С.ЭНХБУЛАГ: Уран бүтээлийн удирдлага дутагдаж байна

2016 оны 03 сарын 03

ДБЭТ-ын уран сайхны удирдагч С.Энхбулагтай ярилцлаа. Уран бүтээлчид бэлтгэдэг сургуулиас урлагийн байгууллага руу шилжин ажиллаад тэрбээр таван сар болжээ.

Хөгжмийн удирдаач, хөгжим судлаач мэргэжилтэй энэ хүн өмнө нь ДБЭТ-ын байнгын үзэгч, үнэнч шүүмжлэгч байсан бол халуун тогоонд нь орж ажилласнаасаа хойш юуг тольдож яваа бол.

Ам асуух, эсвэл бодсоноос нь өөр байсан бүхнийг яриулах гэсэндээ биш мэргэжлийн урлагийн байгууллагын уран сайхны удирдагч чухам юу хийдэг, бидний харж заншсан тайз, хүрэн хөшигний цаана уран бүтээл хэрхэн бүтэж, тоглолт төлөвлөгдөж, бодлого яригдаж байдгийг сонирхсон юм.

Ширээн дээр нь дэлгээстэй тоглолтын хуанли, өнгө өнгийн тодруулагч, шугам, бас хүснэгт зурсан цагаан цаас. Эндээс л түүний ажил эхэлдэг байх.

-Театрын хүн болсноосоо хойш та шүүмж бичсэнгүй. Зөвхөн театрын тухай биш хөгжмийн шүүмжүүдийг тань дайруулж асууж байгаа юм шүү.

-Театрын амьдрал их сонин. Өмнө нь би үзэгчийн байр сууринаас хандаж сайныг сайнаар, мууг нь сайжраасай гэсэн хүслээр шүүмж бичдэг байлаа.

Харин одоо бол уран бүтээлчдийнхээ мэргэжил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх санаа оноо л бодож байна. Гэхдээ ойрын үед сонирхолтой нэг түүх сийрүүлэх бодолтой байгаа. Театрын барилгатай холбоотой юм.

-Одоо та юунд хамгийн их санаа зовж байна вэ?

-Манай театр 50 гаруй жилийн түүхтэй. Театрын гал тогоонд “чанагдаж” байгаа уран бүтээлчид буюу дуучид, бүжигчид, хөгжимчид ур чадвар сайтай, шижигнэсэн залуус байна. Юу л бол юу хийж чадахаар чадварлаг залуус.

Харамсалтай нь уран бүтээлийн удирдлага дутагдалтай байна. Одоо ажиллаж байгаа хүмүүсийг шүүмжлэх гэсэнгүй. Тэд чадлаараа хийж байгаа. Харин өмнө нь олон сайн боловсон хүчинтэй байсан хэрнээ нэгэн үе залгамж халаа бэлтгэх бодлого алдагдсанаас ийм тасалдал үүсчээ.

Ерөнхий балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва гуай, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган нар ажиллаж л байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн, Ё.Цэрэндолгор гээд хөгжмийн театрын найруулагчаар ажиллаж байсан цөөн хүн бий.

Тэдний дараа сургууль төгсөж ирсэн нь ганцхан Г.Эрдэнэбаатар байх жишээтэй. Зөвхөн манай театрын хувь заяатай энэ нь холбоотой биш юм л даа. Дуурийн удирдаач, хөгжмийн театрын найруулагч энэ улс оронд байх ёстой юм.

Тэд театрт эсвэл хөгжмийн сургуульд ажиллаж болно, хамаагүй. Энэ залгамжийг л үгүй хийснээс дутмагшил үүсээд байгаа.

-Танай театрын ерөнхий найруулагч ажлаасаа гарснаас хойш гадаад, дотоодын найруулагч нарыг урилгаар ажиллуулж байгаа. Энэ нь бас нэг гарц мөн үү?

-Өнгөрсөн намар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ирж нэг дуурь тавьсан. Амжилттай болсон. Одоо “Гүн гэрийн гүнж” дуурийг Б.Сүхээ найруулж байгаа. Зургадугаар сард “Дон Жуан” дуурь тоглуулахаар Солонгосоос хүмүүс ирнэ. Энэ нь олон улсын жишигт байдаг зүйл, болно. Харин ерөнхий ноён нурууг барьж байдаг найруулагч энэ театрт яалт ч үгүй хэрэгтэй юм.

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх нарыг залгамжлах удирдаач ч цөөн байна. Бас л дуурь, балетын алийг нь удирдахаасаа мэргэшил нь ялгарах байх.

-Зөвхөн манай театрт ч биш хөгжмийн энэ олон байгууллагад л үгүйлэгдэж буй. Дуурийн удирдаач ховор байна. Дуурь, симфони, балет удирдах ялгаатай.

-Та бүхэн мэргэжлийн сургуулиуд руугаа захиалга өгч болохгүй юү?

-Зүй нь, энэ бол бодлогын асуудал байх. Бид сургуулиудтайгаа ярилцаж, захиж байгаа. Тэд сураад, төгсөөд иртлээ хэдэн жил болох билээ. Бас дурын дунд сургууль төгссөн хүн хөгжмийн удирдаач болчихгүй.

Гадаадад хөгжмийн чиглэлээр сураад төгсөж байгаа залуусыг бид хувиараа гуйж, хүсэлт тавьж л байна. Барууны оронд сурсан хөгжимчид эргэж ирэх нь ховор л доо. Учир нь тэнд үнэлэмж өндөр байдаг.

Одоо Америкт О.Нямсайхан гэж нэг залуу удирдаач мэргэжлээрээ төгсөх дөхөж байгаа. Манай ХБК-ийн хийлийн анги төгссөн хүүхэд, “Харанга”-ын Я.Одсүрэнгийн хүү байгаа юм. Бид утсаар ярьсан. Би түүнийг театртаа ирж ажиллаач гээд хүсээд байгаа.

-Танай театр сүүлийн үед орчин үеийн балет нэлээд хэдийг шинээр тавилаа. Бодлогоор ийм шинэчлэлт хийж байна уу?

-Дэлхийн жишгээр сонгодог урлагийн театрууд Ж.Верди, Г.Доницетти, Ж.Пуччийн бүтээлийг тоглож байна. Бид ч ижил. Хөнгөн оперетта ч тоглодог. Энэ жил тоглоогүй урын сангаасаа дараагийн жил төлөвлөнө.

Гээгдсэн сонгодог бүтээлүүдээ эргэн сэргээнэ. Аль алийг нь л тоглох учиртай. Орчин үеийн балетын тухайд, өмнө нь ч их, бага хэмжээгээр хийж байсан. Түүнтэй л ижил түвшинд байгаа.

Мөн үндэсний дууриудыг түлхүү тоглоё гэсэн бодлого бий. Гадаадын хүмүүс болон монголчууд ч өв соёлоо танин мэдэж, дуу хуураа сонсох хүсэлтэй байдаг.

Байнга шинэ дуурь тавих боломж хомс, бас дуурь бичдэг хөгжмийн зохиолч цөөн байна. Монголын хөгжмийн зохиолчдоос сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн дуурь бичсэн хүн бол Ц.Нацагдорж.

10 жилийн өмнө “Гүн гэрийн гүнж” дууриа концертын хэлбэрээр тоглуулсан байна. Одоо манай А.Батдэлгэр хөгжмийн редакци хийж, Д.Төрбат зохиолч цомнолоо шинэчлэн ирэх амралтын өдрүүдэд тоглох гэж байна.

Энэ дуурийн зохиол нь дийлэнх сонгодог бүтээлээс ялгаатай. Үхэж, амиа хорлож, эмгэнэлтэй төгсдөг дууриудтай харьцуулахад гэгээлэг юм уу даа. Эх, үрийн их хэцүү хагацлаар төгсөж байгаа. Дуулж байгаа дуучид нь нулимс унагаад, хоолой нь зангираад байх юм билээ.

Драмын жүжгээс ялгаатай нь дуучин уйлчихаараа дуулж чаддаггүй юм байна. Тэгээд хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид нь “Нулимсаа барагдтал уйлчих, тэгээд уйлахгүй дуулна шүү” гэх мэтээр зөвлөж, зааж байгаа харагдсан.

-Сонгодог урлагийг тодорхой хүрээний, хөгжмийн боловсролтой хүмүүс үздэг. Гэхдээ нийтийн хүртээл болгох нь чухал учраас төв талбайд тоглолт хийж, та бүхэн сурталчилж байгаа.

Гэхдээ элитэд зориулсан гэдэг утга санаа гээгдэхгүй байх аа. Учир нь хүссэн хүн болгон дуурь үзээд, ойлгож мэдэрнэ, дурлана, татагдана гэж байхгүй байх.

-Үүсэн түүх нь ордноос гаралтай. Хөрөнгөтөн, язгууртнуудын үздэг байсан урлаг. Одоо бидний хамгийн хямд үнээр тасалбарыг нь худалдаж байгаа бель-этажид ихэвчлэн ихэс дээдсүүд сууж тоглолт үздэг байжээ.

Энэ нь уламжлагдсаар одоо элит гэхээсээ илүү сэхээтнүүд, сонгодог урлагийн хорхойтнууд дуурь, балет үзэж байна. Монголчууд ч гэсэн хүүхдээ урлагийн боловсролтой, гадаадад сурахад хүнээс дутуугүй мэдлэгтэй болгон хүмүүжүүлэхийг хүсдэг болсон учраас мэдлэг, боловсролтой хүмүүс театрт ирж байна гэж харж байгаа.

Задгай талбайд тоглож байгаа нь олон үзэгчид хүрч байгаа сайн талтай ч театрыг гудамжинд гаргах нь таатай биш санагддаг. Урлагийн боловсролтой, соёлтой давхарга нэмэгдвэл хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм бий болж, аажуу тайвуу амьдрал цогцолно. Урлаг хүний сэтгэлийг зөөлрүүлдэг шүү дээ.

-Театрт сайн уран бүтээлч байна. Дээр хэлсэн уран бүтээлийн удирдлагыг сайжруулчихлаа гэхэд өөр гачигдах зүйл байна уу?

-Өнөө цагт хөрөнгө, мөнгө, санхүүжилт л чухал байна. Уран бүтээл хийх шинэ санаа болгон мөнгөтэй холбогдоно. Улсын төсвөөс санхүүжилт авдаг учраас харьцангуй давуу талтай ч ивээн тэтгэгч олон байх тусам л хүссэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэх боломж бүрдэнэ.

Манайхны цалин бага хэдий ч олон цагаар ачаалалтай ажилладаг. Энд “Гүн гэрийн гүнж”, дуу ангиудаар “Травиата”, тайзан дээр “Хунт нуур” сургуулилаж байна. Өглөө 10.00 цагт ирсэн хөгжимчин өдөр нь нэг цаг завсарлаад л бусад үед нь ажиллаж байна.

Дуурь, балет аль алийг нь л тоглоно. Бүжигчид өглөө бүр 10.00 цагт дасгал хийдэг. Ийм л өрнүүн амьдралтай байгууллага шүү дээ.

Гэсэн хэдий ч 270-280 хүн зүтгэсээр шинэ уран бүтээл хийгээд үзэгчдийн хүртээл болгоход 500-хан хүн ирнэ. Заримдаа суудал дүүрэхгүй гээд бодохоор харамсалтай ч юм шиг. Гэхдээ л энэ театр байж л мэргэжлийн түвшний чанартай уран бүтээл төрдөг.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.20 Bulagtaa amjilt hus”e. Naiz n.