Коллежийн оюутнууд бүтээлээ дэлгэв

2016 оны 01 сарын 21

Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Чингис” зочид буудалд өнөөдөр боллоо.

Энэ үеэр Монгол, Солонгосын болон Барилгын политехник коллежийн оюутнууд бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчилсан юм. Мөн Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутнууд сургуулийнхаа 50 жилийн ойд зориулж, бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэнд уран зураг, төрөл бүрийн металлаар хийсэн ханын чимэг болон өвөрмөц хийцийн морин хуур, ган шатар, төмөр морь, модон урлал, хонины ноосоор нэхсэн төрөл бүрийн цамц, малгай ороолт, өмд байв.

Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн гуравдугаар курсийн оюутан О.Доржсүрэн “Салхины аясаар уран зургаа өнгөрсөн жилийн курсийн ажлын үеэр зурсан. Ирэх жил төгсөөд СУИС-д орох хүсэлтэй. Ирээдүйд мундаг уран бүтээлч болохыг мөрөөддөг. Өнөөдрийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн салбарын удирдлагууд, хүмүүст бүтээлээ үзүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.

Эдгээр коллежийн төгсөгчдийн 70-80 хувь нь түр болон байнгын ажилтай болдог гэнэ. Ялангуяа барилгын салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед засал чимэглэл, цахилгаанчин, өрөг угсрагчийн мэргэжилтэн эрэлт ихтэй байдаг аж.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД