Г.ГЭРЭЛХҮҮ: Уран бүтээлчид үргэлж эрэлд хатдаг

2016 оны 02 сарын 16

Австралийн Күинслэнд хотод болж буй Орчин үеийн урлагийн Ази, Номхон далайн орнуудын наймдугаар үзэсгэлэнд манай улсаас анх удаа дөрвөн зураач оролцож байна. Тэдний нэг нь зураач Г.Гэрэлхүү.

Ази, Номхон далайн бүсдээ өндөр зэрэглэлд тооцогдох тус үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг зохион байгуулагчид өндөр шалгуураар сонгодог тухай дуулаад дэлхийд “тоогдсон” зураачийг танилцуулахыг хүссэн юм.

Түүний тухай мэдээлэл олж авах зорилгоор цахим хайлтын системээс эрэхэд баатар эрс, роботын дүрслэл бүхий зурагнаас нь өөр зүйл гарч ирсэнгүй. Оньсого мэт нууцлаг уран бүтээлчийн ертөнцөөр аялахаар зураачдын “Б” урланг зорив. Тэрбээр эл байранд суурьшаад нэг жил гаруй болж буй гэнэ.

“Жижигхэн болохоор хүмүүс манай урланд зочлох нь ховор. Тэгээд ч би ер нь жаахан зожиг хүн л дээ” гэсээр зочин маань намайг угтав. Урлангийн хойморт гурван зураг зэрэгцүүлэн өлгөснөөс өөр гойд анхаарал татах зүйл үгүй. Хачирхалтай нь тэдгээрийн хоёр нь түүний эхнэрийнх, нэг нь найзынх нь бүтээл гэнэ.

Өөрийнх нь ганц ч бүтээл урланд ил харагдахгүй буйн учрыг тэр “Зай талбай бага болохоор зургаа ил гаргадаггүй юм аа” гэж тайлбарласан. Бүтээлтэй нь танилцах гэж яарах хүслийг минь гадарласан уу, шалан дээр зэрэгцүүлэн тавьсан хуйлмал зургуудаасаа нэгийг нь дэлгэн харуулахад хуяг, дуулга өмссөн дайчин эрс “мэндчилэв”.

-Бүтээлд дүрсэлсэн дайчид хэдий үеэс ирсэн бол. Нэр нь юу вэ?

-XII-XIII зууны үеийн баатарлаг эрсийг дүрсэлсэн. Цуврал зургаан бүтээлийн сүүлчийнх нь энэ юм. Нэрийг нь өгөөгүй байгаа. Би бүтээлдээ урьдчилж нэр оноодоггүй л дээ. Учир нь зурах явцад агуулга, утга санаанд нь өөрчлөлт гарах тохиолдол байдаг шүү дээ.

-Дайны хүнд хэцүү он жилүүдийн зураглал хийгээд цэрэг дайчдын тухай төсөөллийг бид кино, уран зохиолын номоор дамжуулан олж авсан. Нүдээр үзэж, биеэр туулаагүй бүхнээ зурах хэцүү биш үү?

-Уран бүтээлч хүн олон талын мэдлэгтэй байх ёстой. Ном уншиж, урлагийн бусад төрлийн бүтээлүүдтэй танилцаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас бүтээлтэйгээ холбоотой судалгаа сайн хийдэг.

Тухайлбал, би дайн тулаан, цэрэг эрсийг зурахдаа тухайн сэдэвтэй холбоотой түүх, уран зохиолын ном, кино үзэж судалдаг. “Монголын нууц товчоо”-г ч уншсан.

-Түүхийн аль нэг цаг үед зочилж, аж амьдралынх нь бодит дүр зургийг харах боломж олговол та хэдий үед саатах бол?

-XIII зууны үед очих байсан болов уу. Орондоо орох завгүй, олзолдон тэмцэлдэж байсан цаг үе хэмээн бичсэн байдаг шүү дээ. Эрт цагийн баатарлаг эрсийг дэргэдээс нь харвал сонин байх болов уу.


-Бүтээлийнхээ сэдэв, санааг хэрхэн олдог вэ?

-Урлагийн хүмүүст амралт байдаггүй гэдэг нь үнэн. Тэд үргэлж шинийг эрэлхийлж, уран бүтээлийн эрэлд хатаж явдаг. Хэн нэгэнтэй ярилцаад сууж байхад ч шинэ бүтээлийн санаа төрөх нь бий.

Түүнийгээ алдалгүй барьж аваад чулуу болгох нь чухал. Зураачид ерөнхий нэг сэдвээр дагнах нь элбэг. Тухайн бүтээл ямар санаа агуулж буй, юуг өгүүлэхийг зорьсон бэ гэдгийг зураач өөрөө тайлбарлах утгагүй.

Үгээр тайлбарлаж чаддаггүй үе ч бий. Тайлбарлах гэж оролдохоор бусдад тэнэг хүн шиг харагдах гээд байдаг.

-Робот зурах санаа хэрхэн буув?

-Цаг үеийнхээ нөлөөнд автсан юм болов уу даа. Өмнө нь үздэг байсан хүүхэлдэйн киноны роботуудыг дуурайлгаад зурдаг байлаа. Гэтэл тэднээс ялгарахгүй, хуулбарлачихсан мэт харагдаад болдоггүй. Монгол зургийн уламжлалыг шингээсэн, орчин үеийн шийдэлтэй робот зурах гэж уйгагүй оролдсон.

Өөрөөр хэлбэл, роботыг монгол зургийн уламжлалаар зурахыг хичээж байлаа. Түүнийгээ ч биелүүлсэн. Марзан Шаравын “Монголын нэг өдөр”, “Айрагны баяр”, “Богдын ордон” зэрэг бүтээл дэх ширээ, ордон дүрсэлсэн дөрвөлжин хэсгийг нь ажиж байгаад шинэ санаа ургуулсан даа.

-Таны бүтээл бусдаас онцгойрох им, тамгатай юу?

-Байлгүй яах вэ. Миний зургууд олон деталиас бүрддэг. Хүүрнэлтэй зураг гэж хэлж болно. Дүрслэлийн хувьд морьтой баатар, дайчин эрс зонхилдог.

-Захиалгаар зурдаг уу?

-Ер нь ховор. Хүний хүсэл сонирхолд нийцүүлж зурах их хэцүү.

-Сайн бүтээл гэж таныхаар юуг хэлэх вэ?

-Ер нь урлагийн бүтээл хүнд өгөөжтэй байх хэрэгтэй. Дүрслэх урлагийн бүтээлд ч энэ хууль үйлчилдэг. Урлаг бол сайтар эргэцүүлсэн хэтрүүлэг юм гэсэн үг байдаг шүү дээ.

Г.Гэрэлхүүгийн хамгийн дотнын нөхөр нь ном. Тэрбээр Г.Аюурзана, Д.Урианхайн бүтээлд шимтдэг бөгөөд номыг тун өвөрмөц байдлаар уншдаг аж. Тухайлбал, хэд хэдэн номыг зэрэг эхлүүлчихээд ээлжлэн уншдаг гэнэ.

Хачин жигтэй гэмээр энэ зуршил нь түүнд өгөөжтэй санагддаг бололтой. Хамгийн сүүлд Д.Урианхай гуайн “Зүүд ба улаан нулимс” номыг шимтэн уншсанаа хэлээд намайг олж уншихыг зөвлөв.

-Та бүтээлээ хэнд зориулан зурдаг вэ?

-Өөртөө зориулдаг.

-Тэгэхээр бусад хүмүүс таашаах, эсэх нь чухал биш гэсэн үг үү.

-Тийм. Би зүгээр л зурах дуртай.

-Нэг л өглөө та зурж чадахаа байчихвал яах вэ. Ийм бодол төрж байв уу?

-Зурахаас өөрөөр бүтээл туурвих олон арга бий шүү дээ. Тухайлбал, сүүлийн үед үйл хөдлөлийн урлаг хүчээ авч байна. Үнэхээр хийх, бүтээх хүсэл байвал ямар ч байдлаар туурвих боломжтой. Хамгийн гол нь шалтгаан, агуулга хоёр нь зөв байх ёстой.

-Ази, Номхон далайн орнуудын наймдугаар үзэсгэлэнд шалгарсан бүтээлээ танилцуулаач.

-“Өөрсдийгөө танихгүй цэргүүд” нэртэй бүтээлээрээ оролцож байна. Өөрийгөө таньж мэдээгүй, зорилгогүй хүмүүс хаачих вэ гэсэн санаа бүхий зураг.

Дүрслэх урлагийн бүтээлийг үнэлдэггүйгээс чадварлаг олон зураач харийн орныг зорьж, тэндээ бүтээлээ туурвих болсон тухай уран бүтээлчдээс сонссон нь цөөнгүй. Тэрбээр уг асуудалд эмзэглэж явдгаа хэлсэн.

“Манай зураачдад гадаад, дотоодын үзэсгэлэн, уралдаанд оролцох өргөн боломж нээгдэж, тодорхой хэмжээнд үнэлэгдэж буй ч захиалгын буюу худалдааны зураг зурдаг уран бүтээлчдийн хэмжээнд хүрэхүйц орлоготой байж чаддаггүй нь эмгэнэл” хэмээв.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД