БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ “БААТРУУД”

2016 оны 02 сарын 16

Бие жижиг ч хойд хөл нь урд талын богино мөчнөөсөө бараг дөрөв дахин урт алагдаага гэх амьтан манай орны говь нутагт амьдардгийг хүмүүс андахгүй биз. Тэгвэл уг амьтан нь нэлээд олон төрөлтэй бөгөөд манай улсад савагдаахай, соотон алагдаахай, таван хуруут атигдаахай, козловын атигдаахай зэрэг 12 зүйлийн алагдаага бүртгэгджээ.

Эдгээр нь говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд амьдрахад зохилдсон бөгөөд тархац нутаг нь багасаж, тоо толгой нь буурч буй тул 1987, 1997, 2013 оны Монгол Улсын “Улаан ном” болон ховор амьтны жагсаалтад оруулсан байна.

Алагдаага нь 1.8 метр хүртэл харайдаг ба хоол тэжээл барьж, нүх ухахад урд мөчөө ашигладаг мэрэгч юм. Урт сүүл нь биеийн тэнцвэрээ олоход нь чухал үүрэгтэй аж.

МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор Д.Лхагвасүрэн “Манай оронд байдаг 12 зүйлийн алагдааганы есийг нь Зүүнгарын говьд харж болно. Хүмүүс аргаль, янгир, тахь зэрэг нүдэнд харагддаг том хөхтөн амьтдыг эдийн засаг, агнуурын ач холбогдолтой хэмээн хамгаалах ёстой гэж үздэг.

Гэтэл мэрэгч амьтдын байгаль, экологид үзүүлэх нөлөө асар их. Эдгээр алагдаага нь хөрсний үржил шимийг сайжруулан, ургамлын үрийг нэгээс нөгөөд дамжуулах үүрэгтэй. Мөн идэш, тэжээлийн чухал нөлөөтэй.

Энэ 12 зүйлийн алагдаага уствал үүгээр хооллодог махчин шувууд, үнэг, хярс зэрэг амьтдын тоо толгойд шууд болон дам байдлаар сөрөг нөлөө үзүүлнэ. Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд нийт амьтан, ургамлыг цогцоор нь хамгаалах шаардлагатай байна.

Нөгөө талаас аялал жуулчлалын ач холбогдолтой. Гадаадынхан манай улсын амьтны аймгийн тухай судлаад, үзэхээр ирдэг тохиолдол ч бий. Жишээлбэл, ХБНГУ-ын Магдебург хотын амьтны хүрээлэнгийн ажилтан Эллен, Рене Дрийхциарц нар алагдаага үзэхийн тулд хоёр жил тутам манай улсад ирдэг. Тиймээс зөвхөн алагдаага төдийгүй Монгол орны бусад зэрлэг амьтан, ургамлыг сурталчлах тусгай аялал жуулчлал хөгжүүлэх ч боломжтой” гэсэн юм.

Мөн алагдааганууд нэг баг, овогт багтдаг ч бүгд өөр идэш тэжээлтэй аж. Зарим нь шүүслэг ногоон навчаар, нөгөө хэсэг нь ургамлын үр, шавьж иддэг байна. Бүгд адилхан идэш тэжээлтэй бол хүнс, хоолны дутагдалд орж бие биетэйгээ өрсөлдөж, нэгнийгээ хөнөөх аюултай гэнэ. Байгаль, амьтны зохилдлого ийм нарийн, нягт байдаг тухай Д.Лхагвасүрэн доктор онцолсон.

Энэхүү мэрэгчдээс нэлээд ховор, бас өвөрмөцөд тооцогдох зүүнгарын даахай болон өөхөн сүүлт атигдаахайг онцлон танилцуулъя.

ӨӨХӨН СҮҮЛТ АТИГДААХАЙ


Монгол, Казахстан, БНХАУ-д тархсан энэ амьтныг өөхөн сүүлт атигдаахай (Salpingotus crassicauda) гэж нэрлэхээс гадна өөхлөг тажигдаахай ч гэдэг байна. Сүүл нь өөхөөр “баян”, бүдүүн байдгаас ийн нэрлэжээ.

Монголын “Улаан ном”-ын 1987, 1997 оны хэвлэлд ховор зүйлээр бүртгэгдэж байсан аж. Биеийн хэлбэр, төрхөөрөө бусад атигдаахайтай төстэй ч сүүл арай богино, бүдүүн бөгөөд сүүлний үс нь тачирхан аж. Бие нь 49-57, сүүл 87-117, чих 5-8, тавхай нь 21-27 мм урт, 7-24 гр жинтэй амьтан юм.

Өөхөн сүүлт атигдаахай нь мэрэгчдийн багийн алагдааганы овогт багтдаг. Монголд Их нуурын хотгор, нууруудын хөндий, Зүүнгарын болон Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Дундговийн өмнөд хэсгээр тархжээ.

Ихэвчлэн ургамлын ногоон хэсгээр хооллодог, цөл болон шаварлаг хөрстэй нутагт амьдардаг ба шөнийн цагт идэвхтэй амьдарч, өвөл ичээндээ ордог аж.

Жилд хоёр удаа буюу зургаа, долдугаар сард төллөх бөгөөд 2-4 зулзага төрүүлдэг байна. Өөхөн сүүлт атигдаахай нь Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан дансны ангилал, шалгуураар олон улсын хэмжээнд эмзэг, бүс нутагт мэдээлэл дутмаг үнэлгээнд багтжээ.

Тоо толгой нь багасах болсон шалтгаан нь зүүнгарын даахайтай ижил. Тиймээс тархац, тоо толгойг судалж, хэвийн өсөж, үржих нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтыг сайжруулах шаардлагатайд тооцогдож буй амьтан билээ.

Дашрамд дурдахад, Англи зэрэг зарим улсад алагдаагыг аз жаргалын бэлгэ тэмдэг болгож, гэртээ болон машин, ажлын газартаа алагдааганы чихмэл тоглоом өлгөдөг уламжлалтай аж.


ЗҮҮНГАРЫН ДААХАЙ

Зөвхөн Монгол болон БНХАУ-д л зүүнгарын даахай (Stylodipus sun¬gorus) амьдардаг юм. Энэ амьтныг манай улсад зөвхөн Зүүнгарын говь буюу Говийн их дархан цаазат газрын (ГИДЦГ) “Б” хэсэгт л харах боломжтой.

Зүүнгарын говь нь амьтны аймаг, амьдрах орчны олон янз байдлаараа Монгол орны бусад бүс нутгаас өвөрмөц ялгаатай. Тиймээс судлаачид тухайн бүс нутгийг Зүүнгарын говийн тойрог болон зарим судалгааны бүтээлд Баруун говийн тойрог гэж нэрлэдэг байна.

Мэрэгчдийн багийн алагдааганы овогт багтдаг зүүнгарын даахай нь Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй” гэж тэмдэглэгдсэн.

Хамгийн сүүлд 2004 онд МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор Д.Лхагвасүрэн болон 2006 онд бусад эрдэмтний хийсэн үнэлгээгээр зүүнгарын даахайн популяц 1995-2005 онд буюу 10 жилийн хугацаанд 50 хувиар цөөрсөн гэсэн үзүүлэлт гарчээ.

Булаг, шанд ширгэн татарч, ган гачиг болох нь энэ зүйлийн хорогдлын шалтгаан болдог ч байгаль орчны өөрчлөлт, эсвэл хүний үйл ажиллагааны алиных нь үр дагавар илүү нөлөөлж буйг одоогоор тогтоогоогүй байна.

Малын тоо толгой өссөнөөр бэлчээр талхлагдаж, амьдрах орчны доройтол нүүрлэж болзошгүй, устах аюулд орсон Төв Азийн унаган зүйл аж. 2013 оны Монгол Улсын “Улаан ном”-д зүүнгарын даахайг нэн ховор хэмээн бүртгэж, тархац нутгийнх нь 41 орчим хувь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч буйг тэмдэглэжээ. Мөн Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн байна.


Элсэрхэг хөрстэй, сийрэг ургамалтай хуурай цөлд амьдардаг эл амьтны бие 100-133, сүүл 150-165, хойд тавхай нь 54-58 мм урт бөгөөд нийт жин нь 85-90 гр аж. Нурууны хэсэг нь бараавтар долгио бүхий элсэн саарал, хэвлий цагаан, сүүлний дээд тал саарал шаргал бөгөөд нурууны өнгөнөөс тод.

Чихний арын цагаан толбо, гуяны цагаан зураас зэрэг нь даахайг таних чухал шинж болдог аж. Говийн элсэрхэг болон шаварлаг хөрсөнд 5-6 метрийн гүн нүхэнд амьдарч, өвөл ичдэг байна. Ичээнээс гарсны дараа үржилд орж, жилд нэг удаа төллөхдөө 3-4 зулзага гаргадаг. Идэш тэжээлийн зонхилох хэсгийг ургамлын үр, шавьж эзэлнэ.

Алагдааганы овгийн хөхтөн түр зуурын болон байнгын гэсэн хоёр төрлийн нүхэнд амьдардаг гэнэ. Байнгын нүхэндээ үр төлөө өсгөн бойжуулах бөгөөд энэ нь гүн, олон гарцтай аж.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.20.152.50 Зүүнгарын говь жижиг мэрэгчдээрээ дэлхийд алдартай нутагшүүв Намуун болон Лхагваа дүү нартай баяраллаа
193.88.127.198 Xuurxun ym be, xamgaslaltad avaasai!
103.10.21.54 Шөнө хөдөө явж байхад гэрэл дагаад л жирийгээд байдагсан. Нээрээ сүүлийн үед бараг харагдахаа больсон юм байна шд.