Ж.Анунаран: Хүмүүст өгөхийг хүсдэг зүйл минь ТАЙВШРАЛ

2016 оны 02 сарын 22

Монгол, БНСУ-ын залуу уран бүтээлчдийн дунд болдог “Гранд арт 2015” уралдаант үзэсгэлэнгийн тэргүүн байрын шагналт, зураач Ж.Анунарантай ярилцлаа.

БНСУ-ын Тэжон хотод гурван сарын хугацаатай солилцооны хөтөлбөрт урилгаар хамрагдаж, туурвисан бүтээлүүдээ хоёр орны үзэгчдэд тайлагнаад буй тэрбээр “Би чамд хайртай” киноны Үрлээ буюу жүжигчин С.Пүрэвмаагийн охин юм билээ.

Зураач бүсгүй сүүлийн үеийн бүтээлдээ даавуу болон торго ашигласан нь өвөрмөц шийдэл болсон. Өдгөө тэрбээр МУИС-д урлаг судлалын доктороор сурч буй.

-Уран бүтээлийн олз омог арвин уу. Солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар та юу сурч мэдэв?

-Монголд байхад хувийн амьдрал, уран бүтээлийн ажил нэгэн зэрэг өрнөж, бүтээлдээ бүрэн төвлөрч чаддаггүй байлаа. БНСУ-д амьдрах хугацаандаа бүхий л анхаарлаа бүтээлдээ хандууллаа. Ажиллах орчин, нөхцөлийг ч сайн бүрдүүлж өгсөн. Хэдий богино хугацаа ч гэсэн үр бүтээлтэй байж, их зүйл сурч мэдлээ.

-Хоёр орны үзэгчдэд бүтээлээ танилцууллаа. Хэрхэн хүлээж авч байна?

-Урлаг бол хэл, тайлбаргүйгээр ойлгодог, мэдрэмжийн зүйл учраас үзэгчдийн хүлээж авч буй байдал нь адил байлаа. Бүтээлээ өвөрмөцөөр илэрхийлэхийг зорьж, эрэл хайгуул хийсний үр дүнд тэдгээрт зориулан хөгжим зохиолгосон. Энэ нь тэндхийн уран бүтээлчдэд сонин санагдсан болов уу .

-Яруу найраг, уран зураг хорших нь элбэг. Хөгжмийн аялгуутай хослуулах санаа хэрхэн төрөв?

-Залуу уран бүтээлч Б.Дөлгөөн миний бүтээлүүдэд зориулан хөгжим зохиосон. “Бүү ай” нэртэй өмнөх үзэсгэлэнгээ гаргахад ч тэр надтай хамтран ажиллаж, ая зохиож өгсөн. Энэ удаад толилуулсан бүтээлүүд өмнөх үзэсгэлэнгийн үргэлжлэл учир дахин хөгжим зохиолгохыг хүсэж, түүнтэй ярилцсан.

Миний бодсоныг хөгжмийн хэлээр илэрхийлж чадсан учраас зөв хүнээ олсон гэж боддог. Хөгжмийг нь олон удаа сонссон ч ер уйддаггүй. Үзэгчид ч татагдаж буй нь мэдрэгддэг. Бид биенээ сайн мэдэхгүй ч уран бүтээлээрээ холбогдон, ойлголцож чадсан.

-Таны бүтээл бусдынхаас юугаараа онцлог вэ. Ялгарахыг хүсдэг үү?

-Уран бүтээлч бүр өөрийн гэсэн онцлогтой. Учир нь бидний дотоод ертөнц дахин давтагдашгүй онцгой шүү дээ. Түүнийхээ учрыг олчихвол хүссэн, хүсээгүй ялгарч, онцгойрдог. Миний хувьд уран бүтээлдээ хандах хандлагаараа бусдаас ялгардаг болов уу. Би бүтээлээ нэгдмэл, цогц байдлаар хүмүүст хүргэхийг зорьдог.

Урлагийг бид мэдрэхүйнүүдээр дамжуулан хүлээн авдаг. Зөвхөн харах бус сонсох, хүртэх мэдрэхүйгээ давхар ажиллуулан, хүлээж авах юм бол урлагийг ойлгох хандлага сайжрах байх. Хамгийн ихээр ойлгож үзэх ёстой урлагийн тоонд дүрслэх урлаг ордог учраас үзэгчээс төдий хэмжээний мэдрэмж шаарддаг.

Хөдлөлгүй 10 минут зогсоод, үзэсгэлэн сонирхох хүн ховор. Хүмүүс цаг гаргаж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр хөгжмийн аялгуу хүмүүст анхаарал хандуулан төвлөрөх боломж, сэдэл бий болгож болох юм.

-Өөрийгөө нээх, танин мэдэх их эрэл одоо хаана явж байна вэ?

-Хамгийн сонирхолтой үедээ үргэлжилж байна. Өөрийгөө танин мэдэх гэсэн эрэл насан турш үргэлжилдэг гэдэг ч өмнөхөөсөө илүүг мэдэрч, ойлгож байна. Энэ нь надад сайхан мэдрэмж төрүүлдэг.

-Дүрслэх урлагийн амин сүнс нь өнгө, зохиомж, дүрслэл. Та алийг нь чухалчилдаг бол?

-Ялгах шаардлагагүй. Юуг, яаж илэрхийлэхээс хамаараад тухайн ойлгомж нь өөрийн гэсэн илэрхийллийг тээж явах ёстой. Тэр илэрхийлэлд эдгээр ойлголт хамаардаг учир аль нэгийг нь чухалчлах аргагүй юм. Энэ бол нэгдэл, зохирол.

-Хүн бүр өнгийг таашаах, мэдрэх нь харилцан адилгүй. Танд хамгийн ойрхон өнгө юу вэ?

-Би тийм өнгөөр зурдаг гээд хүчлээд байж болохгүй. Таашаалаас гадна сонгохоос аргагүй өнгө гэж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн өнгөөр илэрхийлэхээс аргагүй зүйлс бий. Өнгө сонгох, өнгөөр илэрхийлэх явдал зөвхөн таашаал дээр суурилдаггүй.

Бүх зүйлийг таашаалд захируулж, түүнийгээ дагавал өрөөсгөл болчихно. Юуг юугаар илэрхийлэх вэ гэдэг нь тэнцвэртэй байх ёстой. Өөрийн дуртай, хүссэн бүхнээ бүтээлдээ ашиглаад байвал утгагүй.

Өөрөө ч мэдэхгүйгээр сонгож, хүслээс ангид сэдлээр бий болсон бүтээл байдаг шүү дээ.


-Таны бүтээлд нууцлаг байдал ноёрхох юм. Энэ нь таны зорилго мөн үү. Урлагийн бүтээлийн үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ?

-Уран бүтээлчийн өөртөө хандаж буй хандлагаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, бүтээлээ үнэ цэнэтэй байлгах, эсэх нь өөрөөс нь хамааралтай байх. Уран бүтээлч өөрийгөө үнэлэхгүй бол, бүтээлийг нь хүмүүс тоохгүй.

Би бүтээлтэйгээ харилцаа үүсгэхийг чухалчилдаг. Тэднийг амьд юм шиг үзэж, харилцаа үүсгэх ёстой. Тэд миний ухаан бодлоос урган гарчихаад надаас хамааралгүй, бие даасан оршихуй болчихдог. Тиймээс бүтээлдээ хүндэтгэлтэй хандах ёстой. Эндээс л үнэ цэнэ эхэлнэ.

-Бүтээлдээ даавуу ашиглах санаа хэрхэн олсон бэ. Энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байсан туршлага, түүх манайд бий юү?

-Хийж байгаагүй болов уу. Тийм учраас би бүтээлдээ ашиглаж байна. Бусдын хийчихсэн зүйлийг давтах шаардлагагүй. Үүний өмнөх үзэсгэлэнгээс сэдэл, санаагаа олж авсан.

-Таны хувьд ямар нэгэн сэдвээр дагнаж зурдаг уу. Өөрийн эрхгүй хөндөж, зурдаг зүйл байдаг уу?

-Уран бүтээлч бүрт тийм сэдэв байдаг. Би өөрийгөө анзаарсан. Эхийн хэвлийд буй ургийг бид ЭХО-гоор хардаг. Хэрхэн амьдарч, байрлаж буйг нь харж болдог.

Энэ бүхнээс сэдэвлээд аливаа зүйлийн дотоод зүй тогтол, амьдралыг бүтээлээрээ хөндөхийг зорих болсон. Сүүлийн үеийн бүтээлүүддээ ч хүний дотоод мөн чанар, ертөнцийг тусгасан байгаа.

-Та дотоод “би”-гээ хэр их сонсдог вэ?

-Сонсдог. Миний мэргэжил, одоо хийж буй зүйлс надаас тийм байхыг шаарддаг.

-Уран бүтээлээрээ хүмүүст юу мэдрүүлэх, өгөхийг хүсдэг вэ?

-Би зөвхөн өөртөө зориулж зурдаггүй учраас хэн нэгэнд нөлөөлөх нь мэдээж. Уран бүтээлч хүн гэдэг утгаар нийгэмд хүлээж буй үүргийнхээ хувьд үзэгчийг урлагт ойртуулахыг зорьдог.

Хүмүүст ойлгуулахыг, шивнэхийг хүссэн санаа үүний дараа тавигдах ёстой. Үзэгч хамгийн гол нь бүтээлтэй мэдрэмжээрээ танилцаад, түүгээр дамжуулан дотоод мөн чанараа ойлгох, мэдрэх учиртай. Урлагийн хамгийн гол зорилго нь тэр шүү дээ.

Үзэгч хэдий миний үзэсгэлэнг үзэж буй ч өөрийгөө олж харж, танидаг. Урлаг хүнийг бодуулдаг, эргэцүүлдэг гайхалтай зүйл. Хүмүүст өгөхийг хүсдэг зүйл минь тайвшрал байгаасаа гэж хүсдэг. Уран бүтээлээ хийж байхдаа ч тийм болдог.

Хүмүүс миний бүтээлийг хараад тайвширлаа гэж их хэлдэг. Намайг хэлээгүй байхад өгөхийг хүсэж буй зүйлийг минь мэдэрнэ гэдэг сайхан.


-Таныг юу хөглөдөг вэ?

-Хүн юунаас ч хөглөгдөх зүйлээ олж авч болдог. Түүнийг хэрхэн олж харж буйгаас бүх зүйл шалтгаалдаг. Хэн нэгэн сайхан энергитэй хүнтэй уулзаад салахад ч уран бүтээлийн шинэ санаа, сэдэл олох боломжтой.

Уран бүтээлчид хаанаас ч, юунаас ч сайн сайхан зүйлсийг олж харж, эрэл хайгуул хийдэг хүмүүс. Үл анзаарагдах зүйлсийг ч олж хараад, түүнийгээ цааш нь ургуулан боддог.

-Шинийг санаачлан, сэдэх нь давуу тал ч тэр бүхэн нь дандаа амжилт дагуулдаггүй. “Хүмүүс миний бүтээлийг хэрхэн хүлээж авах бол” гэсэн айдас, түгшүүр төрдөг үү?

-Санаа зовнил, айдас байлгүй яах вэ. Тэр бүхнийг даван туулаад ард нь гарч буй үйл явц хамгийн сонирхолтой нь учраас би үргэлж шинийг эрэлхийлдэг.

-Зураач байхын хэцүү нь юу вэ?

-Олон зүйл бий. Нэгэнт энэ замыг сонгочихсон учир тэр бүхнийг тоочих утгагүй. Сайхан нь гэвэл бусад хүнд байхгүй их эрх чөлөөг эдэлдэг явдал.

-Таны ээжийг олон түмэн андахгүй. Охиноо зураач болох замыг сонгоход хэр дэмждэг байв?

-Гэр бүлийнхэн маань намайг олон зүйлээр дэмждэг. Тийм байгаагүй сэн бол би өдий хүртэл зурахгүй байлаа.

-Таван жилийн дараах Анунаранг ямар байхаар төсөөлж байна?

-Олон зүйл бодож төлөвлөсөн байгаа ч тодорхой яримааргүй байна. Бүгдийг цаг хугацаа харуулах байх. Амжилтад хүрч, алдартай зураач болохдоо бус, би яах гэж энэ орчлонд ирсэн, би хэн бэ гэдгээ ухамсарлаж, ойлгох нь чухал.

-Зураас, үрчлээ, сорви, мэнгэ зэрэг амьдралын түүх, дурсамж агуулах бие дээрх “дардас” нь өөр нэгэн гоо сайханг бүтээж буй талаар бүтээлдээ өгүүлсэн нь өвөрмөц санагдлаа. Юуг та сайхан гэж үзээд байна вэ?

-Байгаа нь л сайхан. Оршин буй бүхэн нь л сайхан.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД