Д.ГАНБАЯР: “Намайг дуулаач” гэсэн олон дуунаас сонгох амаргүй юм

2016 оны 03 сарын 01

“Хурд” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяртай өчигдөр 15.00 цагт утсаар холбогдлоо. Тэд гуравдугаар сарын 8-нд хоёр тоглолт хийхээр төлөвлөжээ.

1998 оноос хойш өдий хүртэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Ханьдаа дуулъя” тоглолт хийдэг болсон тус хамтлаг энэ удаа АСА циркт “Инээмсэглэ бүсгүйчүүд”, “Кастл” клубт “Ханьдаа дуулъя” тоглолттой.

-Сайн байна уу, “Өнөөдөр”-ийн “Утасны анд” байна аа. Та яг одоо хаана юу хийж явна вэ?

-Бид бүсгүйчүүдээ баярлуулахаар тоглолтондоо бэлтгэж байна даа.

-1998 оноос хойш өдий хүртэл жил бүр ийм тоглолт хийж байгаа болохоор үзэгчид бараг хүлээдэг болчихож дээ.

-Тийм ээ. Гадаадад аялан тоглолтоор явж байгаад хоёр жил өнжсөн ч өдий хүртэл үргэлж бүсгүйчүүдээ баярлуулж байна даа.

-Ихэнх тоглолт оройн цагаар болдог бол “Инээмсэглэ бүсгүйчүүд” 15.00 цагт эхлэх нь. Орой нь тоглолттой болохоор цагаа ингэж сонгосон уу?

-Өдөр нь тоглолтоо үзчихээд үргэлжлүүлээд хань, ээж, охидоо баярлуулахад илүү тохиромжтой учраас ингэж сонгосон. Энэ тоглолтын үеэр “Нарлаг диваажин” шинэ цомгоо худалдаанд гаргаж, хамгийн хямд үнээр авах боломж бүрдүүлнэ. Баярын сайхан бэлэг болох байх. 18 дуутай хос цомог байгаа.

-“Хурд”-ын олон сайхан дуунаас алийг нь сонгож дуулах вэ гэдэг бас ярвигтай ажил болдог уу?

-“Намайг дуулаач” гэсэн дуу олон байгаа болохоор хоёр цагийн тоглолтонд багтаах гэж шигшиж байна. Хэцүү сонголт шүү.

-Олон бүсгүйг баярлуулах гээд тоглолт хийж байгаа боловч энэ өдөр бас ээж, эхнэрүүдээ та бүхэн ч бас баярлуулах байх. Яаж баярлуулах вэ?

-Амжуулаад л болдог юм. Олон бүсгүйг баярлуулахын зэрэгцээ хань, ээжийгээ баярлуулж, тоглолтоо үзүүлнэ. Дараа нь баярын цэнгүүндээ урина. Олон жил ингэж байгаа болохоор зохицуулаад сурчихжээ.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.58.200.154 ganbayar er ni duulj chaddag umuu.shal hudlaa gar sh te.hotod ireed udaj bgach ulaan hodoonii tsrai ni arilahgyi umaa ene hurdyn heden haltruud.
23.27.245.109 amjilt