Амьдралын галт тэрэг

2016 оны 01 сарын 24

Амьдралын зам өчнөөн зөрлөгтэй, санаснаас их донсолгоотой ч байдаг. Тэр болгонд халуун, хүйтнийг эс тоон дарцгаа барьчихаад дүрмийн дагуу ягштал ажиллах галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч мэт хээвнэг байж сурахсан.

Галт тэрэг зөвхөн хүүхэд насанд хүргэж өгдөг ганцхан чиглэлтэй гэж боддог байлаа. Энэ бодол минь хүн бүрийн суухыг хүсдэг мөрөөдлийн галт тэрэгний тухай дуунаас ургасан юм.

Гэтэл сүүлийн үед хэрэв хүүхэд насанд хүргэж өгдөг “богоон чик чик” байдаг бол өтөл насыг туулахаар суудаг галт тэрэг гэж бас байж таарна хэмээн таах боллоо.

Амьдрал олон салаа замтай агаад зөрлөг бүрт галт тэрэг солигддог бол гагцхүү идэр залуу нас л суусан унаагаа сонжих сөгөөгүй шуугиад өнгөрдөг байж мэднэ.

Одоо би тэрхүү шуугиант, бас аз одоор цахилсан гэгээн гэрэлт галт тэргээ юүлчихсэн давхиулж явна. Тэгсэн атлаа залуу насанд биш, хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг тийш эргэн эргэн харуулдах юм.

Цаг хугацаа, орон зайг сөрсөн тэрслүү хачин хүлээлт хүн бүрийг хааяа ч гэсэн дурсамж, мөрөөдөлд автуулдаг байх аа. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг бусдаасаа илүү алдаршиж, дуунд хүртэл мөнхөрчээ.

Миний төсөөллөөр бол тэр галт тэрэг олон янзын тоглоом ачсан, улаан, шар, цэнхэр суудалтай, хонх жингэнэж сэтгэл гижигдсэн уйдах, уйтгарлах гээчийг мэдрүүлдэггүй солонго дамнан хөвөлзөх онцгой нэгэн унаа байх.

Хатуу, зөөлөн, хагас зөөлөн гэх гурван ангиллаар зорчигчид аялж явна. Энэ бол томчуудын унаа. Залуу насаа хэрхэн өнгөрүүлснээс шалтгаалан тасалбарын үнийг төлнө. Галт тэргэнд ганцаараа тасалбартай мэт овилгогүй зорчигч таардаг.

Сүүлчийн галт тэргэнд суучихсан аятай бачуурч яваатай нь ч учирна. Тэр болгонд халуун, хүйтнийг эс тоон дарцгаа барьчихаад дүрмийн дагуу ягштал ажиллах галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч мэт хээвнэг байж сурахсан гэж бодогддог юм.

Яг одоо таныг тээж яваа галт тэрэг шиг алдаж болохгүй үнэ цэнэтэй унаа амьдралд давтагдах нь үгүй. Эргэж ирдэггүйдээ, хөдөлсөн л бол ахиж олддоггүйдээ галт тэрэг бүр утга учиртай аж.

Б.ЭНХЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.116.12 сайхан бичжээ.