ЭРЧҮҮДИЙН зурах, урлах хоршил

2016 оны 02 сарын 18

Уран барималчийн урланг сонирхохоор залуу уран бүтээлч Т.Гэлэгжамцтай холбогдлоо. Эхэндээ жаахан дурамжхан байсан ч зөвшөөрсөн юм. Тэрбээр зураач, барималч Ё.Далх-Очир, Ч.Эрдэнэбат, зураач Ш.Энхцог нартай хамт нэг урланд ажилладаг. Тэдний урлан Чингэлтэй дүүргийн IV хороонд буюу тавдугаар сургуулийн урдхан талд байх ажээ.

Тэд нэг урланд нэгдээд таван сар гаруйн хугацаа өнгөрсөн гэнэ. Хоёр том тасалгаанаас бүрдэх дөрвөн өөр ертөнцтэй урлан. Хаалгаар нь ороход л керамик, будаг, шавар холилдсон, үгээр тайлбарлах аргагүй, сонин үнэр ханхална. Гэхдээ энд л тэд өөрсдийнхөө ертөнцөд амьдарч, тэр ертөнцөөс уран бүтээлүүд нь төрдөг. Урлангийнхаа хойморт урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхнаа залжээ.

Мөн бүтээлүүдээсээ ханандаа өлгөж, өөрсдийнхөө урласан тавиурууд дээр эгнүүлэн байрлуулсан байна. Эхний том тасалгаанд шавар зуурсан хувин, шуудайтай шавар, өнгө өнгийн будаг, бийр, багс хаа сайгүй хөглөрнө. Энд л зурах, урлах ажил ил өрнөдөг бололтой. Харин цаад талын тасалгаа илүү цэлгэр, бас цэмцгэр юм.

Биднийг очиход дөрвүүлээ урландаа байж таарав. Зураач Ё.Далх-Очирыг уншигчид “Цэнхэр нар” контемпорари төвийн тэргүүн гэдгээр нь эчнээ мэднэ. Ё.Далх-Очир, Ч.Эрдэнэбат тэргүүтэй эдгээр уран бүтээлч өнгөрсөн онд “Торгоны зам” буюу тэмээн жингийн цуваан баримлын санаа, эх загварыг гарган бүтээж, Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, хотынхны нэрлэдгээр 120 мянгатын зүүн урд талд байрлуулсан билээ.

Тэр үеэс тэд уран бүтээлийн хамтрагч болсон аж. Тэд “Зураач хүн ганцхан хавтгай хоосон зайд зурдаг бол контемпорари урлаг бол техник технологи ашиглан, дэвшүүлж байгаа санаагаа илүү их боловсруулдаг” гэдэгт санал нэгддэг юм билээ.

“Одоохондоо бид эндээ дөнгөж төвхнөөд, аль хүссэн урсгалаараа уран бүтээл хийж байна. Ирэх хавраас яг контемпорари, арт чиглэлийн уран бүтээл рүүгээ түлхүү орно” гэж тэд хэлсэн.

Ш.ЭНХЦОГ: МИНИЙ БҮТЭЭЛД УЛААН ӨНГӨ ИЛҮҮ ЗОХИЦДОГ

Зураач Ш.Энхцог 2003 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгсөж, 2006 онд Монголын урчуудын эвлэлд гишүүнээр элсчээ. Нөгөө гурваасаа арай өөр чиглэлээр уран бүтээлээ туурвидаг.

Бие даасан үзэсгэлэнгээ хараахан гаргаж амжаагүй ч хамтарсан үзэсгэлэнд нэлээд хэдэн удаа оролцжээ. Хамгийн сүүлд “Улаанбаатар” үзэсгэлэнд бүтээлүүдээ дэлгэсэн гэнэ.

-Зураачдын дотоод илэрхийллийг сонгож буй өнгөөр нь мэдэрч болмоор санагддаг. Таны зургуудад тод өнгө давамгайлах юм.

-Би тод өнгөнд их дуртай. Ихэвчлэн реалист чиглэлээр зурдаг болохоор их ч зохицдог шиг санагддаг юм. Ялангуяа улаан өнгө.

-Ихэнх уран бүтээлчид дангаараа урлантай байдаг шүү дээ. Харин та өөрөөсөө гадна гурван уран бүтээлчтэй хамт байдаг. Уран бүтээлээ туурвихад нэг нь нөгөөдөө саад болохгүй юу?

-Тийм юм байхгүй ээ. Харин ч нэг нэгэндээ дэмтэй байдаг юм. Өөр өөрсдийн гэсэн онцлогтой уран бүтээлч болохоор нэгэндээ саад болохгүй.

-Ямар үед зурахад илүү таатай санагддаг вэ?

-Би өглөө эрт зурах дуртай. Сэргэг болоод ч тэр үү, бусад үеэс илүү сайхан санагддаг.

-Зураачдад ганц өдөрт зурчихсан, бас эхлээд өчнөөн сар, жил болсон ч дуусгаж чаддаггүй зураг байдаг. Харин таны бүтээлүүд хэдий хугацаанд бүтдэг бол?

-Би удаан суух дургүй. 14 хоногоос удаан дуншиж төрсөн зураг бараг байхгүй дээ.

-Уран бүтээлийнхээ сэдвийг хаанаас олдог вэ?

-Дандаа ахуй амьдралаас. Сэдвүүд нь ургаад, урсаад гараад ирдэг. Бас хөрөг зурах дуртай.

-Хөрөгт хүний гадаад үзэмжийг зурах амархан байх. Харин дотоод сэтгэлийг нь та яаж илэрхийлдэг вэ?

-Хүний сэтгэлийг илэрхийлэгч толь нь нүд шүү дээ. Нүдэнд илүү анхаарал хандуулдаг.


Т.ГЭЛЭГЖАМЦ: ӨӨРИЙНХӨӨ ДОТОРХЫГ БҮТЭЭЛДЭЭ

ИЛЭРХИЙЛЭХ САЙХАН

Ш.Энхцогтой ярилцах зуур залуу зураач, барималч Т.Гэлэгжамц морь унан, хуяг дуулга өмсөж, зэр зэвсэг агссан XIII зууны үеийнх болов уу гэмээр баатрын баримал хичээнгүйлэн хийх аж.

Энэ бүтээлээ эхлүүлээд гурав хонож буй. Түүнд Ч.Эрдэнэбат ах нь зөвлөгөө өгнө. Т.Гэлэгжамц 1998 онд “Ногоон морь” дүрслэх урлагийн сургууль төгсөж, уран бүтээлийн гараагаа эхэлжээ. 

-Зурна гэдэг хүн бүхний хийж чадах зүйл мэт боловч, жинхэнэ зураг зурж чадах хүн цөөхөн байдаг. Яагаад зураач, барималч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Багаасаа л зурах дуртай байсан. Тэгээд л хийх дуртай зүйлээ мэргэжил болгохоор шийдсэн юм.

-Зургаа зурж, эсвэл баримал хийж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?

-Би өөрийнхөө дотор байгаа зүйлийг тэр бүр илэрхийлж чаддаггүй. Харин түүнийгээ зургандаа шингээдэг. Тэр нь хамгийн сайхан.

-Уран бүтээлийн захиалга хэр ирдэг вэ. Яг одоо хийж байгаа баримал тань бас захиалгынх гэв үү?

-Сүүлийн үед хүмүүс зөвхөн баримлын загвар хийгээд өг гэсэн захиалга ч өгч байна. Тэр нь арай үнэтэй л дээ. Сүүлд гэхэд л “Гоо” гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрийн шинээр худалдаанд гаргах мичний хэлбэртэй савангийн загварыг гаргаж өгсөн.

-Нэг баримал хэдий хэр хугацаанд бүтдэг бол?

-Бүтээл хийж буй материалаасаа шалтгаалаад бүтэх хугацаа харилцан адилгүй л дээ. Ер нь удаан хугацаанд бүтдэг юм.

-Уран баримал урлагийн бусад төрлөөс юугаараа илүү сайхан байдаг бэ?

-Урлагийн бусад төрлөөс уран баримал арай өөр санагддаг юм. Уран сэтгэмж, гайхамшигт шийдэл, гоо сайхан, амьд сэтгэмжийн цогц гэж би боддог.

-Та бас дэлгэцийн уран бүтээлд зураачаар ажилладаг юм билээ. Хамгийн сүүлд ямар кинонд ажилласан бэ?

-Сүүлд “Кино цамхаг” студийн “Зоорь” аймшгийн уран сайхны киноны ерөнхий зураачаар ажилласан. Залуу уран бүтээлч болохоор чиглэл бүрт л ажиллаж, өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг.

-Танд уран бүтээлийн захиалга их ирдэг гэлээ. Уран бүтээлч хүний хувьд эх орондоо ийм л зүйл урлаж бүтээхсэн гэсэн бодол байдаг биз дээ?

-Байлгүй яах вэ. Тийм ч болохоор “Тэмээн жин” баримлыг урлахад оролцсон. Одоо ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах баримлууд дээр ажиллаж байна.

Тэд ихэнхдээ өвлийн улиралд захиалга авч, хавар эздэд нь хүлээлгэж өгдөг байна. Одоогоор “Цасангуа ба долоон одой” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн баримал урлаж байгаа гэнэ. Ирэх дөрөвдүгээр сард тэдгээр үлгэрийн баатруудыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах ажээ.

Мөн хамтарсан үзэсгэлэнгээ гаргахаар зориглож буйгаа ч дуулгасан. Тэдний урлангийн хаалга үргэлж нээлттэй байдаг. Бас зочдын хөл тасардаггүй аж. Биднийг ярилцаж суухад ч хүмүүс орж, гарсаар л байлаа.

Зарим нь зөвлөгөө авахаар, нөгөө нэг нь уран бүтээлийн шинэ санаагаа хуваалцахаар гээд зорьсон зорилго нь ондоо. Уран бүтээлчид ч орж ирсэн хүн бүхэнд сэтгэлээсээ хандаж, найр тавин угтдаг юм билээ.

“Дан эрчүүдийн урлан болохоор жаахан замбараагүй л байна. Их тохьгүй л угтлаа. Дараа ирэхэд чинь шинэ уран бүтээлүүдтэйгээ угтана” гэснээр бидний уулзалт өндөрлөсөн юм.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД