“ТУНГАЛАГ ТАМИР”-ЫН ХӨВӨӨНД ЗОГСОХ Ч.ЛОДОЙДАМБА

2016 оны 02 сарын 17

“Тэрбээр цагийн араншин дагасан ямар ч хувирлыг бие сэтгэл, оюун санааны бат чанараараа “Хугараагүй ноён нуруу”-ны тэнхээ заан давж, сөрөн туулах чадалтай хүчирхэг даль жигүүртэй нэгэн байлаа.

Төмөр замын машинистаас төрийн сайд хүртэлх амаргүй замыг туулахдаа бичсэн зууны манлай роман “Тунгалаг тамир” нь Монголын төдийгүй дэлхийн уран зохиолын үнэт сан хөмрөгт багтсан” хэмээн хэл бичгийн ухааны доктор, зохиолч А.Гун-Аажав Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын тухай өгүүлжээ.

Олон түмний сэтгэлд сод билигт оюун ухаан, бүтээл туурвилаараа шигтгээ болон гялалзсаар буй эрхэм зохиолчийг “Дурсахуй” буландаа онцолж байна.

“Малгайтай чоно”, “Манай сургуулийнхан”, “Солонго” өгүүллэгийг уншаагүй сурагчид, “Тунгалаг тамир”, “Гарын таван хуруу”-нд шимтээгүй үзэгч үгүй биз ээ. Зохиолч 1917 оны наймдугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Сүхийн гол хэмээх газарт Лодойдамбын дунд хүү болон мэндэлжээ.

Бага балчираасаа номын дуу сонсож өссөн тэрбээр 1940 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн ч ид хийж бүтээх насандаа хорвоог орхисон юм. “Цогт тайж” киноны Хулан, “Үер”-ийн Удвал, “Алтан өргөө”-гийн Сэндмаагийн дүрд тоглосон Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн түүний гэргий аж.

Тэд гурван охин, нэг хүүтэй. Эцэг, эхийнхээ замналаар урлагийн мөр хөөсөн нь дунд охин Насанбат. “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дуугаараа олонд танигдсан хөгжмийн зохиолч өдгөө ХБК-д төгөлдөр хуурын багшаар ажилладаг. Зохиолчийн тухай түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Урлаг, утга зохиолын түүхэнд тод мөртэй уран бүтээлчдийн гэр бүлд өсөж торнисон сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Ээж маань урлагийн хүн учраас цаг завгүй ажилладаг байсан. Аав ч ялгаагүй. Гэхдээ бидний хичээлийг хийлгэж, тоглож нааддаг байлаа. Аавыгаа тэр их ажлыг хэрхэн амжуулж, зохиолоо хэдийд нь бичдэг байсан юм бол гэж гайхдаг шүү. Бидний шуугилдан, үймүүлэхийг тоолгүй юм бичээд суудаг сан.

Томоотой байсангүй гэж хажиглаж, зэмлэдэг ч үгүй. Заримдаа бидэнтэй нуугдаж тоглоно. Аав бидэнтэй яг л үеийн жаал шиг тоглож наадан найзалдаг байсан. Олонх эцэг, эх хүүхэдтэйгээ хөндий харилцаатай байдаг шүү дээ. Бид харин түүнийг мэдрээгүй. Манайд гурван дугуйт мотоцикл байдаг байсан.

Аавыг гэртээ ирэхийг биднээс гадна хажуу айлын хүүхдүүд ч хүлээдэг. Ирэхээр нь манай хашаанд шавчихна. Тэднийг өнөөх гурван дугуйтдаа суулгаад явдаг байсан болохоор тэр. Тийм л хүүхдэд элэгтэй хүн байсан даа.

Сониуч хүн учраас янз бүрийн зүйл сэднэ. “Лодойгийн гурван дугуйт нь жолоочгүй хэрнээ давхиж явна” гээд хүмүүс шуугицгаав. Гэтэл аав дотор нь нуугдчихаад, харагдахгүйгээр жолоодоод байж. Хөгжилтэй шүү.


-Аав тань хүүхэд насныхаа тухай хуучилдаг байв уу. Уран зохиолд шимтэн дурлах болсон нь юунаас үүдэлтэй бол?

-Миний өвөө Чадраабал ухаантай хүн байсан гэдэг. Өвөөгийнд тууль хайлдаг хүмүүс их ирдэг байж. Өвөө ч хуучир, морин хуурын аялгуунд тууль хайлж, хүүхдүүддээ үлгэр домог ярьж өгдөг байсан гэсэн. Тэгэхээр аавын маань авьяас өвөөгөөс эхтэй байж мэднэ.

-Та эцэг, эхийнхээ ямар зан чанарыг өвлөсөн бэ?

-Аавынхаа сониуч, дүрсгүй занг нь өвлөсөн. Багадаа эрэгтэй хүүхдүүдтэй буу шийдмээр нааддаг, тоглоомоо амархан эвдчихдэг, дүрсгүй байлаа. Ямар сайндаа манай хөрш айлын хүн аавд “Танай бүх тоглоомыг дунд охин чинь л эвддэг юм байна шүү” гэж хэлсэн гэдэг. Дотор нь юу байгааг үзэх гээд л хагалчихдаг байсан юм.

Ээж минь бидэнд “Хөдөлмөр гоо сайхныг бий болгодог. Тиймээс уйгагүй хөдөлмөрлө. Түүндээ үнэнч бай. Хөдөлмөрлөсөн хүн гоо сайхан харагддаг юм. Хэчнээн гоё ганган хувцаслалаа ч уг хүн нь залхуу хойрго бол сайхан харагддаггүй юм” гэж хэлдэг байсан. Түүнийг нь санаж явдаг.

-Танай гэрт зохиолч, жүжигчид хэр их зочилдог байв?

-Олон хүн орж, гардаг байсан. Сайн санадаггүй юм. 13 настайдаа Москва руу сургуульд явсан. Зун, өвлийн амралтаар гэртээ ирчихээд буцаад явчихдаг байсан учраас сайн мэддэггүй. Би нэг сонин түүх ярья. Ээж маань бидэнд “Үсээ битгий задгай тавиарай. Зовлон дууддаг юм” гэж захидаг байсан.

Дээд сургуулийн оюутан болоод удаагүй, Москвад байхад намайг Монголын ЭСЯ-наас дуудуулсан. Өвлийн амралт эхлэх гэж байсан үе. Яваад очтол аавын бие муу байгааг дуулгаад Монгол руу онгоцоор нис гэж хэлсэн. Оюутны байранд очоод хувцас хунараа чемодандаа хийж аваад л гарлаа.

Онгоцонд суухад яагаад ч юм бэ ээжийн минь захиас санаанд орж, аавынхаа бие муу байгааг дуулсан учир сул тавьсан үсээ годойтол шүлжиж билээ. Надад хэл дуулгасан хүн өөр нэг хүүхдийн ээж нь нас барсан тухай хэн нэгэнтэй утсаар ярихдаа “Өөрт нь битгий хэлээрэй” гэж захихыг сонсоод “Ямар муухай хүн бэ. Ижий нь нас барчихсан байхад хэлэхгүй дээ” гээд өрөвдөж билээ.

Гэтэл намайг яг л тийм явдал хүлээж байж. Онгоцонд суусны хойно надад “Аав чинь хүнд өвдсөн шүү” гэж хэлсэн юм. Монголд ирээд онгоц газардахад бүх хүний харц над руу чиглэж байсан. Түүнийг би мартдаггүй.

Намайг манай авгын нөхөр, хүүтэйгээ тоссон. Тэд “Чамайг бүгдээрээ хүлээж байгаа. Чи битгий орилж, дуулаарай. Эмнэлэг рүү явах оройтсон” гэсэн. Тэгээд л би бүгдийг ойлгосон доо.

-Та тэгэхэд хэдэн настай байсан юм бэ. Нас барахаас нь өмнө хэзээ хамгийн сүүлд аавтайгаа уулзсан бэ?

-Зуны амралтаар гэртээ ирээд намар буцахад аав гаргаж өгсөн нь бидний сүүлчийн уулзалт байж. Намайг онгоцонд суугаад явахад ногоон цувтайгаа далласаар үлдсэн. Одоо ч тэр дүр нь нүдэнд харагддаг.

...Онгоцонд суухад яагаад ч юм бэ ээжийн минь захиас санаанд орж, аавынхаа бие муу байгааг дуулсан учир сул тавьсан үсээ годойтол шүлжиж билээ. Надад хэл дуулгасан хүн өөр нэг хүүхдийн ээж нь нас барсан тухай хэн нэгэнтэй утсаар ярихдаа “Өөрт нь битгий хэлээрэй” гэж захихыг сонсоод “Ямар муухай хүн бэ. Ижий нь нас барчихсан байхад хэлэхгүй дээ” гээд өрөвдөж билээ. Гэтэл намайг яг л тийм явдал хүлээж байж...

-Тухайн үед аав тань ямар алба хашиж байсан юм бэ. Эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан гэсэн үү?

-Аав тэр үед Соёлын яамны орлогч сайдаар ажиллаж байсан юм. Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэдэг ч чухам юунаас болсныг нь бид мэддэггүй. Ажлын шаардлагаар олон газар руу явдаг байсан учир эдгэдэггүй өвчин туссан гэж хэлсэн гэсэн.

Аав хэлэхдээ “Содном эмнэлэгт нуруун дээрээ орж ирээд хөл дээрээ босчихлоо, би хоёр хөлөөрөө ирсэн атал нуруун дээрээ болчихлоо” гэж хэлсэн гэдэг. Бие нь улам доройтож, хэвтэрт орсноо хэлж. Эмнэлэгт хэвтээд 21 хоноод бурхан болсон.

-Түүний бүтээлд хүнд нэгийг бодогдуулж, нөгөөг ухааруулах гайхалтай эшлэл, шигтгээ олон байдаг. Үр хүүхдэдээ юу гэж сургаал хайрладаг байв?

-Тийм шүү. Зохиолд нь манай гэр бүлийн амьдрал туссан явж байдаг. Жишээлбэл, “Гарын таван хуруу” жүжигт миний сахилгагүй, дүрсгүй занг гаргасан байдаг.

Бүх аяганууд нь сэтэрхий байдаг тухай өгүүлдэг дээ. Угтаа тэр бол миний гэртээ хийдэг үйлдлээс улбаатай юм. Би гэрийнхээ аяга шаазанд ус хийчихээд, хөгжим тоглож байна гээд цохисоор сэтэлчихдэг байсан юм.

-Аавыг тань зохиолоо бичихдээ хэрхэн автаж, шаналж, баясаж, тэр ертөнцөд амьдарч байсан тухай олон түүх сонсож байлаа. Зарим зохиолч бүтээлээ бичихдээ сонин авир, үйлдэл гаргадаг гэдэг юм билээ.

Тухайлбал С.Дашдооров гуай өчнөөн цагаар тааз ширтээд хэвтчихдэг, хүнтэй ч дуугардаггүй байсан гэдэг. Аав тань яадаг байв?

-Зохиолч З.Хангал гуай зохиол бичихдээ өрөөгөө дотроос нь тас түгжчихээд хэнийг ч оруулдаггүй, хоол ундаа ч иддэггүй. Гэр бүлийнхэн нь өрөөнийх нь үүдэнд хоолыг нь тавьчихдаг гэж байгаа. Өрөөнөөсөө гарч ирэхдээ зохиолоо бичээд дуусчихсан байдаг. Аавыгаа чухам хэрхэн бичдэг байсныг мэдэхгүй юм.

Зохиолоо ихэвчлэн шөнө бичдэг байсан болохоор тэр байх. Өглөө сэрэхэд л үнсний том сав тамхины үнсээр дүүрчихсэн байдаг. Бодвол шөнөжин суудаг байсан байх.

Өглөө ажилдаа явахдаа өрөөсөн оймсоо өмсчихөөд л юм бодоод суугаад байдаг. Их бодлогоширно. Ээж “Ажлаасаа хоцорлоо” гэж үглэсээр аавыг шавдуулдаг байв.

-“Тунгалаг тамир”-ын Долгорын дүрийг амьдруулахын тулд зохиолч их шаналсан гэдэг юм билээ.

-Долгор мөсөн доогуур орчихоод, гараад ирдэг шүү дээ. Аав өөрөө түүнийгээ туршиж үздэг юм бил үү гэж ярьсан гэдэг. Ийм л сонин зантай хүн байсан. Ах нь цоорсон мөсөн доогуур орчихвол яана гэж дүү нь их айдаг байсан гэсэн. Би дүрсгүй зантай.

-Аавынхаа зохиолоос хамгийн түрүүнд алийг нь уншсан бэ. Зохиолынх нь дүрүүдээс алинд нь хайртай вэ?

-Хамгийн анх уншсан нь “Малгайтай чоно”, “Хугараагүй ноён нуруу”. Анзаарах юм бол бараг бүх зохиол дахь дүрүүд нь Долгор, Эрдэнэ, Бат нэртэй. Гэхдээ тэдгээр нь өөрийн гэсэн давтагдашгүй зан чанартай байдаг.

Итгэлт баян гэхэд л олон хүний зан чанарыг уусгасан дүр юм. Аав маань өөрөө Хонгорын дүрд хайртай байсан байх. Их хөөрхөн шүү.

-Анхны зохиол болох “Малгайтай чоно”-оо зохиолч аавдаа тохиолдсон явдлаас сэдэвлэн бичсэн гэдэг юм билээ.

-Тийм ээ. Мөн аав маань өвөөд зориулж “Тунгалаг тамир” хэмээх алдарт зохиолоороо мөнхийн хөшөө босгосон юм. Зохиолынхоо эхэнд “Эцгийн дурсгалд хөшөө босгов” гээд бичсэн байдаг. Харин ээждээ зориулаад бичиж байсан номоо дуусгаж чадалгүй бурхан болсон доо. Тэр нь хаана байдгийг мэдэхгүй.

-Ээж тань ханьдаа зориулан ном бичиж, “Тунгалаг тамир” кинонд найруулагчаар ажилласан гэсэн үү?

-“Миний хань Лодой” гэдэг ном бичиж, тус киноны нэгдүгээр найруулагчаар ажилласан. Харамсалтай нь киноны эхний ангийг хийж байхад аав бурхан болчихсон.

-Ижий, аавдаа зориулж бүтээсэн бүтээл танд бий гэдэгт эргэлзэхгүй байна.

-Хүмүүс намайг “Орчлонгийн сайхан хүүхнүүд”-ээр л мэддэг. 1980-аад онд ээж маань уран бүтээлийн цэнгүүн хийхдээ энэ дууны шүлгийг уншиж байсан. Гэртээ байхдаа бидэнд ч их уншиж өгдөг байлаа.

Хожим би түүнд нь аялгуу хийсэн. “Орчлонгйн сайхан хүүхнүүд”-ийг давсан сайн бүтээл надад бий. Хөгжмийн боловсролтой хүний хувьд тэгж дүгнэдэг. Тэр нь аавдаа зориулсан “Тэнгэр буурал аав” дуу. Мөн “Аав минь санагдаад байна”, “Ээх нарны алтан намар” зэрэг дуу бий.

-Утга зохиолын гал тогоонд өсөж торнисон учраас зохиол бүтээлд шимтэнэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Би залуудаа уран зохиолд сонирхолтой байлаа. С.Дашдооров гуайн “Говийн өндөр” романы уран дүрслэлийн талаар хүртэл бичиж байлаа. Одоо шавь нартайгаа “ноцолдсоор” зохиол унших цаг зав гарахгүй юм.

Бид багадаа жүжиг тоглодог байсан. Жүжгээ ээлжлэн найруулдаг байв. Эгчийн маань найруулсан жүжгүүд богино, минийх болохоор сунжирсан үйл явдалтай. Миний найруулсан жүжигт мангас, чөтгөрийн дүр гардаг байсан гэж ярьдаг.

-Ирэх онд аавын тань мэндэлсний 100 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд бий юү?

-2007 онд 90 жилийн ойг нь төрөлх нутагт нь тэмдэглэж, “Тунгалаг тамир” романд зориулсан хөшөө босгосон. 100 жилийнх нь ойг тохиолдуулаад ажлууд хийж эхэлсэн.

Тухайлбал, “UBS” телевизээс жил бүр зохион байгуулдаг “Орших уу, эс орших уу” уралдааныг энэ жил аавын минь нэрэмжит болгон явуулж, ивээн тэтгэж байна. Өнгөрсөн онд Лодойдамбын нэрэмжит сан байгууллаа.

Тэргүүлэгчээр нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга Б.Галаарид ажиллаж байна. Уралдааны гран при шагналтанд Азийн гурван орноор зочлох эрх олгоно.

Үүнийг миний отгон дүү, Лаост Элчин сайдаар суудаг Галбадрах дэмжиж байгаа. Хэдхэн хоногийн өмнө “Тунгалаг тамир” романыг дахин хэвлэж гаргалаа.

-Ээжийнхээ залуу цагийн дүрийг дэлгэцийн бүтээлээс харахад юу бодогддог вэ?

-Яг л амьд мэнд дэргэд минь байгаа юм шиг санагддаг. Тэгээд л бид нэгэндээ утасдаж дуулгана. “Өнөр бүл” кинонд мөнхөрсөн дүрийг нь харахаар хүрээд ирэх юм шиг мэдрэмж төрдөг шүү.

-Соёлын гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Буянбаатар нэгэн ярилцлагадаа “Жинхэнэ элит гэвэл Лодойдамба болоод түүний эхнэр Ч.Долгорсүрэнг хэлнэ. Тэд цаанаа л нэг өөр, эрхэмсэг нь хүртэл их гоё” гэж өгүүлсэн байдаг. Танайх ямархуу айл байсан бэ?

-Манайх зохиолч Б.Явуухулан, С.Эрдэнэ, удирдаач Намсрайжав гуайнхтай хөрш байсан юм. Одоогийн айл бүрт байдаг зурагт тэр үед тун ховор байхад манайд зурагт, пянз тоглуулагч, гэрэл зургийн дуран байдаг байсан. Алдарт “Битлз” хамтлагийн дууг бид нар анх сонссон байх шүү. Одоо ч надад пянзнууд бий.  

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.152 ih goyo namtar bn