Г.БАТБААТАР: Өөрийнхөө үргэлжлэлийг үлдээхийн тулд ганц охиноо циркчин болгосон

2016 оны 03 сарын 04

Хүсэл тэмүүллээс мөрөөдөл ургадаг. Мөрөөдлөөрөө хөтөчлүүлэн амьдралыг амттай туулах боломж хүн бүрт байгаа. Гэхдээ хувь тавилан гэж бий гэдэг. Гаргах мөр, явах жим тань аль эрт зурагдсан ч байж мэднэ. Эсвэл та өөрөө урдах жимээ тодруулсаар, зөв замдаа нийлж ч болох юм.

Гончигийн Батбаатар хэмээх энэ хүн зураач болохыг мөрөөддөг байжээ. Дүрслэх урлагийн сургуульд шалгуулаад орохын даваан дээр цирк түүний өмнө хаалгаа цэлийтэл дэлгэж угтсан гэдэг. Буцъя юу гэж бодоод эргэхэд нь, анхаарал тавьж араас нь дуудсан болохоор хувь заяа түүнийг энэ урлагтай учруулсан мэт.

Биеийнх нь өгөгдөл, сэтгэлийн хат, ур чадвар нь циркт нийцсэн болохоор 40 жилийн турш урвах, няцах сэтгэлгүйгээр улаан манежинд “амьдарчээ”. Бас ч үгүй эртний мөрөөдлөө биелүүлэн, зурж, урлан, бүтээх ч болж. Мэдээж энэ нь мэргэжилтэйгээ холбогдоно.

Хүн бүрийн түүх нууцаар дүүрэн, баялаг өгүүлэмжтэй музейн үзмэр шиг санагддаг юм. Үүдийг нь нээнгүүт харагдсан дүрслэл таньж, мэдэх тусам баяжсаар нэгэн цогц ойлголт бий болж, шинэ танилтай учруулна. “Жижгээ” гэдэг нэрээрээ циркчидийн танил болсон, акробат тэнцвэрийн жүжигчин, тулах тэнцвэрийн туршлагатай багш, циркийн “дархан” түүний яриаг хүргэе.

-Монголын циркийн урлагийн тулгын гурван чулууны нэг Л.Нацаг гуай таныг анх шалгаж, циркт авсан гэв үү?

-Би зурах дуртай хүүхэд байсан болохоор Дүрслэх урлагийн сургуульд орно гэж бодож байлаа. Шалгуулж үзээд, дажгүй гэгдэж, дараа нь очихоор тохирсон байсан юм. Гэтэл манай 16 дугаар сургууль дээр хүмүүс ирж, шалгаруулалт явуулав аа. Юу болж байгаа юм бол гээд очтол циркт хүүхэд шалгаж авч байсан.

Гавьяат жүжигчин Л.Нацаг багш хүүхдүүдийг шалгаад, заримыг нь “Маргааш цирк дээр ирээрэй” гэж байна. Намайг ч бас ир гэсэн. Маргааш нь яваад очтол баахан хүүхэд бужигнаж байна аа. Надад онцгүй санагдаад зугтчихлаа.

Гэтэл дахиад л сургууль дээр ирж, намайг “Ирээрэй” гэж сануулаад, аавтай бас уулзсан. Аав намайг дагуулж очсоноор 500 хүүхдээс сонгож авсан 25-ынх нь нэг би болсон. Тухайн үед эрүүл мэндийн үзлэг хэдэнтээ хийн, биеийн байдлыг нь харгалзан үзэж Циркийн сургуульд элсүүлдэг байсан болохоор энэ шалгуурт хэд маань бүдэрч 17-уулаа нэг анги болон сурч эхэлсэн дээ.

Циркийн сургуулийн долоо дахь удаагийн элсэлтэд ийнхүү тэнцэж, 1977 онд акробат тэнцвэрийн жүжигчин болж төгссөн.

-Өдий хүртэл хэдэн янзын үзүүлбэрт тоглов. Агаарын гимнастик, тулах тэнцвэр гээд өөр өөр төрлийн үзүүлбэрт таныг тоглодог байсан гэдэг. Алдарт “Тэмээтэй акробат”-ын бүрэлдэхүүнд ч байжээ дээ.

-Тоолж үзээгүй юм байна. Гавьяат жүжигчин Дорж багшаасаа тулах тэнцвэр үзүүлбэрийг өвлөн, уламжлуулж явна. Төгсөхдөө 4-5 янзын үзүүлбэр хийдэг болсон байлаа. Циркт орсноосоо хойш хий гэснийг нь хийж, оролцож явсан.

Тулах тэнцвэр, агаарын гимнастик буюу полёт, хөл дээр үсрэгчид, шидэх банз, батудан дээр үсрэгч, савлууртай акробат, эскцентрик, том хэрчим дээрх тэнцвэр, тэмээтэй акробатын жүжигчнээр ажиллаж байлаа.

-Хэдэн оноос багшилж эхэлсэн бэ?

-1991 он юм байна. Тэр үеэс хамтлаг байгуулж, үзүүлбэр тавьж өгдөг болж л дээ. Таван ч хамтлаг байсан юм байна. Хамгийн отгон шавь нар маань маргааш Туркт аялан тоглохоор явах гэж байна.

Би ч нэг их сайндаа багш болсон юм биш л дээ. Манай тулах тэнцвэрийн үзүүлбэрийн ахлагч Болдбаатар хамтлагаасаа гарч, ангийн маань хүү Хишигсайхан нэг үе ахалж байгаад больчихсон.

Багш минь надад захиж, энэ үзүүлбэрийг залгамжилж яваарай гэсэн болохоор яагаад ч ингээд тараачихаж боломгүй санагдаад энэ үзүүлбэрийг өөрөө авч явахаар шийдсэн.

-Таныг циркийнхэн “першний” Жижгээ гэх үү ?

-Овоглоё гэвэл тэгэх байх даа. Тулах тэнцвэрийг (перш) л залгамжлаад хийж ирсэн дээ. Тэгээд анхны шавь нараа өөрөө хайж, олоод ганц охиноо хүртэл оруулаад хамтлаг байгуулсан.

-Зөвхөн таны хийсэн, одоо ч хэн нэгэн хийгээгүй, бахархах трюк байдаг уу?

-Тулах тэнцвэр гэдэг нь урт төмрийг нэг хүн тулж зогсоод дээр нь өөр жүжигчин тэнцвэрийн үзүүлбэр хийх юм шүү дээ. Зургаан метр урт төмрийг манай Болдбаатар тулж, тэнцээд дунд нь нэг жүжигчин бас тогтож, хамгийн дээр нь би тэнцвэр хийж байсан удаа бий.

Тэрийг хийснээрээ л бахархдаг даа. Монголын циркт энэ трюкийг хамгийн анх би хийсэн, одоо ч хийсэн хүн гараагүй байна. Бусад нь яах вэ, хүний хийдгийг л хийгээд явсан.

-Зугтаж яваад орсон цирктээ хэзээнээс хайртай болсон бэ. Бас шантармаар санагддаг байсан үе бий юү?

-Сургуульд ороод бэлтгэл хийж эхлээд л сонирхолтой санагдаж, жилийн дараагаас л мэргэжилдээ хайртай болсон. Бэртэж, гэмтэх л хэцүү дээ.

Агаарын гимнастик хийдэг байхдаа тахимны булчингаа тасалж, шидэх банзнаас үсрэхдээ шагайгаа эвгүй болгосон. Агаарын гимнастик хийж байгаад доошоо унахдаа хамгаалалтын торыг татаж тогтоосон троссон дээр шагайгаараа цохиж, өөр нэг жүжигчин миний дээрээс давхарлаж унасан. Циркчин хүн бэртэхгүй байна гэж байхгүй дээ.

Тийм болохоор бид чинь жижиг бэртлийг тоохгүй. Гар хавдана, янгинана, шалбарна, юман чинээ бодохгүй. Бидний үеийнхний мундаг жүжигчид болох Зуунжин, Батболд нар тоглолтод орохдоо бэртэлтэй хөлөндөө хөлдөөгч цацаад л гардаг байсан.

Би Ардын жүжигчин Цэнд-Аюуш, Гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн, Н.Намхай багш нараараа олон зүйл заалгаж, Гавьяат жүжигчин Д.Батсүхтэй хамтран эксцентрик хийж, Гавьяат жүжигчин Эрдэнэцэцэг, Гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг, агаарын гимнастикийн Х.Ганболд нартайгаа хамт ажиллаж, тэднээсээ суралцаж явснаараа бахархдаг.

Циркчин болно гэдэг зүгээр л заалгаж, ярилцаад сурчихдаг юм биш. Маханд нь шингээдэг болохоор цохиулах, чимхүүлэх энүүхэнд. Хагас цэрэгжилтийн байдалтай сурдаг гэж ч ойлгож болно. Спорт ч гэсэн тийм байдаг шүү дээ.

-Тийм хэцүү урлагт ганц охиноо хөтөлчихсөн гэхээр мөн их зориг оо?

-Амихандаа л, өөрийнхөө үргэлжлэлийг үлдээх санаатай тэгсэн хэрэг. Охин минь есөн настай байхдаа циркт орсон. Миний эхнэр багш хүн. “Найрамдал” зусланд хүүхэд аваад гарчихдаг байсан болохоор охин минь надтай байнга үлдэнэ.

Хөдөө орон нутгаар явахад бэлтгэл хийсэн ч цуг, гадагшаа явсан ч дагана. Ингэсээр яваад циркт элгэмсэж, миний байгуулсан анхны хамтлагийн жүжигчин болсон. Нуруу нь бэртээгүй бол үргэлжлүүлээд тоглох байсан байх.

-“Тэмээтэй акробат” үзүүлбэрт орж, Швейцарь явж байжээ. Барууны оронд хөл тавих тухайн үед амаргүй байсан байх. Хоёр өөр ертөнц шиг л байсан болов уу?

-Гадаад явах жүжигчдийг сонгон шалгаруулдаг байлаа. Би ч ор сураггүй шүү дээ. Тэгсэн нэг өдөр Цэндээ багш дуудаад “Чи явахаар болсон шүү” гэдэг юм байна. “Ё.Батболдын дублёроор явна, бид харж шалгасан” гэлээ.

Тэр жүжигчин ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтвэл би орлох үүрэгтэй явсан. Үнэндээ бол би тэмээ маллагчийн туслахаар явсан. Гэхдээ циркийн буянаар олон сайхан орноор явж, сайн сайхан хүмүүстэй танилцсандаа баяртай байдаг.

Анхны шавь нартайгаа 1993 онд БНХАУ-ын Учаогийн тэмцээний хүрэл цом, Италийн Миланд болсон циркчдийн тэмцээнээс тусгай цом хүртсэн. Швейцарь, Герман, Австри, ОХУ, БНХАУ, Тайваньд өргөн бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглолт хийж байсан. Одоо ч миний шавь нарын зарим нь АНУ болон бусад улсад ажиллаж байгаа.

-Циркийн урлаг итгэлцэл дээр тогтдог. Гэвч сүүлийн үед хамтлагаас хамтлаг дамжин орж, гарсан жүжигчид олон болсноос энэ итгэлцэл алдагдаж, хамтлагийн ахлагч нар нь жүжигчдээсээ болоод үл ойлголцож байх шиг байна.

-Бөөн ажил болж, хэдэн жил бэлдсэн хүүхдээ алдах хэцүү. Энэ их маргаантай асуудал. Аав, ах, багш шиг нь ойртож, бүх зүйлд нь анхаарч бэлтгэсэн хүүхэд бусад гишүүдээ бодохгүй мөнгөний төлөө гараад явах аймшигтай. Бас бусдынхаа сургаж, бэлтгэсэн хүүхдийг урвуулж авдаг башир аргатай хүмүүс ч байна.

Энэ нь циркчид тогтсон ажлын байргүй, зах зээлгүй болохоор байнга тоглолт хийж чаддаггүйтэй холбоотой. Хэн гэрээ олж, жүжигчдийг богино хугацаанд гадаад руу явуулж чадаж байна гэдгийг хүүхдүүд ч бас харж, тандаж байгаад урвадаг байх.

Найман хүнтэй хамтлаг байлаа гэхэд гол жүжигчин нь гараад явахад бусад нь хэцүүддэг. Хамт хийж байгаа уран бүтээлд хүн бүр чухал үүрэгтэй ч үзэгчид хамгийн дээр нь үсэрдэг акробатчныг л нүд салгалгүй хардаг шүү дээ. Нэг нэгээсээ хамааралтай, итгэлцэж, баг болж хийдэг ажил болохоор харамсалтай байдаг.

Мөнгө бол олдоно. Мөнгөнөөс үнэтэй нь хүн чанар шүү дээ.

-Та тэтгэвэртээ гарсан ч циркийн аппарат хэрэгсэл хийж, залуу жүжигчдэд багшилдаг. Урлагтаа хэзээд үнэнч гэдэг л энэ байх даа.

-Монголд циркийн тоног төхөөрөмж хийдэг мэргэшсэн дархан хэрэгтэй байгаа юм. Бидэн шиг зарим жүжигчин өөрсдийнхөө туршлагад үндэслэн, аппарат хэрэгсэл хийж байна. Яаж ашигладаг, ямар учир холбогдолтойг мэддэг болохоороо хийх арга ухаанаа мэддэг. Гэхдээ яг циркийн дэргэд байнга ажилладаг дархан хэрэгтэй.

Би циркт инспектор болон аж ахуйн ажил хийж байсан. Одоо бол өөрөө сонирхлоороо тоног төхөөрөмж хийж л байна. Нэг хүүхдэд ч гэсэн зубник хийгээд өгье гэж бодсондоо тэр.

-Ингэснээр та бараг зураач болох мөрөөдлөө биелүүлсэн хэрэг биш үү?

-Тэгж хэлж болно шүү. Аппаратаа хийхийн тулд эхлээд зургийг нь зурдаг.

-Ирэх жил та сургууль төгссөнийхөө 40 жилийн ойгоор тоглолт хийх үү?

-Манай ангийнхнаас олон багш төрсөн болохоор бид 33 жилийн ойгоороо тоглолт хийж, шавь нараа нэгтгэж байсан. Ирэх жил 40 жилийн ойг тохиолдуулан, тоглолт хийх санаа бий. Ярилцаж л байна.

-Одоо циркт үзэгчдийг алмайруулсан том үзүүлбэр дутагдаж байна. Ойр зуурын хэдхэн жанр дунд эргэлдээд байна уу даа?

-Тийм ээ. Циркийн урлагийн үндсэн таван төрөл бий. Түүнээс гадна уран нугаралт бие даасан төрөл болж байх шиг байна. Одоо шидэх банзны үзүүлбэрийг энд тэндгүй хийж байна. Харин агаарын гимнастик буюу полёт алга.

Циркт хоосон орон зай нь байгаа болохоор яаж ийгээд хиймээр байна. Агаарын канат, илбэ, хүч тамир, амьтны үзүүлбэр алга.

Цирк хувьчлагдсанаас хойш олон жижиг хамтлаг, цирк болж тарсан учраас том, чанартай үзүүлбэр гарахгүй байгаа. Тийм зүйл хийхийн тулд хүссэн, хүсээгүй АСА цирктэй холбогдох ёстой. Цирк хувийнх байж болно.

Хувьчилж авсан хүмүүс маань циркийн мэргэжлийн хүмүүс биш болохоор мэдэхгүй байгааг нь буруутгах аргагүй. Мэддэг хүмүүс нь хамтраад хийе, бүтээе гээд ажиллаж болох байх. Шинэ захиралтай болсон гэсэн. Ямартай ч мэддэг, хийж байсан хүмүүс нь байгаа дээр агаарын гимнастикийг сэргээчихмээр байна даа.

Хүний хийж болох гайхамшигтай, сонирхолтой бүхнийг цирк тэвэртээ багтаадаг. Тэр оргилд хүрч, дүүлэн нисэж, хараа булааж, хамгийн сайнаар хэлүүлж явсан ч сэтгэл нь ханаагүй л явна.

Агаарын гимнастик буюу полётыг монголчууд дахиад хийгээсэй гэж Жижгээ ах хүсдэг. Хүсэл, тэмүүлэл, сэтгэлийн зовнил нь нийлээд шинэ зам руу түүнийг хөтөлж байна. Мөрөөдөл дуусахгүй. Ургаж, нахиалсаар улам сайхныг бүтээх болно.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.87.31 Ajiliin amjilt ax mini ,
122.201.22.90 Saihan bna.shamd..amjilt hvse.vel mini
202.9.42.236 Найзаараа үргэлж бахархаж байдаг шүү. Чамд амжилт хүсье
103.229.122.236 Manai Jijgee Dorjnamjil ahiig guuriaj yrisaar baigaad hel ni nileed hurts bolchihson hun dee ! Estoi tsirkiin uzuulber burt orj baisan adtai aviyastai nohordoo ! Angliaar sain yridag bolovch ymar ch hun oilgodoggui tovarish daa !
191.247.226.30 Minii hamtragch aldartai tentsvvrchin bas nesgegch sain nohor mundag mujaan, darhan,, zuraach hiie gevil yuch hiindee iim saihan hvntei ajilj amidarch bsandaa nzaaraa baharhadag shvv saihan bvhniig hvsie!!! Zuunjin
103.26.193.252 saihan hun bn