Ш.ЧИМЭДЦЭЕЭ: ХАМГИЙН ТОМ, ХҮНДТЭЙ ТАЙЗ БОЛ МИНИЙ ТАЛ НУТАГ

2016 оны 01 сарын 20

Билүүтэй уулынхаа овоонд

Чулуу ганцыг нэмлүү дээ

Биеэ хувааж төрүүлсэн

Ижийнхээ ачийг яалаа даа... хэмээх дуугаар нь Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэтэй анх “танилцаж” байв. Усны бидэр шиг зөөлөн тунгалаг, тийм нэг яруу, ялгуун аялгууг радиогоор сонсоход хайр энэрэл эрхгүй дотогшоо урсан цутгах шиг болж билээ. Дараа нь

Тооройн сүүдэрт

                              ботго минь буйлна

Тогоотой сүүнд минь

                        саран хөвнө гээд уянгалуулахад нь “Ийм сайхан үг, аялгууг энэ гайхамшигтай хоолой л ингэж амилуулж, илэрхийлэх юм байна” хэмээн огшиж байснаа мартдаггүй.

Үг, ая, дуучин гурав бие биенээ олохын төгс зохицлыг тэгж анх мэдэрсэн болохоор дуучин Ш.Чимэдцэеэ хөдөөгийн хүүхдийн баригдмал ертөнцөд уртын дуунуудаасаа илүү дээрх бүтээлээрээ дархлагдсан юм.

Хүндэлж явдаг эрхэм хүнтэйгээ мэргэжлийнхээ буянаар нүүр тулан хөөрөлдөх гээд явж буйдаа итгэмээргүй ч юм шиг.

“Гоё алаг нүд нь зурагтаар гардаг шигээ болов уу”, “Нөгөө сайхан дуу хоолойных нь өнгө ярихад хүртэл мэдрэгдэж байсан даа” гэх мэтээр хүүхдийнх шиг элдэв гэнэн бодолд автсаар зорьсон газраа хүрлээ.

Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар курсийн гурван шавь нь анхны тайлан тоглолтоо хийх гээд ардын жүжигчний өрөө хөл хөдөлгөөн ихтэй байв. Тоглолт болохоос нэг цаг, гучин минутын өмнө бидний ярилцлага эхэллээ.

-Монгол ардын уртын дуу хэмээх том өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон шавь бэлтгэж буй хүмүүсийн нэг нь та.

Шоу ертөнцийн урлаг давамгайлсан өнөө цагт та уртын дууны цаашдын хөгжлийг хэрхэн хардаг вэ?

-Уртын дууг хоёр чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй юм байна гэж би боддог. Нэгдүгээрт, язгуур шинж чанараар нь буюу үндэстэн, ястан, жалга жалганы онцлогоор нь өвлүүлэн хөгжүүлэх.

Тухайн газар нутгийнхаа бүхий л онцлогийг шингээсэн уртын дууг өвлөн тээж яваа хүмүүсийг хайрлаж, үнэлж, хөхиүлэн дэмжих ёстой юм. Тэр хүний авьяас билэг, эрдэм мэдлэг, хоолой, амь нас Монголд, Монголын ард түмэнд, Монголын урлаг, соёлд маш их хэрэгтэй учраас төр, засгийн бодлого энэ рүү чиглэх ёстой.

Нөгөө талаар, ястан үндэстнүүдийн дууг жалга жалганд нь хав дараад байвал дэлхий нийт сайн ойлгохгүй. Тиймээс монгол ардын уртын дууны үндсэн хэв шинж, мөн чанарыг нь алдагдуулалгүй дэлхийн шоу урлагийн зах зээлд гаргаж, гүйлгээнд оруулах хэрэгтэй байна.

-Тэр менежментийг хэн хийх вэ. Дуучид өөрсдөө юм уу гэхээр өнгөрсөн жил “Авьяаслаг монголчууд” шоунд яая даа гэмээр авьяастай хүн бараг оролцоогүй. Таны шавь нар энэ боломжийг ашиглаад үзье гээгүй юү?

-Юу нь таалагдаагүйг мэдэхгүй, шавь нараас минь “Авьяаслаг монголчууд” шоунд оролцъё гэсэн хүн байгаагүй. Гэхдээ энэ шоуг би анхаарч үзсэн.

Оролцогчдын дунд уртын дууны үндсэн махбодь, мөн чанарыг алдагдуулаагүй, хэт чимж гоёчлоогүй, жинхэнэ монгол хэлбэрээр нь дуулсан настайвтар хүн мэр сэр байна лээ. Гэхдээ шүүгч бол шүүгч.

Тэр оролцогчид хасагдсан байсан. Зөвхөн энэ шоугаар дамжуулна гэхгүй, өөр арга зам бас бодох хэрэгтэй л дээ. Уртын дууны буянаар надад зөвхөн монгол гэлтгүй япон, солонгос, хятад, англи шавь нар бий.

Энэ агуу том соёлыг гадаадын шоу ертөнцөд хэрхэн гаргах тухай тэдэнтэйгээ ярилцана аа. Бас болоогүй ээ, Уртын дууны олон улсын академи гэдгийг өөрөө санаачлан, хөөцөлдөж гүйж байгаад байгуулсан юм.

Нэгэнт олон улсын академи гэж байгаа учраас уртын дуугаа дэлхийн энд аваачих, түүний тулд тэр хэмжээнд менежмент хийх мэдлэг чадвартай, мэдрэмжтэй, танил талтай хүмүүстэй хамтран ажиллахыг зорьж байна.

Ажлаа эхлээд удаагүй байгаа учраас одоохондоо тэгнэ ингэнэ гэж ярих нь эртдэх болов уу.

-Н.Норовбанзад, Ж.Дорждагва, С.Сүглэгмаа, Б.Лхамжав гуай гээд Монголын уртын дууны ноён оргилуудын шавь байснаараа та бахархах дуртай.

Таны авьяасыг тэд тоогоод шавиа болгосон уу. Эсвэл та өөрийнхөө хүсэлтээр тэдний шавь болж байв уу?

-1974 онд тухайн үеийн Соёлын яамны бодлогоор уртын дуучин бэлтгэж байсан юм. Цаашид уртын дуу дуулах авьяастай гэсэн нэг нэг хүнийг аймаг бүрээс сонгож авчраад, Норовбанзад, Дорждагва, Сүглэгмаа, Лхамжав гэсэн алт шиг дөрвөн багшаар бидэнд хичээл заалгаж байв.

Баян-Өлгийгөөс хүртэл казах хүн уртын дуу сурахаар ирж байлаа. Улсын даалгавраар сайхан багш нартайгаа учирсан хувь заяандаа үргэлж баярлаж явдаг. Тэднээсээ мөн ч их зүйл сурсан. Өнөөг хүртэл үүргээ биелүүлээд л явж байна даа.

-Та бүр хожуу Морин хуурын чуулгад орсон байдаг. Дарьгангын Чимэдцэеэ, “Жаахан шарга”-ын Чимэдцэеэ хэмээн олонд хэдийнэ танигдаж, хүндлэгдсэн хүн хотод ирж, улсын театрт дуулах сан гэж яараагүй юм уу?

-Нутагтаа би ёстой л нэг жаргаж байсан. Сүхбаатарынхан намайг жигтэйхэн хүндэлнэ, эрхлүүлнэ, алган дээрээ бөмбөрүүлнэ. Тэгэхээр надад наашаа яарах шалтгаан үгүй байгаа биз.

-Тэгвэл таныг нутгаа орхиход хүргэсэн шалтгаан юу байв?

-Ижий минь өөд болсноор надад нутагтаа байж суух аргагүй юм шиг санагдсан.

-Үнэхээр тэгдэг шүү. Орон зай нь эзгүйрч ханхайгаад, хаа нэгтээгээс гараад ирэх юм шиг санагдаад...

-Юу гэх вэ. Ижийгийн минь явж, сууж байсан газар, ордог байсан дэлгүүр, найз нөхөдтэйгөө уулзаж байсан зэрэг нь нүдэнд харагдаад их хэцүү юм билээ. Тэгээд л хот руу ирэхээр шийдсэн дээ.

1993 онд хөдөөнөөс ирээд, Морин хуурын чуулгад дуучнаар орж байлаа. Гавьяат жүжигчин болсноосоо хойш хоёр жилийн дараа Улаанбаатарт ирсэн юм. Тухайн үед Ардын дуу бүжгийн чуулга намайг дуучнаар авъя гэхэд нь яагаад ч юм ороогүй.

Түрээсийн байранд амьдардаг надад хоёр өрөө орон сууц амлаж байхад татгалзсан хэрэг шүү дээ. Өөрөө амьдрах байргүй, дээрээс нь өөрийн гэсэн тоглолтын байргүй Морин хуурын чуулгыг сонгосноороо би алдаагүй.

-Тэгээд та хэзээ байртай болов?

-1996 онд хотын захиргаанаас надад шинэхэн байр өгсөн юм. Хүүтэйгээ байр түрээслээд явж байсан болохоор энэ нь маш их урам, сэтгэлийн дэм өгсөн.

Энэ бол Монголынхоо уртын дуу, урлаг соёлыг ойлгож дэмждэг ард түмэн, төр, засгийн удирдлагуудын ач буян гэж сүслэн дээдэлж явдаг.

-Ээж тань их урт үстэй, унтахдаа түүнийгээ гурав нугалаад дэрлэчихдэг, жигтэйхэн сайхан эмэгтэй байсан гэж дээр үед таны нэг ярилцлагаас уншиж билээ.

Таныг тийм сайхан эмэгтэйн гэрэлд ургаж торнисон үзэсгэлэнт цэцэг гэвэл бусадтай та тэрхүү сайн сайхны тухай ойлголтоосоо хуваалцаач?

-Ижийгээ би сайн сайхны цогц байжээ гэж боддог. 13 хүүхэд төрүүлж өсгөсөн гэхээргүй сайхан эмэгтэй байсан даа. Зөвхөн гаднаасаа сайхан байх нэг хэрэг. Миний ижий хавийнхандаа алдартай өглөгч, маш сайхан ааштай хүн байж билээ.

Явуулын, эрлийн хүмүүс том, бага гэлтгүй манайхыг зорино. Орсон гарсан бүхэнд ижий заавал хоол, цай хийж өгнө. Том цагаан шаргал шүдээ яралзуулан үргэлж инээж явдаг. Үйлэнд уран. Морь малд гаргууд.

Өв тэгш сайхан ижийгээ бодох тусам мань мэт байтугай одоогийн манай миссүүд ч бараадахгүй юм шиг санагддаг.

-Та олон орны томоохон тайзан дээр дуулж явсан. Тэр дундаас таны хувьд хамгийн том нь хаанахын аль тайз байв?

-Урлагийн буянаар Оросын Их театраас эхлээд НҮБ-ын танхим, АНУ-ын “Карнегги холл”, Японы “Сантори холл”, Герман, Италийн алдартай тайзан дээр дуулж явлаа. Америкт “Карнегги холл”-ын тайзнаа дуулсан гэвэл тэр хүнийг алдартай нэгэн гэж ойлгодог юм билээ.

Гэхдээ миний хувьд хамгийн том, хамгийн хүндтэй тайз бол тал нутаг минь. Тэнд тайзны мухар гэж байхгүй, үзэгчдийн суудлын үзүүр харагдахгүй.

Хүний хоолой эцэж цуцахыг мэдэхгүй дуугарч чадаж л байвал зах хязгааргүй ертөнцөд дуугаа хадаах агуу их боломж тал нутгийн тайзан дээр л бий.

-Та хэдэн жилийн өмнө “Би дахиад 20 жил дуулмаар байна” гэж байсан. Ингэхэд ер нь хүний хоолой хэр удаан “өтөлдөг” юм бол?

-(Инээгээд) Тэгж хэлснээс хойш гурав дөрвөн жил болчихжээ. Яг тэр үеэс хойш гэвэл би өөрийгөө 20 жил дуулж чадна гэж боддог. Ер нь нас явах тусам хүний хоолой байргашина шүү.

Гэхдээ бас өтлөх явцыг нь удаашруулах монголчуудын уламжлалт арга ч бий. Тэр дагуу хоолойгоо сайн арчилдаг. Шавь нартаа ч үүнийгээ зааж өгдөг. Уушгины багтаамж ихэсгэх, амьсгаа тавиу, хоолойны царааг өргөн болгох гэх мэт уламжлалт аргууд бий.

Тэр дагуу хоолойгоо тордоод явахад ямар ч байсан энэ хэмжээнд нь хэдэн жил барьчих байх аа.

-Таныг анзаараад байхад монголчуудын уламжлалт анагаах ухаан, тэр бүр дуулдаад байдаггүй янз бүрийн аргууд, эрдэм номын тухай их ярьдаг.

Гоо сайхнаа хадгалж үлдэх жор тань хүртэл өөр гэлцдэг юм билээ. Үр хүүхдэдээ энэ тухай ярих уу, хүлээж авах нь хэр байх юм?

-Миний өвөг дээдэс хэдэн үеэрээ эрдэм номтой гэлэн, гэцэл хүмүүс байсан. Тэр мундаг хүмүүсийн эрдэм ухаан бидэнд аман хэлбэрээр уламжлагдаж ирснээс тал хагасыг нь ч болов би тогтоож авч үлдсэн хэрэг.

Багаасаа эм тариа хэрэглэж үзээгүй, хамрын шуухинаа хүрвэл ижийнхээ амин усыг залгилж өссөн болохоор одоо ч тэр зангаа тавихгүй. “Энэ эрхтэн өвдвөл ийм өвс ургамлаар эмчилдэг юм шүү, ингэвэл тэгээрэй.

Болж өгвөл эм бага хэрэглээрэй” гэж хүүхдүүддээ захидаг. Өөрөө тэр аргаа хэрэглэх нүгэлтэй дуртай. Амралтын өдөр гэртээ өнжвөл сүүлний өөхийг хэт шарлуулалгүй тосыг нь сайхан гаргаж аваад нүүрээ тосолно. Малын толгойны хуйхыг хуулж, дангаар нь чанаад гоо сайхандаа хэрэглэнэ.

Өвчүү чанаж, тосоор нь нүүр, гараа тосолно. Их үр дүнтэй байдаг юм. Миний гоо сайхны хэрэгсэл гэвэл тос, энгэсэг, уруулын будаг, энэ дөрвөн өнгийн тен (нүдний будаг) л байх шив дээ. Янз бүрийн, олон юм хэрэглэж сураагүй тул энэ нь надад болоод л байдаг юм.

-Та олон удаа хандивын тоглолт хийсэн юм билээ. Анх хандивын ямар тоглолт хийж байв. Үзэгчид хандивын тоглолт хэр үздэг байсан бэ?

-Аав минь лам хүн байсан. Багаасаа буян, нүгэл, өглөг, авлага, сайн муугийн тухай аав, ижийгийн сургаалийг сонсож өссөн болоод ч тэр үү, хандивын үйл ажиллагаанд боломжийнхоо хэрээр оролцохыг хичээдэг.

Миний хамгийн анхны хандивын тоглолт их буянтай үйлсээр эхэлсэн. Монголын ард түмний хандиваар Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээх том ажил 1989 онд эхэлсэн шүү дээ.

Сүхбаатар аймгийн театрын найруулагч Гомбосүрэн бид хоёр тэр буянтай үйлсэд хандив цуглуулахаар ярилцаж, 1989 оны аравдугаар сард нутгаасаа гараад бүтэн жил эх орноо тойрч тоглосон юм. 18 аймгаар өдөрт дөрвөн удаа тоглож явахдаа “УАЗ 469”, “ЗИЛ 130” гээд олдсон машиндаа дайгдана.

Тэгээд ямар ч байсан зорилгодоо хүрч, тухайн үедээ л их хэмжээний мөнгө хандивласан даа. Хамгийн их мөнгө хандивласан хүмүүсийг “Буян”-гийн Жагаа тэргүүлж, би удаад нь эрэмбэлэгдэж байсан. Миний нэр, тухайн үед өмсөж явсан дээлийн хормой 80 тохой Жанрайсиг шүтээний шүншиг дотор байдаг.

Миний хамгийн их бахархдаг зүйл бол тэр тоглолтын ачаар ижий, аав хоёрыгоо амьд сэрүүнд нь магнайг нь хагартал баярлуулсан явдал.

Үе дамжсан шашин шүтлэгтэй хүмүүс чинь Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээн залахыг хараад, таньдаг хүнээ үзсэн юм шиг хөөрч билээ.

-Та тэгээд сайн дурын хандивын мөнгөнөөсөө өөртөө жаахныг ч гэсэн аваагүй юм уу?

-Мөнгөнийхөө дээжээр ээждээ нэг дугуй булантай цай, тэр үеийн 70 кг-ын тампуу гурилтай аваачиж өгсөн. Би дулаан цагт гэрээсээ гарсан учраас өвөл хүйтрээд эхэлтэл даараад бүр болдоггүй.

Тэгээд Дарханд тоглолтоор очтол хүмүүс “Танд үйлдвэрээ үзүүлье. Та тэндээс ядаж ганц нэхий дээл аваад өмсчих” гээд байдаг.

“Буяны мөнгийг би өөртөө нааж болохгүй” гэж хэчнээн дургүйцсэн ч эрхгүй даараад байсан учраас хамгийн хямдыг нь харж байгаад 1000 төгрөгөөр нэхий дээл авч өмссөн. Бусдыг нь бол өгөх ёстой газартаа өгсөн.

-Дуучин хүн энэ хорвоод чухал үүрэгтэй ирдэг болов уу гэж би боддог юм. Сайхан дуулдаг хүн болж төрнө гэдэг хувь заяаны том бэлэг гэдэгтэй та санал нийлнэ биз?

-Ээ дээ, тэгэлгүй яах вэ. Дуучин хүн зөвхөн сайхан дуулаад, өөрийгөө болгоод явах нэг хэрэг. Гэхдээ нэгэнт чамд бурхнаас авьяас, ухаан хайрласан бол хажуу хавиргын хүмүүстээ өгөөж тустай амьдрах хэрэгтэй юм. Тэр утгаараа би нийгмийн их идэвхтэй хүн л дээ.

Хурдан морь сонирхдог хүмүүс миний өвөөг андахгүй дээ. Орлойн Баянсувд гэдэг хүний ач охин нь би. Аавын маань хамгийн том эгч Дулам гэдэг хүн 100 гаруй наслаад хоёр, гурван жилийн өмнө өөд боллоо.

Дулам эгч надад хэлдэг байсан юм, “Хүн болж төрнө гэдэг ямар их хувь заяа билээ. Тэр дундаа дуучин болж төрнө гэдэг түүнээс ч илүү өндөр хувь заяа байж таарна. Гэхдээ чи өөрийнхөө сайнд дуучин болсон юм биш.

Ээж, аав чинь хутаг гуйсных ч байгаа. Дээрээс нь чиний урьд төрөл чамд зориулж “Дуутай жинсрэг” гэдэг номыг олон дахин уншуулсны хүч юм шүү. Тиймээс чамд цөс нь хавиргаа дэлсээд байх хэрэг ер үгүй” гээд миний хандыг хага дардаг байж билээ (инээв).

1980-аад онд анх олны танил болж эхэлсний дараа өөрийгөө болж байна гэж тоох хандлага илэрч эхэлсэн байж мэдэх юм.

-Бүүвэйн дуугаар хүртэл цомог гаргасан байх аа. Та хүүдээ зориулж бүүвэй аялдаг байсан уу?

-Аялалгүй яах вэ. Миний бүүвэйн дууны цомогт “Миний ээжийн бүүвэй” гээд нэг дуу бий. Тэрийг дарьгангачууд ихэвчлэн аялдаг байсан уламжлалтай. Миний элэнц эмэг Пил гэж хүн байжээ.

Түүний охин Хоролоос төрсөн хүүхэд нь миний ээж. Тэгээд би, миний хүү, хүүгийн минь хүүхдүүд гээд зургаа дахь үе дээрээ тэр бүүвэй уламжлагдан аялагдаад явж байна. Сайхан байгаа биз.

-Тэгэлгүй яах вэ. Та өөрөө 13 хүүхэдтэй айлын дундах нь. Гэтэл өөрөө ганц хүүтэй. Хүүдээ хань төрүүлж өгдөг байжээ гэж хааяа бодогдох юм уу?

-Социализмын үед хэдэн хүүхэд төрүүлэх вэ гэдэг асуудал бидний хүссэнээр болдоггүй байлаа шүү. Тэр тусмаа урлагийн бид чинь дээрээс хаашаа тоглолтоор яв гэнэ, тэрнээс зөрөх аргагүй.

Нөгөө талаар хүний зураг төөрөг гэж юм бий. Миний хүү одоо өөрөө олон хүүхэдтэй болсон. Өнөр өтгөн өрхийн тэргүүн шүү дээ.

-Танд зориулсан, “Чимэдцэеэгийн хоолойд” гэж хаягласан олон уран бүтээл байдаг гэдэг.

Тэр дундаа “Зүүдний говь”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” бол бүүвэйн дуу мэдэхгүй бидэн шиг ээжүүдэд бараг бүүвэй болчихоор сайхан бүтээл шүү дээ.

-Хоолойд минь зориулсан олон сайхан бүтээл бий. Зарим нь ардын дуу шиг болтлоо түмэнд хүрсэн. Одоо ч дуулж амжаагүй яваа дуу цөөнгүй байна.

“Ээжийнхээ ачийг яалаа даа” дууг Зундуйн Батсүх, Бавуугийн Лхагвасүрэн хоёр намайг Соёлын төв өргөөнд дуучдад сургалт хийж байхад минь зорьж авчирч өгсөн юм.

“Зүүдний говь”-ийг Чинзориг, Лхагвасүрэн хоёр зохиочихоод, Цэргийн дуу бүжгийн чуулгын Отгон эгчээр дуулуулах гэтэл хоолойд нь нэг л тохирохгүй байсан гэдэг.

Тэгээд 1986 онд намайг Сүхбаатараас ирж, “Алтан намар” наадамд дуулах үеэр энэ дуугаа авчирч өгч билээ. “Зүүдний говь”-ийг дуулсны дараа зохиолч, сэтгүүлч Ж.Саруулбуян “Энэ дуу Чимэдцэеэг бусад дуучнаас тохой өндөр болгож өглөө.

Энэ бол хөгжмийн зохиолч Чинзоригийн гавьяа” гэсэн утгатай нийтлэл бичсэн юм. Энэ гарцаагүй үнэн. Тэр сайхан аялгууг зохиосон Чинжигтээ баярлахгүй байхын аргагүй.

Ямар сайндаа л “Зүүдний говь”-ийг дуулсны дараа “Олон дуучин Чимэдцэеэг дуурайж дуулах боллоо” гэх мэт яриа гарч байх вэ.

-Сайхан төрөх заяаных гэдэг. Эмэгтэй хүн эрчүүдийн хүндлэл, хүрээлэл дунд байхдаа улам сэтгэл татам үзэсгэлэнтэй болдог шиг санагддаг.

Эрчүүдээс сайхан үг сонсох, тэдний уран бүтээлийн онгодыг бадраах, олон сайхан бүтээлийнх нь эзэн болно гэдэг хүссэний зоргоор тохиодог хувь тавилан биш.

Танд ийм сайхан хувь заяа тохиожээ. Эргээд харахад таны дотоод ертөнцөд маш сайхан дурсамж, хөг аялгуу байдаг байх даа?

-Энэ тухай яривал нэлээд цаг хугацаа хэрэгтэй дээ. Уран бүтээлч эмэгтэй хүн, тэр тусмаа социализмын үеийн бидэн шиг хүмүүст яривал их зүйл бий шүү. Бүгдийг ярина гэвэл сонины зай талбай ч хүрэлцэхгүй.

Олон сайхан уран бүтээл “Зөвхөн Чимэдцэеэд” гэж хаяглагдаж ирж байсан нь үнэн. Авьяас чадалтай уран бүтээлч гэдэг үүднээс минь, сайн хүн гэдэг талаас минь, сайхан бүсгүй гэдэг өнцгөөс нь харсан бүтээлүүд бий бий. “Дуучин Чимэдцэеэд” гэсэн хаягтай 80 орчим шүлэг байдаг юм.

Манай нутгийн зохиолч Г.Мэнд-Ооёо намайг “Чи наад шүлгүүдээ хав дарж байгаад буцчихав. Шүлгүүдээ эмхтгээд ном болго. Үхсэн, амьдын санааг амраах нь зүйтэй” гэсний дагуу ном болгож хэвлүүлсэн.

Яруу найрагч Б.Ичинхорлоо тэр номын өмнөтгөл үгийг бичихдээ “Сайхан хүүхэн болгон ийм олон шүлэг өөртөө зориулж бичүүлнэ гэвэл худлаа. Хүүхэн болгон энэ сайхан бүтээлүүдийн эзэн болно гэвэл бүр ч худлаа” гэсэн байсан. Үнэн байх аа.

Энэ бол хүний бас л нэг сайхан хувь тавилан юм гэж бодох болсон. Тиймээс зураач Төгс-Оюун найзаараа шүлэг болгонд зориулж зураг зуруулаад, зохиолчийнх нь гар бичмэлтэй хамт хэвлүүлсэн.

Юмыг яаж мэдэх вэ, хэдэн жилийн дараа “Чимэдцэеэ хүнээр бичүүлчихээд, эсвэл өөрөө зохиочихоод худлаа хэлж байна” гэвэл эвгүй шүү дээ. Миний хоолойд зориулж, уртын дуу хүртэл зохиож өгсөн хүн ч бий.

Эргээд харахад сайхан байдаг юм аа. Намайг бодлоо гүйцэлдүүлэхэд тэр хүмүүсийн халуун сэтгэл шингэсэн бүтээлүүд асар их нэмэр болдог.

-Таны дуулсан, өөрийн тань зохиосон дуунууд, тоглолт, цомгийн нэр болгон монгол сэтгэл, сэтгэхүй, ахуй донж нэвт шингээсэн байдаг.

Та өөрөө шүлэг бичдэг, үгийн эрчим хүч, шидийг мэдэрдэг хүн болохоор тиймэрхүү зүйлд их мэдрэмжтэй ханддаг юм шиг ээ?

-Уран бүтээлч хүн мэдрэмжийн өлгий, үүр уурхай байх ёстой. Намайг төрөхөд өлгийдөж авсан өлгийний нэг бол энэ мэдрэмж гэж би боддог. Хар багаасаа яруу найраг оролдож явлаа. Хэд хэдэн шүлгийн түүвэр бас гаргасан шүү дээ.

-Багадаа нэг нимгэн хавтастай, жижиг ном олж уншаад, тэндээс таны “Тавилан” шүлгийг цээжилж, байнга уншдаг байж билээ. 

Баруун гарыг чинь дэрлүүлж дуг

                                                 хийлгээгүй тавилан

Бага энгэрийг минь дэвсүүлж олбог засуулаагүй заяа... гэдэг мөр нь одоо ч санаанд байна. Энэ шүлгийн түүхийг сонирхож болох уу?

-Хараа алдрам талыг ухаанаар туулаад ирэхэд

Хатан хоолой хөглөж дуулна хэмээн сана луу гэж эхэлдэг “Тавилан” шүлэг минь нэлээд эртний бүтээл л дээ. Одоо дуу болчихсон байгаа.

Хүний амьдрал тэр чигээрээ тавилан шүү дээ. Ойр хавийн хүмүүсийн дунд ч ийм тавилан бишгүй. Би ч өөрийн тавилангаараа л явж байна.

-“Сайхан хүүхэн бүтэн жаргадаггүй” гэдэг үг хаанаас гараад ирснийг мэдэхгүй. Заримдаа ч ортой юм шиг санагддаг. Ижий тань “Жаргалаа дэлгэж, зовлонгоо нууж яваарай” гэж аминчлан захидаг байсан гэсэн.

Нуугаад болохгүй, хэцүү зүйл амьдралд бишгүй. Тэр бүхнийг эмэгтэй хүн тэсээд, нулимсаа бусдад үзүүлэхгүй гэж хүчлэх хэцүү биз дээ?

-Хүн болгон бүтэн жаргадаг гэвэл эндүүрэл байх аа. Хүн бүр өөрийн гэсэн хувь тавилантай. Би нэг их сайхан хүүхэн болохоороо ганцаараа бүтэн жаргахгүй байгаа юм биш.

Хүний амьдрал таашгүй, хүсэл мөрөөдөл хязгааргүй учраас үргэлж ямар нэг юм дутуу санагдаж л байдаг шүү дээ.

Ижий минь “Болж өгвөл хүний өмнө нулимсаа бүү унагаарай. Нулимс гэдэг зүйл сайн юм огт биш. Уйлж байгаадаа ч, нулимсыг нь үзэж байгаадаа ч муу юм шүү” гэдэг байсан.

Ижий минь захисан учраас хүний нүдэнд нулимсаа үзүүлэхгүйг л хичээдэг. Гэхдээ уйлахгүй хүн гэж хаана байх билээ. Тэгж худлаа яриад яах вэ. Тэр дундаа бүсгүй хүн, тэр дундаа урлагийн хүн, тэр дундаа би яагаад уйлж болохгүй гэж.

Тийм биз дээ (инээв). Багтраад болохгүй бол сад тавина. Тэгж доторхоо онгойлгоход буруу нь үгүй.

-Урлагийн амьдрал нэг талаас сайхан боловч нөгөө талаар хатуу харгис. Хэрэгтэй үедээ ашиглачихаад, хаяхаа болохоор чулуудчихдаг гэдэг.

Тайзан дээр үргэлж бусдаар хүлээн зөвшөөрүүлэхэд урлагийн хүнээс багагүй золиос, маш их тэвчээр хатуужил шаарддаг байх, тийм үү?

-Тийм ээ. Урлагийн амьдрал бол бэрх тогоо. “Би энэ дотор ороод чанагдъя. Намайг шалз болгоод өгөөч” гэсэн бүхнийг чанаж өгдөггүй юм. Босго нь их өндөр. Тэр босгыг нэг даваад чанагдсан хүн бол гарахаа мэдэхгүй.

Дэнгийн эрвээхий шиг зулын гэрлээ тойрон эргэлдсээр байгаад өөрийнхөөрөө шатаж үхдэг хүмүүс бол урлагийн бид. Үүнийг энгийн хүмүүс хажуугаас нь харахаар харамсалтай санагддаг байх. Бидэндээ бол ер тийм биш.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.58.200.154 yamar muuhai tsaraitai um be.saihan arhichin avgai daa kkk.ter nohor ni byyr muuhai tsarai
202.21.106.109 ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЪЕ . ХАР ЦАГААНЫ ДЭНС,ХАТУУ ЗӨӨЛӨНТЭЙ ХОРВООД ЭНЭ ХҮН ШИГ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХИЙСЭН БҮТЭЭЛТЭЙ ХҮН БОЛГОНЫГ ХҮНДЭЛЖ, БАС ТЭДНЭЭС СУРАЛЦАЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ОЙЛГОДОГ...
49.0.162.130 Эмэгтэй хүний сэтгэл дүү өнгийсэн маш сайхан яриа байна. Ач нараа дагуулаад явж байгаа харагддаг юмаа.
103.229.122.165 neeree l urgumul gants huutei gej sonsson,ugui bailgui de,,uuruu bol yag teej turuulsen talaar yariagui l bn.yasan ch bai urtei achtai, eh hun l bn shu de.huniig bitgii muuhaigaar heleech humuuus ee
27.123.214.115 Мундаг чадалтай эмэгтэй шуу. Ховорхон торсон авьяас юмдаа.
202.9.40.215 HUUTEI GEED BAIHAD YUGEED BAIGAA YUM BE YUR NI SUVAICH BAISAN YAHAV DEE UURUU SUVAIRYA GEJ BODDOGGUIL BAIHGUI YU
220.191.168.20 suvai huuhen gesen biz dee. huuhed gargadaggui suvai
220.191.168.20 mundag duuchin