Аугаа түүхт Английн ахин сэрэх цаг

2016 оны 03 сарын 07

- Британичууд биш англичууд Европын холбоог орхих гээд байна. Энэ хоёр нэр томъёог та бараг л адилхан юм гэж боддог бол хол андуурчээ –

Ирэх зургаадугаар сард болох Британийн Европын холбоонд үлдэх эсэх асуудлаарх санал асуулгад англи сонгогчдын дийлэнх нь улс гэрээ Европоос ангид тусгаар байх ёстой гэсэн хариулт өгвөл нэгдмэл Европ гэх ойлголт үндсэндээ үгүй болох юм.

Европын холбоо юу ч болсон урьдын адил үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, дүрвэгчид болоод санхүү, эдийн засгийн хямралаас үүдэлтэй элдэв саад бэрхшээлийг даван туулах гэж чадлаараа хичээх нь дамжиггүй ч британичууд Европын холбоог орхилоо гэхэд өмнөх шигээ нэр нөлөөтэй байгууллага байж чадах эсэх нь, бүх европчуудыг төлөөлөх үгүй нь хэн бүхэнд эргэлзээ төрүүлэх нь маргаангүй.

Тэртээ 1963 онд Британийн нэгдсэн хаант улсыг тухайн цагийн Европын эдийн засгийн холбоонд нэгдэх анхны хүсэлтээ гаргасны дараахан Францын Ерөнхийлөгч Шарль де Голль“Англи чинь арлын орон шүү дээ. Худалдаа, зах зээл, хоол хүнс гээд хамаг юм нь далай тэнгисээр дамждаг, бидэнтэй нэгдэхэд ер нь тохиромжгүй улс” хэмээж байсан нь товчхондоо тус улсыг эх газрын Европын орнуудаас огт өөр болохыгсануулсан тодорхойлолт байлаа.

Англичууд ч өөрсдийгөө бусад европчуудаас өөр гэдгийг түүхийнхээ туршид мэдэж ирсэн, түүгээрээ ч бахархдаг. Үүгээрээ англичууд шотланд, уэльс, бүр хойд ирландчуудаасаа ч ялгарна. Англичуудын мах цусанд шингээстэй энэхүү бусдаас ялгарах шинж ньөдгөө нийт британичуудын Европын холбоонд хүнийрхүү хандах үзлийнх нь цөмболоод байна.

Британийн намуудаас Европын холбоог хамгийн их өөнтөглөдөг нь Британийн Тусгаар тогтнолын нам. Гэхдээ нэр нь Британийн гэх боловч тус намын гишүүд, дэмжигчид бараг л тэр чигээрээ англичууд юм. Үзэл баримтлалаараа тус намын дараа орох Консерватив намынхан ч мөн голдуу англичуудаас бүрдсэн.

“Daily Mail” сонины саяхны нэг дугаарт бүр тэргүүн нүүрэнд нь гарсан, Британийг Европын холбооноос гарахыг дэмжсэн нэгэн нийтлэл “Английн өмнөөс хэн дуугарах болж байна?” гэсэн гарчигтай байлаа. Эдгээр баримтыг дурдахад л англичууд Британийг Европын холбооноос гаргахын төлөө хэчнээн мэрийж байгаа нь харагдах вий.

Англичууд өмнө нь ийм байсангүй. Их Британийг Европын зах зээлд 1973 онд нэгдэхэд нэгдсэн Европын үзэл баримтлалыг эсэргүүцэх үзэл Шотланд, Хойд Ирландад хамгийн хүчтэй байжээ.

Харин баян чинээлэг, консерватив англичууд, түүн дотор Маргарет Тэтчер нарын нэр нөлөөтэй улстөрчид нь улс орноо албан ёсоор эх газрын Европтой нэгдлээ хэмээн их л сэтгэл хангалуун байв.

Гэтэл өдгөө Европын холбоог хамгийн хүчтэй дэмжигчид нь Шотландын үндсэрхэг үзэлтнүүд, гол эсэргүүцэгчид нь Английн торичууд болжээ.

Энэ бүхэн юунаас болов? Юуны өмнө Европын холбооны бодлого өөрчлөгджээ. 1970-аад онд баруун жигүүрийн улстөрчид болон амьдрал нь дорой буурай сонгогчид Европ гэх үгийг капиталист хуйвалдаан мэтээр ойлгож, бүх Европыг нэгтгэх үзлийг ихэд сэжиглэнгүй хүлээн авч байв.

Харин Тэтчер 1980-аад онд Ерөнхий сайдын хувиар чөлөөт худалдаа болон Европын нэгдсэн зах зээлийн ашиг тусыг тун ч шаргуу ухуулан сурталчилсан нь үр өгөөжээ өгч, олон ч хүний санаа бодлыг өөрчилсөн байдаг.

Гэтэл Францын социалист үзэлтэн, тухайн үеийн Европын хорооны ерөнхийлөгч Жак Делор Тэтчерийн нео-либерализмыг нийгэм болоод байгаль хамгааллын бодлогоороо бут цохиж, ирээдүйн Европын холбооны бодлого, үзэл баримтлалыг хүртэл үзтэл өөрчилжээ.

Энэ нь дийлэнх британичуудыг европизмд урвуулж (1988 оны Английн Үйлдвэрчний эвлэлийн их чуулганаар британичууд Делорыг босож зогсон, алга нижигнүүлэн ташсаар хүлээж авсан байдаг), торичуудыг ганцаардуулж орхих нь тэр.

Чухам эндээс Европын холбооны гишүүнчлэлтэй холбоотой Британийн улс төр дэх хагарал эхэлсэн бөгөөд өдгөө энэхүү талцлын нэг талд Европын холбооны дүрэм журмуудаас болж Энэтхэг, Хятад, Америк зэрэг улстай хүссэнээрээ худалдаа эрхэлж чадахгүй байна гэж гомдоллох англичууд голдуу нео-либерал үзэлтнүүд, нөгөө талд нь Европын холбоог капиталист ертөнцийн хар бараан бүхнээс хамгаалагч гэж үзэх шотландчууд голдуу “европистууд” зогсож байна.

Гэхдээ энэ хагарлын учир шалтгааныг гагц эдийн засгийн нөхцөл байдлаар тайлбарлах аргагүй юм. Британи шиг баялаг түүхтэй орныг ойлгохын тулд түүхийн хуудсыг сөхөх зайлшгүй хэрэг гарна. Англичуудын үндсэрхэг үзэл сүүлийн жилүүдэд л улам хүчээ аваад байна. Дөрвөн орны нутаг болох Нэгдсэн хаант улсын голлох үндэстэн бөгөөд өмнө нь олон үндэстнийг нэг тугийн дор нэгтгэсэн аугаа эзэнт гүрний тэгшитгэн жолоодогч хүчин байсны хувьд англи хүмүүс британичууд гэж нэрлэгдэхдээ дуртай, түүндээ ч дасаад байлаа. 

Англичуудад “Хатан хааныг бурхан ивээг”-ээс өөр төрийн дуулал байсангүй. Английн эртний түүхэн далбаа болох цагаан дэвсгэр дээр дүрслэгдсэн Гэгээн Жоржийн улаан хэрээс бүхий тугийг ч дангаар нь ашиглах хэрэг гарсан нь тоотойхон. Британийн нэгдсэн гүрэннэгдмэл бөгөөд амар амгалан байсан цагт Англи нутаг төр улсын гэхээсээ шүлэг найргийн орон байлаа.

Харин өнгөрсөн 30-аад жилд Британийн улс төрд ажиглагдах болсон эрчимтэй “англижих” үзэгдэл хоёр хүчин зүйлээс шалтгаалжээ. Нэг нь 1980-аад оноос эхтэй Шотланд, Уэльсийн үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн юм. Тэд Тетчер болон Тони Блэйр нарын Засгийн газраас хэрэгжүүлсэн чөлөөт зах зээлийн бодлогыг эсэргүүцэн гарч ирсэн байна.

Үндсэрхэг үзэлтнүүдийн шаардлагыг биелүүлж, тэдэнтэй найрамдахын тулд Лондонд суугаа эрх баригчид хагас холбооны хэлбэртэй Засгийн газар байгуулан, дотоодын асуудлаа бие даан шийдвэрлэх эрхийг Шотланд, Уэльс, Хойд Ирландад олгожээ.

Гэтэл англичууд ийм онцгой эрх эдэлсэнгүй. Английн татвар төлөгчид туурга нэгт ахан дүүсийнхээ нийгмийн халамжийн мөнгийг төлөх болсон нь шударга бус явдал гэх шүүмжлэл өргөн хүрээнд биш ч тасралтгүй хөвөрч эхлэв.

Хоёрт, Европыг нэгдмэл нэгэн хүч болгох гэсэн Европын засаршгүй идеалистуудын бодлого англичуудыг сэрээсэн байна. Тэд хил хязгаараар хуваагдсан хэдий ч гадаад, дотоод суурь бодлого нь хоорондоо ижил төстэй байх, харилцан бие биедээ туслах, Европын бүх улсыг нэгтгэсэн “холбоот гүрэн” байгуулах тухай олон арван жил ярьжээ.

Энэ нь анхандаа хоосон сайхан үг байлаа. Харин тэр сайхан үг нь эрх зүйн үүднээс бодит байдал болмогц Европын холбооны гишүүн олонорны иргэд Британид, үнэн хэрэгтээ Англид ажиллаж амьдрахаар, Английн нийгмийн халамжаас хүртэхээр ирсэн нь Британи доторх англи сонгогчдын байр суурь, эдэлж чадахгүй байгаа эрхийнх нь асуудал хөндөгдөхөд хүрчээ.

Чухамдаа ийм эмзэглэл, гомдол нь англичуудыг өнгөрсөн оны тавдугаар сард Дэвид Кэмеруныг сонгоход нөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн нам мөрийн хөтөлбөртөө Шотландын тусгаар тогтнолын асуудлаарх санал хураалт явуулахаас гадна Британийн Европын холбооны гишүүнчлэлийн тухай бүх нийтээр хэлэлцүүлнэ гэж тусгасан нь олонх англичуудын хүсэн хүлээж байсан амлалт байлаа.

Европын холбооны бодлогыг эсэргүүцсэн популист хөдөлгөөнүүд Европын энд тэндгүй зүүн, баруун жигүүрийн аль алинаас нь гарсаар ирсэн. Тэдгээр нь ихэвчлэн Англид огт үзэгдэж харагддаггүй уурсаж хилэгнэсэн, туйлширсан олноор хүрээгээ бүрдүүлсэн байдаг.

Гэтэл зөвхөн Англид л Европын холбоог орхих асуудал тун бодитоор яригдаж байна. Энэ нь дээр дурдсан хүчин зүйлсээс гадна улс үндэстний сэтгэл зүйн онцлогтой мөн холбоотой юм. Магад энэ нь Британийн Европын холбооноос гарах гээд буйн хамгийн том шалтгаан ч байж мэднэ.

Франц, Герман, Итали зэрэг Европын бусад томоохон улс эх газарт хамаардагийн хувьд хэзээнээс л нэгдсэн Европ гэх үзлийг өмгөөлж хамгаалан, хөхиүлэн дэмжиж, өөрсдийгөө ч аугаа соёлт тивийн салшгүй нэг хэсэг гэж үзсээр ирсэн түүхтэй.

Францчууд гэхэд л Европын нэгдмэл үзлийг өөрсдийнхөө “бүтээл” гэж үздэг нь зөвхөн 1950-иад оны үеийн Жан Монне, Робер Шуман нартай нь холбоотой бус, харин 1860-аад оны Виктор Гюго, түүнээс өмнөх үеийн Наполеон Бонапарттай нь, бүр XVIII зууны үеийн Гэгээрлийн эринээс нь улбаатай юм.

Харин Англи орон түүхийнхээ туршид ганц Европын гэхээсээ бүх дэлхийн улс байлаа. Үүнээс гадна одоогийн Европын холбооны гол гишүүн орнуудын нэлээд нь, тухайлбал Герман, Итали, Польш, Ирланд зэрэг улс ихэвчлэн бусдын шахалт хавчлагад зүдэрч явсан, дотооддоо ч үймээн самуунтай байсан нь цөөнгүйн дээр энгийн иргэд нь эрх ямбатнуудынхаа шийдвэрийг үг дуугүй дагадаг хууль журамтай байсан нь нэг бус.

Герман, Итали гэхэд л XIX зууны эхэнд цөөн тооны улстөрч, сэхээтнүүдийн шийдвэрээр бий болсон “залуу” орнууд билээ. Тухайн үеийн нэгэн эрдэмтний тэмдэглэсэн “Бид Итали орныг төрүүллээ. Одоо италичуудыг бий болгоно доо” гэх үг чухамдаа эрх мэдэлтнүүдэд хүлцэнгүй нь аргагүй захирагддаг ард олонд хамаатай үг юм.

Ерөөс элитүүд шийдвэр гаргаж, олон нийт хүлцэн дагах нь эх газрын Европт эртнээс уламжлагдсан ёс байв.

Гэтэл англичууд ихэс дээдэс, эрх ямбатнуудынхаа өмнө хэзээ ч үтэл дорой, өчүүхэн номхон байсангүй. Өнгөрсөн онд 800 жилийнх нь ой тохиосон Магна Карта хэмээх их цааз бичиг үүний нэгээхэн нотолгоо юм.

Уг бичигт заасанчлан, мянга гаруй жилийн өмнө бүх Английг нэгтгэсэн анхны хаанаас эхлэн бүхий л англи язгууртны мөрдөж ирсэнчлэн, эзлэн түрэмгийлэгч нэртэй ч Аугаа хэмээгддэг анхдугаар Уильям хааны андгай тангараг өргөсөнчлөн эрх мэдэлтэй хэнбугай ч ард олны хүсэл, бодлыг хүндэтгэж, тэдний үгээр улс орноо жолоодох нь Английн төрт ёсны тулгуур үзэл болжээ.

Европын холбооны гишүүнчлэлийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах гэж буй нь ч тоотой хэдэн улстөрч, бизнесмэн, нөлөө бүхий хүмүүс бус ард түмэн л дангаараа улс орныхоо хувь заяаг шийднэ гэхэнэхүү үзэлтэй нь яг таг нийцэж байгаа юм.

Бүх Европын нэгдэл гээч нь нэг талаар айдас хүйдсээс үүдэлтэй “төсөл” гэдгийг энд мөн дурдалгүй өнгөрч болохгүй. Дайн дайжин, гаднын түрэмгийлэл, дотоодын үймээн самуун, дарангуйлал, коммунизм гээд европчуудад айж түгшдэг зүйл бишгүй олон. 1950-иад оноос олон улсын тавцанд илтэд тодорч ирсэн Франц тэргүүтэй орнууд Германаас айна.

Германчууд үзэн ядагдахаас айна. Европын холбоонд 1980-1990-ээд онд нэгдсэн Испани, Португал, Грек зэрэг шинэ гишүүн орнууднь буцаад хэт баруунжсан дарангуйлагчтай болохоос айна. Харин Зүүн Европын орнууд Оросоос айна.

Эдгээр улсад “Европ” гэдэг үг шинэ бүхний эхлэл байж, өнгөрсөн үеийн айдас түгшүүрээсээ чөлөөлөгдөх аюулгүйн бүс нь болжээ. Эдүгээ заримынх нь айдас хүйдэс үгүй болсон ч эх газрын европчуудын олонх нь одоо Европын холбоо задрах вий гэхээс эмээж байна.

Харин Англи энэ талаараа бас л өөр юм. Европчуудын XX зуунд үзэж туулсан бүхий л гай гамшгаас хамгийн бага хохирол амссан нь британичууд билээ. Англичууд 1783 оноос хойш дайнд ялагдаж үзээгүй, 1066 оноос хойш харийн улс гүрэнд эзлэгдээгүй. Тиймээс ч дээр дурдсан шиг арилшгүй, үеэс үед уламжлагдсан айдас хүйдэс тэдэнд үгүй юм.

Иймэрхүү түүх, Европын холбоонд “Бүтэхгүй бол больчихно” гэх өнцгөөс хандах үзэл Европт Англиас гадна Швейцарь болон Скандинавын орнуудаас бас ажиглагддаг.

Франц зэрэг томоохон орнууд энэ хүртэл явж ирсэн түүхэн замдаа ухралт гаргах вий гэж айж байгаа бол Каталон, Фландер, Шотланд, Уэльс зэрэг бүрэн болоод бүрэн бус өөртөө засах эрхтэй жижиг улсууд хөрш зэргэлдээ том хүчнүүддээ “залгиулах” вий гэхдээ Европын холбоог түшиж байгаа.

Харин Англи орон Шотландаас зөрөн байж, бүр нэгдсэн хаант улс нь задарч болзошгүй эрсдэлийг ч туулах бай хамаагүй Европын холбооноос хараат бус улс төрийн давуу эрх олж авах, үгүйдээ л Британи дотроо бусад гурван улс шигээ эрх эдлэхсэн гэсэн хүсэлтэй байна.

Хүчирхэг эзэнт гүрэн байхаа больж, дайны дараах жилүүдэд эдийн засаг нь хүнд байх үед Британид Европоос өөр “аврах завь” олдохгүй зурвас үе байсан нь үнэн. Харин Британийн эдийн засаг 1980-аад оноос эх газрын Европоос хавьгүй хурдан өсөж, сүүлийн жилүүдэд евро бүс дэх бүх л улсынхаас хамаагүй тогтвортой болжээ.

Ийм байхад санхүүгийн хямрал, ажилгүйчүүд, дүрвэгчдийн үл тасрах цуваа, улс төрийн хэнээтнүүдийн хийрхэл гэгчлэн Европын бүхий л хүнд хүчир, болж бүтэхгүй бүхнээс үүрэлцэх хэрэг байна уу гэсэн асуулт Британи даяар, түүн дотор Англид хамгийн хурцаар мэтгэлцээн үүсгээд байна.

Товчхондоо бол англичуудын хувьд мөнөөх аврах завь нь өдгөө хэзээ мөдгүй живэх гэж буй “Титаник” шиг үзэгдэх болов.

Гэхдээ хөлөг онгоцоо “Титаник” гэдгийг мэдсэн, эс мэдсэн ч хөлгийн тавцан дээр бусдынхаа хамт үлдэх хүсэлтэй хүмүүс бас бий. Тэд Британийг Европын холбоог орхивол олон улсад ганцаардана, нэр нөлөөгөө алдана, аливаа хямралаар, ялангуяа санхүү, эдийн засгийн савалгаагаар түшиж тулах түншгүй болно гэж сонгогчдыг “айлгаж” байгаа.

Харин “Бие даая” гэсэн кампанит ажлыг тэргүүлж буй англичуудаар толгойлуулсан тусгаарлах үзэлтнүүд ажлын байр, хөрөнгө оруулалт, олон улсын худалдаанаас олох ашиг орлого, цагаачлал зэрэг асуудлыг мэтгэлцээнийхээ гол сэдэв болгожээ.

Одоо тэдэнд гагцхүү олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэх удирдагч л дутуу байна. Ирэх хэдэн сард тийм удирдагч тодорч ирвэл, Английн үндсэрхэг үзэлтнүүд түүнд хүчээ өгвөл Британийн Европын холбоо гэх их айлаас өрх тусгаарлах нь тийм ч санаанд багтамгүй зүйл биш болж хувирах вий.

Foreign Policy 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
130.194.207.245 its been very informative. Thank you