ДЭЛХИЙГ ТОЛЬДДОГ ДЭЛГЭРХАНГАЙН НАЙРАГЧ

2016 оны 01 сарын 25

“Би амьд байна

Бичсэн шүлэг минь амьд байна

Бид хоёулаа амьд байна

Би үхнэ

Бичсэн шүлэг маань үлдэнэ

Биегүй нэгэн сэтгэл тийн улирна” хэмээх шүлгээрээ зохиолч С.Дашдооров бидэнтэй “мэндчилэв”. Бүтээл, эзэн хоёр биенээ нэхэн санаж, нөхөн оршихуйн хүйн холбоог санагдуулам эл шүлгээ тэрбээр 1968 онд тэрлэжээ.

Бие нь үгүй ч бүтээл туурвилаараа мөнх дурсагдахын үнэнийг тэр зургаахан шад шүлэгтээ зөгнөчихөж. Цаг хугацаа хэмээх өршөөлгүй хатуу шалгуурт шүүгдэж, үе үеийн уншигчдад хүлхэгдэх бүтээл туурвих нь зохиолч, яруу найрагч бүрийн амьдралын утга учир, эрхэм зорилго болов уу.

Зохиолч бүрт заяадаггүй тэр ховорхон атлаа үнэтэй тохиолын эзэн болж, Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн орон зайг дархалсан Төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооровыг дурсах нэгэн үдэш СУИС-ийн “Оюутан” театрт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр боллоо.

Зохиол бүтээлийг нь шимтэн уншиж, дуу хуурыг нь аялгуулан дуулдаг урлаг, соёлын олон хүндтэй эрхэм түүнд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байв. Зохиолчийн мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэ арга хэмжээг “С.Дашдооров судлал” төв болон Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.

Дуу хуур, дурсамж дурдатгал цалгисан үдэш түүний тухай бидний мэдэхгүй олон сайхан түүхийг эргэн дурсав. Зохиолчийн ертөнцөөр аялснаа та бүхэнтэй хуваалцъя.

НУТАГ АМЬТАЙ ХҮҮ

Зохиолч С.Дашдооров 1936 оны гуравдугаар сарын 7-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Шороотын хөх овооны бууц гэдэг газар малчин ард Сормууниршийн ууган хүү болон мэндэлжээ. Түүний эцэг Сормуунирш нь нутаг усандаа нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд хүүхдэд их зөөлөн хүн байсан гэдэг. Ямар сайндаа “Би хүүгээ орилуулаагүй өсгөсөн.

Ер нь зодож байгаагүй шиг санадаг юм” гэж хэлж байж. Дооров хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил бага балчраасаа ажил хөдөлмөрийн дөртэй болжээ. Зохиолч 1983 онд “Залгамжлагч” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Говь нутгийн малчны хүүхэд бусдын л адил хөдсөн дээр хөлбөрч, адсаган дээр атиралдан торниж, малын хөлийн тоосонд дарагдаж, ишиг хурга хариулан, ээж аавынхаа гарын үзүүрт тусалж явжээ.

Таван настайдаа номхон морины нуруун дээр гарч, долоотойдоо эмнэг даага сургаж эхэлсэн. Энэ бол хөдөөгийн хүүхэд болгоны хийдэг ажил, жийдэг дөрөө шүү дээ” хэмээн дурссан байдаг. Дундговийн хаанаас ч харагддаг гэгддэг Дэлгэрхангай уулын хормойд мэндэлсэндээ тэрбээр бахархдаг байсан бөгөөд хожим олон бүтээлдээ шүтээн уулынхаа тухай бичжээ.

Бага ангидаа бичсэн хамгийн анхны шүлэгтээ “Дэлгэрхангай уулаас дэлхийн юмс харагдана” хэмээж байжээ. Тиймдээ ч түүнийг Дэлгэрхангайн хүү хэмээн овоглодог юм билээ. Түүнийг уран зохиолд шимтэхэд нөлөөлсөн хүн бол аав нь. Тэрбээр хүүгээ үлгэр домгоор “угжиж” өсгөжээ. Зохиолчийн ээжээс аав нь 20 насаар ах байсан гэдэг.

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Батбаяр “Даш гуай Дооровыг төрүүлэхдээ 16-хан настай, харин Сормуунирш гуай 36-тай байсан. Энд ертөнцийн нэг гайхалтай зүй тогтол байх шиг санагддаг.

Юу гэхээр, Оросын их яруу найрагч М.Ю.Лермонтовын ээж нь 18 настай, аав нь 40-тэй, Францын суут зохиолч Оноре Де Бальзакийн аав нь 53 настай, ээж нь 24-тэй байсан гэдэг.

Тэгэхээр насны хол зөрүүтэй хосын дундаас суут хүн төрдөг юм болов уу гэсэн сэжиг төрж байна. Үүнийг судлаачид анхааралдаа авах хэрэгтэй” хэмээв.

ХАМГИЙН ХАЙРТАЙ НЬ МАТЕМАТИКИЙН БАГШ

Хүлгийн нуруун дээр дэрвэн өссөн Дооров хүү дэлхийн II дайны гал ид дүрэлзэж байх үетэй зэрэгцэн сумынхаа дунд сургуулийн босгоор алхсан бөгөөд зургадугаар ангиасаа Мандалговийн дунд сургуульд шилжээд, 1951 онд төгсчээ. Түүний амьдралд олон багш байсан ч тэрбээр математикийн багшаа онцлон ярьдаг байсан аж.

“Би дунд сургуулийн математик, физикийн багш Г.Сосорыг их хүндэтгэж, хайрлаж явдаг. “Гэнэн” шүлгээ уншин, зөвлөгөө авах гэхэд багш анзаарсан шинжгүй харж, “Тоо бод” хэмээн тэгшитгэл, геометрийн теором батлах даалгавар өгдөг байлаа. Түүнийг нь бодчихвол шүлгийг маань тоох болов уу гэж бодсоор нэг мэдэхэд тоондоо сайжирч, бодлого бодох хорхойтой болчихож билээ.

Одоо бодоход зохиол, шүлгээ тунгаан бичих дадлага хийлгэж байж шүү дээ” гэж зохиолч нэгэнтээ дурсжээ. Энэ дурсамжийн эзэн, Г.Сосор багш зохиолчийн тэгш ойн баярт хүрэлцэн ирсэн байв. Шавийнхаа тухай дурсамжаас хуваалцахыг хүсэхэд “Би түүний анги удирдсан багш байлаа. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бас их хэгжүүн. Аавын цээж гаргана гэж жигтэйхэн.

Миний хичээлд нэг их гойд биш ч сайн сурагч байсан. Тэр үед болсон нэг явдлыг би ер мартдаггүй юм. Манай сургуульд уран зохиолын хичээлийг Янжмаа гэж багш заадаг байлаа. Тэр нэг удаа хүүхдүүдэд говийн сайн малчны тухай зохион бичлэг бичих даалгавар өгчээ. Малчин хүний хөдөлмөрийн тухай бичих ёстой байж.

Гэтэл Дооров малчны тухай бус говь нутгийн тухай биччихэж. Янжмаа багшийг надад энэ тухай хэлж, гомдол мэдүүлэхэд би түүнийг зэмлэсэн. Гэтэл тэр “Багш аа тэр говийн сайхан байгальд нь малчид байгаа юм шүү дээ” гэж хэлж билээ. Ер нь багаасаа л бусдаас өвөрмөц, үзэл бодол нь төлөвшчихсөн хүүхэд байсан. Сайн зохиолч болохын илрэл байсан болов уу” гэв.

ГОРЬКИЙН НЭРЭМЖИТ УТГА ЗОХИОЛЫН

ДЭЭД СУРГУУЛИАС ХӨӨГДӨВ

Тэрбээр 1955 онд Багшийн сургуулийн монгол хэл, уран зохиолын анги төгсөөд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Сангийн аж ахуйн бага сургуульд багшаар томилогдон, хоёр жил ажилласан байна. Улмаар 1959 онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцахаар Москва руу явжээ.

Тус сургуульд явахад нь зохиолч Д.Сэнгээ түүнд тулсалсан бөгөөд “Энэ сургуулийг хүмүүс яруу найргаар төгсөж байна. Чи үргэлжилсэн үгийн зохиолч болохыг бодоорой” хэмээн аминчлан захисан гэдэг. Бага балчраасаа шүлэг яруу найрагт дурласан түүнд энэ амаргүй даалгавар байсан нь мэдээж. Тэр бичсээр л байв.

Тухайн үеийн залууст гадаадад суралцах нь, тэр дундаа Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явна гэдэг “тэнгэрийн умдаг атгах”-аас ч илүүд тооцогддог байв. Гэтэл тэрбээр залуу насны омголон, бардам зангаасаа болж хоёрдугаар дамжаанаасаа тус сургуулиас хөөгдсөн байна. Үүний шалтгаан нь Халимагийн зохиолч Давид Кукультиновыг алгадсанаас болсон гэнэ.

Түүнийг амралтаараа Монголд ирээд буцахад нь Ц.Дамдинсүрэн гуай Кукультиновд захидал дайжээ. Өнөөх захидлыг нь хүргэж өгөхөд Кукультинов тоомжиргүй хандсан нь түүний дургүйг хүргэж, алгадчихаж. Ингээд тэр 1960 онд эх орондоо ирсэн бөгөөд тэр үеэс Өмнөговь, Дундговь аймгийн Зохиолчдын хороонд төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ.

Горькийн сургуульд үзэж, судалсан бүхнээ хөдөөгийн залуу зохиолчдод зааж, бүтээлийг нь нийтийн хүртээл болгох асуудалд санаа тавьж байсан тухай нөхөд нь ярьсан. Төрийн шагналт, яруу найрагч Д.Нямаа “Тэр хэдий сахилга алдаж, сургуулиасаа хөөгдсөн ч хөдөөгийн бидэнд уншиж мэдсэн зүйл нь маш их өгөөжөө өгсөн. Би утга зохиолын дугуйланд явдаг байсан ч зохиолын деталь гэж юу байдгийг мэддэггүй байсан юм. Түүнээс л үүнийг анх мэдэж авсан” гэлээ.

Орон нутагт ажиллах хугацаандаа гаргасан түүний амжилт, хичээл зүтгэлийг Монголын зохиолчдын гуравдугаар их хурлын үеэр өндрөөр үнэлсэн нь Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд дахин сурах боломж олгожээ.

Ингээд тэрбээр тус сургуульд анх хөл тавьснаасаа найман жилийн дараа буюу 1967 онд дахин очиж, хоёр жилийн дараа төгссөн байна

Д.НЯМАА: ТЭР БҮХИЙ Л ТӨРЛӨӨР ЦАХИУР ХАГАЛСАН

С.Дашдооров 1950-иад оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн аж. Тэрбээр өгүүллэг, тууж, роман, найраглал, шүлэг гээд уран зохиолын бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвидаг байж. “Говийн өндөр” роман, “Өндөр ээж”, “Талын цуурай”, “Саруул талын ерөөл” тууж, “Хүлэг”, “Монгол”, “Бууж мордох хорвоо”, “Оосор бүчгүй орчлон” зэрэг бүтээлийг нь мэдэхгүй хүн үгүй.

Түүний бүтээлд байгаль ертөнц, хөдөөгийн аж амьдралын сэдэв зонхилдог нь говь нутгийн амьдралтай ойр өссөний нөлөө хэмээн судлаачид үнэлдэг юм билээ. Зохиолч Д.Батбаяр түүний бүтээлийг хамгийн сайн судалсан хүн.

Тэрбээр “Монголын нүүдэлчдийн аугаа их зохиолч бол Д.Нацагдорж, Д.Намдаг, С.Дашдооров юм байна гэдгийг би ойлгосон. Түүн шиг зохиолч өнөөдөр Монголд төрөөгүй, өмнө нь ч тийм олон байгаагүй. Тэр бүхий л төрлөөр цахиур хагалсан.

Би түүний “Хүлэг” найраглалыг унших бүртээ уйлдаг. Дэлхий түүнийг унших л болно. Уншихгүй гээд яах юм бэ” хэмээсэн бол яруу найрагч Д.Нямаа “Дэлгэрхангай сум С.Буяннэмэх, С.Дашдооров гэсэн монголын утга зохиолын айхтар хоёр төлөөлөгч төрүүлсэн.

Тиймээс нутаг усныхан нь түүнийг товойлгож, магнайдаа дээдлэх ёстой. Түүний бүтээлд говь нутгийн үг хэллэг их байдаг нь аргагүй монгол зохиолч болохыг батална” хэмээсэн.

МОНГОЛ КИНОНЫ ТҮҮХЭНД ДАНСТАЙ ЭРХЭМ

С.Дашдооров утга зохиол төдийгүй Монголын урлагийн түүхэнд тод мөртэй нэгэн байсныг кино урлагийн төлөөлөгчид дуу нэгтэй өгүүлж байв. Зохиолч 1971-1979 онд “Монгол кино” үйлдвэрт ерөнхий найруулагчаар ажиллахдаа “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог”, “Өндөр ээж”, “Их замын эхэнд” зэрэг 10-аад киноны зохиол бичиж, “Мартагдашгүй намар”, “Хөдөөгийн баясгалан” киноны дууны шүлгийг тэрлэсэн юм.

Түүгээр ч зогсохгүй олон зохиолчийг “Монгол кино” үйлдвэр рүү “даллаж”, кино зохиолд “уруу татжээ”. Тэр Кино үйлдвэрт ажиллах болсноор зохиолчдын эвлэлийг тийш нь нүүлгэчихсэн хэмээн нөхөд нь хошигнож байв. Ардын уран зохиолч Т.Галсан “Монгол киноны оргил үед хийсэн бүтээлүүд үнэн чанартаа бол цөм Дооровын дохиураар бүтсэн юм.

Бусад нь лимбээ үлээж, ёочингоо тоглох үүрэг гүйцэтгэж байсан” хэмээн кино урлагт оруулсан түүний хувь нэмрийг нь үнэлсэн бол ардын жүжигчин, нэрт найруулагч Г.Жигжидсүрэн “Сайн кино бүтэх үндэс нь зохиол гэж боддог. Муу зохиолоор хийсэн кино суурьгүй байшинтай адил.

Киноны зохиолын үндсийг мэргэжлийн түвшинд гаргаж тавьсан хүн бол С.Дашдооров. Энэ нь түүний гол гавьяа” хэмээв. Тэрбээр “Эх бүрдийн домог” киногоороо Карл Варын кино наадмын тэргүүн байр, “Нар хиртсэн жил”-ээрээ Москвагийн олон улсын кино наадамд шүүгчдийн тусгай шагнал хүртэж байжээ. Энэ нь түүнийг Монголын кино урлагийн түүхэнд данстай уран бүтээлч болохыг илтгэх биз ээ.

Д.МАРАЛГОО: БИ ААВААСАА ГАНЦ Ч УДАА

ХАТУУ ҮГ ДУУЛААГҮЙ

Зохиолч С.Дашдооров 1978 онд Л.Итгэл хэмээх бүсгүйтээ ханилж, хүү, охинтой болжээ. Том хүү Гэрэлтөв нь өдгөө аялал жуулчлалын салбарт хүч үзэж буй бол охин Маралгоо нь “С.Дашдооров судлал” төвийн тэргүүнээр ажиллаж байна. Түүний охин Маралгоо аавынхаа тухай ийн дурслаа. “Ээж, аав хоёрын маань танилцсан түүх их сонин.

“Барсан хэвнэгт баатар”-ыг орчуулсан нэрт орчуулагч Д.Гомбожав гуай ээжтэй маань үерхдэг байсан юм билээ. Харин аав тэр хүний хамгийн сайн найз нь байж. Гэтэл Д.Гомбожав гуай 30-тайдаа машины ослоор нас барж, ээж ганцаараа үлджээ. 1978 онд алдарт дуучин Норовбанзад гуайн хань Банзрагчийнд болсон нэгэн найрын үеэр ээж, аав хоёр өөдөөсөө харж суусан гэдэг.

Гэр нь нэг зүгт байдаг учраас найр тарахад хамт алхаж, ярилцжээ. Тэр үеэс л бие биедээ татагдсан гэдэг юм билээ. Ээж минь англи хэлний орчуулагч мэргэжилтэй ч уран зохиолд их дуртай байсан. Аавыг нас барснаас долоон жилийн дараа буюу 2006 онд ээж маань бурхны оронд одсон. Аав хүүхдэд их зөөлөн, хайртай хүн байсан.

Биднийг яаж ч үймүүлж, буруу зүйл хийсэн зэмлэдэггүй. Би ааваасаа ганц ч удаа хатуу үг дуулаагүй. Аав тэмдэглэлийн дэвтэрт их дуртай, цуглуулдаг байв. Түүн дээрээ их нандин зүйлсээ бичдэг. Зохиолоо бичихдээ маш удаан боддог. Юу ч хийхгүй тааз ширтээд л, удаан хугацаагаар суудаг. Ээж аавыг оюуны хөдөлмөр хийж байна гэдгийг ойлгодог учраас саад болдоггүй байсан” гэсэн юм.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД