлээн зөвшөөрөх дургүй. Гэвч зөвшөөрдөг хэсэг нь түүнээс хавьгүй олон.

“Дашдоржийн Нацагдорж гэж хэн бэ” хэмээн хүрэн өнгөөр бичсэн самбар өлгөөстэй, түмэнд хэдийнэ танил болсон бүрх малгайтай зураг нь өөдөөс цоо ширтсэн танхимд олон зочид цуглажээ.

“Дашдоржийн Нацагдорж гэж хэн бэ” гэсэн асуулт энэ удаа маш нухацтайгаар тавигдаж, Үндэсний номын сангийн их танхимыг бүхэлд нь ноёлж байв. Монголын утга зохиолын ахмад, идэр, дунд насныхан хийгээд уран зохиолын багш нар нэгэн дээвэр дор цугласны учир энэ асуултад үнэн зөв, шударга, олонд нээлттэй хариу олоход чиглэсэн мэт...

Их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойгоор нь ядаж түүний хэн байсныг хойч үеийнхэнд үнэнээр нь ойлгуулах, мэдүүлэх үүднээс соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн удирддаг Дэлхийн Монгол зохиолчдын холбооноос өнгөрсөн долоо хоногт нэгэн арга хэмжээ зохиосон юм.

Дэлхийн Монгол зохиолчдын холбооны дэргэд ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нарын бас нэг холбоо байгуулагдсан бөгөөд хүүхдүүдэд номын дуу сонсгодог сурган хүмүүжүүлэгчдийн өөрсдийнх нь мэдлэг, оюуныг шинэ ус, агаар, салхиар сэлбэснээрээ онцлог үйл явдал энэ болов. Багш нарт номын дуу сонсгосон хүн нь эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч С.Лочин гуай байлаа.


Д.Нацагдоржийн тухай насаараа судалж буй тэрбээр их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж “Нацагдорж” хэмээх бүтээл хэвлүүлснээ энэ өдөр үйлс нэгт номын нөхөд, уншигч олондоо танилцуулсан.

Түүний бүтээл их зохиолчийн тухай бидний төдийлэн мэддэггүй зүйлүүдэд, андуурч будилж явсан төөрөгдлүүдэд хариу өгөхүйц баримт нотолгоо, мэдээлэлтэй болсон санагдав.

НАЦАГДОРЖ ХААНА ТӨРӨВ

Дашдоржийн Нацагдорж гэсэн түлхүүр үгээр Wikipedia руу ороход түүнийг “1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газарт ядуу тайжийн гэрт төрсөн” гэж гарч ирнэ.

Тэнд бас түүнийг Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг гэж оруулсан байгаа. Аль аль нь ташаа мэдээлэл аж. Уг нь Wikipedia-д бид хамгийн их итгэдэг, тэнд л үнэн бодит мэдээлэл байгаа гэж олон хүн боддог. Гэтэл Дашдоржийн Нацагдорж Төв аймгийн Баяндэлгэр суманд бус, Мөнгөнморьтод төрсөн гэдгийг С.Лочин гуай хөдөлшгүй баримтаар тайлбарлана лээ.

 

...“110 жилийн өмнө буюу өнгөрсөн зууны үүрээр төрсөн хэрнээ өчигдөр уулзаад салсан юм шиг ард түмнийхээ сэтгэл зүрхэнд тийм тод мөрөө үлдээнэ гэдэг бол Д.Нацагдоржийн зиндааны хүний хувь тавилан шүү. Гэтэл түүний амьдрал, уран бүтээлийн тухай олигтой ярихгүй, Д.Нацагдорж судлалыг хөгжүүлэхгүй, сурталчлахгүй байгаа нь бидний муугийнх. Шүлгүүд дотор нь шинэ сайхан дуунууд төрмөөр юм өчнөөн байна” хэмээн ардын уран зохиолч Д.Цоодол гуай зэмлэнгүй хэлсэн...

 

Зохиолч хоёр удаа баривчлагдан, байцаалт өгөхдөө өөрийн гараар бөглөсөн анкет дээр нь “Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн” гэж бичээстэй байдаг аж. Тухайн үед засаг захиргааны хуваарилалтаар Баяндэлгэр ч, Мөнгөнморьт ч аль аль нь байсан учраас Д.Нацагдоржийн бичсэнд эргэлзэх зүйлгүй гэлээ.

Их зохиолчийн тухай хичээл орохдоо яг аль суманд төрснийг нь өөрсдөө ч мэдэхгүй, тээнэгэлздэг байсан багш нар одоо “Д.Нацагдорж Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн” гэж итгэлтэйгээр хүүхдүүдийн өмнө хэлэх боломжтой болов.

“ОРЧИН ЦАГИЙН УРАН ЗОХИОЛЫГ ҮНДЭСЛЭГЧ МӨН”

Өөр нэг зүйл бол, Д.Нацагдоржийг Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг төдий биш, үндэслэгч нь гарцаагүй мөн гэдгийг батлах, түүнийг хүлээн зөвшөөрөх тухай байлаа.

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч гэсэн хүндтэй “автор”-ыг өнөөгийн утга зохиолын хүрээнийхэн нутаг устайгаа, багш шавийн барилдлагатайгаа хольж хутган, хүссэн хүндээ зоргоороо “өгөх” гээд байдаг болсон нь нууц биш.

Тухайлбал, С.Буяннэмэхийн нутгийн эрдэмтэн судлаачид түүнийг Д.Нацагдоржтой эн зэрэгцүүлэн гаргаж ирэх гэдэг бол нөгөө талаас Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын шавь нар багшийгаа Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн эгнээнд аваачдаг.

Ер нь бол манай нийгэмд ихээхэн газар авах болсон гаж сөрөг үзэгдэл буюу нутгархах, танилаараа тал засах, намчирхах байдал ариун тунгалаг уран зохиолд хүртэл сүүдрээ тусгаад эхэлснийг хүмүүс мэдэж л байгаа.

Тиймээс Д.Нацагдоржийг Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч хэмээн дахин батлах, бусдаар хүлээн зөвшөөрүүлэхэд амаргүй байж болох.

“Д.Нацагдоржийн зохиол бүтээлийг өнөөдөр уншихад өнөөгийн хүн зохиосон юм шиг мэдрэгддэг. Тэртээ 1920-1930-аад онд бичигдсэн гэхэд үг хэллэг, найруулга нь огт хуучраагүй, ямагт шинээрээ байдаг.

Зөвхөн үүгээр түүнийг Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч гэж үзэх бүрэн боломжтой” хэмээн судлаач С.Лочин хэлсэн. Үнэхээр ч өнөөдөр захын цэцэрлэгийн багачууд “Миний хэнз хурга Магнай халзан зурвастай” гээд уншиж, ойлгож, үйл хөдлөлөөр үзүүлж чадна.

Жаргалан жаргалан жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний доторх чухам жаргалан

Эрүүл энхийн нэгэн жаргалан... хэмээн одоо ч эмнэлгүүдийн ханан дээр бичээстэй байх. “Миний нутаг” шиг шүлгийг хэн ч бичиж чадна хэмээн зарим ойворгон нөхөд хэлдэг ч үнэндээ тийм харанхуй бүдүүлэг цагт, их зохиолчийн хэлсэнчлэн хөмөрсөн тогоон доторх шиг хаалттай нийгэмд эх орныхоо тухай энэ хэмжээний мэдлэгтэй, логиктой, уртай, өгүүлэмжтэй шүлэглэнэ гэдэг амныхаа зоргоор бүтээчих зүйл биш байлгүй.

Тийм болоод л юмны наадах цаадахыг ойлгодог, сийрэг ухаантай, басхүү шударга хүмүүс нь Д.Нацагдоржийг хүлээн зөвшөөрдөг биз. Ямар сайндаа л зохиолч До.Цэнджав “Түүний бүтээл болгон нээлт байсан.

Одоо хүртэл бид дуурь гэж юу байдгийг гүйцэд ойлгоогүй, мэдэхгүй шахам явж байхад их Нацагдорж 80 гаруй жилийн тэртээ “Учиртай гурван толгой”-гоо зохио чихож.

Утга зохиолын бүхий л төрөл жанраар бичсэн тэрбээр яалт ч үгүй Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч. Манай нутгийн С.Буяннэмэх бол уран зохиолын үндэслэгч гэхээсээ илүү төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байсан” хэмээх вэ дээ.

Д.ЦООДОЛ: НАЦАГДОРЖИЙГ МЭДЭХГҮЙ ТЭР ГИШҮҮНИЙГ МАНАЙХАН ШООЛЖ ИНЭЭХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ

“110 жилийн өмнө буюу өнгөрсөн зууны үүрээр төрсөн хэрнээ өчигдөр уулзаад салсан юм шиг ард түмнийхээ сэтгэл зүрхэнд тийм тод мөрөө үлдээнэ гэдэг бол Д.Нацагдоржийн зиндааны хүний хувь тавилан шүү.

Гэтэл түүний амьдрал, уран бүтээлийн тухай олигтой ярихгүй, Д.Нацагдорж судлалыг хөгжүүлэхгүй, сурталчлахгүй байгаа нь бидний муугийнх. Шүлгүүд дотор нь шинэ сайхан дуунууд төрмөөр юм өчнөөн байна” хэмээн ардын уран зохиолч Д.Цоодол гуай зэмлэнгүй хэлсэн.

Д.Нацагдоржийг зөвхөн зохиолч гэдэг талаас нь биш, 17 настайдаа шинэ төрийн албанд зүтгэж байсан ноён нуруутай, мэдлэгтэй, эх оронч сэтгэлтэй түшээгийнх нь хувьд судлах шаардлагатайг ч тэр онцлов. Учир нь дээхнэ төрийн ордонд нэгэн түшээ “Нацагдорж гэж хэн юм бэ. Тэрний тухай уншсан ч яалаа, байсан ч яалаа” гэснийг өвгөн зохиолч зурагтаар үзчихэж.

“Уг нь манайхан Нацагдоржийгоо мэдэхгүй тэр гишүүнийг шоолж инээх ёстой байсан юм. Гэтэл тэгээгүй. Энэ их гунигтай явдал шүү” хэмээн эгдүүцэж байна. Харин ардын уран зохиолч П.Бадарч “Юм үнэнээрээ байх нь хамгийн үнэ цэнэтэй. Д.Нацагдоржийг хэн байсныг өнөөгийн залуус мэдэхгүй байна.

Монголын утга зохиол, соёл, нийгмийн амьдралд оруулсан түүний үүрэг маш их. Уран зохиол нь сайн хөгжсөн орны урлаг соёл гарамгай хөгждөг. Шекспир байгаагүй бол Английн дуурь өдий зэрэгт хүрч хөгжих үү гэдэг эргэлзээтэй.

Аливаа ард түмний уран сайхнаар сэтгэх чадвар, оюуны бүтээлийг хүндэтгэх, хүлээж авах нийтийн мэдлэг боловсрол сайн байж гэмээнэ тэр улс хөгжилд хүрдэг” хэмээв. Ил шулуухан үгтэй түүний хэлснээс бас л юм бодохоор.

ТҮҮНИЙ АМЬДРАЛД ДӨРВӨН ЭМЭГТЭЙ БАЙСАН

С.Лочин гуай Д.Нацагдоржийн амьдралд дөрвөн эмэгтэй байсныг хүртэл шүлэг зохиол, архивын баримт сэлтийг ухаж байгаад олоод судалчихаж. Хүрээний Дулмаа хэмээх хөөрхөн бор бүсгүй түүний анхны хайр байсан гэнэ.

Харин анхны эхнэр Пагмадуламтай 1922 оны үед танилцаж, гэрлэжээ. Тэд хамтдаа Ленинград хотод суралцаж байсныг манайхан мэдэх биз. Удаах эхнэр

 Нина Чистякова тэр хоёрын дундаас ганц охин төрсөн нь Ананда Шира. Түүнийг хожим Монголд амьдрах гэж ирээд учир битүүлгээр нас барсан ч гэдэг.

Харин Нина Чистяковаг нутаг буцсаны дараа буюу их зохиолчийн амьдралын сүүлийн өдрүүдэд Норжмаа хэмээх бүсгүй түүнд хань болж байжээ. Харамсалтай нь тэдний хайр сэтгэлийн романс зулын гэрэл шиг бадамлаад бөхөх хувьтай байв.

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭС БОЛЖ СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН ЭМНЭЛЭГТ

ХЭВТЭЖ БАЙЖЭЭ

Хорвоод 31-хэн жил амьдрахдаа Д.Нацагдорж юу хийж бүтээснийг судалдаг хүмүүс мэр сэр байдаг ч цаана нь өчнөөн зүйл үлдсэнийг дээрх хүмүүсийн яриа харуулах шиг. Ц.Хулан “Д.Нацагдорж бол Монголын уран зохиолын үд дундын нар. Түүний тухай судлах цаг хугацаа дуусаагүй” хэмээсэн.

Их зохиолчоо бид амьдад нь ч, нас барсан хойно ч зохих ёсоор хайрлаж, үнэнийг үнэнээр нь үнэлж чадаагүй гэлтэй. 1932, 1936 онд хоёр удаа хилсээр баривчлагдан, олон хоног байцаагдаж байсан тухай ерөн бичигт лав байдаггүй.

Яагаад баривчилсан тухай нь олон нийт өнөөг хүртэл олигтой мэдээлэлгүй л байгаа. Эхний удаа цуурхал тараасан гэх улс төрийн хилс хэрэгт унаж баривчлагдан таван сарын турш мэдүүлэг өгөхдөө “СССР-ээс уригдаж ирсэн сургагч нар анх ирэхдээ уранхай муу хувцастай байгаад буцахдаа сайн сайхан хувцастай болоод явдаг нь үнэн шүү дээ.

Тэдний зарим нь манайханд тустай ажил хийдэг ч олонх нь цалин мөнгөний хойноос явдаг” хэмээн шударгаар өчиж байсныг С.Лочин гуай дурдав. Тэгвэл 1936 онд түүнийг хулгайн хэргээр баривчилж, 50 гаруй хоног байцаагаад гаргахдаа албан тушаал бууруулан, 860 төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан байдаг аж.

Ажлын шаардлагаар ШУХ-ээс хэдэн зургийн цаас авсныг нь 4000 төгрөгийн эд бараа хулгайлсан мэтээр матсан нөхөд түүний хүрээлэлд цөөнгүй байжээ. Гянданд байх зуур эхнэр Нина Чистякова, охин Ананда Шира хоёр нь Зөвлөлт рүү буцсан зэргээс болоод энэ бүхний дараа тэрбээр сэтгэл санаагаар унаж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүртэл хэвтэж байсан гэнэ.

Эцэст нь цэл залуухнаараа зуурдаар орчлонгоос буцсан. Гэхдээ тэр хэнд ч, юунд ч гомдоогүй юм шиг ээ.

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэрнэ... гэж эхэлдэг “Дөрвөн цаг” шүлгийн “Хавар”-ыг уншихаар өөрийн эрхгүй танхил бага нас минь бодогддог. Зуныг хүний залуу настай, намрыг идэр, өвлийг өтөл настай зүйрлэн, орчлонгийн жамыг, хүмүүний амьдралын утга учир, мөн чанарыг танин мэдэх ухаан, түүнийгээ урнаар илэрхийлэх сэтгэлгээний цар хүрээ хорин хэдхэн насанд заяана гэдэг хосгүй. Гүн галуутайн хүн шувуу

...Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан

Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй хэмээн гэрээсэлчихээд хөх тэнгэрт үүрд цойлжээ.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД