Хэнтий аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга хууль зөрчжээ

2016 оны 03 сарын 07

Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй тул шалгаж өгөөч гэсэн гомдол, мэдээлэл нутгийн иргэдээс АТГ-т иржээ. Үүний дагуу шалгахад хууль зөрчсөн хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар 2015 оны арванхоёрдугаар сарын 11-нд а/573 тоот захирамж гарган орон нутгийн өмчит “Хэнтий-Ус” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд нэг бүр нь 50 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууцыг тус бүрийг нь 35 сая төгрөгөөр үнэлж худалдахаар шийдвэрлэсэн байна.

Хөрөнгийн бүртгэлийн үнийн дүнгээс доогуур үнэ тогтоож худалдан борлуулах шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасан “Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” үүсгэсэн байна.

Дээрх хоёр орон сууцыг худалдан борлуулаагүй бөгөөд одоогоор орон нутгийн өмчлөлд хэвээр байгаа гэнэ. Тус аймгийн ИТХ болон аймгийн Засаг дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрх эдэлж байгаа ч худалдан борлуулах үнийг шууд тогтоож өгсөн, мөн уг үйл ажиллагааг Орон нутгийн өмчийн албаар гүйцэтгүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл аж.

Түүнчлэн Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав орон нутгийн өмчит “Хэнтий-Ус” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 2014 оны есдүгээр сарын 15-ны 50 дугаар тогтоолоор өөрийгөө томилсон, ТУЗ-ийн даргаар ажилласны төлөө мөнгөн урамшуулал авч байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, 20.1 дэх хэсгийг зөрчжээ.

Иймд дээр дурдсан зөрчлийг арилгах, уг асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг үүрэг болон нийтийн албанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах талаар аймаг, орон нутгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч ажиллахыг АТГ-аас мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД