О.БАЛЖИННЯМ: Би амьдралдаа хоёр сонголт зөв хийсэн нь спорт, эхнэр хоёр минь

2016 оны 02 сарын 08

Монгол Улсын аварга, самбо, жүдо бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Ардын багш О.Балжиннямыг хоймортоо урилаа.

-Жүдогийн шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид хамт бэлтгэл хийдэг юм байна. Эрэгтэй хүн эмэгтэйгээ үүрч шидэхийг харахад эвгүй юм. Спорт хүнийг хүмүүжүүлж, тэсвэр хатуужилтай болгодог.

Тэр дундаа эмэгтэй хүнийг өөрчилж, эр хүн шиг тэвчээртэй, зоригтой болгодог юм шиг. Ер нь жүдогийн тамирчинд байх ёстой чухал чадвар, чанар юу вэ?

-Жүдогийн насанд хүрэгчид болон залуучуудын шигшээ багийнхан хамтарч Спортын төв ордонд бэлтгэл хийдэг. Манайхнаас гадна өсвөрийнхөн бас энд бэлтгэл хийдэг юм.

Өглөөнөөс орой хүртэл энэ зааланд хүний хөл тасардаггүй. Манайхан долоо хоногийн зургаад нь өдөрт хоёр удаа бэлтгэлтэй байдаг. Заал хүрэлцдэггүй болохоор хамтрахаас өөр аргагүй. Энэ нь нэг талаараа тамирчдад бие биенээсээ суралцахад тустай. Зөвхөн жүдо гэлтгүй тамирчин хүн цаг сайн барихаас эхлээд олон чадвартай байх ёстой. Мэдрэмж, хурд, хүч хамгийн чухал.

Алдаагаа засаж, өөрийгөө ялан дийлдэг байх хэрэгтэй. Би тамирчдадаа хамгийн түрүүнд бэлтгэл эхлэх цагаас хоцрохгүй байх шаардлага тавьдаг. Багшийг ирэхэд бүгд жагсаж зогссон байх ёстой. Жүдо бөхийг үндэслэгч Японы Жигоро Каногийн зураг заалны хойморт өлгөөтэй байдаг.

Түүнд ёслоод, дараа нь багшдаа, тамирчид бие биедээ ёслоод бэлтгэлээ эхэлдэг. Дуусгахдаа мөн ёсолдог. Энэ нь спортоо, багш болоод бие биенээ хүндлэхэд сургадаг. Эрчүүд нь эмэгтэйчүүдээ үүрч шидэх нь энгийн хүмүүст эвгүй харагддаг байх. Энэ нь тамирчдын хийдэг л нэг дасгал.

Манай эрэгтэй, эмэгтэй тамирчид хоорондоо байнга бэлтгэл хийдэггүй. Нэг зааланд байгаа ч тус тусдаа барилддаг. Үүрч шидэх нь жүдогийн чухал мэх. Жин хасаж байгаа тамирчид бэлтгэл дээр энэ мэхийг ихэвчлэн давтдаг. Мөн анхлан суралцагчид зөв унаж сурахын тулд энэ мэхээр дасгал хийдэг.

-Та дунд сургуульд байхдаа үндэсний бөхөөс гадна чөлөөтөөр хичээллэдэг байсан юм билээ. Яагаад чөлөөт биш, жүдог сонгосон юм бэ?

-Миний барилдааны онцлог, хийж гаршсан мэх зэрэг нь жүдод илүү ойрхон байсан. Жүдогоор 1976 оноос хичээллэсэн. 1978 онд Улаанбаатарт насанд хүрэгчдийн жүдогийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээнд Увс аймгаас ирж оролцоод хүрэл медаль хүртсэн.

Түүнээс урам авч, эргэлт буцалтгүй жүдогоор хичээллэсэн. Дараа жил нь хотод ирээд жүдогийн шигшээ багт орсон. Энэ спортоор хичээллээд удаагүй хэрнээ улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн болохоор шигшээ багт хурдан авсан.

1992 он хүртэл шигшээ багийн тамирчин байж байгаад ахлах дасгалжуулагч болсон. 1997 оноос “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж байгаад 2011 онд буцаад шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон.

-Хүүхэд байсан хэрнээ өөрийнхөө барилдааны онцлогийг сайн олж харжээ. Таны сонголт зөв байсан нь батлагдаж, жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан шүү дээ.

-1989 онд тухайн үеийн Югеславт жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээний эхний тойргуудад учраа таарсан бөхчүүдээ цэвэр ялсан. Алтан медалийн төлөө ОХУ-ын бөхтэй барилдаж, шүүгчдийн саналаар ялагдсан.

Тухайн үед дэвжээний захад гурван шүүгч суугаад тамирчдын оноо тэнцсэн тохиолдолд идэвхтэй барилдсанд нь туг өргөж санал өгдөг байсан юм. Барилдаан дуусахад 13 секунд дутуу байхад би оноо авсан ч өгөөгүй. Уг нь миний ялалт байсан юм. Япончууд намайг дэлхийн аварга боллоо гээд баяр хүргэсэн.

Тэмцээний дараа намайг эх орондоо урьж “Широки цом” тэмцээнд оролцуулсан. Мөн миний тухай баримтат кино хийж NHK телевизээр гаргасан. Монголоос жүдогийн анхны дэлхийн аварга төрлөө гэсэн агуулгатай. Хэдэн жилийн өмнө манайд Гүржийн бөхчүүд ирж бэлтгэл хийсэн.

Тэдний нэг нь манай сонинд ярилцлага өгөхдөө “1989 онд танай нэг бөх дэлхийн аварга болсныг та нар мэдэх үү. Тэмцээний шүүгч нь хахууль аваад танай бөх ялагдсан юм. АНУ-д бизнес эрхэлдэг нэг гүрж хүн шүүгчид мөнгө өгсөн” гэж ярьсан байна лээ. Ийм л түүхтэй медаль даа. Чамлахаар чанга атга гэдэг дээ.

Хэдийгээр харамсалтай ч дурсамжтай тэмцээн болсон. Тухайн үед улс орон маань хөгжил дорой, манай жүдо бөх ч амжилтад хүрээгүй байсан болохоор маргалдаад нэмэргүй. Одоо бол шал өөр.

Монголчууд жүдогоор дэлхийд алдартай болсон. Бусад орны тамирчид манайд ирж бэлтгэл хийж байна. Эрэгтэй 22, эмэгтэй 14 бөх олимпод оролцох эрхтэй боллоо. Зөвхөн 60 кг-д дөрвөн тамирчин олимпийн эрх авсан байх жишээтэй.

-Тэднээс нэг нь л олимпод оролцоно биз дээ?

-Тийм ээ. Аль сайн нь л оролцоно. Бүгд хичээж, сайн байдаг болохоор багш дасгалжуулагч нар хэцүү сонголт хийдэг. Нэг нь л явах ёстой болохоор яах билээ дээ.

Тиймээс заримыг нь гомдоохгүйн тулд гаднын улсын нэр дээр барилдуулж байна. Тухайлбал, Г.Отгонцэцэг Казахстаны нэрээр олимпод оролцоно.

-Өдөр бүр шахам л сонголт хийх шаардлагатай болдог шүү дээ. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт юу вэ?

-Би амьдралдаа хоёр сонголт зөв хийсэн нь спорт, эхнэр хоёр минь. Спортыг сонгосноор би нэр алдартай болсон. Эхнэртэйгээ учирснаар хязгааргүй их халамж хайрыг хүртсэн, үнэхээр азтай хүн.

Эхнэр, ажил хоёроо зөв сонговол эр хүн жаргадаг юм байна. Харамсалтай нь, хань минь өнгөрсөн жил бурхны орон руу явчихлаа. Өвчин гэдэг аймаар юм. Бараг мянган хүн тутмын нэгд тохиолддог булчин сулрах өвчтэй байсан юм.

Явж чадахаа болиод жил гаруй хэвтэрт байсан. Сүүлдээ хоол идэж, юм ярьж чадахаа больдог юм билээ. Гадаад, дотоодын олон эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гарсангүй. Миний спортод амжилт гаргаж, өдий зэрэгтэй яваа нь тэр хүний л ач.

Өнгөрсөн жилийн жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход бие нь их муу байсан. Тэмцээнд явахгүй байя гэтэл яваад ир гэсэн. Хэд хоноод ирэхэд байж л байсан. Амьдралынхаа эцсийн мөчид ч намайг ойлгосон.

-Таныг болоод спортыг үнэхээр ойлгож хайрладаг хүн байжээ.

-Тийм ээ. Бид 18 настайдаа танилцсан. Залуу байхаасаа л барилдах үед дээлний зах мушгиж суудаг байсан. Спортод дуртай. Шавь нарын минь ээж шиг байлаа. Таван хүүхдийг минь төрүүлсэн, сайн ээж, халамжтай хань, Монголын хамгийн сайхан бүсгүй. Намайг жүдогийн шигшээ багт байхад жилийн бараг арван сард нь тамирчид Спортын төв ордон болон зочид буудлуудад байрлаж бэлтгэл хийдэг байсан.

Гэр бүлтэй гэж харж үзэхгүй. Орой бэлтгэлээ тараад гэртээ очиж, ганц, хоёр цаг болчихоод 23.00 цагаас өмнө байрандаа ирдэг. Тэгэхэд эхнэр минь хоёр, гурван хүүхдээ өсгөөд, ажлаа хийж, ар гэрийнхээ бүх ажлыг зохицуулдаг байсан.

Цэцэрлэгийн багш болохоор хүүхдүүдээ ажил руугаа аваад явдаг. Тэр үед ч надад гомдоллож байгаагүй. Их уужим сэтгэлтэй, тэвчээртэй хүн байсан. Нөхөр нь жилийн ихэнх өдөр гэртээ байхгүй, ирэхээрээ тайван сууж чадахгүй цаг харж өндөлзөж байгаад аяга хоол идчихээд гараад гүйчихээр эмэгтэй хүнд ямар байх нь ойлгомжтой биз дээ.

Намайг амжилт гаргаж, амьдрал нь дээшилнэ гэдэгт итгэдэг байсан болохоор тэр бүгдийг тэвчдэг байсан биз.


О.БАЛЖИННЯМ: Магтаж байгаагүй аав минь намайг арслан боллоо гээд баярлатал цолоо хураалгачихсан

Тэр үед танд спортоо орхиж, гэр бүлтэйгээ хамт байх бодол төрж байгаагүй юү?

-Хонгилын үзүүрт гэрэл харагдчихсан байсан болохоор спортоо орхих тухай бодоогүй. Эхнэр, хүүхдээ өрөвдөлгүй яах вэ. Хүүхдүүд маань ааваасаа хол шахам өсөж байсан. Тэглээ гээд барилдаж ноцолдохоос өөрийг хийж чадахгүй юм чинь.

Удахгүй амжилт гаргаж, алдар нэртэй болж, байр сууцанд орж, амьдралын боломж дээшилсэн. Эхнэртээ барьсан хариу нь тэр. Дасгалжуулагч болоод хамт байх цаг арай ихэссэн.

Сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээн уралдаанд байнга авч явдаг байсан. Илүү зүйл хийж өгч чадсангүй. Жаргах насандаа арай л эрт явчихлаа.

-Таны эхнэр юм сайн оёдог байсан гэл үү?

-Тийм ээ. Намайг ч дээлээр дутаагаагүй хүн дээ. Цагаан сар, Улсын наадам болгоноор шинэ дээлээр гангардаг байлаа. Бөхийн зодог шуудаг сайн оёдог. Олон бөхөд зодог шуудаг оёж өгсөн.

Уг нь зодог шуудгийг хамаагүй хүнээр оёулдаггүй юм. Аварга хүний эхнэр гээд бэлгэшээдэг юм уу, манай бөхчүүд байнга л оёулдаг байсан.

-Та Увс аймгийн хүн. Увсынхан юугаараа онцлог болоод сайн бөхчүүд төрдөг юм бол?

-Увс аймаг бол бөхийн өлгий нутаг. Манай аймгаас Улсын наадамд 15 бөх түрүүлсэн. Миний бодлоор байгаль, цаг ууртай нь холбоотой байх. Эрс тэс уур амьсгалтай, өндөр уул нуруудтай болохоор хүмүүсийнх нь бие бялдрын хөгжил сайн, тэсвэр хатуужилтай байдаг болов уу.

-Та дунд сургуульд байхдаа үндэсний бөхөөр аймгийн цол хүртсэн юм билээ. Бөх сайтай газар дунд сургуулийн хүүхэд аймгийн цол авсан гэхээр шаггүй бөх байжээ.

-Есдүгээр ангидаа аймгийн начин, аравтаа аймгийн заан болсон. Тэр үед жин ихтэй байсан. Ес, аравдугаар ангидаа аймгийн төвд сургуулийнхаа дотуур байранд байсан. Манай гэр аймгийн төвөөс 100 гаруй км-ын зайтай.

Аав нэг мотоцикль авч өгсөн. Түүнийгээ хамаатныхаа хашаанд тавьчихаад тав дахь өдрийн хичээл тармагц унаад гэр лүүгээ явдаг байлаа. Гэртээ хоёр хоночихоод, ээжээр уут дүүрэн боорцог хийлгэж аваад буцна.

Аавын өгсөн мөнгөөр молоко худалдаж авч боорцогтойгоо идсээр байгаад хоёр жилийн дотор нэлээд жин нэмсэн. Наймдугаар ангиа төгсөхдөө 56 кг байсан. Есдүгээр ангид байхдаа 13 кг нэмж, аравтаа 84 кг болсон.

-Таныг арслан цолоо хураалгаж байсан гэдэг юм билээ. Ямар шалтгаанаар хураалгасан юм бэ?

-1989 онд Улсын наадамд үзүүрлэж арслан цол хүртсэн. Тухайн үед үзүүрлэсэн бөхөд арслан цол өгдөг байсан юм. Тэр жилийн наадмаас хойш больсон. Уг нь надад арслан цолны үнэмлэх өгсөн.

Манай найзууд үнэмлэх үзээд баяр хүргээд байж байтал наадам зохион байгуулах комиссын хүн ирээд “Маргааш хурал хийж байгаад үнэмлэхийг чинь өгнө” гээд аваад явсан. Маргааш нь өгөөгүй.

Тэгэхэд аав наадам үзэхээр Увсын Наранбулагаас ирчихсэн байсан. Магтаж байгаагүй аав минь намайг арслан боллоо гээд баярлатал цолоо хураалгачихсан. Намайг самбо, жүдогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэхэд баяр хүргээгүй хэрнээ тэгэхэд их баярласан.

Аав минь “За яах вэ, яах вэ. Дараа жил авчих. Арслан байтугай аварга болно” гэсэн. Харамсалтай нь, 1991 оны Улсын наадамд түрүүлж арслан болохыг аав минь харж чадаагүй.

Манай аав аймгийн начин цолтой, өндөр биетэй сайхан хүн байсан. Намайг багад аав Цагаан сар, Улсын наадмын бөхийн барилдааныг радиогоор сонсоод, оноолт таарсан, давсан бөхчүүдийн нэрийг хуучин монгол бичгээр бичдэг байсан.

Тэр нь намайг бөх сонирхоход нөлөөлсөн байх. Радиогоор бөхийн цол дуудахыг сонсох дуртай байлаа. Тэр үед 20 гаруй жилийн дараа өөрөө цолоо дуудуулаад зогсож байна гэж яаж мэдэх вэ.

Төрийнхөө баяр наадмаар зүүний магнайд гараад цолоо дуудуулахад омогшоод хийморь сэргэх шиг болдог. Үндэсний бөх түүгээрээ сайхан шүү.

-Та Б.Бат-Эрдэнэ аваргыг Улсын наадамд нэг ч удаа давж байгаагүй юм билээ. 1991 онд түрүүлж арслан болоход Б.Бат-Эрдэнэ аварга П.Сүхбатад шөвгийн дөрөвт унасан.

-Б.Бат-Эрдэнэ бол Улсын наадамд 11 түрүүлсэн агуу бөх. Бид Улсын наадамд долоон удаа барилдахад би нэг ч даваагүй. Надаас өндөр, жин ихтэй болоод ч тэрүү дийлддэггүй юм. Олон жил хамт бэлтгэл хийсэн болохоор миний барилдааныг сайн мэддэг.

-Б.Бат-Эрдэнэ аварга та хоёр сонирхогчдын сүмогийн дэлхийн аваргад оролцсон байх аа.

-Тийм ээ. Б.Бат-Эрдэнэ аварга сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга, би нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. 1991 онд жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсны дараа Б.Бат-Эрдэнэ аваргатай хамт Японд очиж бэлтгэл хийсэн.

Тэр үеэр сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэмцээний дараа Японы сүмо бөхийн холбоо Б.Бат-Эрдэнэ аваргад сүмод барилдах санал тавьж, манай хүн зөвшөөрөөд гэрээ хийж, долдугаар сарын башёд барилдах болсон. Япон руу явахынх нь өмнөх орой би гаргаж өгсөн.

Маргааш нь онгоцны буудалд оччихоод буцаад ирсэн. Сарын дараа Ардын хувьсгалын 70 жилийн ой болох гэж байсан. Наадамд барилдмаар санагдаад Япон явахаа больсон гэсэн.

Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ явсан бол сүмогийн аварга болох ч байсан юм бил үү. Тэр жил Б.Бат-Эрдэнэ П.Сүхбатад өвдөг шороодож, би арслан болсон юм.

-Бөх судлаач Б.Цогтбаатар таныг “Хутгах, хавирах мэхтэй, хийгүй нягт барилдаантай, асар их тэвчээртэй бөх” гэж тодорхойлсон байна лээ.

-Тэвчээргүй бол үндэсний бөхөөр барилдахгүй. Өөрөө ядрахгүйхэн шиг өрсөлдөгчөө ядраах хэрэгтэй. Энэ хүнийг унагах ёстой гэж бодож байгаа бол яарч мэх хийж болохгүй. Гүрийх л хэрэгтэй дээ.

-Сүүлийн жилүүдэд Улсын наадамд жил дараалан түрүүлсэн бөх байхгүй. Ихэвчлэн залуу бөхчүүд түрүүлж байна. Энэ нь үндэсний бөх хөгжиж, залуучууд чадвартай байгаагийн илрэл үү эсвэл үнэхээр сайн бөх байхгүй байна уу?

-Б.Бат-Эрдэнэ аварга шиг сайн бөх тийм олон төрдөггүй байх. Сүүлийн жилүүдэд залуу бөхчүүд гарч ирж байгаа нь сайн. Үндэсний бөх хөгжиж л байна. Сүүлийн үед бөхчүүдийн жингийн асуудал их яригдаж байна. Үүнд бөхчүүдийг буруутгах аргагүй. Үндэсний бөхийн дүрмээс шалтгаалж байгаа юм.

Барьц сонгох барилдаанд жин ихтэй бол амар унахгүй. Бөхчүүдийн жин их болохоор уран барилдаан гарахгүй. Уран барилдаан хийхгүй болохоор зарим мэх байхгүй болох магадлалтай. Тиймээс манайхан дүрмээ даруй өөрчлөх хэрэгтэй.

Хүнд жинтэй байлаа гээд сайн барилдахгүй. Намайг шигшээ багт байхад жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг болдог байсан. Тэмцээнгүй жил нь үндэснийхээ бөхөөр барилдаад жин нэмчихдэг.

Дараа нь жингээ хасах гэж зовдог байлаа. Үндэсний бөх, жүдогоор зэрэг барилдахад жингийн асуудалтай тулгарсан болохоор олон улсын спорт гэдгээр нь жүдогоор илүү хичээллэсэн.

-Монголын үндэсний бөхийн холбооныхон аваргуудтайгаа уулзаж, үндэсний бөхийн хөгжлийн талаар ярилцдаггүй юм уу?

-Үгүй ээ. Уг нь тэгж байвал зүгээр дээ. Японы сүмод аваргуудын зөвлөл гэж байдаг. Түүн шиг манай зарим бөх аваргуудын зөвлөл байгуулъя гэхээр зөвшөөрдөггүй хүмүүс байх шиг байна.

-Үндэсний бөхөд цолны найраа их байдаг. Та хэр их цолны найраа хийж байв?

-Өө зөндөө, зөндөө (инээв). Цолны найраа бол залуу бөхчүүдийг дэмжих нэг бодлого. Бөх хүн улсын цолонд хүрэх хамгийн хэцүү. Ирээдүйтэй сайн бөхийг улсын цолтой болгочихвол аяндаа цаашаа явчихдаг. Энэ бол эртнээс уламжлалтай.

Өвөрхангай аймгийн Г.Цоодол гэдэг улсын арслан Х.Баянмөнх аваргыг хараад “Энэ сайн барилдах шинжтэй хүүхэд байна. Нэг барилдаад үзье” гээд амлаж аваад унаж, начин болгосон гэдэг. Би олон бөхийг начин, заан цолтой болгосон.

Тухайлбал, Өмнөговь аймгаас улсын начин төрөхгүй байна гэхээр нь Т.Энхтуяаг начин болгосон. Мөн И.Доржсамбуу, А.Сүхбат, Б.Ганбат нарыг заан болгосон. Гэхдээ тэднээс мөнгө авч байгаагүй.

-Танд эх орныхоо нэрийг алдаршуулахаас илүү үнэ цэнэтэй зүйл бий юү?

-Эх орон л хамгийн түрүүнд бодогдоод байна даа. Дараа нь гэр бүл минь. Тэгээд шавь нарын амжилт орно доо.

-Хэр их мөнгө олсноор нь биш, хэчнээн хүний амьдралыг өөрчилснөөр нь амжилтыг тодорхойлбол та хэдэн хүний амьдрал өөрчилсөн байна вэ?

-Өөрийгөө өөрчлөх ч бас том амжилт шүү. Багш дасгалжуулагч гэдэг алдрыг хүртсэнээс хойш хүний амьдралыг өөрчлөх гэж зүтгэж яваа юм болов уу. Шавь нар минь алдартай мундаг тамирчин ч гэлээ бүгд л залуу хүн, хүүхэд шүү дээ.

Алдаа гаргана, амжилт олно. Аав шиг нь л байх хэрэгтэй болдог юм. Тэднийг дасгалжуулж зөв чигт чиглүүлэх нь миний үүрэг.

Тамирчдынхаа сайн аав болсон ч хүүхдүүддээ сайн эцэг нь байж чадаагүй юм шиг байна. Ээжийг нь өнгөрсний дараа л үүнийг ойлголоо. Хүүхдүүд ер нь ээжээрээ дамжуулж аавтайгаа харилцдаг юм шиг.

Асуудлаа ээждээ хэлж, ээж нь түүнийг зөвтгөж, зөөлрүүлж аавд нь хэлдэг. Надаас эмээдэг ч юм уу, нарийн асуудлаа ярихгүй юм аа. Ээж нь байхгүй болохоор бие биенээрээ дамжуулж хэлэх юм.

Ер нь хүүхдүүдтэйгээ хамт суугаад ярилцдаггүй байж. Тэгэх зав ч бараг байдаггүй юм байна. Би гурван хүү, хоёр охинтой. Бага хүү 17 настай. Жүдогоор хичээллэж байгаа.

-Та нөхөрлөлийн жинхэнэ мөн чанарыг ойлгож, мэдэрсэн үү?

-Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж үнэн үг шүү. Олон анд нөхөртэйгөө, тэднийг ямар хүн чанартай хүмүүс болохыг өнгөрсөн жил л мэдэрлээ. Эхнэрийг минь эмчлүүлэх гэж надаас дутахгүй л зүтгэсэн дээ.

-Та хэр шүтлэгтэй хүн бэ?

-Их шүтлэгтэй. Өөрийн гэсэн бурхан шүтээнтэй. Орой бүр зул өргөдөг. Хотод ирээд удаагүй байхдаа Дундговь аймгийн нэг ламтай уулзсан. Тэр хүн миний төрсөн газраас эхлээд бүх зүйлийг харсан юм шиг хэлсэн.

Миний бие үе үе өвддөг байсан ч тэр ламтай уулзсанаас хойш эдгэрсэн. Тэр ламаар Түвд үсэг заалгасан. Судар хараад уншчихна. Аав, ээж ч их шүтлэгтэй байсан.

-Та аав, ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан бэ. Багадаа эрх өссөн байх аа. Хүүхдэрхүү инээмсэглэхийг тань харахаар тэгж санагддаг юм.

-(Инээв). Хүмүүс ээжтэйгээ адилхан гэдэг юм. Ээжийн эрх хүү байлаа. Би айлын том нь. Намайг найман настай байхад дүү төрсөн болохоор олон жил эрхэлсэн. Хоёр эмэгтэй дүүтэй.

-Та хэчнээн олимпод оролцсон бэ. Аялах дуртай юу?

-Сөүл, Атланта, Сидней, Бээжин, Лондонгийн олимпод оролцлоо. Одоо Риогийн олимпод явах байх. Онгоцоор нисэх нь хэцүү болохоос аялах сайхан. Таван тивийн 70 гаруй улсад очсон. Өнгөрсөн жил гэхэд арав гаруй оронд очиж, тэмцээнд оролцсон байна.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.109 Ок
27.123.214.109 Ок
27.123.214.109 Ок
27.123.214.109 Ок
27.123.214.109 Ок
27.123.214.109 Л
27.123.214.109 Л
27.123.214.109 Л
27.123.214.109 Мягмар эгчтэй вагонд купейд хамт явж танилцаж байлаа.Бодохоос харамсаад.байда
27.123.214.116 Ehner ni uud bolchihson yumuu ymar saihan busgui ve saihan hosuud bn gej harj baharhaj bailaa.
66.181.186.197 Балжаа аварга бол жинхэнэ эр хүн, жинхэнэ түшигтэй,нөхөрс
202.9.43.34 Сайхан хүн бидний бахархал хүн дээ урт удаан хугацаанд олон сайхан тамирчин бэлдсэн дээ
202.179.31.116 huurhii saihan hun amidral ereentei baraaantai bh ym daa
202.131.234.243 спорт мэддэггүй хүн хийсэн ярилцлага байна.
202.9.41.154 Ямар сайхан ярилцлага уншчихав аа. Ойрд ийм сайхан сэтгэл сэргээсэн бахархал төрүүлсэн зүйл уншаагүй юм байна. Сайхан ханиа магтсан, даруу төлөв сайхан хүн санагдлаа. Өрсөлдөж барилдаж явсан Бат-эрдэнэ аврагаа хүлээн зөвшөөрч магтаж чадаж байгаа нь даруу сайхан хүн гэсэн аэтгэгдэл төрүүллээ. Хоёр мөнх аврага шиг нас дээр гарчихаад бие биенээ хэмлээд дээр дороо оролцоод байхгүй, жудагтай сайхан санагдлаа. Гэр бүлийнх нь хүн бурхан болсонд эмгэнэл илэрхийлье.
128.205.162.161 sain ehner ch jihene ereed oldohgui erdene shuu
128.205.162.161 sain ehner ch jihene ereed oldohgui erdene shuu
103.10.22.149 Олимпийн аварга олон олоныг төрүүлэхийн ерөөл чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
103.10.22.149 Монгол түмэндээ буян заяагаа хайрласан их аваргын минь хийморь монгол тамирчдын хийморь нь 5-н нуур тольдсон Хоо-Овоот хайрхан шигээ өн мөнхөд босоо байх болтугай
182.160.35.20 Ta nuguu 90-n heden ond hunii nungu tug uhgui luu unjaad bna geed hevleliin od bolood bsan gaigui yu odoo, ugsun buzdee
103.57.93.211 Монгол түмэндээ буян заяагаа түшиж яваа жинхэнэ Монгол эр хүн шүү
202.179.26.220 Ungursun jil 2-r emnelegiin seheenii uudend gantsaaraa suuj baigaag ni olon harj baisan. Ehneree sahij baisan yum bn daa. Jinhene er khun gej hairlaj yabdag shuu. Setgeliin tevcheertei baij ur huuhed buhiin sportiin tuluu ij zuil hiigeerei.
121.45.206.92 Naadmiin talbaid avarga-g ger buliin hunteigee yavj baihiig olon udaa harj bakharkhaj bsan, taniig ulsiin shigshee bagiin dasgaljuulagch bhad, Baterdene avarga holboonii terguun bsan, gar niilj sain ajillaj bsan gej sonsson. Mun aimag, nutgaaraa huvaagddag heruuld ordoggui nuruutai zang tani bishirdeg!
59.153.113.57 сайхан
202.9.40.68 Argagui uhaantai, hodolmorch, saihan huvi zayatai hun yumaa. Ehner ni ood bolsond haramsaj bna. Saihan hun baisan yum bna shuu. Ene jiliin olimpod tanai shavi nart bugdend ni olimpiin avarga bolohiig erooe...