Жюль Верн гэж хэн бэ?

2016 оны 02 сарын 08

"Нууцлаг нэгэн далайн мангас далайд үймээн дэгдээж, усан онгоцууд болон хүмүүс тус амьтны улмаас сүйдэж байв. Энэхүү хөнөөлт явдлын эсрэг АНУ-ын засгийн газар цаг алдалгүй хөдөлж өнөөх амьтныг олж устгуулахаар туршлагатай багийг бүрдүүлэн илгээв. “Абрахам Линколин” хэмээх усан онгоцоор эдгээр эрс өнөөх мангасыг олж устгахаар далайн аянд гарна” хэмээн өгүүлдэг энэхүү зөгнөлт зохиол нууцлаг бүхнээр дүүрэн. 

Шинжлэх ухаанч-зөгнөлт уран зохиолын эцэг, уран зохиолч Жюль Верн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” романаа 1869 онд бичжээ. Энэ бүтээл нь тухайн цаг үеийн ололт амжилтаас хэдэн арван жилээр давсан сэтгэхүйгээр бичигдсэн зөгнөлт зохиол ажгуу. Романыг бичих үед өнөөгийн цэрэг армид чухал үүрэгтэй шумбагч онгоц байгаагүй ч байх мэтээр зөгнөж, гол дүрийн Немогийн унаа болгосон нь агуу зохиолчийн сэтгэхүйн цар хүрээг харуулах ажээ. Энэ бүхнийг дурьдахын учир Францын зохиолч, улс төрч Жюль Габриэл Верн 1828 оны энэ өдөр мэндэлж байжээ. Тэрээр Херберт Жорж Уэллсийн хамтаар шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиолын төрөл жанрыг үндэслэгчдийн нэг хэмээн тооцогддог.

“Шинжлэх ухааны хувиршгүй хамгаалагч”

Жюль Верн Францын баруун хэсгийн Нант хотод өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Аавынхаа мэргэжлийг залгамжлахаар Парисын хуулийн сургуульд суралцсан бөгөөд дундаж сурлагатай хүүхэд байжээ. Тэнд эцэг, хүү Александр Дюматай танилцаж, утга зохиол сонирхож эхэлсэн байна.

Верн байгалийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг байсан бөгөөд энэ нь түүний дуртай зохиолч Эдгар Алан По шинжлэх ухааны баримтуудыг зохиолдоо оруулан, үйл явдлаа үнэмшилтэй болгодог байснаас үүдэлтэй аж.

Харин түүний найз Феликс Надаль нь агаарын бөмбөрцөг бүтээсэн бөгөөд түүнд сууж үзсэн Верн 1863 онд "Агаарын бөмбөрцгөөр 5 долоо хоног аялсан нь" зохиолоо бичсэн нь тухайн үед ихэд алдаршжээ. Түүний зохиолууд одоог хүртэл ялангуяа хүүхэд залуусын амтархан унших дуртай зохиолууд байсаар ирсэн билээ.

Тэрээр 1883 онд Амьен хотын хурлын гишүүнээр сонгогдон, насан эцэс болтлоо ажиллажээ.

1978 онд түүний мэндэлсний 150 жилийн ойгоор төрсөн нутаг Нантад Жюль Верний музей нээгдсэн байна. Тэрээр амьдралынхаа туршид 60 гаруй роман зохиожээ.

1984 оны Жорж Орвелл шиг Верн ч романдаа хүн төрөлхтний техникийн хөгжлийн төлөө төлсөн эмгэнэлт байдлыг дүрсэлж байжээ. Жюль Верн “20-р зууны Парис” романдаа ийм зүйл бичсэн нь олон хүнийг гайхшруулсан байна. Олон хүн ялангуяа Америкт Вернийг маш өөдрөг үзэлтэй эрдэмтэн тул зөвхөн технологийн гайхамшгийн тухай бичдэг гэж үздэг байлаа. Зарим хүмүүс Вернийг голчлон хүүхдэд зориулан зохиолоо бичдэг бөгөөд роман нь амжилттай, сэтгэл татам байдаг ч сэхээтэн хүнийхээ хувьд дулимаг гэж үздэг. Эдгээр буруу ойлголтууд нь Верний бодит амьдрал, зохиолуудынх нь үнэн бодит байдал хэр их далдлагдсаныг харуулдаг. Үнэндээ Верн эрдэмтэн байтугай инженер хүн ч биш байсан юм. Тэр зөвхөн зохиолч, тэр дундаа бүтээлч хүн байлаа. Зохиолууд нь нарийн бэлтгэсэн сэдэвтэй байдаг учир Вилльям Деебе, Амирал Ричард Бярд (Антарктидыг анх судалсан хүн), Юрий Гагарин (анхны сансрын нисгэгч), Нейл Армстронг (саран дээр анх алхсан хүн) зэрэг маш олон эрдэмтэн судлаачдын шинэ санааны эх үүсвэрийг тавьж байжээ.

Верн “Мэдэх болон үл таних ертөнцөөр аялсан ер бусын аялалууд” хэмээх анхны номоо 1863 онд хэвлүүлснийхээ дараа Хетзелийн зөвлөсний дагуу сэдвийн хувьд ижил боловч ашигтай романуудыг ар араас нь бичиж байв. Гэвч 1886 онд Ветзел нас барсны дараа бичсэн зохиолуудын ихэнхэд өөрийнх нь үзэл бодол болох нийгмийн асуудал, байгаль орчныг хамгаалах ажлыг дэмжсэн, хөрөнгөтний нийгмийн эсрэг, шинжлэх ухаан, технологийн буруу ажиллагаанаас дэлхий дээр болох хор хөнөөлийн талаар бичжээ. Энэ бүхний эцэст түүнийг “Шинжлэх ухааны хувиршгүй хамгаалагч” гэж нэрийддэг болсон ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД